Монголбанк: Рублийн урсгалын статистик
Рублийн урсгалын статистик: Монгол Улс 2021 онд улиралд дунджаар 119 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийн гарах урсгалтай байв.
Тухайлбал, өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 116 сая ам.доллар, 2 дугаар улиралд 113 сая ам.доллар, 3 дугаар улиралд 118 сая ам.доллар, 4 дүгээр улиралд 129 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийг гадаад төлбөр тооцооны зориулалтаар Монгол Улсаас гадагш шилжүүлжээ. Рублийн энэхүү гарах урсгал нь хойд хөрштэй хийдэг худалдааг санхүүжүүлэх буюу ОХУ-аас нийлүүлэгддэг бараа, үйлчилгээний төлбөрт зарцуулагддаг.
Уг үзүүлэлт 2022 оны 1 дүгээр улиралд тогтвортой байсан буюу 2022 оны эхнээс 3 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд 100 сая ам.доллар байсан нь ердийн үеийн дундаж үзүүлэлттэй ойролцоо юм.
Банкуудын арилжааны статистик: Банкууд 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 03 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зарсан рублийн хэмжээг авч үзвэл 92 сая ам.доллартай тэнцэж буй бөгөөд энэ нь оны эхний улиралд хийгдсэн гадаад төлбөр тооцоотой холбоотой байв. Харин худалдаж авсан рублийн хэмжээ 4.2 сая ам.доллартай тэнцжээ. Энэ нь дотоодын зах зээл дээр банкуудын худалдан авсан рублийн хэмжээ нь зарсан дүнгээсээ эрс бага байгааг харуулж байна.
Сэтгэгдэл