УИХ: ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа.
“Алсын алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, аймаг орон нутагт үйлдвэрлэл технологийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгох, цаашлаад хот суурин газарт шинэ суурьшлын бүсүүдийг бий болгоход эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж, хуучин хүчин чадлыг өргөтгөх, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар нэмэгдэж, салбар системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглахын зэрэгцээ импортын эрчим хүчний дэмжлэгтэйгээр өвлийн оргил ачааллыг давж байгаа гэдгийг сайд танилцуулав.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 450 мегаватт хүчин чадал бүхий “Таван толгой” цахилгаан станц, 400 мегаватт хүчин чадал бүхий Багануурын цахилгаан станц, 300 мегаватт хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьж байгуулах, Дулааны III цахилгаан станцыг 300 мегаваттаар өргөтгөх төслүүдийг төлөвлөсөн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нүүрсний эрчим хүчний эх үүсвэрт зориулсан санхүүжилт хумигджээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хилийн чанадад нүүрсний эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, санхүүжүүлэхээс татгалзах бодлогыг 2021 оны есдүгээр сард илэрхийлсэн юм. Монгол Улс эрчим хүчний анхдагч нөөц баялагтаа тулгуурлан суурь ачааллын горимд ажиллах том чадлын дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай боловч санхүүгийн эх үүсвэрийн хязгаарлалт, олон улсын худалдаа, бизнес, тулгарч буй цар тахлын нөлөө, үнийн өсөлт зэргээс шалтгаалан эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болсныг Б.Жавхлан сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ танилцууллаа.
Иймд нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станц барих болон өргөтгөх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндсэн тоног төхөөрөмжийг импортоор худалдаж авах, дотоодод үйлдвэрлэхэд тодорхой хугацаанд татварын дэмжлэг үзүүлэх хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулжээ. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан эрчим хүчний чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулааны хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор авах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийг нь албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаарх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн эдгээр тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ноогдох татварыг 90 хувь хөнгөлөх тухай заалт нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Эрчим хүчний нэгдсэн систем тогтвортой үйл ажиллагаатай том чадлын станцууд холбогдсоноор сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг холбох техникийн боломж бүрдэж, системийн оновчтой бүтэц бий болох ач холбогдолтой гэв. Татварын өөрчлөлт, хөнгөлөлт эдлүүлэх хугацааг цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжлэх хугацаатай уялдуулан 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар хуулийн төслүүдэд тусгажээ.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.3 хувь нь дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Батсуурь, Н.Учрал нар асуулт асууж, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9 хувь нь дэмжив. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл