УЯАЧ ЭРДЭНЭЭГИЙН УЛААНХҮҮ: ТӨРИЙН НААДМЫН ТОРГОН ДЭВЖЭЭНЭЭС НААДАМЧИДТАЙГАА МЭНДЧИЛЭХ МЭДРЭМЖ ГАЙХАМШИГТАЙ ЮМ
Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан нийгмийн анхаарлын төв болж өндөрлөв. Морь бариач зурхай гишгэж амжаагүй байхад ирж яваа шүдлэнгийн өмнөөр хөндлөн давхиж үр дүнд нөлөөлж будилуулсан нь олны бухимдлыг түрүүлсэн юм. Морины комиссын зүгээс Засгийн газрын гишүүн З.Мэндсайханы хонгор үрээг түрүүлгэсэн шийдвэр гаргасан байдаг. Гэсэн ч эл шийдвэрээ эргэж харснаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны уяач Б.Пунцагбалжирын хар үрээг түрүүлснээр бүртгэсэн юм. Энэ шүдлэнгийн уяа сойлгыг Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүү тохируулсан байдаг. Хөдөөгийн хөх уяачдын тод төлөөлөл түүнтэй хөөрөлдлөө.
-Уяа сойлгыг нь тааруулсан хар шүдлэн тань төрийн наадамд торгон жолоо өргүүллээ. Уншигчидтай баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Их баяртай байна аа. Анх удаа төрийн наадамдаа бараалхаж Хүй долоон худагт наадлаа. Газар газрын л сор болсон шандаст хүлгүүд энд чуулж байна шүү дээ. Хар үрээгээ түрүүлгээд Төв цэнгэлдэх хүрээлэндээ орж энэ их баяраа монгол түмэнтэйгээ хуваалцлаа. Гайхамшигтай дурсамж бүтээлээ. Цэнгэлдэхэд цугласан олны уухайн түрлэгийг сонсоод морио ямар их дээдэлдгийг нь илүү сайн ойлголоо.
-Та улсын наадамд хар үрээгээ л бэлтгэж авч ирсэн гэв үү?
-Би өмнө нь бол аймаг, бүсийн наадмуудад л уралддаг байлаа.
Ер нь л айраг, түрүү авчихаад байсан юм. Энэ жил улсын наадамд уралдахаар зорьж хар шүдлэнгээ бэлтгэсэн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард л барьж, ажлаа эхэлсэн. Хавар их сайхан хөнгөхөн байхад нь улсын наадамд уралдахаар сэтгэл шулуудсан даа. Хар үрээгээ дааган насанд нь огт уралдуулаагүй. Шүдлэн насанд нь төрийн наадамдаа сойгоод ийм ажилт үзүүллээ.
-Та битүү үрээгээ төрийн наадамд сойсон хэрэг үү?
-Тэгж хэлж болно. Сэцэн ханы хурдад давхиад л улсын наадамдаа ирсэн. Энэ жил Луус суманд ногоо эрт гарсан. Эрт ногоо зуусан адуу хурдалдаг гэж өвгөн уяачид хэлдэг шүү дээ. Тэр жишгээр л хар үрээ минь сайхан хурдаллаа.
-Төрийн наадамд өнгөлөөд ирнэ чинээ санаж байв уу?
-Би анх удаа л төрийн наадамд морио тавьж байгаа хөдөөгийн уяач. Алдарт, тод манлай уяачид цөмөөрөө сууж байхад битүү шахам үрээгээ түрүүлнэ гэж яаж санаанд буух билээ. Хар үрээний маань уяа нь хөнгөхөн, сайхан таарахад нь эхний аравт ирэх болов уу л гэж хүлээж байлаа. Өнгөлөөд ирэхэд нь магнайгаа хагартал баярласан даа. Уясан хүлгээ төрийн наадамд айрагдуулах мөрөөдөл минь бодитоор биелсэн.
-Хар шүдлэнгээ хүлээж зурхай дээр зогсоход юу бодогдож байв?
-Наадамчдын адил том дэлгэцээр л уралдаан үзсэн. Газар газрын хурд чуулсан том наадамд хар үрээ минь өнгөлөөд гараад ирэхэд их догдолсон шүү. Байж сууж чаддаггүй юм билээ. Унаач хүүдээ л итгэж байлаа. Ямартаа ч эхний аравт ирэх нь гэх бодол төрсөн. Түрүүлчихнэ чинээ даанч санасангүй.
-Морь бариач хар шүдлэнгийн өмнүүр хөндлөн дайрч будилаан үүссэн шүү дээ. үүнийг хараад ямар дүгнэлт хийж байв?
