Сурагчдын тохьтой “00”-д зарцуулах 100 тэрбум салхинд хийсэх үү?

Aдмин / Улстөр

Хичээлийн шинэ жил маргааш эхэлнэ. Энэ жилийн тухайд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн бүх хүүхэд цэцэрлэгтэй болсон гэх таатай мэдээгээр намрыг угтаж байна. Ингэхдээ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд байр түрээслэхээр болсон. Гэвч зарим түрээслэгч “мурьж”, цэцэрлэгүүдийн ачаалал нэмэгдэх эрсдэл үүссэн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Үүнээс гадна одоог хүртэл бүрэн шийдэж чадаагүй боловсролын салбарт тулгамдсан томоохон нэг асуудал нь шаардлага хангасан, тохилог ариун цэврийн байгууламж юм. Ялангуяа алслагдсан аймаг, сумдын цэцэрлэг, сургууль, дотуур байр гадаа байрлах нүхэн жорлонтой учир эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа шаардлага хангадаггүй нь нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал мөн. Гэвч одоог хүртэл ямар нэгэн оновчтой шийдэл олсонгүй.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн солих төслийг хэрэгжүүлж байна. Дөрвөн үе шаттай хэрэгжих энэ төсөлд Засгийн газар 100 тэрбумыг төсөвлөжээ. Төслийн эхний хоёр шат өнгөрсөн онд хэрэгжиж, 269 сургууль, 163 цэцэрлэг, 178 дотуур байр орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ. Үлдсэн хоёр шатыг ирэх онд дуусгахаар төлөвлөсөн байна. Гэхдээ стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг бариад л бүх асуудал шийдэгдэхгүй. Тус ариун цэврийн байгууламжийг тогтмол ажиллуулах төсөв, санхүү, боловсон хүчин хамгаас чухал байна. Учир нь манай улсын зарим аймаг, сумын сургуулийг олон улсын байгууллагын санхүүжилтээр дэлхийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгодог ч тогтвортойгоор зориулалтын дагуу ашигласан нь цөөн байдаг талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр цэцэрлэг, сургуулийн дотуур байрны ариун цэврийн байгууламжинд 2020 онд хийсэн судалгаанд дурджээ. Ингэхдээ ариун цэврийн байгууламжийн технологийн горим нь хэвийн ажиллаж байгаа эсэх, үндэсний стандарт шаардлага хангасан эсэх, ашиглалт, үйлчилгээний тогтвортой байдал зэргийг үнэлсэн байна. Үнэлгээгээр сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг тасралтгүйгээр ашигласан тохиолдол тун цөөн байжээ. Үүнд боловсон хүчний нөөц, төсөв санхүү, сургууль, цэцэрлэгийн ажилтнуудын хариуцлагагүй байдал зэрэг нөлөөлсөн гэдгийг тус үнэлгээг хийсэн “Wash Action” ТББ-ын Төслийн менежер Б.Шижиртуяа онцлов.Үүнийг дараах жишээгээр баталгаажуулъя.

Кейс-1

Төв аймгийн Сэргэлэн сумын сургуульд 850 сая төгрөгийн санхүүжилтээр WSB технологийн өндөр өртгөөр сургууль дотор байрладаг бага оврын цэвэрлэх байгууламж барьсан ч бүрэн хүчин чадлаар нь ажиллуулаагүй. Усыг хөрсөнд шингээх талбайг шийдээгүйгээс 97 хувьтай цэвэрлэгдээд гарсан усыг аймгийн цэвэрлэгдээгүй бохир устай нийлүүлжээ. Тиймээс өндөг өртгөөр барьсан ариун цэврийн байгууламжийн үр дүн гараагүй. Сургуулиас зардал өндөр гарсан байна.


Кейс-2

Дархан-Уул аймгийн Орхон суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өндөр өртөгтөй ариун цэврийн байгууламж барьжээ. Эхний 4-5 жилд нь Германаас тохируулгыг нь хийдэг байв. Гэтэл төсөл дууссаны дараа ямар нэгэн доголдол гарахад юу нь эвдэрсэн, хэрхэн засахыг нь мэдэх мэргэжилтэн байгаагүй. Тиймээс тус ариун цэврийн байгууламжийг ашиглах боломжгүй болжээ.


