АВЛИГАЧ БӨГӨӨД ХҮЧИРХЭГ: Хятад улсын эдийн засгийн өсөлтийн парадокс
Хятадын алтлаг үе дэх эдийн засгийн өсөлт ба авлигын харилцан хамаарал
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индексэд дурдсанаар Хятадын авлигын түвшин Энэтхэг Улстай ижил хэмжээнд байна. Тэгвэл яагаад авлига нь Хятадаас илүүтэй Энэтхэгийн эдийн засагт их хэмжээний хор хохирол учруулж байна вэ? Хэдийгээр судлаачид Хятадын авлигын түвшин бүхий л салбарт өндөр байгаад санал нийлж байгаа боловч эдийн засгийн өсөлт хэрхэн энэхүү өндөр түвшинд хүрсэн бэ? Энэхүү асуултын хариултыг бидэнд дэлгэхээр “Хятадын алтлаг үе: Эдийн засгийн өсөлтийн парадокс ба их хэмжээний авлига” номын зохиолч Мичиганы их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Юэн Юэн Анг ярилцаж байна. Түүний сэтгүүлч Кайсер Куотой ярилцсан подкастыг товчлон хүргэж байна.
Кайсер Куо: Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Юэн Юэн Анг
Юэн Юэн Анг: Намайг хүлээн авч уулзаж байгаад баярлалаа.
Кайсер Куо: Хятад Улс нь хэдийгээр авлигын өндөр эрсдэлтэй улсын нэг боловч эдийн засгийн маш түргэн өсөлтийг бий болгож, ДНБ-ээс гадна ам.долларын нөхцөлийн хувьд мөн өндөр өсөлттэй байна. Иймээс авлига нь эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаар та мэдээлэл өгнө үү.
Юэн Юэн Анг: Авлига нь үргэлж эдийн засгын өсөлтөд сөргөөр нөлөөлж байдаг гэдэгтэй шинжээчид санал нийлдэг. Энэ нь хувийн салбарын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлдөг бөгөөд олон улсын нөхцөл байдлаас харахад ядуу улс орнуудын авлигын түвшин ихэвчлэн мөн өндөр байдаг. Гэвч Хятад Улс нь Авлигын төсөөллийн индексийн дагуу Өмнөд Африкаас өндөр хэмжээний авлигатай боловч олон арван жилийн турш эдийн засаг нь тасралтгүй үсрэнгүй хөгжиж байна. Энэ л асуудлыг бид Хятадын парадокс гэж нэрлээд байгаа юм.
Кайсер Куо: 1990 оны сүүлээр миний эцэг Хятадад бизнес хийж байсан. Тухайн үед Хятадад бизнес эрхлэхэд авлигатай тогтмол тулгарч буй талаар үргэлж гомдоллож байв. Би эцгээсээ “Яагаад авлига нь Хятадад гүүр барихад саад болдоггүй юм бэ?” гэж асууж байсан юм. Хэрэв Энэтхэг эсхүл ОХУ-д байсан бол бүтээн байгуулалт хийх хөрөнгө нь алга болно эсхүл хугацаанаасаа маш хожууд баригдаж дуусна шүү дээ. Та өөрийнхөө номондоо авлигыг дотор нь хэсэгчлэн ялгаж салгасан байсан. Ингэхдээ авлигыг хар тамхи, эмийн бүтээгдэхүүнтэй зүйрлэж ангилсан нь ихээхэн сонирхол татсан шүү.
Юэн Юэн Анг: Тиймээ. Таны хэлсэнчлэн судлаачид авлигыг хэмжээгээр нь жижиг ба өндөр хэмжээний, төвлөрсөн болон алслагдсан гэж ангилан ирсэн. Гэсэн хэдий ч зарим төрлийн авлига нь бусдаасаа онцгой шинж чанартай гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс би авлигыг дөрвөн төрөлд хувааж, хар тамхи, эмийн бүтээгдэхүүнтэй зүйрлэсэн. Эхний хоёр төрлийг би авлигын хулгай гэж нэрлэсэн, учир нь төрийн албан хаагч төсвийн хөрөнгийг хулгайлж өөрийнхөө халаасанд хийж буй үйлдэл юм. Тэрээр ийнхүү хулгай хийсний хариуд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй, хэнд ч туслахгүй. Энэ төрлийн авлигыг жижиг буюу цагдаагийн албан хаагч албаны эрх мэдлээ ашиглан иргэдээс 100 ам.доллар авах эсхүл өндөр хэмжээний буюу төрийн өндөр албан тушаалтан өөрийн оффшор данс руу төсвийн олон сая ам.долларыг шилжүүлэхийг ойлгоно. Тэгэхээр энэ хоёр төрлийн авлигаас хүлээх үр дүн байхгүй бөгөөд авлигын хэмжээнээс нь хамаарч их, багаар нь ялгаж байгаа юм.