-Яг тухайн үйл явдлыг тэр мөчид анзаараагүй ээ. Өнгөлсөн үрээ маань барианы тавилан руу хөндий зайтай түрүүлж байхыг хармагцаа хойшоо морины хашаа руу шууд давхичихсан. Хар шүдлэн маань хашаанд орж ирэхэд унаач хүү маань түрүү байрын пайз барьчихсан зогсож байлаа. Хараад хөл газарт хүрэхгүй тийм их баярласан. Хоолой зангираад дуу ч гардаггүй юм билээ. Үгээр илэрхийлэх аргагүй л сайхан байсан. Энэ их замд хөтөлсөн багш минь, эрдмээ харамгүй хайрладаг хөх уяач өвгөд минь, төрүүлж өсгөсөн аав ээж, хань ижил минь нүдэнд харагдаад байлаа.
-Тухайн үед морины комиссын зүгээс таны хар шүдлэнг аман хүзүүнд барьсан талаар мэдэгдсэн шүү дээ. Энэ шийдвэрийг сонсоод та гайхав уу?
-Анх удаа улсын наадамд морь уралдуулаад айраг амссандаа баярлаж л байлаа. Юунд нь гайхаж, харамсах билээ дээ. Цахимд олон хүн шийдвэрийг эсэргүүцэж байсан ч хувийн зүгээс нэг их эсэргүүцэж, маргаан мэтгээн үүсгээгүй ээ. Энэ чинь төрийн их баяр цэнгэл наадам шүү дээ. Янз бүрийн хэл ам хийхийг бодоогүй. Ард нийтээрээ баярлаж байхад хэрүүл тэмцэл хийх нь зохимжгүй шүү дээ. Комиссын зүгээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байлаа. Гэтэл массын зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж цахимд давлагаа өрнүүлсэн. Ямар олон хүн морь үзэж, сонирхдогийг тэгэхэд л мэдэрсэн. Баяр наадам зохион байгуулах комиссын зүгээс шийдвэрээ эргэж харснаар хар шүдлэнг маань түрүүлснээр бүртгэсэн. Аман хүзүүдсэн шарга үрээний маань эзэн ч морины комисст албан ёсоор хүсэлт гаргасан юм билээ.
-Анзаарахад үзүүрийн уралдаанд унаач хүүхдийн ухаан их зүйлийг шийдээд байгаа харагддаг. Сая таны хар үрээг ямар хүүхэд унаж уралдав?
-Миний хар үрээг Алтангадас гэж хүү унаж уралдсан. Яг л манай голын хүүхэд л дээ. Моринд их дуртай. Өнгөрсөн жил л над дээр ирсэн. Бид анх удаа төрийн наадамд уралдаад л түрүүллээ. Унаач хүүдээ талархал илэрхийлье.
-Энэ жил та зөвхөн хар үрээгээ л уясан юм уу. Өөр ямар наадамд уралдав. Ямар амжилт үзүүлэв?
-Энэ жил 30 орчим морь уясан. Наадмууд давхцаад тэр бүрийгээ дагаж чадсангүй. Сумын наадамд манай уяаны хоёр азарга угсарч орсон тухай мэдээг сая дууллаа. Хязаалан маань ч сайхан уралдаж айрагдсан байна. Гэх мэтчилэнгээр ганзага дүүрэн сайхан л наадаж байна даа.
-Та ингэхэд хэдэн жил морь уяж байна вэ. Таны өвөө, аав тань морь уяж байсныг нь мэдэх юм.
-Би гурван үеийн удамт уяач л даа. Аавын талд ч, ээжийн талд ч сайхан морь уядаг улс олон бий. Миний тухайд хүүхэд байхдаа л ах нарыг дагаж морь уяхыг нь анхааралтай ажиглаад дагаад явдаг байлаа. Энэ зуураа ажилд тусална. Ингэж явахдаа энэ их өв соёлоос суралцсан гэж хэлж болно доо. Адуутай ойрхон орчинд өссөн учраас зөнгөөрөө л уяач болсон. 2013 оноос хойш л өөрөө морь уяж байна. 10 жилийн ар дээр л төрийн наадамдаа шүдлэн үрээ түрүүлгэлээ.
-Таны багш ямар хүн байдаг вэ?
-Чулуунбаатарын Алтансүх гэж их уяач байлаа. Энэ их баяраа багштайгаа хуваалцаж чадахгүй, хөнгөн гуниг төрж л байна. Мэндсэн бол ямар их баярлах байсан бол доо. Багш минь дээрээс хүүгээ харж байгаа байх аа.
-Таны унасан газар Луус сум ч хурдтай нутаг шүү дээ. Өмнө нь хэд хэдэн морьд улсын наадамд түрүүлж байсан санагдана.
-Гурав дахь түрүү нь энэ. Анх 2008 онд Ардын хувьсгалын 86 жилийн ойн их баяр наадамд эгэл жирийн малчин манлай Д.Эрдэнэчулуун ах маань хар морио улсын наадамд түрүүлгэж байлаа. Дараа нь аймгийн алдарт уяач С.Шинэбаатарын од хээр даага торгон жолоо өргүүлсэн. Энэ жил миний хар шүдлэн түрүүллээ.
ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Иргэн [59.153.112.151] 2023-07-19 08:42:07
Одоо цагт ховордсон цөлх сайхан монгол эр бна даа