“БИ ЭЭЖДЭЭ АМЬД Л ОЧИХ ЁСТОЙ” ГЭЖ ШҮД ЗУУН, ДОЛОО ХОНОГ МӨЛХӨЖ АЮУЛААС АВРАГДСАН Ц.ТҮМЭНДЭЛГЭР
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС...................................
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. Хичнээн дулаан хувцастай байсан ч удаан хугацаагаар гадаа алхана гэдэг бүр ч амаргүй. Тэгвэл Цэрмаагийн Түмэндэлгэр гэдэг залуу идэр есийн хүйтэнд эзгүй говьд зургаан шөнө, долоон өдрийг дан дээлтэй мөлхөж өнгөрүүлжээ. Мотоциклиос унаж хөлөө бэртээсэн тэрбээр өл залгуулах ямар ч хоол, ундгүй цасан шуургатай хахир өдрүүдийг туулсан юм. Ц.Түмэндэлгэр өөрт тохиолдсон эл аюулыг сөрж, давж чадсанаараа монгол эр хүний тэсвэр тэвчээрийг илтгэн харуулах шиг. Энэхүү бахархууштай үйл явдлыг уншигчидтайгаа хуваалцахаар өмнийн цэнхэр говийг зориод ирлээ.
Ц.Түмэндэлгэр Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багт амьдардаг, эгэл жирийн малчин. Энэ баг Өмнөговь аймгийн хамгийн захад орших сумын нутаг болохоор хилтэй ойр. Харин төв суурин газраас бас ч гэж зайтай. Гол баатар маань Номгон сумын уугуул. Тэнд л төрж, өсч, малаа маллан амьдарч яваа нэгэн. Эхээс тавуулаа бөгөөд дөрвөн дүүтэй. Тэдний хоёр нь өрх тусгаарлажээ. Өдгөө 37 настай Ц.Түмэндэлгэр ээж, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Тэднийгээ асарч, ар гэрээ авч явдаг ганц хүн нь юм билээ. Тавдугаар ангид орсон жилдээ сургуулиа орхиж, мал дагажээ.
Энэ залуугийн яриаг ажиглаад байх нь ээ, олон зовлон бэрхшээлийг туулсан бололтой. Хэр баргийн юманд бүдрээд байхааргүй нэлээд хатуужилтай, дээрээс нь үг яриа цөөтэй, ёстой нэг гүндүүгүй монгол эр шиг санагдсан. Харин тэрбээр эзгүй хээр талд олон хоногийг өнгөрүүлсэн тухайгаа ярихдаа "Унтах л юм бол аюулд орно. Би ээждээ амьд л очих ёстой" хэмээн өөртөө байн байн сануулж байсан гэнэ лээ. Тэрбээр 2013 оны нэгдүгээр сарын 19-25-ны хооронд ор сураггүй байсан юм. Ийнхүү малчин залуу Ц.Түмэндэлгэр амьдралын төлөө үхэлтэй хэрхэн тэмцэлдсэн тэр өдөр хоногуудын үйл явдлыг сийрүүлье.
Нэгдүгээр сарын 19. Цагаан сар болоход 20-иодхон хоног дутуу байв. Ц.Түмэндэлгэрийн ээж, дүү нар нь баярынхаа бэлтгэлийг базаахаар төв суурин газар руу явчихсан эзгүй байлаа. Гэртээ ганцаар үлдсэн Ц.Түмэндэлгэр өглөө эрт босч цай юугаа чанахаас өгсүүлээд мал хуйгаа тойглох ажил түүнд оногдов. Энэ өдөр дөрвөн ес эхэлж байсан болохоор тэр үү тэнгэр хангай тийм ч сайнгүй байж. Ц.Түмэндэлгэрийг өглөө эртлэн босоход урд өдрийнхөөс нэлээд жихүүндүү байсан гэнэ. "Ээж, дүү нар нь маань өнөөдөр ирнэ. Тэнгэр муудаж, замдаа саатчих вий дээ" гэж тэрбээр санаа зовнин хүлээж байжээ. Тиймээс мань хүн тэднийгээ ирэхэд нь дулаан гэрт, халуун цайтай угтана гэсэн бодолтой малаа тийм ч хол бэлчээгээгүй байна. Тэднийх бог малтай бөгөөд дийлэнх нь ямаа ажээ. Бага үдийн алдад Ц.Түмэндэлгэр гэртээ ойр зуурын ажил хийгээд сууж байтал өрх нь дэрвэлзэж, юу юугүй цасаар шуурах нь бололтой ганц нэг хаялж эхлэв гэнэ. Шалавхан гараад хартал ойр хавьд мал нь харагдсангүй. "Өнөөх гайхлууд чинь салхинд туугдаад явчихлаа шүү" хэмээн бодсоор хам хум малгайгаа өмсч, бээлийгээ гартаа углаад гарчээ. Шуудхан мотоцикльдоо мордож, "Шар нохойт" гэдэг газрыг чиглэн хурдлав. Энэ газар дов толгодтой, хад чулуу ихтэй аж. Гэрээсээ 3-4 км хэртэй холдтол малынх нь бараа харагджээ. Ц.Түмэндэлгэр мал руугаа дөхөж ирэнгүүтээ хурдаа багасгав. Хонь, ямаагаа захлан түрүүчийг нь эргүүлэхээр жолоогоо чиглүүлж, бартаан дундуур аядуу явж байлаа. Гэтэл саад тулгарч жолоогоо огцом дартал онхолдон унажээ. Энэ осол түүнийг хөдөө зэлүүд газарт олон хонуулна чинээ хэн санах билээ. Мань эр мотоцикльдоо даруулж газарт унангуутаа шуудхан босоод иржээ. Аминдаа унаагаа босгоод давхичих санаатай дээшээ өндийтөл толгой нь эргэж, хөл нь гуйван тэнцвэрээ олж чадсангүй. Онхолдонгуутаа шоконд орж, өвчнөө ч мэдрэлгүй боссон бололтой. Гэтэл түүний зүүн хөл нь маш их өвдөж байхыг анзаарч гэнэ. Газарт сууж байгаад гутлаа тайлан хартал нарийн шилбэ нь хугарчихсан байж. Яах учраа олохгүй мотоциклио налан суужээ. "Ямартай ч энэ хэдэн малаа эргүүлчихлээ" хэмээн боджээ. Хонь ямаа нь ч гэрийнх нь чигтээ бэлчиж байгаа харагдав. Азаар цасан шуурга тавьсангүй. Ц.Түмэндэлгэр тэндээ нэлээд удаан суужээ. Нар ч жаргав. Тэрбээр суусаар л байлаа. Босъё босч болохгүй, холбоо барих гээд гар утас ч үгүй явсан учраас хэн нэгэн хүрээд ирэхийг найдан хүйтэн цасан дээр бүрий болтол сууж өнжжээ. "Одоо гэрийнхэн маань төвөөс ирчихсэн байгаа даа. Намайг хайгаад ирчих ч юм бил үү" гэж бодсоноо "Өвчтэй ээжийн маань санаа зовох вий дээ. Дүү нар маань ч явган нүцгэн яаж хайх билээ" гэж түмэн зүйлийг эргэцүүлнэ. Цаг ч орой болж Ц.Түмэндэлгэр нэлээд жиндэж, даарч байгаагаа сая анзаарчээ. Тэрбээр тухайн үед ердөө ноосон цамцан дээр нэг тэрлэг давхарлаж гадуураа юүдэнтэй нимгэвтэр куртка угласан байжээ. Харин гутлын хувьд оймсон түрийтэй орос бахиал өмссөн байв гэнэ. Тэрбээр ингэж осолдоно чинээ огтхон ч санаагүй нь мэдээжийн хэрэг. Өдөр бүр ийм л хувцастай мотоциклиор малаа хариулдаг хойно доо, арга ч үгүй болов уу. Сүүлийн найман жил мотоцикль унаж буй тэрбээр урьд нь ямар нэгэн осол аваарт өртөж байгаагүй гэсэн.
