Дуусдаггүй ундрагыг дундруулах боломжтой

Aдмин / Нүүр

Дэлхий хөгжихийн хэрээр бидний амьдралыг хөнгөвчлөх олон зүйлс бүтээгдсэн ч ихэнх нь байгальд ямар нэг сөрөг үр дагавартай байдаг. Монголчууд жилдээ 2.3 сая тонн хог үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, бидний гаргаж буй хогийг мөнгөөр үнэлбэл чамгүй их тоо гарна. Зөвхөн хог хаягдлаар Монгол Улс жилдээ 2.3 сая ам.долларыг алддаг гэсэн тоо баримт ч бий. Гэвч бид тэр бүрчлэн хог яаж, хаашаа алга болдог тухай боддоггүй. Хэдийгээр бид хог хаягдалаа ангилан ялгаж хэвшиж байгаа ч ангилсан хогийг нэг л хогийн машинд нийлүүлэн ачдаг болохоор үр дүнгүй байна. Харин дэлхийн улсууд хог хаягдлаа ангилж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө олдог. Гэтэл манайд арвин их ундрага нь байгаа ч ангилан хаяж, дахин боловсруулах боломж тааруу байна. Тиймээс та бүхэндээ хог хаягдлын тухай хууль тогтоомжийн талаар танилцуулъя.

-Монгол улсын хог хаягдлын асуудлыг зохицуулах эрх зүйн орчин бүрхэг байна-

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс хог хаягдлын талаар олон улсын гэрээ конвенцид нэгдэн орж, тэдгээрт нийцүүлэн дотооддоо олон хууль тогтоомж, хөтөлбөр, дүрэм журам баталж ирсэн байдаг. Монгол улсад ардчилал бэхжиж, эрх зүйн тогтолцоо хөгжихийн хэрээр иргэний оролцооны зохицуулалтуудыг хуулиудад тусгаж өгөх нь ихэсчээ. Иргэний оролцоог хууль тогтоомжид тусгаж өгөх нь аливаа асуудлын талаарх шийдвэрт нөлөөлөх боломжтой гэсэн найдварыг иргэдэд төрүүлж байдаг.

Харамсалтай нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй, 2017 оны 05-р сарын 12-ны өдөр УИХ-аас шинэчлэн найруулж батлан гаргасан Хог хаягдлын тухай Монгол улсын хуульд иргэний оролцоог хангалтгүй тусгажээ. Английн судлаач Аранштейны тодорхойлсноор Иргэний оролцооны процессийн 8 үе шат байдаг бөгөөд үүнээс хамгийн анхдагч шат буюу хийсвэр хэлбэр төдий оролцоо нь “зааж өгөх, аргалах, мэдээлэх, тайвшруулах” зэрэг алхмууд байдаг. Харин хамгийн бодитой оролцоо нь түншлэл, төлөөлүүлсэн бүрэн эрх, иргэний хяналт байдаг.

Энэ үүднээс авч үзвэл Хог хаягдлын тухай хуулийн зохицуулалтууд нь дараах байдлаараа хэлбэр төдий оролцоог хангасан байна. Тус хуулийн 10-р зүйлд иргэн, хуулийн этгээдийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хориглох үйлдлүүдийг зааж өгчээ. Ингэхдээ иргэний хувьд хог хаягдлын талаар мэдээлэл өгөх, зөрчил арилгуулах талаар төрийн байгууллагаас шаардах, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл авах гэсэн хоёр эрхийг л олгож, хэлбэр төдий эрх олгосон бөгөөд хуулийн бусад зохицуулалтууд энэхүү эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаарх механизмыг тусгаж өгөөгүй нь тунхагийн шинжтэй болгожээ.

Хог хаягдал нь хүн бүр, байгууллага бүрээс байнга гарч байдаг учраас хог хаягдлын хууль зөрчиж буй үйлдэл бүрийг төрийн байгууллага албан тушаалтан бүртгэх шаардлага тавих, шийтгэх боломжгүй. Тиймээс энд иргэний болон иргэний нийгмийн байгууллагын хяналт маш чухал.

Гэтэл хуульд хог хаягдлын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах төрийн бус, иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагын үйл ажиллагаа оролцооны талаар огт тусгаагүй байгаа нь иргэний бодит оролцоог хангаж өгөөгүй хууль гэж үзэхээр болгосон гэж мэргэжилтэнүүд үзэж байна.

