ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.12.09)-ийн хуралдаан 14:03 цагт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Д.Бум-Очир, С.Зулпхар, Б.Найдалаа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Д.Рэгдэл, Б.Түвшин, Д.Энхтуяа нарын буюу нийт гишүүдийн 55.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нарын энэ оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцууллаа. Хуулийн 23.1-д “Засгийн газар төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлд санхүүжилтийн дэмжлэг олгоно” гэж заасан бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагад энэ төрлийн байгууллагын зэрэглэлд хамаарах, тодорхой шалгуур үзүүлэлт хангасан эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий их сургуулийг хамааруулахаар Дээд боловсролын тухай хуульд заасан нь хэт явцуу байна гэж хууль санаачлагчид үзжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг төрийн байгууллага гэж үзэхээр хуульд заасан бөгөөд улсын төсвөөс санхүүждэг, зардал нь урьдчилсан төлөвлөгдсөн байдаг төрийн байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагдах тендер шалгаруулалтад оролцоход урьдчилан төсөв гаргах боломжгүй байдгийг тэрбээр танилцуулгадаа онцолсон юм.
Хэдийгээр Шинжлэх ухаан, технологийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй гэж заасан ч гэлээ хэрэгжих боломжгүй байгаа юм. Иймд төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагыг өөрийн үндсэн чиглэлээрээ тендер шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх, Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяанд байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулан, ил тод ажиллуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн эрдэм шинжилгээний байгууллагад дээд боловсролын байгууллагыг бус судалгааны их сургуулийг хамааруулах өөрчлөлтийг төлөвлөсөн байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, О.Саранчулуун, Д.Ганмаа болон Байнгын хорооны дарга Б.Найдалаа нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд өндөр мэргэжлийн судлаач, эрдэмтдийн хийх ажлыг шууд гэрээ байгуулж, ажиллуулах эрх зүйн зохицуулалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын тоо, Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санд оруулах судалгаанд тавигдах академик шаардлага, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагыг ялгаж, тусгайлан хуульчлах буюу төрийн байгууллагад давуу байдал үүсгэх нь зөв эсэх, мөн эрдэмтэн судлаачдын ажиллах нөхцөл, чанар, үр дүн, судалгааны ажлын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ямар үр дүн авчрах зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл нар эрдэм шинжилгээний байгууллагууд, тэр дундаа их, дээд сургуулиуд өөрсдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагуудаас зарласан сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй хаалтанд байгааг нээх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцолж, энэ нь төрийн өмчийн байгууллагуудад давуу байдал олгож байгаа хэрэг биш болохыг тайлбарласан юм.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Бум-Очир, Д.Ганмаа, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Найдалаа нар үг хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нараас хамгийн их тавьдаг асуудал энэ болохыг дурдаж, холбогдох хууль, зүйл заалтыг уялдуулах, нийцүүлэхэд анхаарах шаардлагатайг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Монголд дээд боловсрол хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь энэ гэдгийг тэмдэглэж, шинжлэх ухаан болон боловсроын байгууллагын бодлого, удирдлагыг нэгтгэх, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийг боловсруулах, эрдэм шижилгээ, судалгааны байгууллагаас орлого олохыг шаардах нь буруу болохыг анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Зулпхар, О.Саранчулуун нар шинжлэх ухааны салбарын засаглал, бүтцийн асуудлыг хөндөж, судалгааны бодлогын институцитай байх, олон улсын академик тогтолцоотой уялддаг байх, төрийн дэмжлэгийг бодитой хэрэгжүүлж, үр дүн бий болгодог байхтай холбоотой суурь асуудлуудыг хөндсөн юм. Мөн Байнгын хорооны дарга Б.Найдалаа Улсын Их Хурлын гишүүдийн энэ байр суурийг дэмжиж, тогтолцоог сууриар нь сайжруулах асуудлыг цогцоор шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцолсон юм. Түүнчлэн тэрбээр Монголын шинжлэх ухаан академид суурилсан тогтолцоотой хэвээр явах уу, их сургуулиудад суурилах уу гэдгээ шийдэж, бүтэц, тогтолцооны асуудлыг цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх асуудал хүлээгдэж буйг сануулсан юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар төсөл тус бүрээр санал хураалт явууллаа. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.8 хувь, Шинжлэх ухааны академийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн 64.7 хувь нь дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.




































































Сэтгэгдэл