Шөнө дөл болов. Нохой явган гахай нүцгэн гэгчээр Ц.Түмэндэлгэр тэндээ өглөө болохыг хүлээн суулаа. Өвчтэй хөлөндөө шаналан шөнө цурам ч хийж чадсангүй. Харин ээж, дүү нар нь гэртээ ирж, түүнийг гэрээ эзгүй орхиод явсанд тун гайхацгаажээ. Мал нь гэрийнхээ хаяанд байхад хаашаа явчихдаг хүүхэд вэ гэж ижий нь санаагаа чилээж гэнэ. "Эсвэл сум орон нутаг руу бидний өөдөөс явчихав уу. Замд таараагүй дээ" гэж бас бодов. Хүүгийнхээ араас сэтгэл нь гэгэлзсэн Цэрмаа гуай тайван унтаж чадаагүй байна.
Нэгдүгээр сарын 20. Үүрээр нэлээд хүйтэрч, Ц.Түмэндэлгэр даарч, хурдхан нар мандахыг тэсэн ядан хүлээж сууна. Нар ч мандлаа. Салхи тогтуун, сайхан өдөр болох шинжтэй хэмээн тэрбээр дотроо цухас баярлав. "Хэрэв намайг олохгүй бол би эндээс хөдөлж, харьж чадахгүй. Эсвэл би авто зам руугаа ойртох хэрэгтэй. Тэгж байж амьд гарна. Эзгүй талаас хэн л намайг олох билээ" гэж боджээ. Ядаж байхад говийнхон хангайнхантай адил айл саахалтаараа багшралдаад байхгүй. Хамгийн ойр айл нь 2.5 км зайтай байдаг. Тиймээс Ц.Түмэндэлгэр өөрийг нь хэн нэгэн тэндээс олно гэдэг бараг худлаа гэж боджээ. Хөл нь янгинаж, шөнөжин тарчилсан болохоор мань эр яах учраа олохгүй л байлаа. Ядаж байхад ходоод нь хонхолзож, өлсч байгаа гэж жигтэйхэн. "Ямартаа ч зам руу дөхье. Тэр нь хамгийн зөв арга, замын унаа тааралдвал хот суурин газар руу дөхөх боломжтой" гэж дэмий л ганцаараа үглэнэ. Авто зам түүний барагцаагаар гэрээс нь холгүй санагджээ. "Шар нохойт"-оос гэр нь 3-4 км-ийн зайтай бол тэндээс авто зам хүртэл 1-2 км гэнэ. Ингээд мань эр зам руу мөлхөхөөр шийджээ. Зүүн хөл нь шилбээрээ хоёр хугарсан тэрбээр дөрвөн хөллөөд мөлхөж болохгүй. Эхэндээ хөлөө жийж суусан чигтээ хоёр гараараа газарт тулан ухарчээ. Гэвч шальтай явж чадсангүй. Тав зургаахан метр хэртэй зүтгээд цуцжээ. Ам нь цангаж, өлсөхийн эрхэнд цас руу нүүрээ наав. Цаснаас гартаа базаж байгаад иднэ. Гэвч огт амны цангаа нь гараагүй байна. Ямартаа ч зам руу зүтгэх ёстой гэж тэмүүлсээр байв. Ядаж байхад тэр хэсэг чулуу ихтэй болохоор арай ядан аврал эрэн зүтгэх түүнд том саад болж байжээ. Тэрбээр хоёр метр хэртэй мөлхөж, амсхийхдээ цас иднэ. Тэрбээр энэ өдөр 200 орчим метр мөлхсөн байна. Шөнө гавьтай газар хороож чадахгүй болохоор нөмөр газар бараадав. Хадны нөмөрт сууж, үүр цайлгая гэж шийджээ. Шөнөжин юу эсийг бодохыг хэлэх вэ. "Ээж маань яаж байгаа бол, дүү нар малаа маллаж чадаж байгаа болов уу даа" гэхчилэн янзан бүрийн бодлоор өөрийгөө саатуулан цаг аргацаана. Гэнэтхэн "Хэн нэгэн энүүгээр явж байгаа болов уу" хэмээн чимээ чагнавч эзгүй талд Ц.Түмэндэлгэрийн өөрийнх нь амьсгалаас өөр юу ч сонсогдсонгүй. "Ийм аниргүй байхад орилж хашгираад яах ч билээ" хэмээн өөрийгөө тайвшруулна.
