Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон гардуулав
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Ардын багш, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.
Ардын багш цолыг:
- Монгол Улсын дээд боловсролын салбарт 25 жил багшаас эхлэн ШУТИС-ийн ректор хүртэл ажиллахдаа тус сургуулийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, бодлого, стратегийг боловсруулан хөгжүүлж, кредит системд шилжүүлэн, сургалтын агуулга, технологи, менежментийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсад нээлттэй, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог нэвтрүүлэхэд манлайлан оролцож, улмаар Монгол Улсаас анх удаа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д 15 жил удирдах албан тушаалд ажиллахдаа Монгол төдийгүй Армен, Молдав, Азербайжан зэрэг улсад боловсрол, соёлын шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлсэн ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дээд боловсролын судалгааны лабораторийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Дэндэвийн Бадарч;
- Боловсрол, шинжлэх ухааны салбарт 40 жил ажиллахдаа Монгол Улсын Боловсролын их сургуульд кредит систем нэвтрүүлэн, сургалт, судалгааны чанарыг шинэ түвшинд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, олон улсын байгууллагын санхүүжилттэй боловсролын шинэчлэл болон багшийн хөгжлийн олон төслийг удирдан амжилттай хэрэгжүүлсэн, боловсрол судлалаар олон арвин бүтээл туурвиж, боловсрол, шинжлэх ухааны салбарт үнэтэй, бүтээлч, бодит хувь нэмэр оруулсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, академич Бадрахын Жадамбаа;
- “Их Засаг” их сургуулийг үүсгэн байгуулан, хувийн хэвшлийн боловсролын байгууллагын тогтолцоог төлөвшүүлэхэд манлайлан оролцож, өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх, олон мянган залуу боловсон хүчнийг бэлтгэн сургах их үйлсэд оройлон зүтгэж, олон арван бүтээл, зохиол туурвисан “Их Засаг” их сургуулийн ректор, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Намсрайн Ням-Осор;
- Боловсролын салбарт багш, сургалтын албаны дарга, захирал, аймгийн боловсролын төвийн захирлаар 49 жил ажиллахдаа математикийн сургалтын шинэ арга зүй боловсруулан нэвтрүүлэх, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги, сургууль үүсгэн байгуулж, олон мянган шавь бэлтгэсэн төдийгүй аймаг, улсын шилдэг олон багш бэлтгэж, математикийн заах арга зүйн тэргүүн туршлагаа улс даяар түгээн дэлгэрүүлж ирсэн зэрэг ерөнхий боловсролын сургалт, багшийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн ахмад багш, Монгол Улсын гавьяат багш Жигжидийн Нямжав нар хүртлээ.
Монголын ахмадын багш нарын холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Доржийн Амарыг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Монгол Улсын гавьяат багш цолоор:
- Увс аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Доолиохүүгийн Алтанхүү,
- Төв аймгийн “Эрдэнэ” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал асан Цогбадрахын Батаа,
- МУИС-ийн ректор асан, Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэ,
- Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн математикийн багш Загдрагчаагийн Бат-Эрдэнэ,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Шарын Борчулуун,
- “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” ХХК-ийн ерөнхийлөгч Жанчивын Галбадрах,
- Нийслэлийн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн ахмад багш Пунцагдашийн Ганболд,
- Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш Аюушийн Должмаа,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Гунгаагийн Мандалсүрэн,
- Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал асан Жамьяндоржийн Нямсан,
- Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын ахмад арга зүйч, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн асан Довчингийн Отгонбаяр,
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Шаравын Хоролсүрэн,
- ШУТИС-ийн тэргүүлэх профессор Жамъянхорлоогийн Цэвэгмид,
- Хэнтий аймгийн Биндэр сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Гэлэгпилийн Цэгмид,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн ахмад багш Гомбосүрэнгийн Цэдэндамба,
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн багш Дамдины Ганчимэг нарыг шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга Арьяагийн Цолмон,
Боловсролын хүрээлэнгийн дэд захирал Рэнцэнхандын Нямцэрэн нарыг,
Алтан гадас одонгоор:
Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дизайн технологийн багш Сэмжидийн Эрдэнэтуяа,
БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Чүлтэмшаравын Гажиддулам нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал хүртсэн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт баяр хүргэлээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Ард түмнээ бичиг үсэгт сургах, төв суурин, хошуу сумдад сургууль тэнхим байгуулах, мэргэжилтэй үндэсний боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэн сургах, бүх шатны боловсролын байгууллага бий болгох гээд төр, засгаас шат дараатай олон бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монголын хүн ам үндсэндээ бичиг үсэгт бүрэн тайлагдсан.
Үүний дүнд цэцэрлэг, бага, бүрэн бус ба бүрэн дунд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургууль гэсэн боловсролын нэгдсэн тогтолцоотой болсон юм.
Өнгөрсөн 100 жилд гарсан боловсролын салбарын амжилт бол манай улсын хөгжил дэвшлийн тулгуур, ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралын үндэс суурь юм.
Энэ ололт амжилтыг бүтээн бий болгосон үе үеийн соён гэгээрүүлэгчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад Монгол төрийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж, мэхийн ёслоё” гэлээ.
Сэтгэгдэл
зочин [202.21.127.160] 2021-11-12 02:53:46
Р. Батэрдэнэ гэдэг нөхөр гавъяат багш гэнэ үү МУИС-д захирлаар жил гаруй ажилласан болсон. Энэ их гавъяа юу
Иргэн [66.181.180.146] 2021-11-11 10:27:07
Ядуу байхад шагнал дорхи нь Ахмадуудын тэтгэвэриын зөрүүг өгүүлээч Хүрэлсүхээ.!!!!!!!та нар өөрдийн цалингаа саяаар нэмчихээд ажилчин .тэтгэьжрээ яагаад нэмэхгүй байгаа юм.!!!!!!Шагнал .суглаа хоёр л Монголийг ноёрхож байх шивдээ!!!!!жнээ ядуу тусам ийм юмаар их хөгждөг шүү.!!!!!!!Тэгээд дандааа худалаа азтан ч гэх шиг тв үүд бүр солиорсон бна!!!!!!!!!!
Зочин [150.129.141.25] 2021-11-11 09:47:59
Одоо л жинхэнэ авах ёстой улс нь шагналаа авч эхэллээ дээ
зочин [192.82.89.96] 2021-11-11 09:24:33
Олон сайхан буурай төрийнхөө хишгийн хүртэж дээ. Бүгдэд нь баяр хүргэе
Зочин [66.181.161.120] 2021-11-11 08:24:18
Улсад олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэмүүд бна Ахмадуудын ингэж урамшуулах нь зөв.Сүүлийн үед төрийн шагналын нэр хүнд унасан шүү.Энэ ахмадууд одон жил хүлээсэн.Элбэгдорж баттулга 2 н хулхи баатруудаас дээр юм бна.