Энэхүү хоёр төрлийн авлигыг би хортой хар тамхи гэж дүгнэдэг. Тэгэхээр кокаин, героин, мөс зэрэг хар тамхи нар нь хүний эрүүл мэндэд их хэмжээний хор учруулахаас өөр үр дүнгүй байдагтай адил энэ төрлийн авлига нь эдийн засагт мөн хохирол учруулж байдаг. Энэ ч нөхцөл байдлыг бид төсвийн хөрөнгийг хувьдаа завших үйлдэл гаршсан Нигер Улсаас харж болно, төрийн албан хаагчид нь улс, орноо дээрэмдээд байхаар энэ улс хөгжихгүй шүү дээ. Харин гурав дахь төрлийн авлига буюу хариутай авлига нь хахууль өгсөн хүнд хариуд нь үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ төрлийн авлигыг хурдан хахууль гэх ба доод, дунд шатны төрийн албан хаагчдад хахууль өгч хариуд нь үйлчилгээ түргэн хугацаанд авах, хүнд суртлыг давдаг байдлаар ялгаж болно. Тухайлбал, гадаад паспорт, тусгай зөвшөөрлийг түргэн хугацаанд гаргуулж авахыг хэлнэ. Ерөнхийдөө, хурд худалдаж авч байна гэсэн үг. Үүнийг би өвчин намдаагчтай зүйрлэж байгаа. Өвчин намдаагч нь тухайн үед биеийг зовоож байгаа өвчнийг түр хугацаанд арилгадаг шүү дээ.
Дөрөвдүгээр төрөл нь хамгийн сонирхолтой авлига буюу нэвтрэх авлига юм. Энэ төрлийн хахуулийг өндөр түвшний хүчирхэг албан тушаалтнуудад өгч хариуд нь нэвтрэх эрх буюу тусгай гэрээ, хууль, эрх зүйн зохицуулалт, монополи эрх зэрэг их хэмжээний мөнгө олох тусгай эрх, боломж худалдан авч байгаа юм. Үүнийг би капитализм дахь стероид гэж нэрлэж байгаа. Стероид нь булчингийн үйл ажиллагааг үлэмж хэмжээнд түргэн хугацаанд нэмэгдүүлдэг боловч урт хугацаандаа хүний биед маш их хор хөнөөлтэй байдаг.
Кайсер Куо: Ийнхүү авлигыг хар тамхи, эмийн бүтээгдэхүүнтэй зүйрлэсэн нь авлигыг ойлгоход дөхөм болгож байна гэж харлаа. Таны хэлснээр баян улс орнууд авлигатай байгаа, гэхдээ тэр авлига нь нэвтрэх авлига гэж хэллээ. Эдийн засгийг хөгжүүлдэг юм бол энэ төрлийн авлига нь сайн зүйл үү? Эсхүл авлига гэдэг утгаараа муу зүйл үү?
Юэн Юэн Анг: Энэ төрлийн авлига нь тогтворгүй, эрсдэлтэй эдийн засгийн өсөлтийг Хятадад бий болгосон байгаа юм. Гэсэн хэдий ч иргэд миний номонд бичсэн энэ томьёоллын “тогтворгүй, эрсдэлтэй” гэх хоёр үгийг арилгаад “Авлига нь эдийн засгийг хөгжүүлдэг” гэж цахим сүлжээнд бичиж байгаа асуудал байна. Зарим тохиолдолд академик түвшинд хүртэл ийнхүү бичих юм. Авлигыг хар тамхи, эмийн бүтээгдэхүүнтэй зүйрлэсэн нь авлига нь ямар ч тохиолдолд сайн зүйл биш, гэхдээ түүний нийгэмд үзүүлж буй хариу үйлдлийг судлах зорилгыг илэрхийлж байгаа юм. Одоогийн Хятад нь 19-р зууны АНУ-ын “Алтлаг үе”-тэй ойролцоо нөхцөл байдалтай байна. Энэ үед нийгэмд зонхилох авлига нь нэвтрэх авлига байсан. Цаашлаад эдийн засгийн тэнцвэргүй, эрсдэлтэй өсөлтийг бий болгосон. Ийм ч учраас Ерөнхийлөгч Ши Жиньпин нэгдмэл хөгжлийн төлөө ажиллах ёстой талаар хэлж байна. Учир нь тус улсын ард иргэдийн эрх тэгш байдалд маш ноцтой асуудал үүссэн.
