ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГ ЗАЛАХ МОРЬТ ТОРГОН ЦЭРГҮҮДИЙН БЭЛТГЭЛ ЖИГДЭРЧЭЭ

Aдмин / Нүүр

Гэрэл зургуудыг Д.Ганзориг

Торгон цэргүүд төрийн торгон сүргийн манлай найман шарга, хоёр загал, бараан зүсмийн морьдоо унасаар Есөн хөлт цагаан тугаа Төрийн ордноос ёслол хүндэтгэлтэйгээр залж наадамчин олны дундуур жагсаалаар явсаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ зассан тусгай өндөрлөгт байрлуулснаар Монгол төрийн наадам, монголчуудын бахархал болсон эрийн гурван наадам, эв нэгдлийн бэлгэ тэмдэг улсын баяр наадам эхэлдэг ээ. Энэ ёслол болбоос 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт цагаан тугийг бүтээж, Их Эзэн хаан мөргөн ёсолж байсан түүхээс улбаатай юм. Цаг төрийн байдлаас олон жил тасраад байсан төрийн ёслолоо дахин сэргээж сүүлийн 30-аад жил есөн хөлт цагаан тугаа ийн наадмаар цэнгүүлж байна. Өдрийн сонин наадмын өмнөхөн торгон цэргүүд, төрийн торгон сүргийн манлай найман шарга, хоёр загалын бэлтгэлийг сурвалжилдаг уламжлалтай билээ. Өнөө жил ч Есөн хөлт цагаан туг цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэх торгон цэргүүдийн бэлтгэлийг сонирхохоор Богдхан уулын Шажин хурахын аманд очсон юм.

11 цагт очиход тус ангийнхан хуваарьт дасгал сургуулилалт, үзүүлбэрээ давтаж байлаа. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа, Төрийн хонжин М.Болдбаатар, Их тугч, ахлах дэслэгч А.Ууганбаяр нар загалаа унаж араас нь тугчид найман шаргатайгаа довтолгоно. Тэд дөрөөн дээрээ босч хөндийн хөх салхинд намирах төрийн далбаа руу харан баруун гараа өргөн ёсолно. Цувааны ард бараан зүсмийн морьдтой торгон цэргүүд сүр жавхаатай дагалдана. Энэ агшиныг харсан хэнд ч омогшил төрмөөр. Бэлтгэлийн талбайд наадмын нээлтийн цэргийн хөгжим эгшиглэж байлаа. 

Үзүүлбэрийн дараа Төрийн хонжинтой уулзлаа. Хамгийн дээд гэр бол хонжингийн гэр. Удаах нь Их Тугчийн гэр. Хонжингийн гэрт орлоо. Ангийн захирагч айраг барьж байна. Саам амтагдсан зуны айраг. Уруулаа хүргэв үү, үгүй юу арааны шүлс асгарч сэнжтэй аягатай нь гүдхийн залгилж орхилоо. Хувинтай саамаа барьсаар нэгэн цэрэг Их Тугчийн гэр рүү орж явна. Шинэхэн айраг сэнгэнэсэн Хонжингийн гэрийн хаяагаар хөндийн сэвшээ салхи сэр сэрхийнэ. Уяан дээрх шарга морьд амгайгаа шаргиулан тургилах нь чихнээ чимэгтэй.

М.Болдбаатар хурандаа Төрийн их баяр наадамдаа хоёр дахь жилдээ Хонжингийн нэр төртэй албыг гүйцэтгэхээр анги хамт олноо удирдан Шажин хурахын аманд наадмын бэлтгэлдээ гарсан нь энэ ээ.

Түүнтэй хөөрөлдлөө.

-Наадмын бэлтгэл хэр явж байна вэ?

-Бид Жанжин штабын даргын тушаалаар наадмын бэлтгэлдээ гардаг юм. Өнөө жил бэлтгэлдээ гараад сар орчим хугацаа өнгөрөөд байна. Бэлтгэл сайн, хангагдаад явж байна даа. Ирэх даваа гаригаас (өнөөдөр) Цэцэрлэгт хүрээлэндээ ойртож бууна.

-Төрийн торгон сүргийг Хэнтийд адгуулдаг байх аа?

-Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь цэргийн анги маань адгуулж маллаж байдаг юм. Баяр наадмаа дөхүүлээд морь малаа хүлээн авч тээвэрлэж авчраад эндээ бэлтгэлээ хангадаг.

-Энэ хавар нилээд чанга, хүйтэн салхитай, урт ч байлаа. Морьдын тарга тэвээрэг ямар ирэв?

-Төрийн торгон сүрэг онд сайн орсон. Түүний буянаар өнөөдөр ингээд бэлтгэл сургуулилалтын аяыг даагаад болж байна даа. Бид бэлтгэлээ хангахын тулд адуу малаа өдөр болгон барьж, өдөр болгон уналга эдэлгээнд оруулдаг учраас тийм ч амархан ажил биш ээ. Тарга тэвээрэг их сайн, дажгүй байгаа шүү. Өнгө зүс нь их сайхан байгаа.

-Төрийн хонжин гэдэг алба бол нэр төртэйн зэрэгцээ маш том хариуцлага дагуулдаг. Бүх хүн, наадамчин олны, монголчуудын амьсгалаа даран байж үздэг ёслол шүү дээ. Хонжин байна гэдэг ховор ч хувь завшаан?

-Тун хариуцлагатай л алба даа. Би хоёр дахь удаагаа Төрийн хонжингийн хувиар төрийн ёслолыг удирдах гэж байна. Өнгөрсөн жилийн наадмаар хонжингийн үүргээ гүйцэтгэсэн. Ганцаараа гүйцэтгээгүй. Энэ олон цэрэг, дайчдынхаа хамтаар гүйцэтгэдэг. Нэг удаагийн туршлага байна, энэ жил бүр ч их хичээнэ гэж ойлгоод байгаа ч секунд, минут, доль болгоноор юм бүхэн хариуцлагатай л байна. Түгшүүр бол байнгын л байна. Төрийнхөө тугийг зөв аваад явах нь хариуцлага, үүрэг юм даа.

-Өнгөрсөн жил Төрийн хонжингоор ажиллах болсноо мэдсэн тэр агшинд ямар мэдрэмж төрж байв?

-Маш их эмээсэн. Өмнө нь энэ ангидаа ажиллаад ангийн Захирагчийн орлогч, Штабын дарга гэсэн албан тушаалууд дээр долоон жил болсон юм. Тэгж байхдаа би энэ албын тухай, Хонжин гэх энэ нэр төртэй ажлын тухай өөр дээрээ тусгаж төдийлөн бодож яваагүй юм билээ. Гэв гэнэт энэ албан тушаал дээр томилогдсон чинь “Яана аа, энэ чинь их том ажил” гэж чанга санагдсан л даа. Тухайн үеийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч Генерал Д.Ганзориг дарга маань надад итгэл хүлээлгээд бусад орлогч дарга нар маань ч итгэл өгөөд 100 хувийн саналаар гар өргөөд томилчихсон. Юу юугүй л наадам болох нь, сарын л зай байна даа гэж бодогдсон. Тэгээд л наадамдаа үүргээ гүйцэтгэсэн. Энэ жил хоёр дахиа ажиллаж байна. Саяхан зочин, төлөөлөгчид ирж бэлтгэлтэй танилцаад явсан. Бэлтгэл сайн явж байгаа юм байна гэсэн үнэлгээ авсан.

-Манай сонин наадмын өмнө төрийн торгон сүргийн манлай болох найман шарга, хоёр загалын уяан дээр ирж, Төрийн хонжинтой уулздаг уламжлалтай юм?

-Арван хэдэн жил танай сонин ирж сурвалжилга хийж байгаа юм билээ шүү дээ.

-Тийм тийм. Манай сонины уншигчдын хувьд жил бүрийн наадмын өмнө хүлээдэг сурвалжилга нь ч юм аа. Та бэлтгэлийн нэг өдрөө сонирхуулбал сонин байх. Өглөө хэдэд босоцгоодог вэ?

-Өглөө 06 цагт бүгд босоод гүйлт, дасгалаа хийнэ. Унагаа барина, морьдоо барина. Төрийн дууллаа эгшиглүүлснээр тэр өдрийн ажиллагаа эхэлнэ. Дадлага бол өглөө, өдөр, орой гээд завсаргүй явна. Наадмаар бороотой, нартай, салхитай байж болзошгүй тул байж болох бүхий л хувилбаруудыг тооцоолоод цаг агаарын ямар ч нөхцөлд бэлтгэл, сургуулилалтаа таслалгүй хийдэг. Өдрийн гурван удаагийн дөрвөн халуун хоолтой. Хоол ундаа идэж дундуур нь бэлтгэлээ хийнэ. 23 цагт амарна даа.

-Сүрэгт шинэ залуу морьд орж ирэв үү?

