ГОЛ НУУР, ЗАСМАЛ ЗАМ ДЭЭРХ ЭЗЭНГҮЙ МАЛЫГ ЖУРАМЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Aдмин / Нүүр

Дэлгэр зун налайж хүн ардын аялал зугаалгын цаг хэдийнэ эхэлжээ. Улаанбаатараас орон нутгийг чиглэсэн замын ачаалал эрс нэмэгдсэнийг Тээврийн цагдаагийн алба мэдээлж байна. Тэгвэл орон нутгийг зорьж байгаа жолооч нарт замын турш сэрэмжтэй байх нэг зүйл нэмэгдсэн нь засмал зам дагуух эзэнгүй, хариулгагүй адуу мал. Сүүлийн үед малчид төв зам бараадан бууж, айраг цагаа зарах нь элбэг болсон. Тэдгээр малчдын мал бол төв зам дагуу л идээшинэ. Наймаа хийдэггүй малчид ч малаа хариулгагүй, эзэнгүй хаяж орхино. Төв зам дээр бол зуны улиралд минутын зөрүүгүй л машинууд зөрөлдөн давхилддаг. Тэр их хөдөлгөөнд нөгөө хариулгагүй адуу мал, хонь ямаа байнга өртөнө. Холын замд хурд авсан машин гэнэт зам дээр гарч ирсэн эзэнгүй адуу, үхэр, бог малыг мөргөж гэмтээдэг, цаашлаад аль аль нь амиа алддаг аюултай осол өдөр өнжилгүй гарч байгаа мэдээлэл замын цагдаад бүртгэгдсээр байна.

Халуун өдөрт адуу, хонь гэхэд л хар зам дагаад бөөн бөөнөөрөө хороод зогсчихдог. Хариулгагүй болоод удчихсан мал ингэх нь ч аргагүй. Техник гэдэг хүний санааны зоргоор зогсчихгүй, урдуур орсон мал амьтан өртөж л таардаг.

Малчид нь малаа зөнд нь хаячихаад гэртээ хэвтэж байдаг болоод удаж байна. Нэг ёсондоо өнөөдрийн монгол малчдын ихэнх нь ийнхүү дур зоргын мал аж ахуй эрхэлдэг болсон. Мал маллах ухаан гэдэг нь алдагдаж, амьтан болсон хойно мал нь өөрсдөө зөнгөөрөө бэлчээрлээд шөнөдөө хотоо бараадаж хонодог. Бараг мал нь малчдаа маллаж байдаг болсон цаг даа.

Малчид нь гэрээсээ дур хүрвэл нэг дуран тавьчихаад, хараанаас нь алдуурсан цагт мотоцикль эсвэл портероор давхиж очоод нөгөө хэдэн муу малаа хар хурдаар нь аахилуулж туугаад ирнэ. Бусад үед огт хайхрахгүй. Мал нь төв замаар хөндлөн гарах, зам дагуу идээшиж буйд огт сэтгэл чилээхгүй.

Жолооч нар нь ч тэр, мал дайраад өөрсдөө эрх биш амьд мэнд гарвал айлын мал дайрчихлаа гээд л айж, зугтаагаад яваад өгнө. Ийм явдал цөөн тохиолдол биш. Зам тээврийн ослын тодорхой хувийг эзэлдэг болчихсон. Тиймээс мал амьтан мөргөсөн, дайрсан хэрэг дээр зохицуулалт хийдэг болмоор байна. Малаа эзэнгүй хариулгагүй хаясан малчидтай хууль ярьдаг болох ёстой. Машин тэрэгнийх нь эвдрэлийг малаа маллагаагүй хаясан малчдаар төлүүлдэг болох ёстой. Малынхаа сүү мах, ноолуур бүх ашиг шимийг зөвхөн өөрсдөө авдаг малчдын хариуцлагагүй, залхуу зангаас болж хөндлөнгийн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч, бусад хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирмооргүй байна.

Дур зоргын мал аж ахуйн бас нэг томоохон жишээ бол Монгол орны хамгийн гоё, үзэсгэлэнтэй, байгалийн ач холбогдолтой гол нуурын эргээр малчид шавчихдаг үзэгдэл юм. Үүний тодорхой жишээ гэхэд л өнөөдөр хөл хорио тавиад байгаа Буйр нуур. Тус нуурын ус, хөрс бохирдсоноос болж мөнгөлөг хэлтэг загас үйл олноор хорогдсон ноцтой явдал саяхан гарсан.

Манайд байгаа лабораториуд нуурын ус, хөрснөөс микробиологийн дээж авахад нэг гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар E.coli, өвчин үүсгэгч Salmo­nella Shigella гэх нян илэрсэн гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдэгдээд байна.

E.coli гэдэг бол хүн малын гэдсэнд байдаг савханцар гэж байгаа. Зүгээр монголоороо хэлэхэд малын баас хүний баас хоёроос болж бохирдсон л гэсэн үг. Буйр нуурын ус, хөрс ингэж бохирдсон нь хятадууд зориудаар өвчин тараасан гэхээс илүү адууны хомоол адууны шээснээс үүдэлтэй гэдэг нь үнэнд нийцнэ. Монголын бүх баячууд адуугаа зүүн тийш нь нутаглуулдаг болоод удаж байгаа.

