Цөмийн зэвсгийн эсрэг дэлхий нийт нэгдэх хэрэгтэй
Дэлхийн томоохон улс орон бүр хүчирхэгжихийн тулд цэргийн салбарт өнөөг хүртэл асар их хөрөнгийг зарлагдсаар байгаа билээ. Тэдгээрийн зэвсэглэлийн хамгийн дээд хэлбэр хийгээд хамгийн аюултай нь цөмийн зэвсэг билээ. Хүн төрөлхтөний нэгдэн байгуулсан НҮБ-ын зүгээс жил бүрийн өдрүүдийг цөмийн зэвсгийн эсрэг өдөр болгон зарлан тэмдэглэж тус өдрийн хүрээнд дэлхий дахинд цөмийн зэвсгээс татгалзахыг идэвхтэй уриалсан ирсэн. Тийм ч учраас 2010 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар хурлын тогтоолоор наймдугаар сарын 29-ний өдрийг Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдөр болгон зарласан. Энэ жил НҮБ-н Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч Чаба Корёси илтгэл хэлэлцүүллээ.
Тэрбээр өөрийн илтгэлдээ энэ зуунд дэлхийн сүйрэлд илүү ойртож байгааг анхааруулж, цөмийн туршилтын иж бүрэн хоригийг нэн яаралтай хүчин төгөлдөр болгох шаардлагатайг онцоллоо. Дэлхийн нийт улс орнууд цар тахлын дараагаар эдийн засгаа өргөх гэж хичээж буй энэ цаг үед, геополитикийн өрсөлдөөн, зэвсэгт мөргөлдөөн нэмэгдэж байгааг онцолж байлаа. Өнгөрөгч оны байдлаар дэлхийн цэргийн хүчний салбарын нийт зардал 2.2 их наяд ам.долларт хүрч хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь дэлхийн энхтайвны эрхэмлэгч 2 дугаар зэрэглэлийн улсуудад айдас түгшүүрийг төрүүлсээр байна. Түүний зүгээс "Дэлхий нийтээрээ амиа хорлох үйлдэл хийхгүй байцгаая" хэмээх уриалгыг хүргэлээ.
Тухайлбал, 1945 онд болсон анхны цөмийн дэлбэрэлтээс хойш өнөөг хүртэл 2000 гаруй туршилтууд хийгдсэн байна. “Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээ”-ний байгууллагын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд Хирошимад болсон бөмбөгдөлтийг “Хүний гараар үйлдсэн хамгийн том хоморголон устгал” хэмээн тодорхойлж байна. Түүнийг 14 настай байхад 1000 гаруй туршилтууд болдог байсныг хэлж, харин уг гэрээний ачаар нэг улсад ойролцоогоор тав гаруй туршилт явагдаж байна гэв. Гэсэн хэдий ч цөмийн зэвсгийн аль ч түвшний туршилтын сөрөг үр нөлөө экосистемийг доголдолд хүргэж, эрүүл мэнд, аюулгүй байдалд асар урт хугацаанд үргэлжилсээр байгаа билээ.
ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ
Тус агентлагийн Харилцааны албаны захирал Вивиан Океке “Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд цөмийн зэвсгийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ цөмийн шинжлэх ухаан, технологийг энхтайвны зорилгоор ашиглах боломжийг бий болгож ажилласан. Тухайлбал, эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад ашиглалтыг нэмэгдүүлсэн. Ялангуяа хөгжиж буй орнуудын тус салбаруудыг дэмжсэнээр бүс нутагт тогтвортой байдал бий болсон хэмээн үзэж байна. Түүнчлэн агентлагийн зүгээс цөмийн аюулгүй байдлыг дэлхийн тавцанд бэхжүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд цөмийн материал террористуудын гарт орох эрсдэлийг бууруулахад дэлхийн улс орон бүртэй хамтран ажилладаг. Үүнд нээлттэйгээр хамтран ажиллаасай” хэмээн хэллээ.
"Трендийг эргүүлье: Хүмүүсээ аваръя, Дэлхийгээ аваръя" хөдөлгөөний залуучуудын идэвхтэн Элиас Мерад Таули Номхон далайд "Хирошимагийн 10.000 бөмбөгтэй тэнцэхүйц 315 гаруй цөмийн туршилт, Казахстанд 415 удаа цөмийн туршилт хийгдсэн гэдгийг онцоллоо. Тэдгээр туршилтуудын хор нөлөө өнөөг хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа. Тус нутагт эхчүүд зулбаж, ургийн гажигтай хүүхэд төрж, нийт иргэдийн бие болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна. Цөмийн зэвсэг ашиглаж байгаа гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” хэмээн хэлжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дараагийн хэлэлцүүлгээр гишүүн орнууд геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед цөмийн зэвсэг болон түүний тархалт нь хүн төрөлхтөнд “оршихуйн аюул” болж байгааг анхааруулав. Тэд “Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлыг чангатгаж, цөмийн зэвсэгтэй улс орнуудыг цөмийн туршилтад нэрвэгдсэн улс орон, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалжээ.
