Д.ЕСӨН-ЭРДЭНЭ: ГУРИЛЫН ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ҮНЭД БАГА ЗЭРЭГ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Aдмин / Эдийн засаг

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Тариаланчдын холбоотой хамтран Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-д хүлээн авах улаанбуудайн үнийг тогтоосон. Энэ талаар тодруулбал?

-Тариалалтыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх зорилгоор ХААДС-гаас буудайн үр, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, техник, тоног төхөөрөмжийг 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэй үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас авах нөхцөлтэй зээлээр олгодог. Энэхүү зээлийн төлбөрийг ургац хураалтын дараа улаанбуудай болон мөнгөөр нөхөн бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, ХААДС-гаас зээлээр олгосон техник, тоног төхөөрөмж, бараа материалын төлбөрт авах улаанбуудайн үнийг яам тогтоодог. Ингэхдээ тухайн жилд улаанбуудай тариалахад зарцуулсан орц, зардлын тооцоон дээр үндэслэн улаанбуудайн нэг га талбайн өөрийн өртөг, ургац тогтоолтын урьдчилсан дүнгийн дундаж, ашиг зэргийг үндэслэн үнийг тогтоодог. Энэ жил Монголын тариаланчдын Үндэсний холбооны санал, өртөг зардлын тооцоо зэргийг үндэслэн ХААДС өр төлбөртөө авах буудайн үнийг ангиллаас хамаарч 880 мянгаас нэг сая төгрөг байхаар тогтоосон.

-Энэ жилийн хувьд хэчнээн тонн улаанбуудайг хураан авахаар төлөвлөсөн бэ. Үүнээс гурилын үйлдвэрлэлд хэдэн тонныг борлуулах вэ?

-Борлуулалт, ажлын төлөвлөлтийг бодитой гаргах үүднээс жил бүр наймдугаар сарын 20-25-ны өдрүүдэд голлох нэр төрлийн таримал дээр ургац тогтоох буюу ургацын урьдчилсан балансыг гаргадаг. Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 441.4 мянган тонн улаанбуудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2022 оны тариалалтад зориулан 60 орчим мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд спирт, тэжээлийн үйлдвэрлэлд 50 орчим мянган тонн, гурил үйлдвэрлэлд 330,0 гаруй мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.

-Өнөөдөр тариаланчдын үндэсний холбооноос тонн улаанбуудайн ханшийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс аргагүйд хүрсэн гэж мэдээлсэн. Улаанбуудайн үнэ нэмэгдвэл гурилын үнэ нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Бараа, бүтээгдэхүүний үнэ, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтийг харгалзаж ХААДС-д авах хүнсний буудайн үнийг 880 мянгаас нэг сая төгрөг байхаар тогтоосон. Тариаланчид гурил, тэжээл, спиртийн үйлдвэрт нийлүүлэх буудайн үнийг үйлдвэрүүдтэй харилцан тохиролцож үнээ тогтоодог. Аливаа үйлдвэрлэл урт хугацаанд тогтвортой жигд ажиллаж байж үр дүнд хүрдэг. Тариалангийн салбар нь жилд нэг удаа борлуулалт хийдэг онцлогтой салбар. Гурилын эрэлт нийлүүлэлттэй холбоотой гурилын үнэд бага зэрэг өсөлт гарахыг үгүйсгэхгүй бөгөөд гурилын үнэд огцом өсөлт гарахгүй.

-ХААДС болон хувийн хэвшил 550 мянган тонн улаанбуудай хадгалах сав бий гэсэн үү?

-Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд буудай хүлээж авах элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

иргэн [139.5.218.144] 2022-08-30 01:54:59

Гурил 100-300т өөр нэмэгдсэн гэнэт та нар юү вэ???????үр тариаг үнэгүй газар ангалзаж байх хооронд нь ургуулсан шдээ !!!!!!!тэгэхэд нэмээд л шуналтангуудаа уруудахийн шинж шүү!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.