Засгийн газар танаж, тэвчиж болох зардлаа хэмнэх нэг ч заалт тусгаагүй байна
Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, хэлэлцэж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагынхан мэдээлэл хийлээ.
2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн ЗГ хуралдаанаар хэлэлцэгдэж дэмжигдсэн Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл нь МУ-ын Үндсэн хууль болон бусад маш олон хууль тогтоомж, ОУ-ын гэрээ, хүний эрх, нийтийн эрх ашиг сонирхлыг бүхэлд нь зөрчиж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах, шударга ёс, хууль ёсыг үл хэрэгсэх зэрэг эрсдэл дагуулж байна гэв.
Тэд "Цар тахлын үеийн эдийн засгийг сэргэлтийг эрчимжүүлж, дэмжих хуулийн төсөлд Засгийн газар танаж, тэвчиж болох зардлаа хэмнэх нэг ч заалт тусгаагүй, сөрөг нөлөөтэй хуулийн төсөл боловсруулж батлуулах гэж байгааг эрс эсэргүүцэж байна" гэсэн юм.
"Мөн ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авч, олборлолт явуулахад тухайн аймаг, нэгж, ард иргэдээс санал авахгүй гэсэн байна. Ямар ч тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт байхгүй гэсэн үг. Одоо байгаа уул уурхайн компаниудынхаа замбараагүй үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй байж ийм хуулийн төсөл хэлэлцүүлэх гэж байгаа нь шударга бус байна. Манай улсад ашигт малтмалын 920 зөвшөөрөл, гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай 325, хамтарсан 141 лицензийг эзэмшиж байгаа ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Уул уурхайн тусгай зөвшөөрөл бидэнд багадаагүй. Хяналтаа ч тавьж чадахгүй хэр нь ард түмний эрх ашгийг хөсөрдүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хууль батлах гэж байна. Уул уурхайн өрөмдлөг, газар ухсанаас болж манай улсад жилд 400-500 удаа газар хөдөлдөг болсон" гэлээ.
Тиймээс тэд Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийг эсэргүүцэхгүй ч нэгдүгээрт, бэлэнчлэх сэтгэлгээтэй буюу зөвхөн уул уурхай, байгалийн ашигт малтмалаа ашиглаж байгааг эсэргүүцэж, хуулийг эргүүлэн татахыг шаардаж байна. Хоёрдугаарт, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал шүүмж хүргүүлэх байдлаар хуулиа дахин боловсруулахыг шаардаж байна гэв.
Сэтгэгдэл