Мелатонины аюулгүй тунг хэрхэн тооцоолох вэ?

Aдмин / Нүүр

Мелатонин нь гипофиз булчирхайн гол даавар бөгөөд хүний биологийн хэмнэлийн гол зохицуулагч юм. Хэдийгээр энэ нь бие махбодод ялгардаг ч нойрны хямралд өртсөн зарим хүн үүнийг хүнсний нэмэлт тэжээл хэлбэрээр нэмж хэрэглэдэг. Уг бодисыг хэтрүүлэн хэрэглэх эрсдэл бий юу. Мөн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцъя.

Та шөнө ихэнхдээ хөрвөөсөөр унтаж чадахгүй байна уу. Ийм хангалтгүй амралт нь бие махбодын болон оюун санааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Сайн унтаж амрахгүй бол хүн өөрийн эрхгүй ядрангуй, ууртай болдог. Нойргүйдэлд нэрвэгдсэн зарим хүн нойрны эмийг шийдэл гэж үздэг. Ийм төрлийн эмийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад хүний эрүүл мэндийн шинж чанарыг харгалзан сонгох ёстой. Эмийн жор байхгүй тохиолдолд олон хүн илүү аюулгүй гэж "нойрны даавар" мелатонины концентрацийг нэмэгдүүлэх замыг сонгодог.

Дур мэдэн өөрийгөө эмчилж болохгүй. Энэ нийтлэлдээ бид хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдээлэл, эрүүл мэндийн эрх бүхий мэргэжилтнүүдийн санал бодлыг цуглуулсан. Гэхдээ зөвхөн эмч онош тавьж, эмчилгээг зааж өгч чадна. Мелатонин нь эпифизд үүсгэгддэг бөгөөд унтах цаг болоход аажмаар цусны урсгалд ордог. Хэрэв энэ хугацаанд бие махбодод энэ даавар хангалттай хэмжээгээр ялгараагүй бол сайн унтахад хэцүү байх болно. Мелатонины бэлдмэл нь байгалийн мөчлөгийг тодорхой хэмжээгээр зохицуулж чаддаг. (хэрэв зөв хэрэглэвэл)

Мелатониныг хэтрүүлэн хэрэглэсэн шинж тэмдэг

Хэрэв хүн нойргүйдэлд нэрвэгдсэн бол түүнийг арилгахын тулд юу ч хийхэд бэлэн болдог. Мелатонин нь байгалийн найрлагатай, хүсээгүй гаж нөлөө багатай тул нойрны хамгийн алдартай туслахуудын нэг юм. Эмнэлгийн практикт мелатониныг хэтрүүлэн хэрэглэснээс нас барсан тохиолдол хараахан бүртгэгдээгүй байгаа ч энэ бодисыг хэтрүүлэн хэрэглэх эрсдэл байдаг. Энэ бодисыг хэтрүүлэн хэрэглэвэл дараах шинж тэмдгүүд илэрч болно. Тухайлбал, толгой өвдөх, дотор муухайрах, нойрмоглох, ууртай болох, айдас, сэтгэл гутралд орох, ходоод өвдөх, гар салгалах, даралт унах. Үүнээс гадна бие махбод дахь дааврын илүүдэл нь эсрэгээр нөлөөлдөг. Энэ нь урьд өмнөхөөсөө ч илүү муу нойргүйдэл үүсгэх аюулд хүргэдэг. Байнгын хэрэглээтэй бол бодис нь эцэстээ үйлчлэхээ больж, унтах асуудал дахин үүснэ.

Мелатонины зөв тун: хэтрүүлэн хэрэглэнэ гэдэг нь хэд вэ?

Яг таньд хэдий хэр тун тохирох вэ гэдгийг нарийвчлан хэлэхэд хэцүү. Зарим брэнд тунг өөрсдөө тооцдог. Энэ нь үнэндээ таны биеийн хэрэгцээнээс илүү байж магадгүй юм. Дунджаар ихэнх хүнсний нэмэлт тэжээл нэг удаагийн тунд 5-10 мг агуулдаг. Ер нь сайн унтахын тулд жирийн хүнд бие махбодод нь ялгаруулдаг дааврын хэмжээ нь хангалттай байдаг. Хэрэв танд илүү их мелатонин хэрэгтэй бол эмчийн үзлэгээр үүнийг нотолсон бол эхний тунг гурван мг байхад хангалттай. Үүний зэрэгцээ мелатонин бэлдмэл хэрэглэдэг хүмүүсийн талаарх олон тооны сэтгэгдэл нь өдөрт 3-5 мг тунгаар хэрэглэхэд нойр нь хэвийн болж байгаа гэсэн байдаг.

Мелатонины хэрэгцээ хүн бүрт өөр байдаг. Гармон нь бүх эмийн нэгэн адил биед олон нөлөө үзүүлдэг тул аль болох бага тунгаар уух хэрэгтэй. Үргэлж бага хэмжээнээс эхэл. Хэрэв хэд хоногийн дараа нойронд асуудалтай хэвээр байгаа бол нойрыг сайжруулах тунг олох хүртэл тунг аажмаар нэмэгдүүлнэ. Мелатонины хувьд бага байвал сайн гэсэн үг. Эс тэгвээс нойрны инерцээс зайлсхийх боломжгүй болно. Энэ нь олон нойрны эмэнд тохиолддог нийтлэг асуудал юм. Мөн бодисын үлдэгдэл цусны урсгалд байсаар байгаа цагт сул дорой байдал, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй байх зэрэг мэдрэмж зайлшгүй байдаг. Мелатониныг ууж байх үед энэ нөлөө нь маш ховор тохиолддог. Ялангуяа, шөнийн цагаар их хэмжээний бодис хэрэглэх үед тохиолддог.

