Япон Улс эдийн засгаа дэмжихийн тулд 30 их наяд иен зарцуулна
Япон улс 30 их наяд иен буюу 201 тэрбум америк долларыг энэ сарын сүүлээр бүрдүүлэхээр зэхэж байгаа эдийн засгийн шинэ багцад хуваарилах ёстой болж байна. Эрх баригч намын өндөр тушаалын депутат өчигдөр энэ талаар мэдээлсэн байна. Инфляц түргэссэнээс болж учирч байгаа хохирлыг хөнгөлөх, мөн эдийн засгаа дэмжих Засгийн газрын хүчин чармайлтын хүрээнд ийм ажил хийгдэж байгаа юм.
Эдийн засгийн шинэ багцын хэмжээ болоод орц агуулга тун чухал гэдэг дээр Ерөнхий сайд Кишидатай санал нэгтэй байгаагаа эрх баригч Либерал ардчилсан намын улстөрийн асуудал эрхэлсэн удирдагч Коичи Хагиуда өчигдөр Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн байна.
Рейтинг нь чамгүй унасан Кишида ерөнхий сайдын тухайд, гачигдалд орсон айл өрхүүдэд төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх, цахилгааны төлбөрөөс нь хөнгөлөх замаар энэ дэмжлэгээ илүү барьцтайгаар мэдрүүлэхийг бүх талаар хичээн ажиллаж байна.
Шинээр зарлагдах багцын өөр нэг гол онцлог нь цалин хөлсөө өсгөсөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлэх татаасыг өргөжүүлэх явдал болж байна. Үнийн өсөлтөөс хоцрохгүйн тулд цалин хөлсийг өсгөж байгааг бид анзаарахгүй байгаа нь асуудал болж байна гэж Кишида өчигдөр парламентын хуралдаан дээр мэдэгдэж, шинэ багц инфляц, иений ханш сул байгаагаас үл хамааран эдийн засгаа бэхжүүлэхэд шинэ багц чиглэнэ гэдгийг онцолсон байна. Орос Украины дайны улмаас эрчим хүч, түүхий эд, хүнсний үнийн хөөргөдөл үүссэн дээр иений ханш суларч, түүнийг дагаад импортын өртөг өссөн нь нөөц баялаг хомстой Япон улсыг чамгүй хүнд байдалд оруулаад байна.
Иений ханш саявтар 32 жилд үзэгдээгүй доод үзүүлэлт буюу 149 иен нэг доллартой тэнцэх хэмжээнд очсон. Япон дахь инфляц АНУ болон Европынхтой харьцуулахад удаавтар боловч сүүлийн саруудад хурдацтай нэмэгдэх болсон.
Улмаар дэлхийн гуравдахь том эдийн засаг өнгөрөгч 7-9-р сарын хооронд өмнөх улирлынхаас өсөлт нь удааширсан дүнтэй гарна гэж эдийн засагчид үзэж байна. Тиймээс ч засгийн газар нь үүнээс үүдэн учирч байгаа хүндрэлийг хөнгөвчлөх шахалтад орж байгаа бол, сөрөг хүчний хууль тогтоогчид бодлогын хүүг хэтэрхий бага түвшинд барьсан хэвээр байна хэмээн Төв банкаа буруутгаж байна. Ямартай ч эдийн засгийн шинэ багцыг эцэслэн боловсруулж дууссаны дараа засгийн газар ирэх 11-р сард парламентад, ирэх 3-р сарыг дуустал үргэлжлэх одоогийн санхүүгийн жилийн төсөвт тодотгол оруулах саналаа өргөн барих төлөвтэй байна.
Сэтгэгдэл