Кайсер Куо: 2007 онд Вен Жиабао нийгэм тэнцвэргүй байгаа талаар мэдээлж байсан.
Юэн Юэн Анг: Тиймээ. Энэ асуудал эртнээс байсан. Хятадын удирдагчид эдийн засгийн өсөлт нь тодорхой хор уршиг дагуулж байсныг үргэлж мэддэг байсан.
Кайсер Куо: Нийгмийн тодорхой цөөн тооны этгээдүүд банкнаас их хэмжээний зээл, засгийн газрын маш өндөр дүнтэй гэрээнд тогтмол сонгон шалгарч байгаа нь ийнхүү тэнцвэргүй байдал үүсгэхэд хүргэсэн нь харагдаж байна. Таны номонд дурдсанаар “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индексийг алдаатай үнэлгээ гэж дүгнэсэн байсан. Та тус индексийн аргачлалыг өөрчлөх талаар холбогдох хүмүүстэй ярилцсан уу? Түүнчлэн Авлигын Барометр судалгаа нь мөн таны хэлснээр хурдан авлигын нөхцөл байдлыг үнэлж байгаа мэт харагдаж байна.
Юэн Юэн Анг: Тиймээ.
Кайсер Куо: Тус байгууллагаас боловсруулж буй судалгаанд зориулж энгийн иргэдээс авсан асуулгад Энэтхэг, Хятадын олон нийт маш ялгаатай байдлаар хариулсан байгаа юм. Гэвч Авлигын төсөөллийн индексээр энэ хоёр улсын авлигын хэмжээг жил бүр ойролцоо нөхцөл байдалтайгаар үнэлдэг. Тэгэхээр энэ судалгаа нь хангалттай нарийвчлалтай биш, ямар нэгэн асуудалтай байна гэдгийг харуулж байна.
Юэн Юэн Анг: Авлигын индексийг боловсруулснаар авлигын нөхцөл байдалд олны анхаарлыг татдаг сайн талтай юм. Гэхдээ алдаа дутагдалтай үнэлгээний систем боловсруулснаар авлигыг бодит байдлаас маш ноцтой асуудал гэх итгэл үнэмшлийг олон нийтэд олгож байгаа юм. Ингэснээр ард иргэд болон улс төрийн өндөр албан тушаалтны хүртэл авлигын талаарх санал бодолд нөлөөлдөг. Цаашлаад, хүн бүр аль улс хамгийн их авлигатай байгаа талаар мэдэх хүсэл сонирхолтой болж байна, гэвч хүмүүс аль улсад ямар төрлийн авлига зонхилж байгаа талаар мэдэхийг хүсдэггүй. Хүмүүс авлигын талаар нарийвчлан зөвлөлдөөгүй л бол энэ талаар асуудаггүй. Яг таны өөрийн эцэгтэйгээ ярилцаж байсан шиг.
Иймээс Авлигын төсөөллийн индексийг боловсруулахад илүү нарийвчилсан аргачлал ашиглах хэрэгтэй гэж би боддог. Гэхдээ Авлигын Барометр судалгаагаар жижиг хэмжээний авлигын нөхцөл байдлыг тодорхойлсон нь АТИ-ийн ижил оноотой улс, орнуудад өөр өөр төрлийн авлига зонхилсон байдгийг харуулсан. Орчин үед хүмүүс хэрэглэхэд хялбар үнэлгээ гаргахыг шаардаж байгаа нь аливаа индексийг тоон утгаар боловсруулахад хүргэж байна. Үүнээс гадна бид аливаа зүйлийг харьцуулах дуртай, Америкийг Хятадтай, Хятадыг Энэтхэгтэй зэрэг байдлаар харьцуулж аль нь сайн, мууг мэдэхийг хүсэж байна. Гэвч бодит байдалд Хятадыг шууд Энэтхэгтэй харьцуулж дүгнэх боломжгүй. Үүнээс шалтгаалан илүү нарийвчлал, мэдээлэлтэй судалгаа хийхэд хүндрэл бэрхшээл үүсэж байна гэж би боддог.
