Багийн сургуулиас нүүж ирсэн бага ангийн багш гэр бүл

Aдмин / Боловсрол

Монголын баруун хязгаар, буйдхан суурингаас амьдрал, ажилдаа авч үлдсэн, судалж, суралцсан туршлагаа их хотынхонтой хуваалцахаар ирсэн залуухан хостой халуун дотно яриа дэлгэв. Тэд хоёр мянган бээрийн цаанаас их хотын амьдралыг зорин ирж Улаанбаатарын нэгээхэн хэсэгт төвхнөөд байна. Өмнөх ажлаа чамбай хийж, үр хүүхдийнхээ төдийгүй бусдын хүүхдийн төлөө хөдөлмөрлөж яваа тэдний түүхээс хуваалцахыг хүслээ.

ГЭР БҮЛЭЭРЭЭ БАГА АНГИД БАГШИЛЖ ГЭРЭЛТ ӨДРҮҮДТЭЙ УЧИРЧ ЯВНА

Баян-Өлгий аймгийн Булган сумын Шүвтэр багийн бага сургуульд гэр бүлээрээ арав гаруй жил багшилсан Т.Сонинпил, С.Цэвэлмаа хоёр дөрвөн хүүхэдтэй. Тэднийх энэ намраас хотод нүүж ирэн Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Нөхөр нь Түүх, нийгмийн ухааны багш, эхнэр нь нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн ч орон нутагт бага ангийн багшийн орон тоо дутагдалтай байсан учраас хоёулаа мэргэжил хөрвүүлэх сургалтад сууж Бага ангийн багш болжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 13 дахь жилдээ бага ангид багшилж байна. Эрэгтэй бага ангийн багш цөөхөн. Арав гаруй жилийн өмнө бүр ч сонин үзэгдэл байв. Нөхөр нь бага ангийн багшаар сурч байхад ангийнх нь 70 оюутнаас хоёр нь л эрэгтэй оюутан байж. Тэдний төгсөлтөөс төгсөх жил нь ганц эрэгтэй оюутан үлдсэн нь Т.Сонинпил байлаа.

Эхнэртэйгээ хамт бүхнийг хийж бүтээнэ гэсэн түүний тэмүүлэл магадгүй бага ангийн багш болох замд хөтөлсөн болов уу. Дунд сургуулийн ширээнээс их сургуулийн танхим хүртэл хамтдаа сурч, нэг нэгнээсээ суралцаж явсан тэд ажил амьдрал дээр ч ийнхүү нэг салбарт, нэг зорилгын зүг зүтгэж байна. Т.Сонинпил "Орон нутагт 10 гаруй жил бага ангид багшлахад зөвхөн мэргэжил ажилдаа ахиж дэвшихээс гадна хүүхдүүдийнхээ, бага насны хүүхдийн онцлог, тэдний ертөнцийг таньж мэдэх гээд амьдралын "мэргэжил"-д суралцсаар яваа гэж боддог.

Ихэнх аавд бага насны хүүхэдтэйгээ гэрийн даалгавар хийх нь амаргүй л юм шиг анзаарагддаг. Харин багш аавуудад бол энэ "асуудал" биш шүү. /инээв/ Гэртээ хүүхдүүдээ баярлуулах, инээлгэх, хайрлах, аргадах, урамшуулах, хамтдаа сурах, хөгжих үйл явц миний ажил дээр, манай ангид давтагдаж байдаг. Бид хоёр 10-аад жил яг дөрвөн хүүхдийнхээ насны, тэдний найзууд, үе тэнгийнхэнтэй ажиллаж байна. Бага ангийн багш мэргэжлээрээ бахархаж явдаг. Дахиад ч олон жил энэ ажлаа бахархалтайгаар хийнэ дээ. Гэр бүлээрээ бага ангид багшилж амьдралынхаа гэрэлт он жилүүдийг бүтээж яваа гэж боддог шүү. Хүүхдүүд байгаа газар тэр чигтээ гэгээн, гэрэлтэй байдаг" хэмээн ярилаа.

