Бүх шатны сургалтын байгууллагын анги танхимд хамгийн ихдээ 20 хүүхэд сууна
2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын 226 байгууллага, ерөнхий боловсролын 144 сургууль, мэргэжил сургалтын 6 байгууллага, дээд боловсролын 25 байгууллага, хүнсний хангамжийн 5 төв буюу нийт 406 байгууллагыг хамруулж зөвлөмж чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Бүх шатны сургалтын байгууллагад:
- Удирдлага нь хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлэхээс өмнө коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдлыг хангуулж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах;
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар тодотгол хийж бэлэн байдлыг хангах;
- Сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ, сургалтын байр, дотуур байранд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт, шавжгүйтгэл, мэрэгчгүйтгэл хийлгэх /Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгээр ажиллаж байсан байгууллагууд онцгой анхаарах/;
- Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад багш, ажилтан, оюутан, суралцагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн үед харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэл хугацаанд түр тусгаарлах өрөөг бэлтгэх ба яаралтай мэдээлэх харьяа өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн холбоо барих утасны дугаарыг урьдчилан авч бэлтгэсэн байх;
- Сургалтын үйл ажиллагааны явцад байнгын цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай гар халдваргүйжүүлэх болон цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэх бодис, шаардлагатай тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл (комбинзон, маск, бээлий, малгай, нүүрний хаалт, нүдний шил, гутлын улавч зэрэг) анхны тусламжийн эм, боолтын материал, биеийн халуун хэмжигч зэргийн нөөцийг бүрдүүлсэн байх;
- Анги танхим, үйлдвэрлэлийн сургалтын дадлагын газар болон хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метр байхаар, нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд, дотуур байранд сурагчдын нэг оронд ногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондох зайг 1.5 метр байхаар байрлуулах;
- Боловсролын сургалтын байгууллагууд бөөгнөрөл үүсгэхгүй, орох, гарах хаалгыг тус тусад нь байхаар, боломжгүй тохиолдолд хөдөлгөөний зохицуулалт хийх;
- Багш, ажилтан, оюутан, суралцагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн гар угаах нөхцөлийг бүрдүүлж, ариун цэврийн өрөөнд гар угаах шингэн саван, гар арчих цаасан алчуур, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцэхүйц хэмжээгээр байршуулах;
- Хичээлийн болон дотуур байрны орох, гарах хаалганы хэсэг, хоолны газар, ариун цэврийн өрөөнд гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай уусмалыг тогтмол байршуулах;
- Анги танхим, үйлдвэрлэлийн сургалтын дадлагын газар, өрөө, тасалгаанд дулааны улиралд өдөрт 1 цаг тутамд 15 минутын турш энгийн салхивчийг нээх аргаар сэлгэлт хийж, өвлийн улиралд механик агааржуулалтын системийг тогтмол ажиллуулахад тогтмол хяналт тавьж ажиллах;
- Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн багш, цэцэрлэгийн болон өдөр өнжүүлэх бүлгийн багш, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-д заасны дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж, эрүүл эсэхийг тогтоолгосон байх;
- Хүүхдийн автобусны үзлэг, оношлогоо, халдваргүйжүүлэлтийг заавар, зөвлөмжийн дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байх;
- Үдийн цай хөтөлбөр болон Үдийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хяналт тавих;
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.207] 2021-08-18 07:44:38
Гэртээ хагас нь хагас нь сургуульд авах өгөх гэрт байгааг харах 7 хоног гэрт 7хоног цэцэрлэг аав ээж ажил будаа