Цэргүүд бүтээн байгуулж байна

Aдмин / Нүүр

Хилийн 0287 дугаар ангийн 0301 дүгээр салбараас 0239 дүгээр салбар руу явах замд Нарсан даваа, Хэцүү давааг давж байж очдог. Бороо ихтэй жил шавар, намаг, замын эвдрэл үүсч эдгээр давааг давахад хүндрэлтэй болдог. Үүнийг шийдвэрлэхээр Хилийн 0252 дугаар ангийн инженерийн бүлэг зам, гүүр засвар, ус зайлуулах хоолой, гүүр шинээр барих ажлаа эхлүүлээд байна. Үерийн усны шуудууг бэхжүүлэхээр шавар зуурч байгаа цэргүүдтэй замд таарлаа. Дэд түрүүч Г.Бишрэлт, байлдагч М.Баяржаргал, байлдагч Ц.Ганбаяр нарын сэтгэгдлээс хуваалцлаа.

-Цэрэгт ирэхээсээ өмнө юу хийж байсан бэ?

Г.Бишрэлт:

-Би Монгол Коосэн сургуулийг механик инженер мэргэжлээр төгссөн.

М.Баяржаргал:

-Улаанбаатар эрдэм их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөөд ажиллаж байгаад ирсэн.

Ц.Ганбаяр:

-Би ХААИС-д механик инженер мэргэжлээр сурч байгаа. Одоо хоёрдугаар курсийн оюутан.

-Хилийн инженерийн ангид хуваарилагдан ирэхэд анх ямар санагдсан бэ?

Г.Бишрэлт:

-Хилийн ангид хуваарилагдлаа гэхэд нь хил дээр очих нь дээ гэж бодсон. Эх орныхоо торгон хилийг манах нь гэж бодтол нийслэлийн Багануур дүүрэгт хүрч ирсэн.

М.Баяржаргал:

-Гоё байсан. Инженер мэргэжлээр төгссөн болохоор надад илүү ойр санагдсан.

Ц.Ганбаяр:

-Илүү олон боломжийг олж харсан. Сургуулиа төгсөөгүй байхдаа мэргэжлийн дагуу туршлага хураах нь дээ л гэж бодсон.

-Зам, гүүр, үерийн ус зайлуулах байгууламж хийгээд их ядарч байна уу?

Г.Бишрэлт:

-Үгүй. Ийм сайхан байгальд ядарч байгаагаа ч анзаардаггүй юм. Инженерийн ангид ирээд бүтээн байгуулалтад оролцох боломж олдсонд баяртай байна.

М.Баяржаргал:

-Өмнө нь барилгын ажил хийж байсан болохоор огт ядрахгүй байна. Олонд тустай буянтай ажил хийж байгаа болохоор ажил амархан дуусчихдаг.

Ц.Ганбаяр:

-Дараа нь энэ замаараа яваад өөрөөрөө бахархах байх даа гэж бодоод л ажлаа хийдэг.

-Энд ирээд хэд хонож байна?

Г.Бишрэлт:

-Зургаан сарын 1-нд ангиас хөдөлсөн. Бие бүрэлдэхүүн жагсаад биднийг үдэж гаргасан. Баатарлаг мэдрэмж төрж байсан шүү.

-Ажил нь дуусах дөхөж байна уу?

М.Баяржаргал:

-Энэ ус зайлуулах хоолойгоо дуусгаад дахиж нэгийг хийнэ. Мөн жижиг гүүр барих ажил байгаа. Тэгээд л ерөнхийдөө дуусах байх.

-Өнгөрсөн хугацаанд өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлаасаа танилцуулахгүй юу?

Ц.Ганбаяр:

-Дөрвөн ус зайлуулах хоолой, хоёр гүүр барьсан. Намагтай газруудад мод тавиад дээрээс нь хайрга асгаж зам тавилаа.

-Өдөрт хэдэн цаг ажиллаж байгаа вэ?

Г.Бишрэлт:

-Өглөө 08:00 цагт босоод цайгаа уудаг. Өдрийн 13:00 цаг хүртэл ажиллаад өдрийн хоолоо иднэ. Орой 19:00 цагийн үед ажил зогсдог.

-Онжавууд чинь ангидаа үлдсэн үү?

М.Баяржаргал:

-Үгүй. Бидэнтэй адил бүтээн байгуулалтын ажил хийж яваа. Ангид нэг ч цэрэг үлдээгүй. Таван газар руу салж явцгаасан.

-Цэргийн албанд ирээд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Г.Бишрэлт:

-Миний хувьд тэсвэр хатуужилтай болохоос гадна хүнээс үг дааж сурсан. Сургалтын төвөөс эхлээд одоог хүртэл суралцсаар л байна.

