Б.Нацагдорж: Өмнө нь Тяньжинээс өдөрт 2-3 галт тэрэг гардаг байсан бол одоо нэг л гарч байна

Aдмин / Эдийн засаг

ОДООГООР НЭГ Л ГАЛТ ТЭРЭГ МАНАЙХ РУУ ЯВДАГ. ТҮҮНД 40-50 ЧИНГЭЛЭГ АЧАА ОРНО


Тяньжинд ачаа бараа бөөгнөрч орж ирэхгүй байна гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ тухай холбогдох газруудаас тодруулсныг хүргэе. Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Нацагдоржоос цөөн асуултад хариулт авлаа.


-Тяньжинд ачаа бараа бөөгнөрсөн гэх мэдээлэл байна. Ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

-Тяньжинээс наашаа галт тэрэг цөөн тоогоор явж байгаа. Хятадын талаас тавьж байгаа цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад наашаа гарахгүй маш олон сар гацсан шүү дээ. Ер нь цар тахал эхэлснээс хойш ийм байдалтай байлаа. Арваннэгдүгээр сард нэг хэсэг ачаа сайн явсан.

Яагаад гэвэл ерөнхий сайд хятадын талтай уулзаад тэр хүрээнд асуудлыг шийдэж байсан. Дээрээс нь манай холбоо Зам тээврийн яамаар дамжуулан, Гадаад харилцааны яаманд ачаа гацсан талаар мэдээлэл хүргэн, хөлдөж муудах эрсдэлтэй ачаа бараа байгаа талаарх хүсэлт гаргаснаар арваннэгдүгээр сард ачаа бараа сайн гарсан. Өдөрт нэг галт тэрэг гардаг байсан бол тухайн үед 2-3 болгож нэмэгдүүлсэн.

Ингэснээр 4500 гаруй чингэлэг орж ирсэн. Эргээд арванхоёрдугаар сард буурч, 2700 чингэлэг орж ирсэн.

-Яагаад чингэлэг тээвэр багасчихав. Ямар хүчин зүйл нөлөөлсөн юм бол оо?

-Манайх Хятадын талаас шууд хамааралтай. Тяньжинд хийсэн ачилт, бүх захиалгууд нь дүүрээд наашаа гарах гэхээр галт тэрэгний гаралт цөөдөөд байна. Хамгийн гол нь Тяньжинээс гарах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Одоогоор нэг л галт тэрэг манайх руу явдаг. Нэг галт тэргэнд 40-50 чингэлэг ачаа орно. Түүнийг магадгүй 2-3 болгож байж ачаа тээврийн ирэлт нэмэгдэнэ гэсэн үг.

-Тяньжинд одоогоор яг хэдэн чингэлэг ачаа байгаа юм бэ?

-Манайх Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй гишүүн байгууллагатай мэргэжлийн холбоодын нэг. Тэгэхээр манайд гишүүн бус байгууллагууд бас бий. Тэдгээрийн ачаа барааг мэдэхгүй байна. Манай гишүүн байгууллагуудын хувьд сүүлд авсан мэдээллээр 4600-гаад чингэлэг байгаа.

-Сүүлд авсан мэдээлэл гэдэг нь яг хэзээ вэ?

-Он сарыг нь сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор дөч гаруй хоногийн өмнө. Хоёрдугаар сарын эхээр авч байсан мэдээлэл.


АРВАНХОЁРДУГААР САРААС ХОЙШ НИЙТ 17 ЧИНГЭЛЭГ ГАЦЧИХСАН, ИРЭЭГҮЙ Л БАЙНА


Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооноос уг мэдээллийг өгөв. Харин энгийн карго ачилтын компаниас дараахь тодруулгыг өгсөн юм. “Чингэлэг тээвэр” карго компанийн менежэр Ү.Сайнбатаас тодрууллаа. (Нэрийг өөрчлөв)


-Танай ачаа хэзээ наашаа хөдөлсөн юм бэ?

-2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд дөрвөн контейнер Солонгосоос наашаа хөдөлсөн. Арванхоёрдугаар сарын аравд гаргаад дахиад гурав, 2022 оны эхээр дахиад арав хөдөлсөн. Нийлээд 17 чингэлэг гацчихсан, ирээгүй л байна. Бид “Туушин” компанитай олон жил хамтран ажиллаж байгаа. Өнөө өглөөхөн (өчигдөр) ачаа хариуцсан захиралтай нь яриад урд манай бараа байгаа юм шиг байна. Тяньжинээс наашаа вагон тавилт нь байхгүй болчихсон гэсэн. Гуравдугаар сард хоёр л удаа вагон тавилаа. Нэг вагонд 50-иад чингэлэг тавигддаг. Олон чингэлэг байгаа болохоор дарааллаараа явахаар удаж байна гэсэн хариу өгсөн. Ганцхан манайх ч биш, бүх карго оруулж ирдэг компаниуд ингэж байгаа.

-Ямар хүчин зүйл нөлөөлөөд вагон тавилт нь багассан талаар мэдээлэл байна уу?

-Зам, тээвэр хөгжлийн яам, Хятадын элчин, Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбоо гээд маш олон газарт холбогдох бичиг баримт, хүсэлтээ өгсөн. Хоёрдугаар сард ачаа таталт сайжирсан. Оны өмнө арваннэгдүгээр сард нэг хэсэг сайжирсан. Одоо дахиад хэвэндээ орчихлоо. Бидэнд ямар ч арга алга, дарааллаар нь явуулна гээд хүлээгээд л байж байна. Зарим ачаа нь улирлын чанартай. Одоо орж ирж амжихаасаа өнгөрсөн. Дахиад нэг жил хадгалах нь байна шүү дээ. Энэ ганцхан манай компанийн асуудал биш.