Кайсер Куо: Та 15 орны Авлигын дэлгэрэнгүй индекс боловсруулахаар ажилласан тань ихээхэн сайшаалтай байна. Энэхүү судалгааны хүрээнд дээрх дөрвөн төрлийн авлигын түвшинг хэрхэн боловсруулсан бэ?
Юэн Юэн Анг: Тиймээ. Би АТИ-ээс гадна авлигын түвшинг үнэлдэг дахин нэг индекс боловсруулахыг хүссэн. Үүний хүрээнд би АТИ-ийг боловсруулахад ашигладаг аргачлал буюу шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн үнэлгээ боловсруулах аргачлалыг ашигласан. Тэгэхээр би Хятад, Тайланд, Индонез зэрэг улсын талаар мэргэшсэн судлаач шинжээч нарт хандаж тус улсын авлигын түвшинг үнэлэхийг хүссэн юм. Тэгээд тэдний үнэлгээг нэгтгэж нийт авлигын оноо, авлигын дөрвөн төрлийн түвшинг үнэлсэн оноог боловсруулсан. АТИ нь олон байгууллагын судалгаа, шинжилгээний дүнд тулгуурладаг бол энэ судалгааг бид өөрсдөө хийж гүйцэтгэснээр давуу талтай байсан. Учир нь АТИ нь олон эх сурвалж ашигладаг тул ямар эх сурвалж ашиглаж байгаагаас шалтгаалан индексийн оноо нь тодорхой шалтгаангүй өсөж, буурдаг. Түүнчлэн мэргэшсэн судлаачийн санал бодлыг илэрхийлдэггүй. Тэгэхээр АТИ-ийн эх сурвалжийг ажиглавал, хүмүүсээс их ерөнхий асуулт асуусан байдаг. Тухайлбал, “АНУ-ын авлигын түвшинг 0-10 оноонд үнэлнэ үү” гэдэг тэгээд та энэ асуултыг уншаад “Сайн мэдэхгүй юм даа. 7.5 оноо байх” гэж хариулна, яагаад 7.5 оноо өгсөн талаар хэн ч мэддэггүй.
Кайсер Куо: Тиймээ.
Юэн Юэн Анг:Тэгэхээр би энэ судалгааг илүү нарийвчлахаар хэд хэдэн үнэлгээ нэмсэн юм. Үүний дагуу улс орон бүрт ямар төрлийн авлига зонхилж байгаа талаар мэдэх боломжтой болсон.
Кайсер Куо: Та судалгаанд оролцож буй хүмүүст ямар зураглал ашигласан бэ?
Юэн Юэн Анг: Тэгэхээр хэсэг бүрт 5 зураглал ашигласан. Нэвтрэх авлигын хувьд ашигласан зураглалын нэг нь Бө Шилай юм. Тэгэхээр бодит амьдралын жишээг би зураглалдаа ашигласан. Бө Шилай гэх төрийн өндөр албан тушаалтантай нягт харилцаатай байснаар танай компани засгийн газраас зарласан тендерт тогтмол сонгон шалгарна. Энэхүү харилцаа хэр түгээмэл бэ? гэх асуулт жишээлбэл хэрэглэсэн.
Түүнчлэн барууны улс орнуудад элбэг байдаг үйлдэл буюу улс төрчид хувийн болон нийтийн салбарын хооронд тогтмол шилжиж ажиллаж байдаг үйлдлийг үнэлгээндээ багтаасан.
Кайсер Куо: АНУ-д хамгийн ихээр харагддаг “Эргэх хаалга” буюу албан тушаалтнууд хувийн болон нийтийн салбарын хооронд тогтмол шилжин ажилладаг билээ. Ерөнхийдөө, хууль санаачлагчид албан тушаалаас буусны дараагаар хувийн салбарын лобби группд ажилд орж тодорхой асуудлаар хууль санаачлагчдад лобби хийдэг, зарим тохиолдолд бүр лобби группийн албан тушаалтан хууль тогтоох албан тушаалд сонгогдоод тус лобби хийж байсан асуудлыг шийдвэрлэх албан тушаалд очих тохиолдол гардаг. Тэгвэл АНУ-ын энэхүү практик нь Бө Шилайн авлигын хэргээс ямар ялгаатай юм бэ?
