С.Мөнхтуул: Хоол хүнс биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүйд чухал үүрэгтэй
Тамирчдын амжилтын хөшүүргийн нэг болох хоол хүнсийг сонгож, эрүүл, чийрэг, эрч хүчтэй байхад нь тусалдаг хоолзүйч С.Мөнхтуулыг урьж, ярилцлаа. Тэрбээр Монголын олимпын багийн бүрэлдэхүүнд ажилласан таван хоолзүйчийн нэг юм.
-Та “Токио-2020” олимпод тамирчдын хоолзүйчээр ажилласан. Энэ талаар яриагаа эхэлье гэж бодлоо?
-Манай багт таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн хоолзүйчид бий. Хоолзүйчид олимпын багт ажиллахад тулгарч байсан бэрхшээл бол монгол хэл дээрх зөвлөмж, харах эх сурвалж байгаагүй. Тиймээс бид Монголын хоолзүйчдийн мэргэжлийн холбоог эх сурвалжаа болгож, туслалцаа авч ажилласан. Хоолзүйчдийн холбооны удирдлагууд энд ийм мэдээлэл байна. Бусад орны мэдээлэлд ингэж бичсэн байна гэдгийг эх сурвалжаа болгож монгол хоол хүнсэнд буулгасан гэсэн үг. Ингэснээр тамирчдын биеийн онцлогт тохирсон хоол хүнсийг бэлтгэсэн.
-Тухайн тамирчны биеийн онцлогоос шалтгаалж, хэрэглэх хоол хүнс нь ялгаатай байх?
-Монгол хүмүүс бие махбодын хувьд онцлог гэж боддог. Гэсэн ч бусад улс орны хүмүүстэй ижилхэн. Манай улс эрс тэрс уур амьсгалтай. Хоол хүнс болон хоол боловсруулах эрхтэн системийн бактерийн орчноороо онцлог. Тиймээс марафонд гүйж буй тамирчинд нүүрс усыг илүү өндөр зөвлөдөг. Үүнийг монгол хүний бие махбодын онцлогт хэрхэн тааруулж ажиллахыг бусад улс орны жишгээс харж, зөвлөсөн. Ингэхдээ тухайн тамирчны хэрэглэж, дадал болсон хүнс, спортын амжилт, бэлтгэлийн хуваарь, амралт, нойр, сэтгэл зүйн байдалд нь тулгуурлаж тохирох хоол хүнсийг сонгосон. Тамирчны хоол хүнсийг сонгож, зөвлөх нь нарийн тооцоолол шаарддаг. Жишээлбэл, тамирчдаас хувь хүний хооллох зуршил, хооллох давтамж, хэр өргөн хүрээний хүнс хэрэглэдэг эсэх, бодит байдал дээр ямар хэмжээний хоол хүнснээс хэр эрдэс бодис, амин дэм, амин хүчил, нүүрс ус, уураг авч байгаа вэ гэсэн асуумж авдаг. Үүний дараа дэлхийн спортын хоол шинжээчдийн стандартуудын хуваарилалт дээр тулгуурлаж ажилласан.
-Дэлхийн хоол шинжээчдийн стандартад тамирчдын хооллолтын талаар хэрхэн тусгасан байдаг вэ?
-Дэлхийн хоол шинжээчдийн стандарт гэдэг нь зөвлөмж, хэмжээ гэсэн үг. Тодруулбал, хүн хоолоороо дамжуулан өдөр бүр уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, ус гэсэн зургаан шимт бодисыг заавал авах ёстой.
-Эдгээр шимт бодисыг ямар хоол хүнснээс авах боломжтой вэ?