Нийтээрээ л байгаа юм. Тээвэр зууч яг аль яаманд харьяалагддаг юм бэ. Гадаад харилцааны яам юм уу, Зам, тээвэр хөгжлийн яаманд юм уу? Тодруулаад ачаа бараа оруулж ирэх асуудлыг хурдавчлуулбал сайн л байна. Мөнгө төгрөгөө төлчихөөд байхад эргэлтэд ордоггүй. Бараа таваар ирдэггүй. Ямар ч төлөвлөлтгүй болчихсон. Өгдөг, авдаг юмаа нийлүүлж чаддаггүй. Тээврийн зардал нь өсөөд хүндрэлтэй асуудал зөндөө байна.

-Хоног хугацаа өнгөрөх тусам тээврийн төлбөр нэмэгдэх үү?

-Тээвэр зуучийн компаниуд яг яадгийг сайн мэдэхгүй байна. Солонгосоос Тяньжин хүртэл солонгос компани нь хариуцаад, Тяньжинээс Замын-Үүдийн боомт хүртэл хятад компани хариуцаад, Замын-Үүдээс нааш оруулж ирэхийг нь монгол компани хариуцдаг байхгүй юу. Эд бүгд хоорондоо гэрээтэй байгууллагууд. Бид бол тогтсон үнээрээ л явуулчихна, “Туушин” компанийн хэлсэн үнээр. Тэр үнэ одоохондоо өөрчлөгдөхгүй. “Туушин” болохоор цаад гадаад байгууллагатай яаж ажилладаг талаар мэдэхгүй юм. Хадгалалт, тээвэр гээд зөндөө л асуудал гардаг л байлгүй. Одоо түгжрээд байгаа учраас тээврийн зардал бага багаар нэмэгдэнэ гэж ойлгож болно. Сүүлийн зургаан сард хэдэн ч удаа нэмэгдчихэв.

-Тяньжинд маш олон чингэлэг байгаа талаар та мэдээлсэн байсан. Яг хэд байгаа юм бол?

-Өглөө “Туушин” компанитай ярихад тэдний 7000 гаруй контейнер байгаа юм шиг байна лээ. Солонгосоос долоо хоногт хоёр удаа усан онгоц явдаг байсан бол одоо нэг удаа явдаг болчихсон. Тодруулаад бусад улсад ямар байгаа талаар асуухаар Хятадаар дамжаад Казахстан, Үрэмчээр явж байгаа тээвэр хурдан явж байна гэж солонгосууд хэлээд байгаа. Манайх төлбөр тооцооны нарийн асуудалтай. Контейнер гарахгүй зөндөө удна. Тэгээд тал талаасаа шахалтад ороод хэцүү л байгаа гэв.


ГАЗРЫН АЧААНААС УДААН ОЧСОН ХЭРНЭЭ ЭКСПРЕСС АЧААНЫ ҮНЭ ТӨЛСӨН


Харин энгийн иргэдийн бараа яаж ирж байгаа талаар Солонгосоос хүүхдүүддээ ачаа явуулсан иргэн Н.Цэцэгнавчтай ярилцлаа.


-Та Монгол руу хэзээ ачаа илгээсэн юм бэ. Хэзээ энд буув?

-Экспресс үйлчилгээгээр 21 хоноод очно гэсэн. Гэтэл дөрвөн сар гаруй болоод Монголд буусан байна. Миний ачаа 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд ачуулаад 2022 оны гуравдугаар сарын 16-нд буусан байна лээ. Дараа нь нэгдүгээр сард илгээсэн газрын ачаа одоо сураггүй л байна. Газрын ачаанаас удаан очсон хэрнээ экспресс ачааны үнэ төлсөн.

-Экспресс хүргэлтэд хэдэн төгрөг төлдөг юм бэ?

-Газрын ачаа 1 кг нь 1200 вон, Монголд төлөх нь 1 кг ачаанд 8900 төгрөг гэж байсан. Сая очсон бараанд хүүхдүүддээ нөүтбүүк, хувцас гутал явуулсан. Өмнө нь хүүхдүүддээ нэг удаа идэх зүйл явуултал хөгцрөөд очсон байна лээ. Ачаа хэвийн явж эхэлсэн гэсэн мөртлөө ялгаа алга. Иргэд л хохирч байна.

-Ачаа тээврийнхээ үнийг нэг талдаа төлдөг үү?

-Тийм. Би эндээс ачааны төлбөрөө төлбөл хүүхдүүд авна. Төлөхгүй бол хүүхдүүд ачаагаа буухаар нь төлөөд авна. Гэхдээ эндээ ачааныхаа үнийг төлөөд явуулсан нь арай хялбар санагдсан хэмээв.

Энэ талаар бид холбогдох мэргэжлийн байгууллага болох Зам, тээвэр хөгжлийн яамнаас тодруулсан юм. Гэвч Тяньжинд одоогоор 5250 чингэлэг ачаа байгаа гэдгээс өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй.


Сэтгэгдэл

nj [66.181.176.199] 2022-03-28 01:42:59

энэ МАН с төрийн эрхэнд гарсан авилгачидад иргэдэд саад болох ажил л хийхээс биш тус болох юу ч хийхгүй шүү дээ Улсаа хорлож тонож тэр бузар мөнгөөрөө үр хүүхдүүдээ тэжээж суугаа нүгэлтэнгүүд их бий

Зочин [202.9.47.63] 2022-03-26 08:06:25

Хятад бараа бүтээгдэхүүн байхад, дотоодын үйлдвэр хөгжихгүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.