Юэн Юэн Анг: Тэгэхээр нэвтрэх авлигыг хууль ёсны болгосон тохиолдолд, ашиг сонирхлын зөрчил маш ихээр үүсэх юм. Тухайлбал, АНУ-ын санхүүгийн хямралаас шалтгаалан их хэмжээний ашиг олсон хүмүүс байгаа шүү дээ, тэдгээр хүмүүс хуулийн ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс миний хувьд АНУ-ын энэхүү үйлдлийг авлигын шинж чанартай гэж үздэг.
Цаашлаад бид авлигын талаар ийнхүү ярихад их хүндрэлтэй болж ирдэг, тиймээс ядуу буурай орны авлига эсхүл Хятадын Бө Шилайн авлигын хэрэгтэй адил тодорхой албан тушаалтны үйлдэлд тулгуурлан авлигыг ярих нь илүү ойлгомжтой.
Кайсер Куо: Та өөрийн судалгааны хүрээнд Хятадыг бусад оронтой харьцуулахад ямар нөхцөл байдал ажиглагдсан бэ?
Юэн Юэн Анг: Тэгэхээр Хятад, Энэтхэг хоёрыг харьцуулан үзэхэд тус улсын авлигын нийт хэмжээ нь ижил түвшинд байсан. АТИ-д мөн адил ийм үр дүнтэй байгаа. Гэвч тус хоёр улсад буй авлига нь ялгаатай юм. Энэтхэгт хамгийн түгээмэл авлигын хэлбэр нь хурдан авлига бөгөөд төрийн албаны хүнд суртлыг давахын тулд хахууль өгдөг. Харин Хятадад хамгийн түгээмэл буй нь нэвтрэх авлига, тэгэхээр иргэд аливаа зүйл олж авах, үйл ажиллагаанд нэвтрэх зорилгоор хахууль өгч байгаа юм.
Кайсер Куо: Хөрөнгө оруулагч Жим Рожерс өөрийн номондоо нэгэн сонирхолтой зүйл дурдсан байдаг. Аливаа улсын нисэх онгоцны буудалд буухад тухайн улсын авлигын нөхцөл байдлыг шууд харж болдог талаар бичсэн байсан. Виз, гадаад паспорт шалгах процесс нь ямар нөхцөл байдалтай байна, албан ёсны таксины зогсоолд хувийн автомашинтай иргэд үйлчилгээ үзүүлж байна уу гэх мэт зүйлээс дүгнэх боломжтойг дурдсан байдаг.
Юэн Юэн Анг: Аливаа улсад нэвтрэхэд авлигын нөхцөл байдлыг нь шууд харж болдог гэдэгт би санал нийлж байна. Би анх Нигер Улсад газардаад, онгоцноос буусан даруй надаас хахууль нэхсэн, хахууль өгөхгүй бол тус улсад нэвтрэх боломжгүй байв. Төрийн албан хаагч надаас ил тодоор авлига шаардсан хамгийн анхны тохиолдол болсон юм. Үүнээс л тус улсын авлигын нөхцөл байдал шууд харагдаж байгаа юм. Тэд зүгээр л ил тодоор шууд нэхэж байсан. Харин Энэтхэг улсын төрийн албан хаагчид арай зөөлөн арга ашигладаг, Виз хариуцсан ажилтан нь надаас “Та яагаад Энэтхэгт дуртай болсон юм бэ?” гэж асууна, хариуд нь “Тиймээ, би танай улсад маш их хайртай” гэж хэлнэ, тэгээд би хахууль өгөхгүй бол миний паспортад штамп дарж өгдөггүй, би хахууль өгөөгүй учир буцаад л дарааллын төгсгөлд очиж зогсоод дахиж хүлээсэн. Дахиж уулзаад “Та штамп дарж өгсөнгүй шүү дээ” гэж хэлэхээр маш дургуй дарж өгдөг. Хэрвээ Шанхайн нисэх онгоцны буудалд газардах юм бол та ердөө 2 минутын дараа гэхэд төв гудамжинд гараад ирсэн байна. Тэгээд танд үйлчилсэн төрийн албан хаагчийг үнэлхийг хүсдэг, мэдээж ийм түргэн үйлчилгээ авсан болохоор хамгийн сайн гэж л үнэлнэ шүү дээ. Иймээс ердөө онгоцны буудлаар үйлчлүүлэхэд тухайн гурван улсын ялгааг харж болно.
