Г.Отгонтамир: Хүүхдүүд ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд өртөж хохирдог
Сургууль, цэцэрлэг бол хүүхдүүд сурч хөгжиж боловсроход таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчин байх ёстой. Хүүхэд эрүүл өсч бойжиж, аюулгүй орчинд амьдарч, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. Таатай, аюулгүй орчинд хүүхдүүд айх айдасгүй, амгалан тайван байж амжилттай суралцаж чадна. Гэвч сургуулиас гэр хүртэлх зам, сургуульдаа очих зам нь аюулгүй байдаг уу гэдэг нь эрсдэл гарах тохиолдол байна.
Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4951 бүртгэгдэн 5152 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд амь насаа алдаж, 4956 хүүхэд гэмтсэнээс 347 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн 2021 онд хүүхэд өртөж хохирсон зам тээврийн осол 463 бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан 383 хүний 51 буюу 13.3 хувийг, нийт гэмтсэн хүний 19.6 хувийг хүүхэд эзэлж байна. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх мэдлэг, мэдээлэл олгох чиглэлээр “Ирээдүйгээ хамгаалъя”, “Яараад яахав дээ”, “Гэрлээр анхааруулъя”, “Зөвийг хэвшүүлье”, “Хамгаалалтын малгай”, “Гар утас” зэрэг нөлөөллийн аян арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулсаар ирсэн.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир:
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, эцэг эхчүүд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байна. Сургууль орчмын бүсэд хүүхдээ хүргэж өгөх нөхцөл байдал дээр тээврийн хэрэгслээсээ буулгаад багшийн гарт хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл хүлээлгэж өгөхгүйгээр сургуулийн гадна ирээд харалдаа зам дээр тээврийн хэрэгслээс ганцааранг нь буулгаж байна. Ингээд хүүхэд тухайн тээврийн хэрэгслийн урдуур юм уу хойгуур нь тойрч гарах гэж байгаад эсрэг урсгалаас ирж байгаа машинд мөргүүлж гэмтэж байгаа тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Энэ зөрчил бол сургууль орчмын бүсэд байнга давтагдаж байдаг. Мөн хүүхдийг явган зорчигч хэлбэрээр аваад явж байх үедээ гарцтай, гарамтай хэсгээр аюулгүй байдлыг нь хангаж авч явах шаардлагатай байна. Сургууль орчмын бүсэд хүүхдээ гарцгүй, гарамгүй хэсгээр дагуулж явж байгаа, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байна. Орон нутагт хүүхдийн аюулгүйн тээвэрлэлтэд анхаарах шаардлагатай байна. Хүүхдээ тээврийн хэрэгсэлд суулгахдаа арын суудалд суулгаж, зориулалтын суудал, бүсийг зүүлгэх ёстой.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцож зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “School police”, “Kinder police” ажиллаж байгаа хэдий ч замын хөдөлгөөнд оролцож буй зарим жолооч нар зам тавьж өгөхгүй байх, хурдаа сааруулахгүйгээр сургууль орчмын бүсэд хурдтай орж хөдөлгөөнд оролцдог бөгөөд эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах үедээ анхааралгүй байх, зам хөндлөн гарахдаа ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулах зэрэг байдлууд ажиглагддаг хэмээн эцэг эхчүүд хэлж байна.
Иргэн:
Сургуулийн орчимд эцэг эхчүүдийг харж байхад зам хөндлөн гарахдаа хүүхдээ хөтлөхгүй, ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулж байдаг. Мөн сургууль орчимд зогсоол хомс учраас үнэхээр хүндрэлтэй. Жолооч нар зарим нь зам тавьж өгдөг ч нөгөө хэсэг нь зам тавьж өгөхгүй явдаг. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид бүгд хүүхдээ осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж зөвлөгөө өгч, анхааралтай байх хэрэгтэй. Ядаж л зам гарахдаа гараас нь хөтлөөд гарах хэрэгтэй гэж боддог.
Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Т.Ганцэцэг:
Манай сургууль нь бага ангийн 600 гаруй сурагчтай. Өдөртөө 8 эцэг эх “School police” хийдэг. Эцэг эхчүүд сургуулийн ойр орчмын зам дээр зогсож хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажилладаг бөгөөд сургуультай ойр тоглоомын талбай, саравчаар эргүүл хийдэг. Манай сургуулийн хувьд зогсоол багатай, эгц уруу замтай болохоор хурдтай ирж буй машин зам тээврийн осол гаргаж болзошгүй эрсдэлтэй байдаг. Тиймээс сургуулийн ойр орчмын явган хүний гарцан дээр камер байршуулсан байгаа. Ингэснээр жолооч нар ямар зөрчил гаргаж байгааг илрүүлэх, эцэг эхчүүд school police хэрхэн хариуцлагатай ажиллаж байгааг хянах зориулалттай юм.
Хүүхэд зам тээврийн осолд ихээр өртөж байгаа нь хичээл эхлэх буюу тарах үеийн 12.00-13.00 цаг, 16.00-17.00 цагуудад хамгийн их осол бүртгэгдсэн байна. Мөн 11.00-17.00 цагуудад дийлэнх ослууд бүртгэгдсэн нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээс харагдаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Адъяасүрэн:
Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх, сургууль цэцэрлэгээ тараад тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлж гэмтэл бэртэл авах харамсалтай, сэтгэл эмзэглүүлсэн тохиолдлууд гарч байна. Бид бүхний хувьд сургууль, цэцэрлэгийн орчимд хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгийн түрүүнд мэдлэг өгч байна. Бид сургалт үйл ажиллагаагаар байнгын сурталчилж, зөвлөдөг. Хүүхдүүдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сургууль, цэцэрлэг орчимд school police, kinder police тасралтгүй ажиллуулж байгаа. Эцэг эхчүүд үүн дээр маш идэвхтэй хариуцлагатай хамрагддаг. Тэгэхээр хүүхдээ хамгаалахад хамтдаа хичээх хэрэгтэй.
Мөн хүүхдүүд та бүхэн зам хөндлөн гарахдаа хоёр талын замаа байнга шалгаж гарах, замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаа оролдохгүй, орчны дуу чимээг хязгаарлах чихэвч зүүхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир:
Сургууль орчмын бүсэд явж байгаа жолооч нар маань хурдаа 20 км цагаас дээш хэтрүүлэхгүй анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Учир нь энэ бүсэд хүүхдүүд хаанаас ч хамаагүй гүйж гарч ирж болзошгүй байдаг. Нөгөө талаас эцэг эхчүүд та бүхэн сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй байна.
Иргэд та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдээ сургууль болон цэцэрлэгт нь хүргэн өгч, авахдаа заавал гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль орчмын бүсэд тээврийн хэрэгслийн хурдаа 20 км цагаас хэтрүүлэхгүй байх, хорооллын доторх хөдөлгөөнд зогсож буй тээврийн хэрэгслийн урдуур хүүхэд гэнэт гарч гүйж болзошгүй гэдгийг цаг ямагт санаж хурдаа тохируулж явах, гэр хорооллын хашаа болон зогсоол, талбайгаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ үргэлж тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ гарц гарамтай газраар зам хөндлөн гарч байх талаар хэлж, ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.84] 2022-05-16 22:01:57
surguli orchimiin zamiig huuhed davahaargui haisaar haaval zovhon gartstai gazraar garj hevshine. zogsoolgui zam daguu huuhed buulgah suulgah n bagasna
Зочин [202.179.21.230] 2022-05-16 14:04:40
UKрайнд амиа алдсан хүүхдүүдийн тоотой ойролцоо байна. Жолоочид ноогдуулах ялыг чангалах хэрэгтэй. Осол гаргасан бол насан турш жолоодох эрхийг хасах хэрэгтэй байна. Монголд дэндүү олон хүн нас барж байна. Архи ууж жолоо барисан бол бас насаар нь жолоодох эрхийг нь хасах хэрэгтэй.
Зочин [103.212.119.247] 2022-05-16 11:56:49
Ног ног
Зочин [202.55.188.39] 2022-05-16 11:02:04
Hutsaad bai naad jolooch nartaa sain yum surgaj bj tugsuguuch malnuudaa