Ер нь адуу мал шавсан гол нуур дорхноо ширгэж, үгүй болдог. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 онд хээр тал болон говийн зааг дээр оршдог ус, намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц нуур гэгддэг Ганга нуур бараг бүтэн ширгэж байв. Гол шалтгаан нь Ганга нуурыг тойроод 20 мянга гаруй мал, мал сүрэг өдөржин бэлчээрлэдэг байсантай холбоотой гэж экологичид зарлаж байлаа. Тиймээс сүүлийн жилүүдэд мал амьтан ойртуулахгүй, хашаалж байж тус нуурыг сэргээхийг оролдсоор одоо л 2005 оныхоо түвшинд ирж байгаа таатай хэрнээ эмгэнэлтэй мэдээг салбарынхан саяхнаас ярьж эхэлнэ лээ.

Ганга нуурын адилаар ширгэж үгүй болж буй дараагийн нуур Аварга тосон нуур. 2022 оны байдлаар энэ нуурын усан мандлын талбай 25 хувь, усны дундаж гүн 50 хувь, усны эзлэхүүн нь 60 хувиар багасч ширгэсэн гэдэг судалгааг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас олон нийтэд мэдээлж байсан. Нөгөө л малчдын адуу мал нуурыг тойрон шавж, зуны халуун өдрүүдэд нуурын усанд өдөржин зогсон өтгөн, шингэнээ ялгаруулснаас үүдэлтэй. Ядаж л малын баас, шээс ус, хөрсөнд нь шингэсээр нуурын хамгийн чухал амьд бичил биетүүд өвчилж үхэж эхэлдэг. Жижиг булаг шандаар тогтохгүй нуур цөөрөм ширгээсэн бодитой ийм жишээнүүд байгаа хойно гол нуурын орчимд эзэнгүй, хариулгагүй адуу малыг ч журамлах шаардлагатай.

Тэр бүү хэл малыг услахдаа гол нуурын уснаас хаа дуртай газраар нь давхиулж оруулаад амаар нь ус уухыг хориглох хэрэгтэй байна гэж Өдрийн сонин бичээд олон жил болж байна. Гол нуурын уснаас усаа мал усалдаг онгоцонд хийж байгаад услах хэрэгтэй байна. Гэтэл өнөөдрийн малчид малаа эзэнгүй, хариулгагүй хаяж, өнөөдүүл нь зам дээр мөргүүлж аваар осол хийнэ. Эсвэл гол нуурын усан дээр өдөржин шавж, ус хөрсийг нь бохирдуулж, ширгээж орхино.

Бүр сүүлдээ газар тариалангийн бүс рүү шөнө оройн цагаар туугаад оруулчихдаг явдал ч хавтгайрах шинжтэй. Хаваржин үр тариа ногоо тарьж, зунжин усалж арчилж байсан тариаланчдын хөдөлмөрийг юман чинээ тоохгүй хэдэн малаа туугаад оруулчихдаг. “Гачуурт”-ын Л.Чинбат тариалан хадлангаа л хашаалсан байна лээ. Тэр тэгээд хэдэн дур зоргоороо мал дагаж яваа хүмүүсийн дургуйг хүргэсэн бололтой юм уу даа гэж хармаар. Сошиал сүлжээн дээр элдвээр л хэлээд байгаа. Малаа хариулгатай болгохыг шаардсанаараа хэдэн дур зоргын малчдыг ажил хийлгэчих гээд байгаадаа л буруудаж байх шиг.

Малчдын ийм нэг дур зоргын мал аж ахуй эрхэлдэг явдлыг журманд оруулж, хараа хяналт хариуцлага гэдэг үгийг малчдад бий болгомоор байгаа юм. Саяхан өргөн бариад буй Бэлчээрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ бүгдийг хуульчилж, цэгцэнд оруулж өгмөөр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Иргэн [64.119.19.230] 2023-07-05 09:16:18

Зун болхоор төв зам дагуу малчид дэндүү ойрхон бууж мал нь зам др хэвтээд машины сигналыг ч тоохоо больжээ. Үүнийг мус орон нутгийн нь харьяаны хамаарал бүхий байгууллага нь хариуцлага тооцдог . буух үёд замас хол буух зайг нь тогтоож өгмөөр санагдаж бна Үүнээс болж маш олон хүн машин тёхник амь насаараа хохирсон бгаа харагддаг. Малчид хуульд захирагдаж хохиролыг барагдуулдаг байх ёстой . Мал нь үхэхээр ттйм ч сайн үүлдрийн. хурдан удмын гээд гараад ирдэг юм билээ.

Зочин [66.181.160.14] 2023-07-04 21:26:13

Машин бол хүний эрхээр зогсдог юм шүү хө .....Буйр нуурыг адууны шээснээс бохирдсон гэж ямар ШУ нотловоо хө

Зочин [66.181.161.247] 2023-07-04 20:52:01

100 huvi demjij baina. malaa zambaraatai bailga geheer mah suu idedgui yu chi gej ireel hujaa bolgochdog umhii oorkuudiig yah ve? nogoo niisleld mal bailgahgui gesen yasan ovoljuuleed odoo bur hot dotor guu barih gej baishde

Зочин [103.26.194.54] 2023-07-04 15:43:25

Үүгээрээ юу хэлэх гэж оролдвоо Чинбатын зөв гэж хэлээд бх шив. Мэдээ.мн. Чинбатаас сүрхий шан хүртжээ гэж ойлголоо.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.