Д.МӨНГӨНЦЭЦЭГ: Говьсүмбэр аймагт 2021 онд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол 27 хувиар өссөн
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.
Говьсүмбэр аймагт хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймаг орон нутагтаа үйлдэгдсэн хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг 2019, 2020, 2021 оны байдлаар харьцуулан судалж, дүгнэлт хийлээ.
Хүүхэд гэмт хэргийн холбогдогч болсон тохиолдол 2019 онд 1, 2020 онд 3, 2021 онд 6 гарсан бол хүүхэд хохирсон гэмт хэрэг 2019 онд 13, 2020 онд 14, 2021 онд 20 гарсан байна. Эндээс харахад 2021 онд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол 27 хувиар, насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдол 50 хувиар өссөн байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч болж байна вэ?
2019 онд 13 хүүхэд, 2020 онд 17 хүүхэд, 2021 онд 23 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон. Хүүхдүүд ихэвчлэн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон байна.
Хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа нь юутай холбоотой вэ? Шалтгаан нөхцөл нь юу байна вэ?
Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс сэтгэцийн хувьд бүгд эрүүл боловч ёс зүйгүй, ухамсар дорой байдлаас болж хүүхдийг хохироож байна. Гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих анхаарал, халамж сул, ялангуяа ахуйн хүрээнд архидан согтуурч хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулдагтай холбоотойгоор хүүхэд хохирсон гэмт хэрэг их гарч байна. Мөн ажилгүйдэл, ядуурал гээд нийгмийн хүчин зүйл ч нөлөөлж байна. Ялангуяа бага насны буюу өөрийгөө хамгаалж, илэрхийлж чадахгүй хүүхдүүд гэмт хэрэгт өртөх хандлагатай байдаг. Ихэнхдээ ойр дотны болон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, айлган сүрдүүлэн байнгын хараа хяналтандаа байлгадаг учраас хохирогч хүүхдүүд бусдад хэлдэггүй, нуудаг зэргээс болж гэмт үйлдэл нь удаан хугацаанд үргэлжилсэн байдаг. Мөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа зэрэг олон хүчин зүйл байна. Мөн Говьсүмбэр аймаг нь 4 аймгийн 10 гаруй сумтай хиллэдэг, түр оршин суугч болон бүртгэлтгүй иргэд их байдаг онцлогтой холбоотой үйлдэгдсэн гэмт хэргүүд ч бас гарсан.
Тэгвэл хүүхдүүд яагаад гэмт хэрэг үйлдэж байна вэ? Шалтгаан нөхцөлийг нь судалж үзсэн үү?
Тус аймагт үйлдэгдсэн гэмт хэргүүдийг судалж үзэхэд хүүхдүүд бусдын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг түлхүү үйлдсэн байгаа юм. Хүүхдүүд гэр бүлийн орчиндоо гэмт хэргийн хохирогч болох нь их байгаа бол эсрэгээрээ сургуулийн орчинд байхдаа гэмт хэргийн холбогдогч болох нь их байна. Нэгдүгээрт эцэг эх, харгалзан дэмжигч нарын зүгээс хүүхдийг хараа хяналтгүй орхидог, тэдний хүмүүжил, төлөвшилд анхаардаггүй, хоёрдугаарт сурагчид бие биетэйгээ харилцахдаа үг хэлээр дарамталдаг, доромжилдог, гадуурхах байдал гаргаж байгаатай холбоотойгоор гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Мөн өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээг дээшлүүлэхэд чиглэсэн ажил, амрах, сэтгэн бодох, суралцах нөхцөл боломжийг хангасан орчин дутагдалтай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хангалтгүй, үр дүн муутай байгаатай холбоотой байна.
Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдож болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас энэхүү судалгааны дүнг аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд мэдээлэл болгон танилцуулж, насанд хүрээгүй хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгахад төрийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар тодорхой саналууд гаргасан.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол хийхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Бага насны хүүхдийг хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бага ангийн сурагчдад “Миний бие бол миний л бие” сэдэвт сургалтыг зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчилд удаа дараа холбогдож байгаа хүүхдүүдтэй тусгайлан уулзаж, яриа таниулга хийсэн.
Цэцэрлэг, сургуулийн багш, өрхийн эмнэлгийн эмч нар хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон эсэхийг хамгийн түрүүнд мэдэх боломжтой байдаг учраас тэдэнд чиглэсэн яриа таниулгуудыг ч бас хийж байна. Жишээ нь: Шивээговь сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн болон цэцэрлэгийн багш нар, эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн ажилтнуудад “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулсан.
Мөн энэ онд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог хуралдуулж судалгааны дүнг танилцуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, ялангуяа хамгаалах байр, хохирогч болон гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, нэн шаардлагатай байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх, нуугдмал үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, аймгийн хэмжээнд хүүхдийн сэтгэл зүйч ажиллуулах зэрэг асуудлууд байгаа юм.
www.prokuror.mn
Сэтгэгдэл
Батбаяр [202.9.40.188] 2022-02-18 10:19:54
Мундаг эгчдээ эрүүл энх ажлын амжилт ерөөе
Болд [202.72.247.58] 2022-02-18 02:11:39
Д.Мөнгөнцэцэг ерөнхий прокурортой залуу сайхан насандаа 1995-2000 онд хамтран ажилладаг байлаа.Төлөв даруу зантай, хүнлэг нинжин сэтгэлтэй, мэргэжилдээ эзэн болсон сайн прокурор байсан.Одоо ч хэвээрээ байна. Ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.