Кейс 3:

Дундговь аймгийн Луус сумын сургуульд септик байгууламж барьжээ. Гэвч бохирыг нь нэг ч соруулалгүй хөрсөндөө шингээжээ. Агааржуулалтын системийг буруу суурилуулахын сацуу хүлээн авсан байгууллага, зураг төсөл нь хэнд байгаа нь тодорхой бус байв.


Кейс 4:

Бордоожуулах ариун цэврийн байгууламжийг Дэлхийн зөн олон улсын байгууллага Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд туршиж үзжээ. Энэ нь ус хэрэглэдэггүй, ялгадасыг задалж, боловсруулж бордоо болгодог технологи юм. Сургууль дотор байрлах учир тохь тухьтай, дулаан гэсэн давуу талтай. Гэвч ялгадасаа суллах, задлахад төсөв их шаардахын сацуу агаар сэлгэлт муугаас их муухай үнэртэй байсан байна. Ийн сургууль цар тахлын үеэр хааснаас технологийн дагуу ажиллуулах боломжгүй болж, ашиглахаа больжээ.


Аймаг, сумдын зарим сургууль, цэцэрлэг, дотуур байр хэд хэдэн төрлийн ариун цэврийн байгууламжийг ашиглаж байна. Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын 80 гаруй хувийг септик байгууламж эзэлж байна. Энэ төрлийн ариун цэврийн байгууламж нь шугам хоолойн засвар үйлчилгээ, лагийн хэмжээг хянах, суллах үйлчилгээг сургуулиас шаарддаг. Ийм байгууламж нь ашиглалтын зардал багатай, дулаан байсан ч цэвэрлэгээ, суллах үйл ажиллагааг цаг тухайд хийгээгүйгээс лаг хуримтлагдаж эсэн муухай үнэр гарч байжээ. Үүнээс гадна сайжруулсан нүхэн жорлонг хэд хэдэн газар хийсэн ч гадаа байрладаг, хүйтэн, их цэвэрлэгээ шаардахын сацуу ялгадасыг суллах зардал их гарчээ. Тиймээс ашиглалтын явцад энэ нь зөв шийдэл биш гэдгийг НҮБ-ын судлаачдын баг дүгнэсэн байна.

Энэ талаар “Wash Action” ТББ-ын Төслийн менежер Б.Шижиртуяа “Ашиглагч байгууллагын төсөв санхүү, хүний нөөцөд таарахгүй ариун цэврийн байгууламж барьсан тохиолдол гарсан. Тодруулбал, ашиглалт, үйлчилгээг тогтмол хангах санхүү хангалтгүйгээс ашиглахаа больсон тохиолдол их гарлаа. Мөн гүйцэтгэгч байгууллагыг хянах, чиглүүлэх мэргэжилтэнгүй, хүлээж авч байгаа технологийг ажиллуулах, хариуцах хүн сургууль, цэцэрлэгүүдэд байхгүйгээс төсөл зогссон байна. Ариун цэврийн байгууламжийн шинэ технологийг ашиглаж чадах хүний нөөцөө сургуулиуд бэлдэх хэрэгтэй. Орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг хариуцаж, үйл ажиллагааг нь тогтвортой авч явах хүн маш чухал байдаг. Гэтэл үүнийг хариуцах боловсон хүчний нөөц хомс байна” гэсэн юм.

Сангийн сайд, БШУ-ын сайдын тушаалаар 461-ээс олон хүүхэдтэй бага сургуульд нэг сантехникч ажиллана. Цахилгаанчин байхгүй. Дунд сургууль 1500-аас олон хүүхэдтэй бол нэг цахилгаанчинтай. 1-12 ангийнхан 321-ээс олон хүүхэдтэй бол нэг сантехникч ажиллах журамтай. Үүнээс харахад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг тогтвортой, олон жил ашиглах мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ манай улсын боловсролын байгууллагад хангалтгүй байгаа юм. Ийн боловсон хүчнээ бэлтгэхгүй бол хичнээн шаардлага хангасан өндөр төсөвтэй ариун цэврийн байгууламж барилаа гээд ямар ч үр ашиг гарахгүй нь. Эцэст нь орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжид зарцуулах 100 тэрбум төгрөг салхинд хийсэх үү гэсэн асуудал үүсэх болохыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн нийтлэлээрээ хөндлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

иргшэн [66.181.187.186] 2022-08-31 10:10:04

энэ МАН н хулгайч нарыг яанааа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.