Хөшөөтийн уурхайн нүүрс тээврийн авто замын хөдөлгөөнийг түр зогсоожээ
Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайд тээвэр хийж буй жолооч нарын төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлээс саяхан эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулж, аймгийн удирдлага болон “Мо-Эн-Ко” ХХК-д шаардлага хүргүүлсэн юм.
Үүнтэй холбогдуулан орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын баг Хөшөөтийн уурхай дээр очиж, хоёр өдрийн хугацаанд хяналт шалгалтын ажил зохион байгууллаа.
Тус хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын талаар өнөөдөр Ховд аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулжээ.
Хөшөөтийн уурхайгаас Булган боомт чиглэлд 311 км авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүй. Үүнээс шалтгаалан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, зөрчил гарах нөхцөл бүрдсэн аж.
Өөрөөр хэлбэл, уг авто замд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий мэдээлэх, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, нүүрс тээвэрлэлтийн явцад 307 км авто замын эвдрэл гэмтэл их гарсан, үүнд засвар үйлчилгээ хийгээгүй гэнэ. Мөн 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 21-07-036/23 тоот улсын ахлах байцаагчийн албан шаардлага биелээгүй зэрэг хэд хэдэн зөрчил дутагдал илэрчээ.
Иймээс “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу арга хэмжээ авах, авто замын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үүднээс дээрх авто замын хөдөлгөөнийг түр хаахаар шийдвэрлэлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Судалгаагаар сүүлийн гурван жилийн хугацаанд тус зам дээр 26 зам тээврийн осол гарч, нэг хүний амь эрсджээ.
Үүнээс гадна Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан Дарви, Цэцэг сумын зарим багийн 190 гаруй иргэнээс санал гомдол, хүсэлт ирсэн байна. Мөн зарим ажилтнуудын дунд "санал асуулга" явуулахад байгаль орчин, түүнийг дүйцүүлэн хамгаалах болон хүний эрх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зөрчил гарч байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар тодорхойлжээ. Иймээс эдгээр асуудлын хүрээнд мэргэжлийн байгууллага, салбар бүрээс баг гаргаж, хуулийн дагуу дахин нарийвчилсан хяналт шалгалтын ажил зохион байгуулах төлөвтэй байгаа аж.
www.montsame.mn
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.195] 2021-09-10 02:42:19
хаа