БАГА АНГИЙН БАГШ ЖҮЖИГЧИН БАЙХ ХЭРЭГТЭЙ

С.Цэвэлмаа “Ядарч сульдсан үед "Багш аа, багш аа" гэх хүүхдийн цовоо цойлгон дуу, "Багшаа та л үүнийг надад тайлбарлаж, зүг чигийг нь зааж өгнө" гэх тэдний итгэл урам өгөх харц эрч хүч нэмдэг”.

Аавынхаа мэргэжлийг энэ хүртэл үүнээс ч цаашаа олон жил нэр төртэй авч явах мөрөөдөлтэй С.Цэвэлмаа “Бага ангийн багш хүүхдийн худалгүй, бараан сүүдэргүй тэр ертөнцөөр хөглөгдөж байдаг тийм онцлогтой, давуу талтай ажил. Тэдэнтэй чин сэтгэлээсээ, үнэн шударгаар, өөдрөг тэмүүллээр, өөриймсөг зангаар харилцахгүй л бол болдоггүй. Наад захын ажил карьерт ч ахиц гардаггүй. Янз янзын л төлөвшил, ааш араншинтай хүүхдүүд бий. Тэр болгоны арга эвийг олох нь л багшийн үүрэг. Бага ангийн багш нэг талаараа жүжигчин байх ёстой” гэв.

Гэртээ ч ажил дээрээ ч 3-12 насны хүүхдүүдтэй амьдралынхаа хором мөч бүрийг өнгөрүүлдэг хосууд заримдаа ч яг хүүхэд шиг амархан баярлаж, гомдох гээд байдгийг яриан дундаа дурдлаа.

С.Цэвэлмаагийн анхны төгсгөсөн бага ангийн сурагчид хэдийнэ их, дээд сургуулиа төгсөөд ажил амьдралын талбарт гарцгаажээ. Ядарч сульдсан үед "Багш аа, багш аа" гэх хүүхдийн цовоо цойлгон дуу, "Багшаа та л үүнийг надад тайлбарлаж, зүг чигийг нь зааж өгнө" гэх тэдний итгэл урам өгөх харц эрч хүч, урам өгдөг. Хөдөөгийн, тэр дундаа багийн буйдхан сургуульд арав гаруй жил ажилласан болохоор хотын "том" сургуульд тэнцэх болов уу гэсэн бяцхан айдас байсныг нийслэлийн ЕБС-ийн удирдлагууд, багш нар ажилд орох гээд явж байхад "Та хоёр 10 гаруй жилийн туршлагатай, ажилд орох шалгуур, шалгалтад ч маш сайн тэнцсэн " гэсэн хариу, хандлагаараа итгэл урам өгсөн талаар тэрбээр онцлон ярилаа.

ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛЖ МӨНГӨӨ ХУРААСАН 10 ЖИЛ

Т.Сонинпил "Ихэнх аавд бага насны хүүхэдтэйгээ гэрийн даалгавар хийх нь амаргүй л юм шиг анзаарагддаг. Харин багш аавуудад бол энэ "асуудал" биш шүү.Гэртээ хүүхдүүдээ баярлуулах, инээлгэх, хайрлах, аргадах, урамшуулах, хамтдаа сурах, хөгжих үйл явц миний ажил дээр, манай ангид давтагдаж байдаг”.

Гэр бүлээрээ 10 гаруй жил бага ангид багшилж байгаа хосуудын яриан дундаа онцолж, олзуурхан ярьж байсан хэсгийг энд тэмдэглэхэд "Мэдээлэл технологийн энэ цаг үед хөдөө, хязгаар холын сууринд ч мэргэжлээрээ хөгжиж, карьераа өсгөх боломжтой. Өөрөө л хүсэж, хичээж, хөдөлмөрлөвөл хөдөө зэлүүд гэхгүйгээр өсөж дэвжиж, ур чадвартай болдог болсон. Нөгөө талаар орон нутагт ажиллаж байгаа залуус мэдлэг, туршлагатай болохоос гадна мөнгөө хуримтлуулах, орон байрны асуудлыг ч шийдэх" гээд олон боломж, арга зам байгааг ярьсан юм. 13 жил бага ангид багшилж, цалингаа хуримтлуулж "Одоо л нэг хотын сургуулиудад "тоогдох" дайны болсон болов уу, өртөг өндөр их хотод тэнцэх хэмжээнд хүрлээ дээ" гэх итгэл, тэмүүллээ тээгээд ирсэн тэд хотод ирээд хоёр өрөө байранд төвхнөжээ.