-Тамирчин гэлтгүй энгийн хүн, хүүхэд өдөр тутамдаа авах ёстой эдгээр шимт бодисыг хүнсний үр тариа, өөх тос, ногоо, сүү, цагаан идээ гэсэн бүлэг хүнснээс авах боломжтой. Энэ зургаан шимт бодисыг бүгдийг нь өдөр бүр хэрэглэх нь зүйтэй. Эдгээр шимт бодисыг энгийнээр хоолон дээр буулгавал гурил, мах, ногоо, сүүтэй цайгаа ч уух ёстой гэсэн үг. Мөн дээрээс нь ус сайн уух хэрэгтэй. Энэ хооллолтын суурин дээр тамирчдынхаа хоол хүнсийг бэлдсэн. Тиймээс зөвлөмж хэмжээ гэдэг нь марафонд гүйх гэж байгаа тамирчнаас юм уу эсвэл өнөөдөр жингээ хасаад маргааш нь барилдах гэж буй жүдогийн тамирчин уу гэдгээс шалтгаалж хуваарилалт ялгаатай гэсэн үг. Жишээлбэл, марафоны тамирчин нүүрс уснаас 70, уурагнаас 10-15 хувь, үлдсэн хувийг өөх тосноос авахаар байвал бид энэ хуваарилалт дээр тухайн тамирчны биеийн онцлог, хүчин зүйлээс хамаарч идэх ёстой хоолыг нь бэлдэж өгсөн гэсэн үг.
-Нэг тамирчинд тохирсон хоол хүнсийг бэлдэхийн тулд ямар хугацаа зарцуулдаг вэ?
-Тамирчны амжилтад дан ганц хоолзүйч ажиллаад үр дүн гарахгүй. Тиймээс нэг тамирчны мэдээлэл, датаг авч боловсруулсны дараа бэлтгэл, эмч, сэтгэлзүйч, төлөвлөлтийн баг хамтарч ажилладаг. Ингэснээр тухайн тамирчин ямар давуу, сул талтай, хэдий хэмжээний илчлэгийг өөрөө шатааж чаддаг эсэх мэдээллийг хуваалцана. Судалгаа хийсний дараа тухайн тамирчны хоолны менюг бүрдүүлнэ. Ингэхдээ нэг тамирчинд багадаа буюу хурдтай ажиллахад 72 цагийг зарцуулдаг. Олимпод оролцсон 40 гаруй тамирчинг таван сэтгэлзүйч хувааж аваад баг болж ажилласан. Олимп дөхөөд ирэхээр бид бааз дээрээ байрлаж ажилладаг. Тамирчдаа бэлтгэл хийж байх явцад хоолны хуваарилалтыг нь бэлдэж өгсөн. Би олимпын үед бокс, жүдо, марафоны тамирчдын хооллолт дээр ажилласан.
-Спортын төрлөөсөө хамаарч хооллолт нь ялгаатай юу?
-Үндсэн шимт бодисын хуваарилалтаасаа хамаараад хүнсний сонголт нь ялгаатай. Жишээлбэл, марафоны тамирчинд цагаан будааны зутан зөвлөдөг. Харин жингээ хасаж байгаа бокс, жүдогийн тамирчдад гурвалжин будааны зутан уулгадаг. Саяхан үндэсний сагсны шигшээ багийн Азийн урьдчилсан нэгдүгээр шатны тоглолт болоход би багийн хоолзүйчээр ажилласан юм. Тэмцээний үеэр бусад орны нэг тамирчны ард сэтгэлзүйч, хоолзүйч, хөдөлгөөн засалч, эмч гэсэн бүрэлдэхүүнтэй баг ирсэн байсан. Тэгэхээр бид олон улсын жишгийн дагуу ажиллаж байна гэсэн үг.
-Сэтгэл зүйн байдал хооллолтод хэр нөлөөлдөг вэ?