Нэгдүгээр сарын 21. Нар мандахад шөнөжин даарсан мань эр бага ч болов бүлээцэв. Тэрбээр "Унтаж л болохгүй. Тэгвэл хөлдөж үхнэ" гэж хоёр алгаа хооронд нь үрж, нүүрээ барин сууна. Хоёр өдөр хэлэн дээрээ цаснаас өөр юу ч тавиагүй тэрбээр ядарч туйлдан хөлнийхөө шарханд ч бүр эмзэглэнэ. Нойр нь хүрэх боловч "Энэ хөл зэргийн юм яахав. Шөнө л унтаж болохгүй. Би ээждээ амьд очих ёстой" гэж байн байн өөрийгөө сэргээнэ. Хадны нөмөр бараадаж шөнийг өнгөрүүлсэн тэрбээр гэгээ ормогц л зам дөхөхөөр урагшилжээ. Өмнөх өдөр хоёр алгаараа газарт тулж явсан нь хамаг биеийг нь хөндүүр болгожээ. Ингээд баруун гараараа газарт тохойлдож, хөлөө чирсээр хажуулдан мөлхөв гэнэ. Нэг хоёрхон метр яваад л цуцна. Зам ойрхон байгаа гэж өөрийгөө зоригжуулан амьсгаагаа дарангуутаа л мөлхөөд байжээ. Ам цангахын эрхэнд цасаар амаа дүүргэх боловч ямар ч нэмэргүй. Сүүлдээ хэл ам нь өвдөж, хоолой нь хөндүүрлэжээ.
Аргаа барахдаа өөрийнхөө усыг алган дээрээ тосож уужээ. Амных нь цангаа бага ч болов тайлагдах шиг болж гэнэ.
Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч Ц.Түмэндэлгэрт тохиолдов. Үд хэвийх алдад нэг зүүрмэглээд сэртэл хажууханд нь мал ирсэн байж. Тэрбээр ихэд баярлажээ. "За энэ чинь хэний мал вэ" гээд хартал нүд нь бүрэлзээд нэг л сайн таньж чадахгүй байж. "Малаа хариулахаар хэн нэгэн ирж л таарна" хэмээн баахан горьдсон боловч дэмий хүлээжээ. Хэн ч ирсэнгүй гэнэ. Эхний өдөр 200 метр мөлхөж байсан Ц.Түмэндэлгэр шальтай ахихаа больжээ. Замдаа хэд хэд амран байж энэ өдөр ердөө 100-гаадхан метр газар л хороосон байв. Өөрийгөө хүчлэн мөлхөх үед Ц.Түмэндэлгэр тийм ч даарч дагжирдаггүй байж. Харин үүр шөнийн заагаар л маш их даардаг байжээ.
Энэ шөнө тэрбээр мөн л хадны нөмөрт хоног өнгөрүүлэхээр шийджээ. Хавирган сарны бүдэг гэрэлд цасанд дарагдсан цэлийсэн тал улам гэгээ нэмэх мэт харагджээ. Ойр хавьд нүдэнд торох юу ч үзэгдэхгүй. Гэтэл шөнө дөлөөр чоно улих чимээ түүнд сонсогджээ. Бүр хэдхэн зуун метрийн зайтай явж байгаа нь ч мэдрэгдэж гэнэ. Ц.Түмэндэлгэрийн хувьд айдсыг ардаа орхисон байв. Говийн чоно галзуурчихаагүй л бол арай ч хүн барьж идэх дээрээ тулаагүй дээ хэмээн тайван сууж байжээ. Үүр хаяарах үеэр тэрбээр гэнэтхэн цочиж сэржээ. Өөрийн мэдэлгүй зүүрмэглэсэн нь тэр байж.
Нэгдүгээр сарын 22. Гэрээсээ холддоггүй Ц.Түмэндэлгэр сураг тасраад гурав хонолоо. Цэрмаа гуай сум орон нутаг руугаа хэл хүргэжээ. Мотоцикльтой яваад сураггүй болсон хүүгийнх нь араас Номгон сумын захиргаа эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд тус сумаас эрлийн хоёр баг гарч, Ц.Түмэндэлгэрийг хайжээ. Ямар ч ул мөргүй алга болсон түүнийг хаа сайгүй хайсан байна. Харин ар гэрийнхэн нь мэддэг, чаддаг гэсэн үзмэрч, төлгөч нарт ханджээ. "Танай хүүхэд амьтай голтой явна" гэж хэлэх нэгэн байхад "Амиа хорлочихсон гэж төлгө буулаа" хэмээн Цэрмаа хөгшний сэтгэлийг өвтгөх төлгийг зарим үзмэрчид хэлж байжээ. Ингээд эрлийн багийнхан үзмэрчдийн хэлсэн газруудаар эрж гэнэ. Гол ус гээд л яваагүй газар үгүй гэнэ. Энэ өдөр эрлийн багийнхан шөнө дөл болтол ажиллаад мухардаж, маргааш нь үргэлжлүүлэн хайхаар болов.
Тэр хойгуур нутаг усанд нь Ц.Түмэндэлгэрийн талаар таагүй цуу дэгджээ. "Хөөрхий залуу сэтгэлээр унаж, хоолойгоо боомилсон гэнэ лээ", "Хөлдөөд амиа алдсан гэсэн" гэх зэргээр амнаас ам дамжин ярих болжээ.
Нэгдүгээр сарын 22-ны тэр өдөр хүйтэн цасан шуургатай байсан болохоор эрлийн багийнхан Ц.Түмэндэлгэрийг олоход саад болсон бололтой. Харин мань эр үхэлтэй тэмцэлдсээр шуурга сөрөн мөлхөж байсан юм. Гурван шөнө, дөрвөн өдөр түүний хувьд маш хурдан өнгөрчээ. Зүг чигээ алдаж болохгүй, энэ хавьд зам байгаа гэж өөртөө итгэсээр мөлхөж байв. Гэнэт мотоциклийн дуу түүнд сонсогджээ. "Би энд байна" гээд орилох гэтэл дуу нь гарсангүй. Мотоцикль, машины дуу улам тодорч түүнийг чиглэн ирж байгаа бололтой. Төөрсөн залуу ихэд баярлан өндийлөө. Харамсалтай нь машин, мотоциклийн гэрэл түүнээс холгүйхэн ирээд буцчихлаа.
Үргэлжлэл бий.
М.МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [95.82.134.241] 2023-07-23 14:52:41
2013 оны 1 сарын 19-25 гэж бичсэн байна.
Мэдээллээ бүрэн өгөөч, сэтгүүлч ээ. [66.181.160.116] 2023-07-23 03:13:50
Хэдэн оны үйл явдал юм бэ? Энэ оных юм уу? 20-30-40-50 жилийн өмнөх юм уу?
төмөрөө [202.70.42.147] 2023-07-25 21:54:01
эээ мэдэхгүй бүүр дээр үеийнх байх тээ ха ха мэдрэл муу хүний зохиол байх ямар ч ..munhtsetseg uraaaa mundag duuuuraaa ийм тэнэгүүдээр баян болтугай хаха
нямжав Тэгшжаргал [103.161.242.135] 2023-07-22 10:43:32
urgelel ni hn bgn
Зочин [66.181.160.32] 2023-08-01 20:35:11
Болсон явдал гэсэн шүү