Э.Совджамц: Үнэн хүчээр авсан цол үнэ цэнтэй

Aдмин / Спорт

Ихэнх том цолтой бөх сумын заан хэмээх цолноос амжилтын шангаа татсан байдаг. Магадгүй сумын баяр наадамд түрүүлэх нь олон жил үзэгч олноо цэнгүүлэх замналын эхлэл байх. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын манлай заан Э.Совджамцыг урьж, ярилцлаа.

-Та өнгөрсөн сарын сумын зааны ээлжит барилдаанаар барилдсан санагдаж байна?

-Тийм ээ. Тавдугаар сарын ээлжит барилдаанд тавын даваанд Хөвсгөлийн Б.Батбаясгалан зааныг амлаж барилдсан. Намайг хонгодоход зөрүүлээд хонгодоод хөлөө алдаад унасан даа. Сар бүрийн сумын зааны ээлжит барилдаанд тогтмол барилдахыг хичээдэг. Бусад барилдаантай харьцуулахад сумын зааны барилдааныг зорьж ирэх үзэгчдийн тоо нэмэгдсэн. Сумын цолтой бөхчүүд харьцангуй бага жинтэй болохоор шуурхай барилддаг. Мөн үзэгчид уран барилдаан үзэх дуртай байдаг юм билээ.

-Жил ирэх тусам барилдах залуусын тоо нэмэгдэж байна. Сумын заануудын барилдаанаас харахад ирээдүйтэй бөх их байсан?

-Сайхан барилдаантай залуус бий. Архангай аймгийн залуу бөх н.Гончигсүрэн том цолонд хүрэх байх. Би хоёр удаа таарч барилдсан. Их барилдаанч юм билээ. Мөн Ховд аймгийн н.Хүрэлсүхийг мөн сайн барилдана гэж хардаг.

-Та сумын зааны ээлжит барилдаанд амжилттай барилддаг байх шүү?

-Бөхийн өргөөнд болсон сумын зааны барилдаанд гурван удаа үзүүрлэсэн. Мөн их шөвөгт гурван удаа үлдсэн. Нийт 18 шөвөг бий. Сумын цолтой бөхчүүдийн барилдаанд зургаан удаа үзүүрлэж байлаа. Сумын наадамд тав удаа түрүүлж, гурав үзүүрлэсэн.

-Адилхан цолтой бөхчүүдээс хоёрт эрэмбэлэгддэг байх аа?

-Нэг хэсэг сумын зааны барилдааныг суманд түрүүлснээр нь эрэмбэлдэггүй байв. Харин Бөхийн өргөөний барилдааны амжилтаар эрэмбэлдэг байсан. Одоо барилдаж байгаа бөхчүүдээс Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Б.Бат-Эрдэнэ заан сумын зургаа түрүүтэй нэгд эрэмбэлэгддэг. Харин дараа нь би. Барилдааны эрэмбийн хууль гараагүй байхад буюу 2002 оноос өмнө барилдаж байсан ахмад бөхчүүд бидний араас эрэмбэлэгддэг. Тавын даваанд ихэвчлэн Б.Бат-Эрдэнэ бид хоёр баруун зүүнээ манлайлж гарах нь цөөнгүй.

-Та Б.Бат-Эрдэнэ заантай хэдэн удаа таарч барилдсан бэ?

-Бид олон барилдаанд зодоглосон. Гэхдээ хоорондоо таарсан нь ховор. Харин өнгөрсөн цагаан сарын барилдааны наймын даваанд намайг амалж аваад би давсан. Ингэж л зүүний магнайтай анх удаа таарч барилдсан даа.

сонин mn

-Таныг цолоо бөхийн өлгий нутаг Архангай аймгаас авч байсан гэж сонссон?

-Би 2009 онд Архангай аймгийн Чулуут сумын наадамд түрүүлж заан цол хүртсэн. Тухайн үедээ одоогийн аймгийн арслан Б.Чинбаттай үзүүр түрүүнд үлдээд давсан. Чулуут сум манай сумтай ойрхон байдаг. Тиймээс зорьж очиж барилдсан нь энэ. Үүний дараа 2010 онд өөрийн төрсөн нутаг болох Жаргалант сумандаа түрүүлснээр заан цолоо баталсан. Мөн 2017 онд Заг, 2018 онд Галуут, Баян-Овоо сумын наадамд түрүүлж байлаа. Харин аймгийн наадамд дөрвийн даваанд гурван удаа тахим буулгасан.

-Эдгээрээс сэтгэлд тод үлдсэн барилдаанаасаа хуваалцахгүй юу?

-Сумын заан цол авсан наадам их дурсамжтай санагддаг. Тухайн жил бэртээд бэлтгэл сайн хийгээгүй байлаа. Би наадам болохоос нэг хоногийн өмнө сумандаа очсон. Гэтэл манай сумын бөхчүүд Чулуут сумын наадамд явсан байлаа. Би нэг ахтайгаа мотоциклиор яваад замдаа бороонд нороод очиж барилдсан. Үнэмлэхээ мартаад очсон байсан болохоор залуу бөхөөр барилдсан. Тэгээд сумын заан цолтой бөхтэй таарч барилдаад давж байлаа. Ер нь сайн барилддаг бөхчүүдийг давсан шүү. Энэ үед очиж барилдахдаа сумын заан болно гэж бодоогүй.

-Бөх бүр өөрийн барилдааны онцлогтой. Та ямар мэхээр олон даваа авч байв?