Зэвсэг хураах асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Изүми Накамицу цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээ нь олон улсын хамтын нийгэмлэг цөмийн туршилтыг түүхэнд үлдээж, хүн төрөлхтөн болон байгаль орчныг сүйтгэгч үр дагавраас нь хамгаалах нэгдмэл шийдвэр хэвээр байдгийг илэрхийлэв. Олон улсын хяналтын систем нь өөрийн үнэ цэнийг нэгэнт нотолсон бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан 186 орон, соёрхон баталсан 178 улстай гэрээ нь зэвсэг хураах, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх ач холбогдолтой хэмээн энэ удаагын илтгэлдээ хэллээ.
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОСОН УЛС ОРНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД
Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг Нийгэмлэгийн төлөөлөл Сент Винсент тус нийгэмлэгийн гишүүн орнууд 1967 онд байгуулсан “Цөмийн зэвсгийг хориглох тухай Тлателолкогийн гэрээ”-нд нэгдэн орсон болохыг сануулж “Манай бүс нутаг нь хүн ам шигүү суурьшсан ба дэлхийн хэмжээн дэх анхны цөмийн зэвсэггүй бүс” хэмээн хэлсэн юм. Цаашилбал, эдгээр улсууд Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнд гарын үсэг зурж, соёрхон баталсан ажээ.
Үүнтэй адилаар Тунисын төлөөлөгч Африкийн бүс нутгийг төлөөлж хэлсэн үгэндээ, тус тив нь цөмийн зэвсэггүй бүс болсон ба энэ удаагийн хуралдаанд өөрсдийн цөмийн зэвсгээс ангид байх статусыг дахин баталгаажууллаа. Африк тив нь цөмийн зэвсгээс ангид гэрээндээ тууштай байгаагаа дахин илэрхийлэв. Мөн тэдний үзэж буйгаар эдгээр олон улсын гэрээ нь тус тивийг хамгаалах хамгаалалт ажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Бонни Дэнис Женкинс хэлэхдээ, манай улс Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгохын төлөө хүчин чармайлт гаргахын зэрэгцээ түүнийг дэмжихээ илэрхийлэв. "Бусдыг хүлээхгүйгээр" гэрээг соёрхон батлахыг бүх улс орнуудад уриалж, АНУ 30 гаруй жилийн турш цөмийн дэлбэрэлтийн туршилт хийгээгүй бөгөөд бид үүнийг хийх төлөвлөгөөгүй гэдгийг онцолж байлаа.
АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ
Цөмийн шинжлэх ухаан, технологийг энхтайвны зорилгоор ашиглах болсон нэгэн жишиг бол атомын цахилгаан станц билээ. Эрчим хүчний салбарт үсрэнгүй өөрчлөлтийг авчирч хүн ам олноор суурьшсан энэ цаг үед эрчим хүчний нөөцөөр хангах нэгэн шийдэл болж байсан. Гэвч цөмийн реакторын цацраг идэвхийн хэмжээ тухайн бүс нутагт аюул дагуулах хэмжээнд байна. Үүний шийдвэрлэх, аюулгүй байдлыг найдвартай хангах бодитой арга замыг дэлхий нийт эрэлхийлсээр байгаа билээ. Мөн энэхүү атомын цахилгаан станцын реактороос гарах хог хаягдлын асуудал бөгөөд дэлхийн удирдагчдын зүгээс ирээдүй үр хойшдоо хог хаягдлыг үлдээх нь буруу гэдэгт санал нэгдсээр байна. Дэлхийн түүхэнд Чернобил болон Фүкүшимагийн цахилгаан станцуудыг дурьдахгүй байх аргагүй билээ.
Цөмийн шинжлэх ухаан хүн төрөлхтөний нээж хөгжүүлсэн өндөр дээд түвшний ололт амжилт мөн хэдий ч түүнийг тойрсон олон асуудалд бодитой гарц төдийлөн олж чадаагүй хэвээр. Гэвч энэ цагийн дэлхийн удирдагчид атомын цахилгаан станцын хог хаягдал, түүнээс үүдэх үр дагавар мөн дахин хоморголон устгалыг хойч ирээдүйд үлдээж үл болно гэдэгт санал нэгдсээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл