Үер, хэт халалтаас шалтгаалж гэдэсний халдварт өвчин нэмэгджээ

Aдмин / Эрүүл мэнд

Үерийн үеэр болон дараа гэдэсний өвчлөл нэмэгдэх аюултай байдаг. Гэдэсний халдварт өвчин нь нян, вирус хүний биед орсон тохиолдолд өвчлүүлдэг. Тус вирус нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэдэг ажээ.

Гэдэсний халдварт өвчлөлийн 252 тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд хэт халалт үргэлжилж байна. Харин долдугаар сард их хэмжээний бороо орж, нийслэл хотод үерийн аюул нүүрлэсэн билээ. Тэгвэл энэ үед улсын хэмжээнд гэдэсний халдварт өвчний өвчлөл нэмэгдээд байна.

Тодруулбал, энэ сард 252 тохиолдол бүртгэгджээ. Ингээд гэдэсний халдварт өвчин нь нийт халдварт өвчний 63 хувийг эзэлж байгаа гэсэн статистик мэдээлэл байна. Тиймээс ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэг гаргаад байна. Хэрэв таны орчин тойрон үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйтгэж, бохир хог хаягдалд халдваргүйтгэл хийх хэрэгтэй ажээ.

Учир нь үерийн далан, суваг шуудууг бөглөснөөр хүний өтгөн, шингэн үерийн устай хамт урсдаг юм байна. Энэхүү арга хэмжээг авахгүй бол савханцар, бактер, вирус гээд өвчин үүсгэгч шимэгч, нянгууд тархдаг. Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол гараа бохирдох бүрт нь савантай усаар 20 секундын турш үрж угаах, гадуур хувцас гуталаа гэртээ орж ирээд солих, бохир гараар хүрсэн эд зүйлээ cпиртэн суурьтай ариутгагч шингэн ашиглан ариутгах ажээ. Жишээлбэл, бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, түлхүүр болон задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

3800 гаруй хүн гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн

Мөн ахуйн хэрэглээнээс гарч буй хатуу хог хаягдлыг ил задгай хаях, булах, устгах зэрэг нь агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог ажээ. Тиймээс хог хаягдлаа ус нэвтрэхгүй, шавьж мэрэгч орохооргүй, бат бөх, битүүмжлэл сайтай түр хадгалах саванд хийснээр өвчлөлөөс өөрийгөө болон хайртай гэр бүлээ сэргийлэх боломжтой юм.

Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны ахлах сувилагч Н.Сарантуяа “Энэ долдугаар сард өрхийн эмнэлэгт хандаж буй иргэдийн 65 хувь нь гэдэсний халдварт өвчлөлд өртсөн хүүхдүүд байна. Ялангуяа цусан суулга өвчин ихсэж байгаад болгоомжлол төрж байна. Учир нь энэ вирус нь их амархан шингэн алдуулж, хүүхдийг тамирдуулдаг аюултай.

Үүнээс болоод амь нас нь эрсдэхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс эцэг эхчүүд болгоомжтой байж, энэ их халалт болон үерийн үед ариун цэврийг дээд зэргээр сахиж, хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглээрэй гэж зөвлөе” гэсэн юм. Үнэхээр одоогоор нийслэл хотын хэмжээнд цусан суулга өвчний тархалт их байгаа бөгөөд сүүлийн сарын тоон үзүүлэлтийг харахад энэ төрлийн хам шинжтэй 123 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 10000 хүн амд 0.81 байгаа нь өмнөх оны мөн үеэс 37 тохиолдлоор өссөн үзүүлэлт байна. Харин он гарсаар 490 гаруй хүн цусан суулгаар өвдсөн аж. Үүнээс гадна вируст хепатит өвчний 38 тохиолдол бүртгэгдсэний вируст хепатит В 55.3, вируст хепатит С 44.7 хувийг тус тус эзэлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч н.Амгалан "Дулааны улиралтай холбогдуулан агаар дуслын халдварын тохиолдол буурсан. Гэвч үер усны болзошгүй аюулаас шалтгаалан гэдэсний халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Наадмын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихэсжээ. Он гарсаар 3800 гаруй хүн гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн. Үүний 70-80 хувь нь гар, хөл, амны өвчин байна. Уг өвчнөөр ихэвчлэн 0-4 насны хүүхэд өвддөг” гэв.

Цусан суулгын нян хүнд бохир гар, хоол хүнсээр дамжин халдварладаг

Нийт халдварт өвчний тархалтыг харвал Баянзүрх, Сонгинохайрхан, Багануур дүүрэгт хотын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа юм байна. Мөн ундны устай холбоотой гэдэсний халдвар авах тохиолдол их байна. Түүнчлэн гэр хорооллын нүхэн жорлонгоос гадаад орчинд тархаж буй нян бактери хамгийн эрсдэл өндөртэй байдаг ажээ.