-Миний олон даваа авсан мэх гэвэл зүүн этэх. Этээд болохгүй бол хонгоддог. Мөн тайлбарлагч О.Наранбаатар барилдааныг маань “Совд одоо зүүн этээд давна даа” гэж тайлбарлах жишээтэй. Би анх барилдаж эхлэхдээ хөл авдаг, давхар хамдаг, шуурхай барилдаантай байсан. Харин барилдааны явцад этэх мэхийг сурсан. Барилдаан таарахгүй бөх гэж бий. Жүдогийн тамирчидтай барилдах амаргүй. Мөн жин ихтэй бөхтэй таарахаар барилдаан санаснаар болдоггүй.

-Таны ах, дүү сумын цолтой гэсэн. Тиймээс багаасаа барилдсан байх?

-Би зургадугаар ангиасаа эхэлж барилдсан. Аймгийн өсвөрийн бөхийн тэмцээнд их барилддаг байлаа. Аймгийн аваргад хоёр удаа түрүүлсэн. Хүүхдийн урлаг, спортын бага наадмын үндэсний бөхийн төрөлд түрүүлсэн удаатай. Мөн чөлөөт бөхөөр тэмцээнд оролцдог байсан. Хүн удмаа дагадаг байх. Ээжийн аав сайхан барилддаг хүн байсан. Мөн ээжийн хоёр ах барилддаг. Аймгийн заан н.Чулуун гэж хүн байлаа. Ах маань 2010 онд суманд үзүүрлэсэн. Ахыг маань Э.Жигжидсүрэн гэдэг. Шагай харвааны улсын үлэмж дархан мэргэн цолтой. Нэг удаа сумын наадамд барилдаад начин болсон. Түүнээс хойш тогтмол барилдаагүй. Харин төрсөн дүү маань сумын заан цолтой Э.Сүрэнжамц гэж залуу бий. Мөн аавын дүүгийн хүүхдүүд барилддаг. Сумын заан нэг, сумын начин хоёр байдаг.

сонин mn

-Бөхчүүдэд үлгэр дууриал авдаг хүн гэж бий. Та ямар бөхөөс суралцдаг вэ?

-Мэдээж бүх бөхийг хүндэлнэ. Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний багш, аймгийн заан О.Батгэрэл ахаасаа суралцдаг. Бөх хүнд байх сайхан зан чанарыг бүрдүүлсэн хүн гэж боддог. Заал танхимд сайн барилддаг байлаа. Аймгийн заан цолондоо ахадсан бөх гэж боддог. Мөн Булган аймгийн н.Ганбаатар арсланд их баярлаж явдаг.

-Энэ цагт хамгийн амжилттай барилдаж буй сумын заануудаас сонгосон “Өв түгээ” нэвтрүүлэгт оролцсон байсан?

-Тус нэвтрүүлгийг С.Мөнхбат аварга санаачилсан. 21 аймгаас сонгогдсон бөхчүүд дөрвөн багт хуваарилагдсан. Хоёр аварга, гарьд, харцагын багт хуваарилагдсан. Би Т.Өсөх-Ирээдүй харцагын багт багтсан. ЕБС дээр очоод үндэсний бөхийн талаар мэдээлэл хуваалцахад хойч үеийнхэн их сонирхож байсан. Энэ нэвтрүүлэгт ороод ирээдүй болсон хүүхдүүдэд өв соёлын нэг болох үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлж, танин мэдүүлэх үйлсэд оролцсондоо баяртай байгаа.

-Хашир туршлагатай харцагын багт оржээ. Багийн бөхчүүддээ зөвлөгөө өгсөн нь лавтай?

-Барилдааны үеэр Т.Өсөх-Ирээдүй харцага бидэнд үнэтэй зөвлөгөө их өгч байсан. Мөн харцагаас үлгэр дууриал авсан. Тухайлбал, та нар гараад барилдахдаа хоорондоо маргаж болохгүй гэнэ. Бөх хүн ямар ёс зүй, төлөвшилтэй байхыг илүүтэй ойлгосон өгөөжтэй нэвтрүүлэг болсон шүү.

-Та ямар бөхтэй ойр дотно нөхөрлөж байна вэ?

-Дорнодын аймгийн нэмэх начин Ш.Нямсайхантай дотно нөхөрлөдөг. Найз маань 2011 онд аймгийн начин болж байлаа. Харин өнгөрсөн жилийн наадмаар цолоо баталж чимэг нэмсэн. Заал танхимын барилдаанд ч сайн барилддаг. Би өнгөрсөн жил найзтайгаа бэлтгэлд гарсан. Энэ жил мөн л хамт бэлтгэлд гарах төлөвлөгөөтэй байгаа.

-Үндэсний бөх өндөр түвшинд хөгжиж байгаа харагддаг. Тиймээс бөх хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Бөх хүн үнэнч шударга байх ёстой. Үнэн хүчээр барилдах хэрэгтэй санагддаг. Мөнгө төгрөгөөр цол авахгүйгээр өөрийн чадлаараа барилдах сайхан. Учир нь сэргээш хэрэглэхгүй, цолоо үнэн хүчээр авах нь чухал. Үнэн хүчээр авсан цол үнэ цэнтэй. Өмнө үндэсний бөх сонирхогчдын түвшинд л байсан юм билээ. Дээр үед барилдаж байсан бөхчүүд тууштай бэлтгэлгүй барилддаг. Харин одоо бөхчүүд өдөр бүр бэлтгэл хийж, хоол идэж уух зүйлээ зохицуулж байна. Тиймээс үндэсний бөх мэргэжлийн түвшинд хөгжиж байгаа юм. Бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийх нь сайн амжилт гаргах боломжгүй санагддаг.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [66.181.166.196] 2023-06-21 13:48:29

Бөхчингүүд сайтуудад ярилцлага өгөөд л, хөлсөөр янз бүрийн гоё магтаал бичүүлээд л наадам ч дөхөж дээ, кк

Зочин [66.181.161.187] 2023-06-20 12:10:15

цэнэтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.