ХБНГУ-ын Канцлерын БНХАУ-д хийж буй айлчлал худалдаа, эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлэх дохио өгч байна

Aдмин / Гадаад мэдээ

Германы Канцлер Олаф Шольц БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Европын холбоо улам бүр авторитар болж байгаа Хятадтай хэт ойртохоос болгоомжилж, Германы дотоодод Бээжинтэй болгоомжтой харьцахыг илүүд үзэж байгаа үед Шольц Хятадад очлоо. Германы эдийн засаг уналттай байгаа үед бизнесийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Бээжинд буусан Шольцийн энэхүү айлчлал Герман улс өөрийн ашиг сонирхлын үүднээс дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятадтай бизнесийн харилцаагаа үргэлжлүүлнэ гэсэн тодорхой дохиог өгч байна.

Өчигдөр өглөө Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн их танхимд Хятадын дарга Ши Жиньпин Германы Канцлерыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Ши Жиньпин Хятад, Герман улсууд олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа үед хамтын ажиллагаагаа тогтвортой байлгах ёстой гээд энэхүү айлчлал хоёр орны харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхийн зэрэгцээ олон салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Шольцийн айлчлалын бүрэлдэхүүнд Вольксваген, Дойч банк, Сиеменс компани зэрэг Германы аж үйлдвэрлэлийн толгой 12 компанийн удирдлагууд багтсан байна. Тэд бүгд Хятадын толгой компаниудтай хаалттай уулзалт хийх юм байна.

Олаф Шольц нь "Ковид-19" цар тахал дэгдсэнээс хойш Долоогийн бүлгийн орнуудын удирдагчдаас Бээжинд айлчилж байгаа анхны удирдагч болоод зогсохгүй ХКН-ын 20-р их хурлаар Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийг баталгаажуулснаас хойш Хятадад хөл тавьж байгаа Европын холбооны анхны удирдагч болж байна.

Орос Украинд дайн эхлүүлснээс хойш Герман улс Оросын эрчим хүчний хараат байдлаас гаргахаас аргагүйд хүрсэн. Европын холбоо Хятадын хүний эрхийн байдал болон Орос, Хятадын харилцаа ойртож байгаатай холбогдуулан Бээжинтэй бодолтой харилцахыг эрмэлзэж байгаа юм.

Одоо Шольцийн Засгийн газар Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаад түүний Засгийн газрын зарим сайд нар болгоомжилж байна.

Саяхан Хятадын төрийн өмчит усан тээврийн Коско компани Германы Хамбургийн боомтын дөрвөн терминалын нэгийнх нь 35 хувийг худалдан авах болсон нь Германы улс төрд ихээхэн маргаан дэгдээж байна. Засгийн газрын зарим сайдын шахалтын улмаас Германы Засгийн газар Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээг 24.9 хувь болгон хязгаарлалаа.

Хэрвээ Европын холбоо болон Герман улс Хятадаас зайгаа барьж, худалдаа үлэмж хэмжээгээр буурвал Германы ДНБ нэг хувиар буурна гэж эдийн засагчид таамаглаж байна.

Хятад нь Германы худалдааны хамгийн том түнш. Өнгөрсөн оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 242 тэрбум долларт хүрсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.167] 2022-11-07 04:24:17

Орос , Хятад хоёрыг хэт ойртуулахгүй гэж хор найруулж байгаа байх даа

Зочин [202.9.46.247] 2022-11-05 05:56:21

Герман улс усан боомтоо хятадад зарсан нь үнэн үү? Тэгвэл ёстой эмгэнэл юм. Европын орнууд эртхэн ЕХ АНУ хоёроос гарах хэрэгтэй.

Зочин [202.9.46.216] 2022-11-07 03:49:32

Яагаад би гэр бүлээсээ гарч тусдаа амьдрах юм бэ

Иргэн [202.126.90.111] 2022-11-06 02:00:34

Чи гэр бүлээсээ гарч ганцаараа амьдрах хэрэгтэй юм байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.