-Нэг шинэ шарга нэмэгдсэн. Загал дээр хоёр нөөц байгаа. Бараан моринд 10 шинэ морь нэмэгдсэн. Бараан морьд энэ жил их шинэчлэгдсэн. Энэ жил Дорнод чигээс бараан болон бусад морьдыг бүрдүүлсэн байна лээ. Тэндээс ирсэн морьд тарга тэвээрэг сайтай, гоё ирсэн хэмээлээ.

Хонжингийн гэрээс гарч Их Тугчийг дагаж гэрт нь орлоо. Байлдагчид эмээлийн гөлөм, олом жирэм, хөмөлдрөг гээд бүгдийнх нь өнгийг тус тусад нь сэргээн будаж байна. Бийрээр хичээнгүйлэн нямбайлцгаах аж. Мөнгөн баавар, дөрөө сэлтээ өнгөлүүлэхээр хот руу явуулчихсан гэнэ. Хоймрын орны зүүнтээ гялгар ууттай, торгон тэргүүдийн нэрийг нь бичсэн ёслолын хувцаснууд өлгөөтэй байна. Харин нөгөө талд түрүүхэн оруулж ирсэн савтай саамнууд хаяагаар эгнээстэй.

Энэ зуур Их Тугч А.Ууганбаяртай ярилцлаа. Найман шаргын сурвалжилга хийж явахдаа өмнө нь түүнтэй таарч байж. Бид эчнээ танил болж таарав.

-Нилээд сэрүүвтэр байснаа зургадугаар сарын дундаас хүчтэй халлаа. Бэлтгэлийн үеэр та бүхнийг цаг агаар нэлээд сорив бололтой?

-Энэ жилийн хувьд бэлтгэлд гарч ирснээс хойш бороо хур багатай байлаа. Салхи шуурга ихтэй ч байлаа. Шөнө хонохдоо морь малаа уулын амаадаа дээшээ, хол идүүлж байна. Цаг агаарын байдлаас болж бэлтгэл цалгардуулах, тасалдуулах тийм асуудал огт гараагүй ээ. Бэлтгэлээ хуваарийн дагуу хийгээд явж байна.

-Төрийн ёслолд оролцох торгон цэргүүдийг сонгохдоо мэдээж шилдэг, шалгарсан байлдагчдыг сонгодог, тийм ээ?

-Хугацаат цэргүүдийн хувьд, Үндэсний баяр наадмын бэлтгэлийг хангах бэлтгэлд гарахаас өмнө ангийн байрлалд байхдаа гадаад улсын төрийн тэргүүнүүдийн айлчлалуудаар манайхаас морьт торгон цэргийн салаа Сүхбаатар талбайд Төрийн ордны өмнө жагсдаг. Морьт ёслолуудад оролцож байсан хугацаат цэргийн алба хаагчдаас шилэгдэж сонгогдож гарч цэргүүд маань энд бэлтгэлд гарсан байна.

-Төрийн ёслолд олон жил оролцсон шарга, загал, бараан морьд маань торгон цэргүүдэд их түшигтэй байдаг байх. Шинэ залуу морьд нь тэднийгээ дуурайгаад хурдан гарших уу?

-Үүрэг гүйцэтгэлийн хувьд хүнээс шалтгаалах, морьдоос шалтгаалах зүйл бий. Мэдээж Тугч нь анх удаа ёслолд оролцож, морь нь мөн шинэ бол бэлтгэл маш их шаардагдана гэсэн үг. Манай шаргууд, тэр дундаа манай хоёр загал ёслолд маш олон жил явчихсан. Төрийн Хонжингийн загал маань 2009 оноос хойш төрийн ёслолд явж байна. Энэ жил 14 дэх жилдээ явж байна гэсэн үг. Ийм олон жил явчихсан, нэг үйлдлийг олон удаа давтчихсан морьдод дадал зуршил суучихдаг. Туршлагатай морьд бол анх удаа оролцож буй Тугчиндаа маш их түшигтэй. Биднээс өгч байгаа команд, дохиог ойлгоод биелүүлдэг.

-Та Их Тугчаар хэдийнээс ажиллах болов?

-Миний хувьд, 2019 онд Монгол бахархлын өдрөөр Их тугийн шилжүүлэгчээр хамгийн анх алхаж байсан. 2020 онд долдугаар сарын 10-ны Туг цэнгүүлэх ёслолд Их Тугчаар, Үндэсний их баяр наадмаар Их Тугчаар, Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр мөн Их Тугчаар, 2021 онд бэлтгэлтэй байсан ч наадам болоогүй. Гэсэн ч Туг цэнгүүлэх ёслолд Их Тугчаар, Монгол бахархлын өдрөөр мөн Их Тугчаар ажилласан.

