Авлига, хээл хахууль, ял шийтгэлээс чөлөөлөх асуудлын эсрэг олныг хамарсан эсэргүүцлийн үеэр хуульчилсан Бразил Улсын компанийн тухай хууль нь корпорацын гэмт хэрэгтэй тэмцэхэд томоохон алхам болсон. Бразил Улсын компанийн тухай хууль нь төрийн захиргааны эсрэг авлигын шинжтэй үйлдэл гаргасан хуулийн этгээдэд иргэний болон захиргааны хатуу хариуцлага хүлээлгэдгээрээ болон онцгой тохиолдолд “корпорацыг татан буулгах шийтгэл”-ийг хүлээн зөвшөөрдөг гэдгээрээ алдартай юм.
Тодруулбал, Бразил Улсын компанийн тухай хууль нь дараах 2 нөхцөлд корпорац эсвэл хуулийн этгээдийг татан буулгахыг шаарддаг.
- Хуулийн этгээд нь хууль бус үйлдлээ (мөнгө угаах, татвараас зайлсхийх худалдан авалтын луйвар хийх гэх мэт) нуун дарагдуулах зорилгоор “халхавч компани” ашигласан тохиолдолд;
- Хуулийн этгээдийг хууль бус үйл ажиллагаагаа дэмжих эсвэл хөнгөвчлөх зорилгоор тогтмол ашигласан тохиолдолд;
Корпорацыг татан буулгах шийтгэлийг гэмт хэргийн үйлдлээ хөнгөвчлөх, нуун дарагдуулах зорилгоор байгуулагдсан халхавч компаниудад хэрэглэх нь шуудхан бөгөөд маргаангүй юм. Ялангуяа эдгээр халхавч компаниуд нь бодит үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулдаггүй. Харин хоёр дахь ангилалтай холбоотой маргаан үүсдэг бөгөөд үүнд үр бүтээлтэй ажиллаж байгаа компаниуд багтаж болно.
Корпорацыг татан буулгах хэлбэрээр хатуу шийтгэл оногдуулах нь ноцтой бөгөөд байнгын хууль бус үйл ажиллагаанд оролцсон компаниуд, тэр байтугай үр бүтээлтэй ажиллаж байгаа компаниудад хангалттай хүчтэй эм мэт санагдаж магадгүй юм. Гэвч бодит байдал дээр энэ шийтгэл нь зохих ёсоор хэрэгжихгүй байна. Наад зах нь Бразил Улсын нөхцөлд хамаагүй илүү үр дүнтэй, бодит шийтгэл бол компанийн байнгын авлигад автсан хувьцаа эзэмшигчдийг хяналтын эрхээ худалдахыг албадах явдал бөгөөд ингэснээр компанийг тогтвортой байлгаж, шинэ өмчлөл болон шинэ удирдлагад оруулах юм.
Корпорацыг татан буулгах шийтгэлтэй холбоотой хоёр үндсэн асуудал бий.
Нэгдүгээрт: Компанийг татан буулгах нь (тэр ч байтугай ноцтой гэмт хэрэгт холбогдсон компани хүртэл) үр ашгаас илүүтэйгээр хор хөнөөл учруулж болзошгүй юм. Компанийг татан буулгах нь ялангуяа их хэмжээгээр төвлөрсөн үйлдвэрүүдийн зах зээлийг хумьж, улмаар үнийн өсөлт эсвэл чанарт муугаар нөлөөлөн хэрэглэгчдийг хохироож болзошгүй юм. Мөн тус компани нь олон тооны ажилчдыг ажиллуулж, Засгийн газарт их хэмжээний татвар төлж болно. Тиймээс ийм хатуу шийтгэл оногдуулах нь ихээхэн хор хөнөөл учруулж болзошгүй юм.
Магадгүй үүнээс болж Бразил Улсын хууль сахиулах байгууллагууд Компанийн тухай хуулийн татан буулгах шийтгэлийн заалтыг үр бүтээлтэй ажиллаж байгаа компаниуд, ялангуяа томоохон компаниудад ашиглахдаа маш болгоомжтой ханддаг. Хууль батлагдсанаас хойших найман жилийн хугацаанд олон компани авлигын ноцтой хэрэгт холбогдож байсан ч үр бүтээлтэй ажиллаж байгаа компанийг татан буулгахад Компанийн тухай хуулийг хэзээ ч ашиглаж байгаагүй юм. Энэхүү дургүйцэл нь компанийг татан буулгах зардал хэт их байх вий гэсэн болгоомжлолоос зайлсхийж, харин хоёр дахь асуудалд шууд хүргэдэг. Компаниудын эзэд болон менежерүүд нь прокурор, шүүхийн байгууллагыг корпорацыг татан буулгах шийтгэлийг бодитоор хэрэгжүүлэх хүсэлгүй гэдгийг мэддэг учраас энэ шийтгэлийг ноцтой аюул гэж үздэггүй. Практикт энэ хатуу мэт санагдах шийтгэл нь ихэвчлэн бэлгэдлийн шинж чанартай байдаг.
Компанийн шийдвэр гаргагчид корпорацын татан буулгах шийтгэлтэй харьцуулахад хатуу шийтгэл гэж үздэг өөр нэгэн хувилбар байдаг. Прокурор болон шүүхийн байгууллагаас дараах шийтгэлийг оногдуулахад бэлэн байх болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн ихэнхийг томилдог, корпорацын соёл болон бодлогын асуудлыг хариуцдаг компанийн хяналтын эрх бүхий хувьцаа эзэмшигчдийг байнгын хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд компани дахь хувьцаагаа зарахыг шаарддаг. Энэ шийтгэл нь компанийн үйл ажиллагааг хадгалж үлддэг учраас компанийг татан буулгахтай адил хэмжээнд зах зээлд болон нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Иймд хууль сахиулагчид дээрх шийтгэлийг хэрэглэхээс татгалзахгүй байх болно. Харин хяналтын эрх бүхий хувьцаа эзэмшигчид энэ шийтгэлээс зайлсхийхийг хүсч байгаа тул авлигын болон бусад төрлийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүчтэй хөшүүрэг байх болно. Энэ шийтгэл нь олон том компаниуд жижиг бүлэг эсвэл ихэвчлэн ганц гэр бүлийн хяналтад байдаг Бразил зэрэг улсад тохиромжтой юм. Иймээс энэхүү шийтгэл нь Компанийн тухай хуулийн татан буулгах шийтгэлийн заалтаас илүүгээр урьдчилан сэргийлэхэд хүчтэй нөлөө үзүүлнэ. Хууль бус үйлдэлд хувь нэмрээ оруулсан хяналтын эрх бүхий хувьцаа эзэмшигчдийг шинэ хувьцаа эзэмшигчээр сольсноор компанийн дагаж мөрдөх хөтөлбөрийг бэхжүүлж, илүү сайн корпорацын соёлыг бий болгоход хүчтэй хөшүүрэг болно.
Энэ чиглэлийн шинэчлэлийг Бразил Улсын Конгрессод аль хэдийн дэвшүүлсэн. 2019 онд Компанийн тухай хуулийн хориг арга хэмжээний жагсаалтад хяналтын эрхийг албадан худалдах талаар оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийг санаачлагчдын үзэж байгаагаар энэ заалт нь “Ажилчдад болон улс оронд зүй бус нөлөө үзүүлэхгүйгээр авлигын гэмт хэрэгт зохих шийтгэлийг оногдуулах давуу талтай” юм.
Сэтгэгдэл