Хөдөөгийн хүмүүсийн илүү дутуугаа нөхөж, нэмэрлэдэг сайхан сэтгэл, буйдхан суурингийн илүүд шунадаггүй цомхон, цэгцтэй амьдрал, алс хязгаар, зэлүүдхэн хөдөөд ажиллаж хөдөлмөрлөснийг нь төрөөс дэмжиж урамшуулсан бүсийн нэмэгдэл, ажил мэргэжилдээ гаргасан амжилт зүтгэлийг үнэлсэн салбарынх нь урамшуулал, өөрсдийнх нь өмнөө тавьсан зорилго, гэр бүлийнхээ гэрэлт мөрөөдлийн төлөө тууштай зүтгэсэн чин хүслээр, уйгагүй зүтгэлээр өнөөдрийн энэ 10 гаруй жилийн ажил мэргэжлийн туршлага,100 гаруй сая төгрөгийн хуримтлалыг бий болгожээ. Олон жил хураасан цалингаараа хотод ирэнгүүтээ бэлэн 90 гаруй сая төгрөгөөр хоёр өрөө байр авч дахин гал голомтоо асааж бууриа засахдаа их хөлийн газарт хүний сайнтай ч учирч, муутай ч таарч яваагаа хөгжилдөн дурслаа.

Дөрвөн хүүхэдтэйгээ айлд олуулаа олон хоног байж болохгүй гэх тэдний нэрэлхүү зан, хурдхан л орон гэртэй болох ёстой гэсэн бодол нь зарын дагуу нэг ахимаг насны эмэгтэйтэй уулзуулжээ. Хотын төвөөс зайдуухан хуучивтар хоёр өрөө байраа бэлэн мөнгөнд хямдхан зарж байна гэсэн тэр эгч "Бэлэн мөнгөөр байр авч байгаа айлд зарим тавилга, абжур, хөшиг тогтоогчийг энд нь үлдээгээд өгчихнө өө" гээд их л өгөөмөр хандаж. Ингээд байр худалдсан эгчид мөнгөө шилжүүлээд байрны гэрчилгэгэээ аваад хоёр хоногийн дараа билгэ дэмбэрэлтэй сайн өдөр байрандаа нүүгээд иртэл нөгөө эгчийн "Дүү нартаа өгнө, үлдээнэ" гэсэн хөшиг тогтоогч, тавилга, абжурны аль нь ч алга гэнэ.

Гомдол, гайхширлын хажуугаар "Их хөлийн газар, танихгүй хүмүүс шүү дээ" гээд өөрийгөө загнаж, зоригжуулж байсан тэр өдрийг бодоход сайхан хамт олон, сайн удирдлагуудын дэмээр овоо төвхнөсөн манайх гээд инээлдэх тэд "Байрны лизинг төлдөггүй болоод ч тэр үү" цалин хүрэлцэж л байна гэсэн юм. Анх хотод ирээд эхнэрээ "Чи л мэргэжлээрээ ажилд орж байвал боллоо. Би бол таарч олдсон ажлаа хийчихнэ ээ" гэж байсан Сонинпил Цэвэлмааг 148-р сургуульд багшлах шалгалт өгөхөд нь сургуулийн өрөөний үүдэн хэсэгт зайдуухан сууж байв. Шалгалтын дараа ажлын ярилцлагад ороход сургуулийн захирал эхнэрээс нь "Нөхөр нь ямар ажил хийдэг вэ" гэж асуухад нь "Манай нөхөр бас бага ангийн багш" гэж хариултал шууд манай сургуульд багшлах уу гээд шалгалт өгөхийг санал болгожээ.

Ингээд тэд нэг сургууль нэг танхимд өглөө, үдээс хойш орох ангид ээлжлэн багшилж ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж авах цаг, боломжтой ч болж. Хамтдаа суралцаж, хамтдаа босгож, цуг туршлагажиж, 10 гаруй жил хөтлөлцөн гэрээс сургууль руу, сургуулиас гэр лүүгээ алхсан зам тэднийг хөтөлсөөр ийнхүү их хотод суурьшуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Ж.Махвал [66.181.189.195] 2022-12-01 16:09:50

Сэтгэл хөдөлмөөр ямар сайхан зүйл уншчихваа ! Хоёр залуу маш ховор бөгөөд чухал мэргэжлийн эзэд болж чаджээ. Хөдөөдөө очиж байгаарай.

irgeh [103.229.120.32] 2022-11-03 02:55:24

saihan zaluus. saihaan saihan

У. Нямдалай [202.131.233.10] 2022-11-02 02:40:04

Оройд гийсэн ардын багш та 2 тоо ажлын их амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. сайхан хамт олонтойгоо гар сэтгэл нийлэн, ардын үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлс тань өөдрөг байхын өлзийтөй өрөөлийг өргөн дэвшүүлье

0202 [59.153.86.205] 2022-11-02 01:28:25

Хайр хүрмээр сайхан залуус байна.Сайн сайхан бүхнийг хүсэе.

зочин [59.153.113.55] 2022-11-01 17:17:07

Сайхан мэдээ байна. Хоёр багшдаа амжилт хүсье.

Зочин [202.9.46.239] 2022-11-01 17:16:09

Нөхөр нь харваас сайн залуу бн

Зочин [202.9.46.239] 2022-11-01 17:13:54

Ёстой сайхан залуус бнадаа. 148-р сургуулийн захирал азтай бна. Шууд 2 туршлагатай багштай болоод амжиж.

зочин [150.129.141.214] 2022-11-01 04:27:15

Сайхан мэдээ байна. Эхнэр бид хоёр ч бас ингэж л эхэлж байсан. Одоо сайхан амьдарч байна. Хүүхдийн ач ивээл, энерги буян заяа их шүү. Шавь нараараа бахархаж явах шиг сайхан зүйл байхгүй дээ. Хоёр дүүд амжилт, гэгээн ирээдүйг хүсье.

Зочин [202.179.26.233] 2022-11-01 04:12:34

Яасан сайхан мэдээ ыэ. Та хоёрын ирээдүй гэрэлтэй байна. Удахгүй алдар гавьяагаа үнэлүүлсэн нэр төртэй багш нар болоорой. Амжилт, амжилт.

Зочин [192.82.91.46] 2022-11-01 01:41:14

+

зочин [64.119.27.98] 2022-11-01 01:58:50

Одоо байсан бол цалин 2 дахин нэмэгдэж удаан жилээ жил бүр авах байж.

Зочин [192.82.91.46] 2022-11-01 01:40:51

Сайхан мэдээ уншлаа амжилт хүсье баярлалаа

Зочин [203.217.139.240] 2022-11-01 00:48:37

Ямар сайхан зорилго, тэмүүлэлтэй, амьдралын туршагатай хоёр багш вэ. Ийм сайхан сэтгэлтэй багш нар олон байвал хүүхдүүдийн сурах эрмэлзэл өсч, зөв хүмүүжилтэй болж төлөвшин, улс орны ирээдүйд хэрэгтэй юм даа. Бага ангийн багш бол хүүхдийн сургалт, хүмүүжлийн суурийг / гэр бүл эцэг эхийн оролцоотойгоор/ зөв сайн тавьж чадах бололцоотой хамгийн чухал хүмүүс. Хүүхдэд хайртай багш байна гэдэг маш их сэтгэл, хөдөлмөр, зүтгэл, хандлага шүү. Сайхан мэдээ уншлаа.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.