Кайсер Куо: Тиймээ, Таны номонд эдийн засагт авлига нь төрлөөсөө хамаарч үзүүлэх нөлөө ялгавартай байдгийг дурдсан. Тэгвэл аливаа улс оронд аль төрлийн авлига нь яагаад их байдгийг тодорхойлсон онол бий юу? Уламжлал, соёл, зохион байгуулалтаас хамаарч ийнхүү өөр төрлийн авлига нь давамгайлж байна уу? Энэ талаар та тайлбар хэлнэ үү.
Юэн Юэн Анг: Энэхүү асуултад хариулахад ихээхэн хүндрэлтэй. Миний номонд дурдсанаар, нэгдүгээрт, улс төрийн дэглэмээс ихээхэн хамаардаг. Би нэг жишээ дурдая, хэрвээ та Дели хотод томоохон төрийн албан тушаалтантай уулзлаа гэхэд танд тэрээр “Би чиний асуудлыг хурдан шийдвэрлэж чадахгүй, харин шийдвэрлэлтийг зогсоож бол чадна” гэж хэлнэ. Эсрэгээрээ Хятадын намын өндөр албан тушаалтантай холбоотой бол та ямар ч хүсэлт тавих шаардлагагүй болно. Намын нарийн бичгийн дарга нь гараараа ширээгээ цохиод л шууд шийдвэрлэдэг. Тэгэхээр ардчилсан улсад төрийн эрх баригчид аливаа шийдвэрийг эсэргүүцэх эрхтэй, тус эрх нь тэдний хамгийн том хүч болж байдаг. Иймээс тэд аливаа асуудлыг царцааж чадаж байгаа юм. Тэд хэдийгээр хурдан шийдвэрлэхийг хүссэн ч улс төрийн олон нөхцөл байдлаас шалтгаалан чадахгүй.
Харин Хятадад төрийн эрх мэдэл цөөн хэдэн этгээдийн гарт төвлөрдөг. Тэгэхээр хэрэв та зөв хүмүүстэй нөхөрлөж чадвал маш олон боломж нээгдэнэ гэсэн үг.
Кайсер Куо: Тэгвэл яагаад АНУ болон Хятадын нийгэмд адил төрлийн авлига зонхилдог юм бэ? Энэ хоёр орны улс төрийн дэглэм нь маш их ялгаатай шүү дээ.
Юэн Юэн Анг: Сайн асуулт байна. Энэтхэг Улс нь АНУ-тай харьцуулбал төрийн чадавх, нөөц бололцоо бага, хөгжиж буй орон. Харин АНУ-ын төрийн чадавх, нөөц бололцоо маш сайн, тэд өөрсдийн тавьсан бодлогыг хэрэгжүүлж ажиллах чадамжтай улс юм. Тухайлбал, тус улсад татвар төлөхөөс зайлсхийх ямар ч арга байдаггүй.
Түүнчлэн эрх зүйн тогтолцоо нь боловсронгүй тул төсвийн сангаас завших зэрэг авлигын хулгайн үйлдлийг үр дүнтэй хянаж, таслан зогсоож чаддаг. АНУ-ын дундаж давхаргын иргэн гудамжаар явж байхад цагдаагийн албан хаагч түүнийг баривчилж, мөнгө шаардана гэсэн асуудал огт байдаггүй. Тиймээс миний өмнө дурдсанчлан нэвтрэх авлига нь тус улсад зонхилдог. Цаашлаад, тус авлигын хэлбэр нь хуульчлагдсан бөгөөд салбарын түвшинд хэрэгждэг. Харин Хятад нь капиталист эдийн засгийн хувьд шинэ тоглогч юм.
Кайсер Куо: Та Хятадын шилжилтийн үеийг цаг хугацааны үед хуваасан байсан. Тухайн үед ямар авлига зонхилж байсан бэ?