-Жингээ хасах гэж буй тамирчин их хоол иддэг зуршилтай, мах их иддэг байлаа гэж бодъё. Энэ үед хоолны хуваарилалтыг өөр систем рүү шилжүүлэхэд зарим тамирчин хоолоо идэхгүй тохиолдол гардаг. Энэ үүсэж буй нөхцөл байдалд сэтгэлзүйчтэй хамтарч ажилладаг. Яагаад энэ хоолыг идэх ёстой юм. Биед нь ямар хэрэгтэй гэдгийг сэтгэлзүйч ойлгуулах нь бий. Хоёрдугаарт, хангалттай хоол, шим тэжээлээ авч чадахгүй тохиолдолд тамирчин, энгийн хүн ч бай сэтгэл зүйн асуудалд өртөх эрсдэл өндөр байдаг. Учир нь сэтгэл зүйн асуудал нь тархи мэдрэлийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Мэдрэлийн эс хоорондоо мэдээлэл дамжуулах үед хоол, шим тэжээлийн урьдал бодисууд хэрэгтэй болдог. Тухайн урьдал бодисууд хоол хүнсээр орж ирэхгүй бол бид мэдээллээ дамжуулж чадахгүй гэсэн үг. Тиймээс бидний идэж буй хоол хүнс биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүйд чухал үүрэгтэй.
-Өмнө нь мэргэжлийн хоолзүйчтэй хамтарч ажилладаггүй байсан тамирчин хооллолтын хувьд ямар буруу зуршилтай байдаг вэ?
-Мах их идвэл хүчтэй болно, уураг их уух хэрэгтэй гэж боддог. Тэгээд махны хэрэглээг нь багасгаад ирэхээр итгэл үнэмшилгүй болчих юм шиг санагддаг. Мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтарч ажилласны дараа хоолзүйчийн зөвлөсөн хоолыг идэхэд тухайн тамирчин тэмцээний үед бие нь хөнгөн, цуцахгүй, булчин нь зангирахгүй байх гэсэн өөрчлөлт өөрт нь мэдрэгддэг. Энэ үед тамирчид мэргэжлийн хоол зүйчтэй хамтарч ажиллах нь ямар үр дүнтэй вэ гэдгийг ойлгодог. Жишээлбэл, махаа идэж болох юм байна. Гэхдээ хэзээ их, бага идэх хэрэгтэй вэ гэсэн учраа олчихдог. Хэрэв ирээдүйд элит тамирчин болох гэж байгаа бол эхнээсээ сууриа зөв тавих хэрэгтэй. Булчингаа зөв хөгжүүлж, ясныхаа бүтцийг тодорхойлж, зөв ачаалал авч сурахад хооллолт чухал. Үүн дээр ур чадвар, бэлтгэлээ нэмээд ирэхээр элит тамирчин болох зам илүү ойрхон байна гэсэн үг. Тамирчин хүнтэй ажиллах хамгийн сайхан зүйл нь маш хурдан үр дүн гардаг. Яагаад гэвэл тамирчдад нэг эхлүүлсэн ажлаа дуусгах тууштай зан чанар байдаг.
-Тамирчид жин хасахаасаа илүү нэмэх нь хэцүү гэж ярьдаг?
-Жин нэмэх шаардлагатай мэргэжлийн спортын тамирчдын ажиллах чадварын булчин сайн байх хэрэгтэй. Жин нэмнэ гэдэг нь булчингийн массыг нэмэхийг хэлж байгаа юм. Булчингийн массыг нэмэхэд хоол шинжээчдийн нарийн тооцоолол, бэлтгэл сургуулилтын хуваарь чухал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
чимэд [124.158.65.233] 2022-12-06 12:40:21
учиргүй нарийн юм яримаар эхэлснээ үнэндээ хэн бүхний мэддэг хоёр зүйлээс илүү гарсангүй,Хоол зүйч хүн гэж хүнсний технологч мэтийн мах ногоо судалсан хүнийг хэлэхгүй ньээ.Хүний биеийн анатоми, биологи,физиологийн процессыг мэддэг хүн байх нь зөв гэвэл эмч илүү тохирох гээд байнаЭмч хүнсний судалгааг хийгээд тамирчдын хоол зүйч хийх юмбол үр дүнд хүрнэ