М.Баяржаргал:

-Юу ч мэдэхгүй хүүхэд ирээд эр цэрэг болсондоо баяртай байна. Захны даавуу хадах, жагсаалын бэлтгэл хийх нь тухайн үедээ хэцүү санагдаж байсан ч одоо бодоход ямар амархан зүйл дээр будилж байсан юм бэ дээ гэж бодогддог.

Ц.Ганбаяр:

-Цэрэгт ирээд бие бялдрын хувьд өөрчлөлт гарсан. Ачаалал даах чадвар их нэмэгдсэн. Мөн эр хүний хатуужил, тэсвэр тэвчээр гэж ямар агуу зүйл болохыг өөрийн биеэр мэдэрсэн.

-Гэр бүлээсээ ийм урт удаан хугацаагаар холдож үзсэн үү?

Г.Бишрэлт:

-Үгүй. Цар тахлын улмаас тангаргийн баяраар ч ирж чадаагүй. Сая инженерийн бүлэгт гарахаас өмнө уулзалтаар ирсэн. Их санасан ч бишүүрхээд байдаг юм билээ. Гэр бүлийнхэндээ эр цэрэг болсон гэдгээ харуулах сайхан байсан. Энд ирээд утсаар яриагүй л байгаа. Холбоо, чимээгүй байвал хүүгээ сайн яваа л гэж бодоорой.

-Цэрэгт ирэхэд хал ах нар нь яаж хүлээж авсан бэ?

М.Баяржаргал:

-Дээрээ ахтай байна гэдэг сайхан шүү дээ. Анги руу ирж байхдаа хал цэргүүд нь дээрэлхэх байх даа гэж бодож ирсэн. Үнэндээ тийм зүйл байдаггүй юм билээ. Тэд мэдэхгүй, чадахгүй бүх зүйлийг маань зааж, сургасан хүмүүс. Хал ах нарыгаа халагдаад явахад нь уйлаад үдэж билээ. Тийм л дотно болцгоодог. Харин бидний дор дүү нар ирэхгүй нь жаахан харамсалтай. Захны даавуу хадах, гутлаа тослох гээд бүх зүйлийг нь зааж өгье гэж бодсон юм.

-Халагдаж очоод юу хийхээр төлөвлөж байна?

Ц.Ганбаяр:

-Би ХААИС-д сурдаг ч гэлээ цэрэгт ирээд миний хүсэл мөрөөдөл өөрчлөгдсөн. ДХИС-д ороод цагдаа болохыг хүсэж байна. Ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө зүтгэнэ.

-Арвандугаар сард халагдах гэж байна. Юу бодогдож байна даа?

Г.Бишрэлт:

-Цаг хугацаа маш хурдан өнгөрчээ. Энэ ажлаа дуусгачихаад Дорнод аймгийн Баян-Уул суманд бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ гэсэн. Бүлгээр явсаар байтал бараг халагдах дөхөх байх даа. Цэргийн хувцсаараа гоёж гангална гэж бодож байна.

М.Баяржаргал:

-Эхлээд хоногоо тоолдог байлаа. Тэгэх тусам цаг хугацаа удаан явж байгаа юм шиг санагддаг юм билээ. Түүнээс хойш халагдах тухай бодохоо больсон. Ирсэн нь үнэн, буцах нь үнэн л гэж боддог.

Ц.Ганбаяр:

-Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн цэргийн албаа хааж байгаадаа баярладаг. Халагдаад явна гэхээр уйтгартай санагддаг. Хилийн 0252 дугаар ангийн хамт олноо үгүйлэх байх даа гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.195] 2021-08-31 06:42:37

Маш зөв. Маш сайн байна.

зочин [192.82.68.111] 2021-08-26 05:25:51

Цэрэгт ирээд тангараг өргөөд бас нилээд зүйлийг сурч байж нэгдсэн журмаар явж байгаа шүү дээ түүнээс нэг жил үнэгүй ажил гэвэл салаавч өгөөд ганцхан шөнө алга болно биздээ

Зочин [192.82.77.40] 2021-08-26 04:38:28

Цэргээр зам бариулах юм бол арми, зэвсэгт хүчин энэ тэрээ боллчий. 18 настай залуусыг барилгын компанид 1 жил цалингүй ажиллуулж, хоол, байрыг нь даадаг болох. Зарчмын ялгаагүй, харин ч үнэнээ хэлээд, зүгээр юм биш үү.

Зочин [202.126.88.46] 2021-08-26 05:29:25

Чиний наад ухаантай царай гаргасан өгүүлбэрүүдийг чинь би л уншина. Өөр хэн ч уншихгүй. Хийж байгаа зүйлийг дандаа дэмжиж бай!!!

Зочин [139.5.217.146] 2021-08-26 01:49:52

Sain huu nar bna. Ireeduin amidrald ni az jargal eruul enh sain saihniig husen eruue.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.