Агаараар дамжиж хүний биед олон төрлийн халдварыг дамжуулдаг гэнэ. Хүнээс ялгарах нэг грамм өтгөнд нэг их наяд нян, бактери байдаг. Тиймээс нүхэн жорлонд байгаа нян хөрсөнд шингэж, гараар дамжин гэдэсний халдварт өвчин үүсгэдэг юм байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга З.Болормаа “Гэдэсний халдварт өвчний тохиолдлуудын 90 гаруй хувийг цусан суулга өвчин, 4-5 хувийг сальмонеллёз буюу нянгаар үүсгэгдэж, ходоод гэдсийг үрэвсүүлдэг өвчин, үлдсэн 2-3 хувийг хоолны хордлого эзэлж байна. Цусан суулга өвчин нь өвдөөгүй боловч халдварын нянг тээж буй хүнээс нөгөө хүнд бохир гар, хоол хүнсээр дамжин халддаг.

Бохирлогдсон хоол хүнсэнд бидний шууд хэрэглэдэг жимс жимсгэнэ, хүнсний ногоо, боловсруулаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн орно. Мөн үүсгэгч нян нь хөрсөнд 2-4 сар, сүү сүүн бүтээгдэхүүнд 2-60 хоног, усанд хоёр сар амьдрах чадвартай” гэсэн юм.

Цусан суулгаар өвдсөн хүний эхний шинж тэмдэг нь хордлого ажээ. Тодруулбал, халуурах, бөөлжих, толгой, хэвлий өвдөх, олон хоног гүйлгэх, хоолны дуршилгүй болох, тамирдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Гэдэсний халдварт өвчнөөр голдуу нялх хүүхэд, 65-аас дээш ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхүүд болон дархлаа сул хүмүүс өвчлөх магадлал өндөр байдаг ажээ.

ЭКСПЕРТИЙН ҮГ

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа: Хэт халалтын үед хоол хүнсээ зөв сонгох нь чухал

-Гэдэсний халдварт өвчний улиралчлал зургадугаар сараас эхэлдэг. Үүнтэй уялдуулан зөвлөмж сэрэмжлүүлгийг манай байгууллагаас иргэдэд тухай бүрд нь түгээж буй. Тухайлбал, иргэд гараа дарааллын дагуу угаах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, гэдэсний халдварын зовиур илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах, эмчээс зөв эмчилгээг заалгаж авах, хэт халалтын үед хүнсээ зөв сонгож хадгалах, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад ангилах, хоол ундаа бүрэн болгох, хурдан хугацаанд муудах хүнс ууж идэхгүй байх, орон нутгийн иргэдээс амны усны талаар мэдээлэл авах зэргээр өөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасгийн арга зүйч сувилагч З.Ариунжаргал: Цусан суулга өвчний дамжих гол зам нь бохирдсон хоол хүнс

-Цусан суулга өвчин нь шигелийн төрлийн нянгаар үүсгэгддэг, хордлого ба бүдүүн гэдэсний үрэвслийн хам шинжээр гол төлөв илэрдэг гэдэсний цочмог халдварт өвчин. Дамжих гол зам нь бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин халдвар биед ордог. 2-4 насны хүүхдүүд уг халдварт илүү өртөмтгий байдаг. Өвчтөн халуунтай байвал энгийн аргаар халууныг нь буулга. Амаар халуун бүлээн шингэнийг ойр ойрхон багаар уулгана. Уух шингэн нь байхуу цай, хярам, буцалсан бүлээн ус байж болно. Мөн халуунтай үед дух, суга, цавинд хүйтэн жин тавина. Олон удаа суулгаснаас хүүхдэд шингэн дутагдаж хордлогод ордог. Тиймээс хоросол буюу шингэн сэлбэх давсны уусмалыг өгөөрэй.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [139.5.218.155] 2023-08-02 23:32:00

Үнэн үү? Байгаль цаг агаар руу бурууг чихдэг муухай зангаасаа Монголчууд хэзээ татгалзах вэ? Гудамжинд ил задгай зарагдаж байгаа жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг хориглооч ээ. Наранд хэдэн хоног халсан жимс ногоог зараад байна вэ? ТҮЦ-үүд ямар ч баталгаагүй хоол хүнс хөргөгчинд биш ил тавьж зарж байгааг яах вэ? Эдгээр нь чухамдаа хоол хүнс үү? хеликобактери уу? Гудамжны наймаа, ТҮЦ-үүдийг хориглооч ээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.