-Монгол орны хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал-

Хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжил, хурдацтай өрнөж буй хотжилтын нөлөөллөөр дэлхий даяар хог хаягдал ихэсч байна. Улс орнууд хөгжиж, олон төрлийн бараа, үйлчилгээ дэлгэрч, гадаад худалдаа цэцэглэхийн хамтаар улам их хог үүсч, менежмент нь ээдрээтэй болсоор байна. 2016 онд дэлхийн хотууд жилд 2 тэрбум тонн хатуу хог хаягдал бий болгосон бөгөөд энэ тоо цаашид өсөхөөр байна. Тухайлбал, 2018 онд хэвлэгдсэн What a Waste тайланд дурьдсанаар Монгол улсын хувьд нэг хүнд ноогдох хог хаягдлын хэмжээ өдөрт 1.5 кг-аас илүү байгаа нь дэлхийд дээгүүрт орж байна. Хамгийн их хог ялгаруулдаг АНУ, Канад, Бермудад тус үзүүлэлт 2.2 кг байдаг байна. Харин манай улсын нэг айл өрхөд ногдох хог хаягдал өдөрт 800-1 кг байгаа гэсэн судалгаа бий. Тэгэхээр эдгээр хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой боловч яг өнөөдрийн байдлаар 20 гаруй хувийг л дахин боловсруулж байгаа юм.

Иймд та бүхэнд иргэдийн үзэл бодлоос хуваалцъя

-2012 оноос хойш хог хаягдлын хэмжээ 1 сая тонныг давах болсон-

Улсын хэмжээнд 20 гаруй дахин боловсруулах үйлдвэр байдаг бөгөөд эдгээр үйлдвэрүүдийн цар хүрээ төдийлөн өргөжин тэлэхгүй байна. Монгол Улс хэдийгээр өргөн уудам газар нутагтай боловч хүн амын тал хувь буюу 46 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод дээрх хогны асуудал гол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Гэхдээ Монгол улсын сүүлийн 10 жилийн хог хаягдлын мэдээлэл бүрэн бус учир харьцуулалт хийх нь өрөөсгөл ч 2012 оноос эхлээд 1 сая тонныг байнга давах болжээ.

Тайлбар: Энэ нь нийт газар нутгийн ердөө 0.3 хувийг эзлэх боловч хүн амын 46 хувь оршин суудаг Улаанбаатар хот 2017 онд 1 сая гаруй тонн хог ялгаруулсан нь 2005 оныхтой харьцуулахад 5 дахин өссөн дүн бий. Сая, сая тонноор ялгарах эдгээр хог хаягдлыг тэр чигт нь бид газарт булдаг. 2016 онд нийт хог хаягдлын 93.5 хувийг булж устгасан, хог хаягдлыг дахин боловсруулж буй хувь дорвитой өсөхгүй хэвээр байна.

Ийнхүү Улаанбаатарчууд хогны асуудлаа далдалдаг газар нь Улаанчулуут хэдий боловч уг газар дахь хогны өсөлт өдрөөс өдөрт нэмэгдсээр тогтоосон газартаа багтахаа болиод байгааг сануулах хэрэгтэй байх. Тэгвэл бид цаашид эдгээр хогоо яах вэ. Нэгээс нөгөө газарт зөөж хураадаг үр дүнгүй энэ аргаар хичнээн жил өнгөлөн далдалт хийх вэ. Үүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулж баялаг болгож яагаад чадахгүй байна вэ гэдэг дээр дор бүрнээ тунгаах хэрэгтэй болж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт гурван том хогийн цэг бий. Төвлөрсөн эдгээр цэгт жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдал ирдэг бөгөөд ландфил буюу дарж булах технологиор устгалд оруулдаг. Гэвч энэ технологи нь байгальд орчинд ээлгүй, хорт бодис ялгаруулдаг тул хогийн цэгийн ойролцоо амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Мөн иргэд хогоо ангилж хаядаг ч түүнийг нэг машинд шууд ачдаг байна. Энэ тухай хүргэе.

Тэрбээр “Ландфил технологийн сул тал нь хог хаягдал боловсруулах боломжийг үгүй хийдэг. Мөн байгаль орчин, хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Хогийн төвлөрсөн цэгүүдийн насжилт ч өндөр тул хог хаягдлыг ангилан ялгах, мөн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Эхний ээлжид хог хаягдал төрөлжүүлэн ангилах, боловсруулах үйлдвэр хэрэгтэй” хэмээн онцолж байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.175] 2023-04-03 10:54:37

Дэлхийн бүх хүмүүс хэрэглэсэн дэвтэр ном сонин сэтгүүл бичгийн цаасаа хаяхгүйгээр цаас боловсруулах үйлдвэрт тушаалдаг болвол жилд олон тэрбум модыг аврах болно.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.