Юэн Юэн Анг: Тэгэхээр би өөрийн хичээлдээ тайлбарладгаар 1949 оноос хойш нэг Хятад Улс бус харин хэд хэдэн Хятад Улс оршин тогтносон. Тэгэхээр Хятад Улс нь үргэлж нэг нөхцөл байдал, бодлоготой байгаагүй. Тус улс нь 1980 оноос хойш эрчимтэй шинэчлэл хийсэн юм. 1980 онд Хятад нь дэлхийн бусад улс орнуудтай адил энгийн хөгжиж буй орон шиг харагдаж байсан, тухайн үед жижиг хэмжээний авлига ихсэж, төрийн хүнд суртал өндөр хэмжээнд байсан буюу бүхий л төрлийн авлига зонхилж байв. Тухайн үеийн утга зохиолд энгийн ард иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг их тодоор тусгасан байдаг. Тухайлбал, төрийн албан хаагчид тариаланчдыг дарамталдаг байсан. Цаашлаад үндэстэн дамнасан корпорациуд хүртэл авлигатай зохицож ажиллахаас өөр аргагүй байв. Цагдаагийн албан хаагчид гэнэт л “Макдональд” түргэн хоолны газар очиж шууд л мөнгө нэхдэг байсан. Энэ нөхцөл байдал 1980-1990 оны хооронд түгээмэл байв. Харин 1998 оноос эрх баригчид Хятадын төрийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд эрчимтэй ажилласан.
1998 оноос хойш төсвийн хөрөнгийг завших, дарамтлах, жижиг хэмжээний авлигын үйлдэл нэг ёсондоо алга болсон. Тэгэхээр төрөөс маш энгийн зохицуулалтыг хийж эхэлсэн юм. Иргэд ямар нэгэн торгууль, хураамж төлөх тохиолдолд бэлэн мөнгө ашигладаг байсныг таслан зогсоож бэлэн бус гүйлгээгээр төлбөр төлөх бодлого баримталсан төдий. Энэхүү энгийн техникийн реформ нь авлигыг хэд дахин багасгасан.
Цаашлаад, 2000 оноос дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжсөн. Хятад нь улс төрийн эдийн засгийн шинэ эринд шилжиж мужийн захиргааг тус бүс нутгийн газрыг түрээсэлж олсон хөрөнгийг ашиглах эрхийг хуульчилсан. Үүний дагуу бүс нутгийн удирдлагууд хот төлөвлөлт, барилга хот байгуулалтын салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтөд бүх анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Ерөнхийдөө, мужийн газрыг хувийн салбарт маш их хэмжээгээр зарж борлуулж олсон орлогыг бүхэлд нь дэд бүтэц хөгжүүлэхэд ашигласан юм. Тэгэхээр одоогийн Хятадын гайхалтай дэд бүтэц нь дөнгөж саяхан буюу 2010 оноос хойш л бий болсон зүйл. Үүнээс хойш шинэ барилга, гүүр, нисэх буудлууд ээлж дараалан баригдах болж, Хятадын эдийн засгийн өсөлтөд ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Гэвч нөгөөтээгүүр, санхүүгийн эрсдэл, засгийн газрын өр, өндөр эрсдэлтэй нэвтрэх авлигыг бий болгосон юм. Хувийн салбарынхан газар ашиглан их хэмжээний орлого олох боломжтой шүү дээ.
Кайсер Куо: Та судалгаандаа Хятадын талаарх ямар тоон мэдээлийг ашигласан бэ?
Юэн Юэн Анг: Нэгдүгээрт, авлигын хэргийг хянан шийдвэрлэсэн албан ёсны тоон мэдээг ашигласан. Ингэхдээ авлигын хэлбэрээс шалтгаалан олон төрөлд хувааж нягталсан. 2000 оноос хойш төсвийн хөрөнгийг завших гэмт хэрэг огцом буурсан байдаг. Эсрэгээрээ, өндөр хэмжээний авлига нэмэгдсэн. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн авлигын талаарх мэдээлж буй байдлыг нягталсан, 2000 оноос хойш мөн л хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлигын хэргийн талаар мэдээлэх нь багассан байгаа юм.