-Өнгөрсөн жил Их Тугчаар оролцсон бил үү?

-Өмнөд Судан улсад Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн.

-Гэр бүлийнхэн тань танаар бахархдаг байх. Цэргийн алба хааж буй, цэргийн албанд ажилладаг хүмүүсийн хувьд Их Тугчаар төрийн том ёслолд оролцоно гэсэн бахархал шүү?

-Гэрийнхэн минь надаар баярлаж, бахархдаг байх. Наадмыг хуруу даран тоолон хүлээцгээж байгаа даа. Тэр хэрээр хариуцлага ирдэг. Төрийн ёслолын үүрэг гүйцэтгэж буй учраас бидний хувьд Их Тугч гэдэг том үүрэг хариуцлага л даа. Бэлтгэлээ л сайн хийх ёстой.

-Есөн хөлт цагаан тугийг залаад Төрийн ордноос гарч ирэхэд наадамчид хэдийнэ хүлээгээд зогсож байдаг даа?

-Төрийн ордноос Төрийн тугаа залаад гараад ирэхэд ард түмэн маань уухайлдаг. Хүмүүсийн харц өөдөө, омогшоод баярлаад бахдаж буй нь харагддаг. Ард түмний минь хийморь сүлдийг ивээж өргөж түшиж байдаг юм болов уу даа гэж бодогддог доо.

-Ялангуяа олон жил улсын наадмаар Цэнгэлдэх рүү орчихсон загал, шарга морьд үзэгчид, наадамчин олны уур амьсгал, алга ташилтыг мэдрээд биеэ хүртэл ихэмсэг байдлаар аваад явдаг гэсэн?

-Адгуус амьтан өөр өөрсдийн гэсэн мэдрэмжтэй. Ёслол эхлээд Төрийн ордны гадна байрлалаа эзэлчихээд ордон руу орж Тугаа залаад гараад ирэхээр бэлтгэлийн үеэр унжийгаад байсан морьд гэлтгүй бүгд хараа дээгүүр болчихсон хүлээж байдаг. Морьд, торгон цэргүүд гэлтгүй бүгдэд нь тэр мэдрэмж тулчихсан байдаг юм.

Бүх зүйлд бэлтгэл хамгийн чухал. Бидэнд одоо долоо хоногийн хугацаа байна. Энэ хугацаандаа бүх зүйлээ жин тан болгоод “За боллоо” гэх хүртлээ бэлтгээд тэгээд ёслолоо гүйцэтгэнэ дээ.

-Наадам ойртохоор цэцэрлэгт хүрээлэн рүү дөхөж буудалладаг. Машины дуу чимээ, хүмүүсийн хөл хөдөлгөөн, гэрэлтүүлгээс эхлүүлээд үргэх юм их. Тэнд буучихаар морьдын ааш аяг өөрчлөгддөг үү?

-Үргэх асуудал байна аа байна. Бэлтгэл хийж байхдаа бүхий л учирч болох саад бэрхшээлийг тооцоолно. Гэрлийн утас, хурд сааруулагч дээгүүр гардаггүй морь байна. Аль морь юунаас үргэхийг мэдэх боломжгүй учир бэлтгэлийн үеэр бүхий л талаар тэр бүгдийг тооцоолсон бэлтгэл хийлгэнэ. Чанга дуу чимээнээс үргэж болзошгүй учир манай ангийн үлээвэр найрал хөгжмийн салааныхан ирж тоглоход нь голоор нь гаргах зэргээр дасгадаг гэлээ.

Морьдынхоо өнгө зүсэнд анхаарах учир Туул голд оруулдаг. Эрт оруулчихаар шороон дээр хөрвөөчихдөг учир дөхүүлж байгаад усанд оруулна гэж Их Тугч нэмж хэлсэн юм.

Ийнхүү Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Есөн хөлт цагаан туг цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэх морьт торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Амжилт [202.21.117.194] 2023-07-05 09:11:09

Баяр хүргэе, Ёслолын үйл ажиллагааны үеэр нөөц морь хөтөлсөн /туслах малтчин бололтой/ нөхрийн хувцаслалт болон байгаа байдал нь дэг эвдээд эвгүй байдаг шүү түүнд анхаараарай хө Ялангуяа талбай дээр


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.