Хүүхдүүдийн хувьд мелатониныг нойрны асуудалтай холбоотой нь батлагдсан тохиолдолд эмчийн заавраар өгнө. Эмчилгээний стандарт тун нь нярай болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд нэг мг-аас ихгүй, бага насны хүүхдүүдэд 2.5-3 мг, өсвөр насныханд таван мг хүртэл байдаг. Мелатониныг заримдаа хүүхдийн хөгжлийн хүнд хэлбэрийн эмгэгийн үед эмчилгээний төлөвлөгөөний дагуу, эмчийн хяналт дор зааж өгдөг.

Ямар эмүүд мелатонинтой харилцан үйлчлэлцэж болох вэ?

Хэрэв та ямар нэгэн эм эсвэл хүнсний нэмэлт тэжээл, түүнчлэн ургамлын гаралтай эм хэрэглэж байгаа бол мелатонин ууж эхлэхээсээ өмнө мэргэжилтэнтэй зөвлөлдөх хэрэгтэй. Мелатонин нь жороор олгодог зарим эмийн үр нөлөөг бууруулж, ноцтой хүндрэл үүсгэдэг. Жишээлбэл, цусыг шингэлдэг антикоагулянт эмтэй нэгэн зэрэг хэрэглэж болохгүй. Энэ нь цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй юм. Мелатонин нь цусны даралт ихсэх өвчнийг хянах эм ууж буй хүмүүсийн цусны даралтыг нэмэгдүүлдэг.

Мелатонинтой харилцан үйлчлэлцэж болох бусад эм

1. Таталтын эсрэг эмүүд

2. Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл

3. Дархлаа дарангуйлагч ба стероидууд

4. Чихрийн шижин өвчнийг эмчлэх эм

5. Төв мэдрэлийн систем (төв мэдрэлийн систем) дарангуйлагч

6. Сонгомол серотонины нөхөн сэргээх дарангуйлагчид

Түүнчлэн чонон хөрвөс гэх мэт аутоиммун өвчинтэй гэж оношлогдсон бол мелатонин ууж болохгүй. Аутоиммун өвчин нь дархлааны тогтолцооны хэт идэвхжилийн үр дүн. Тэдний сонгодог шинж тэмдэг нь үрэвсэл юм.

Мелатонин нь дархлааны тогтолцооны үйл ажиллагааг идэвхжүүлж, үрэвслийг нэмэгдүүлж, одоо байгаа үрэвслийг улам хүндрүүлдэг.

Тунг хэтрүүлсэн тохиолдолд ямар үед эмнэлгийн тусламж авах вэ?

Бага зэргийн толгой өвдөх, дотор муухайрах, нойрмоглох шинж тэмдгийн үед яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагагүй. Хүнсний нэмэлт тэжээлийг хэрэглэхээ болих эсвэл бодисын тунг багасгахад эдгээр шинж тэмдэг аяндаа арилдаг. Ноцтой хэтрүүлэн хэрэглэх эсвэл цусны даралт буурах зэрэг гаж нөлөө илэрвэл эмчид яаралтай хандаарай. Хэрэв мелатонин нь жороор олгодог эмүүдтэй харилцан үйлчилсэн гэж үзвэл эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв цусан дахь сахарын хэмжээг тогтоодог чихрийн шижингийн эм хэрэглэж байгаа ч глюкометр өндөр үзүүлэлттэй хэвээр байгаа бол. Хүндрэлээс зайлсхийхийн тулд мелатонин хэрэглэхээс өмнө эмчтэйгээ зөвлөлдөж, энэ нь танд аюулгүй эсэхийг шалгаарай. Хэрэв тийм бол ирээдүйд асуудлаас зайлсхийхийн тулд тунгийн зөвлөмжийг аваарай.

Мелатониныг хэтрүүлэн хэрэглэсэн үед яах вэ?

Мелатонин нь ихэнх хүнд аюулгүй байдаг. Олон хүн хэт их уухад ноцтой хүндрэл гардаггүй. Гэсэн хэдий ч хэтрүүлэн хэрэглэх нь тааламжгүй гаж нөлөө үзүүлж болзошгүй. Өдөр тутмын тунг 1-3 мг-аар тогтооно. Хэрэв танд ямар нэгэн ноцтой гаж нөлөө илэрвэл эсвэл нойрны асуудал эм ууснаас хойш хэдэн долоо хоногийн дотор сайжрахгүй бол эмчид хандаарай. Нойрны эмгэгийг оношлох, сайжруулахад туслах зөвлөмж өгөх нойрны эмчтэй зөвлөлдөх шаардлагатай байж магадгүй юм.

Эх сурвалж: www.goodhouse.ru

З.Батцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.