Эсрэгээрээ, 2000 оноос хойш нүцгэн албан хаагч гэх нэршил олон нийтийн дунд дэлгэрэх болсон. Гадна талаасаа ядуу мэт харагдах боловч гадаад улсад их хэмжээний хөрөнгө, баялагтай төрийн албан хаагчийг хэлж байгаа юм. Түүнчлэн дэгжин хахууль буюу мөнгө бус урлагийн бүтээлийг хахуульд өгөх байдал дэлгэрсэн. Тэгэхээр урлагын бүтээлийн үнэлгээ нь субъектив учраас хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө тус бүтээлийг хямдхан эсхүл үнэтэй гэдгийг мэдээгүй гэх мэт зүйл хэлдэг. Чунчин хотын цагдаагийн албан хаагчийг мөрдөн шалгахад маш өндөр үнэтэй хувийн уран зургийн галлерэйтэй байсан тохиолдол гарсан. Бүр улсын музейд байдаггүй өндөр үнэтэй бүтээл хүртэл байсан. Үлэг гүрвэлийн өндөг хүртэл байсан гээд бод доо.
Кайсер Куо: Тэгэхээр Хятадад орлогыг хэрхэн хуваарилдаг талаар та мэдээлэл өгөөч.
Юэн Юэн Анг: Ши Жинпин төрийн эрхэд гарахаас өмнө үеийн нөхцөл байдлыг би танд тайлбарлая. Учир нь одоогийн Хятад Улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөнийг та мэдэж байгаа. Тэгэхээр төрийн албан тушаалтан нь өөрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдох хувийн байгууллагад хувьцаа эзэмшдэг байсан. Сумын жижиг компаниас эхлээд улсын сургуульд хүртэл тодорхой өмчлөлтэй байдаг.
Бө Шилайн түвшний албан тушаалтны хувьд түүний цалин, урамшуулал түүний анхаарлыг татдаггүй байсан. Учир нь түүний орлогын эх үүсвэр биш юм. Орлогын эх үүсвэр нь хувийн компаниудаас түүний гэр бүлд өгч буй бэлэг, хөрөнгө байсан.
Түүнчлэн, доод шатны албан тушаалтнууд тушаал дэвшихээс татгалзаж, бүр эсэргүүцдэг болсон. Учир нь тэд төрийн өндөр албан тушаалтан болж чадахгүй гэдгээ мэддэг бөгөөд байгууллагаас нь хангалттай урамшуулал, нэмэгдэл олгож байгаа тохиолдолд аливаа хариуцлага хүлээдэггүй доод шатны албан тушаалдаа удаан хугацаанд ажиллаж хөрөнгө олох зорилготой болдог. Хятадын төрийн албан хаагч өөрсдийн энгийн цалингаар нэг өрөө байр ч түрээсэлж амьдарч чадахгүй. Тиймээс байгууллагаасаа авах урамшуулал, нэмэгдэл зэрэг нь маш чухал. Цаашлаад өөрсдийн төрсөн нутагтаа ажиллах сонирхол ихтэй байдаг.
Цаашлаад Хятад нь нэг намын тогтолцоотой учир төрийн өндөр албан тушаалд томилогдоход маш их өрсөлдөөнтэй байдаг. Иймээс удирдах төрийн албан хаагчид нь маш өндөр чадварлаг, алсын хараатай ажилладаг юм. Үүнийг л би авлигач бөгөөд хүчирхэг гэж нэрлээд байгаа юм.
Сэтгэгдэл
Иргэн [202.126.89.51] 2021-09-25 04:58:06
Авилгалын талаар мэдээлэл өгсөн, тэр нь шүүхээр тогтоогдсон бол авилга авсан албан хаагч, түүний үр хүүхэд, хамаатан садныг хүртэл шалгаж хөрөнгийг нь хураах, насаар нь төрд ажиллах эрхийг нь хасах, улмаар насаар нь хорих ял өгөх хэрэгтэй
Иргэн [202.126.89.51] 2021-09-25 04:54:03
Гайхалтай ажиглалт ба дүгнэлт. Монголд бол улс төрийн нам байгуулж дараа нь сонгууль болоход маш их мөнгийг намын удирдагч нар нэр дэвшигчдээс шаарддаг, тэд сонгогдвол 4 жилийн турш үзэг хөдөлгөх төдийгөөр авилгал авах, төрийн нэр барин шийдвэр гаргаж тэндер нэрийн дор мөнгө хулгайлах, төсөв хэтрүүлэн завших боломжтой тул байдаг чадлаараа мөнгө босгож бариад намын дарга нар луугаа гүйлддэг. Өнөөдөр хүүкийн хадгаламж, төрийн албан хаагчдын тансаг зэрэглэлийн байр, машиныг харахад л ойлгомжтой.