“Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хамтран ажиллах санал” сэдэвт уулзалт боллоо

Aдмин / Хууль

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаныхан Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ынхантай “Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хамтран ажиллах санал” сэдвээр уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Б.Сүхбаатар “Өнөөдрийнх шиг ийм уулзалтыг тогтмол хийж, санал солилцох хэрэгтэй. Цаашид уг уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгын зөвшөөрөл, норм стандарт, барилга хүлээж авах болоод ашиглалтын асуудлаар нэг бүрчлэн хэлэлцэх ёстой” гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн төр, хувийн хэвшил нэгдээд барилгын салбарын зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн судалгааг тогтмол судлан, хамтран ажиллах шаардлагатайг онцолж байв. Учир нь барилгын салбар ашгаа бодоод хаа хамаагүй барилга барих биш, хүн амын нягтшил, төвлөрлийг тооцож, судлах ёстой. Эс бөгөөс зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсэх, хотын төвийн төвлөрөл нэмэгдэхийг анхааруулж байлаа.

Үргэлжлүүлэн Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ын зүгээс цар тахлын үеийн нөхцөл байдалд хийсэн шинжилгээгээр 270 гаруй сөрөг хүчин зүйл барилгын салбарт тулгараад байгаа бөгөөд түүнийг даван туулах боломж 75 хувьтай байгаа талаар танилцуулсан юм. Мөн иргэний оролцоотой төр-хувийн хэвшлийн хэлцэл, түншлэлийг идэвхтэй хэлбэрээр өрнүүлэх, хот төлөвлөлт, барилгын ажлын зөвшөөрөл, дэд бүтэц, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоо илэрхийлж байлаа.

Хуралдааны үеэр хөндөгдсөн нэг сэдэв нь Нийслэлийн Засаг даргын А/653 дугаар захирамж байв. Уг захирамжаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохыг түр зогсоосон. Хот байгуулалтын зарим үйл ажиллагааг түр зогсоосон хотын төвийн 2014.5 га газарт одоогийн байдлаар 22.899 барилга, байгууламж бий. Тус бүс хэсэгт барилга шинээр барих 2103 зөвшөөрөл авсан байна. Үүнд 138 сургууль, 95 цэцэрлэг, 55 эмнэлэг болоод бусад барилга, байгууламжийн зөвшөөрлүүд багтжээ.

Түүнчлэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн тухай хэлэлцсэн бөгөөд уг төслийн талаар барилгын салбарынхан тодорхой ойлголттой болох хэрэгтэйг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар анхааруулж байлаа. Учир нь орлогод нийцсэн ногоон орон сууцыг хямд үнэтэй барилга гэсэн ташаа ойлголт уг салбарынхны дунд тарсан. Гэвч энэ нь өрхийн орлогод нийцүүлэн, чанар, стандартыг тогтоосон, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц байх ёстой юм. БНХАУ-д орлогод нийцсэн ногоон орон сууцны долоон төрөл байдаг аж. Харин манайд дан ганц ипотекийн зээлээр олгох төрөл л дэлгэрсэн тухай ярьж байлаа. Иймд орлогод нийцсэн ногоо орон сууцны стандартыг тогтоон, өрхийн орлогод нийцэх хэлбэрээр хэд хэдэн төрлийн төслийг санаачлах, Ажлын хэсэг гаргах хэрэгтэй талаар хуралдааны үеэр ярилаа.


Сэтгэгдэл

лоөрлыобрдлйыорө [203.23.199.85] 2021-09-22 10:44:54

Барилгыг цаашид нь төрөөс дэмжээд бариулаад байвал удахгүй монгол улс дампуурах болно. Lehman Brothers болон China Evergrande-г та нар хараарай. Барилга угаасаа ашиггүй. Ихэнх материалыг хятадаас, барилгачид нь хятад. Монголд биш хятадад хөрөнгө оруулалт хийгээд байдаг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.