ХБНГУ цөмийн эрчим хүчний станцуудыг хаах хугацааг ирэх оны 4-р сарын 15 хүртэл сунгалаа
Германы хууль тогтоогчид энэ оны сүүлээр хаах байсан цөмийн цахилгаан станцуудаа ирэх оны 4-р сарын дунд үе хүртэл ажиллуулах төлөвлөгөөг баталлаа. Герман улс Украинд болж байгаа дайны уршгаар Оросоос байгалийн хийн нийлүүлэлт буурсантай холбогдуулж, энэ өвөл эрчим хүчний хомсдолд орохгүйн тулд цөмийн цахилгаан станцуудаа хаах бодлогоосоо ухарч байна. Уг нь төлөвлөгөө ёсоор Герман улс энэ оны эцэс гэхэд цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзахаар төлөвлөж байсан юм. Атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг сунгах тухай хуулийн төслийг парламентын доод танхим бундестаг 375-216 гэсэн саналаар дэмжсэн байна.
Японд Фукушимагийн гамшиг нүүрлэсний дараахан 2011 онд Герман улс хамгийн сүүлийн атомын цахилгаан станцаа 2022 оны 12-р сарын 31-нд хаахаар зарлаж байсан юм. 2011 оноос хойш шат дараатай хаасаар энэ оны эцэс гэхэд хаах гурван атомын цахилгаан станц үлдээд байсан юм. Хэдийгээр Германы гурван намын эвслийн засгийн газар атомын станцуудыг бүрэн хаах эсэх дээр талцаж байсан ч энэ оны 10-р сард Германы канцлер Олаф Шольц станцуудыг хаах сунгах үүргийг танхимын сайд нартаа өгсөн юм. Өөрөөр хэлбэл атомын цахилгаан станцын ашиглалтыг сунгах асуудал Германы эвслийн засгийн газарт ихээхэн маргаан дэгдээсэн.
Шольц эвслийн түншүүд Ногоон нам болон бизнест ээлтэй чөлөөт ардчилал намын шаардлагуудыг хүлээн авч зөвшилцөлд хүрсэн. Чөлөөт ардчилал нам 2024 оныг хүртэл атомын станцуудыг ашиглах нь зөв гэж үзэж байгаа юм. Харин ногоон нам мэдээж атомын эрчим хүч ашиглахыг олон жил эсэргүүцэж ирсэн ч Германы нийт ард түмний эрх ашгийн үүднээс засгийн газрынхаа түр хугацааны нөхцөлийг хүлээн авчээ.
Сая бундестагаар баталсан атомын энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үлдсэн гурван станцыг хаах хугацааг дахиж сунгахгүйгээр, ирэх оны 4-р сарын 15-нд хаахаар тодорхой заасан байна. Үлдсэн гурван станц нь Германы Бавари мужийн өмнөд хэсэгт байрлах Исар-2, баруун хойд нутагт байрлах Эмсланд, Баден-Вюртемберг дэх Неккарвесхайм-2 атомын станцууд юм байна.
Сэтгэгдэл