Г.Төгөлдөр: Талцаж, хуваалцдаг сэтгэхүй дээр их гүрнүүд тоглолт хийдэг
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөртэй ярилцлаа.
– Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсанаас хойш 1937 оны их хэлмэгдүүлэлтийн яг хэчнээн хүний сэтгэл санааны хохирлыг барагдуулаад байна вэ?
– Хүмүүс хэлмэгдүүлэлтийг 1937 оны их хэлмэгдүүлэлтээр ойлгоод байдаг. Хэлмэгдүүлэлт 1921-1990 онд явагдсан. Богд хааны дэргэд 1921 онд зөвлөхөөр байсан Төвдийн иргэн Саж лам Жамъянданзанг Ардын засгаас гадаадын тагнуул гэж шалгасан. Харамсалтай нь түүнийг мөрдөн шалгаж байсан, тушаал шийдвэрийг гаргаж байсан Д.Бодоог 1922 онд Саж лам Жамъянданзангийн хамт буруутгаж, Шархаданд 14 хоног гавлан хорьж, дараа нь цаазаар авснаар хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж үздэг.
Коминтерний бодлогоор хамгийн анх цаазлуулж, хэлмэгдсэн хүн бол Монголын орчин цагийн төрийн Ерөнхий сайд байсан Д.Бодоо. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн энэ хэлмэгдүүлэлт 1921 онд эхэлсэн. 1924 онд Монголын анхны Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хуулийг батлах намын хурал дээр Гадаад хэргийн сайд С.Данзанг улс төрийн зорилгоор мөн хэлмэгдүүлсэн.
Ямар учир шалтгаантай вэ гэвэл бүх дэлхийд коммунизмыг байгуулах Коминтерний үйл ажиллагаа эхэлсэн. Үүний хүрээнд Монголд коммунизмыг бүтээх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чөлөөт зах зээлийн эдийн засаг, нийгмийг сонгосон эсвэл өөрийн улс орны онцлогт тохируулсан Монгол Улсын хөгжлийг тодорхойлох гэсэн Д.Бодоо, С.Данзан нарын хүмүүсийг хэлмэгдүүлсэн. Тэр үед Д.Бодоо “Бид дээрээ хэмжээт эрхт хаантай Монгол Ард улс байна” гэж хэлсэн.
Коминтерн хаангүй болгохыг хүссэн. Тиймээс Д.Бодоог цаазалсан нэг шалтгаан нь энэ. Харин С.Данзан “Бид ганцхан Оростой харилцахгүй. Олон улстай харилцана. Швейцар лугаа хөгжмөөр байна. Иргэн баян бол улс баян” хэмээн чөлөөт зах зээлийг баримталсныхаа төлөө, капитализмыг алгасахгүй, түүхийн он дарааллыг зөрчихгүй гэсэн үндэслэлийнхээ төлөө цаазаар авхуулсан.
Хэлмэгдүүлэлтийг зөвхөн хүн алсан буудсан гэдэг утгаар биш яагаад хороов гэдгийн гол зангилаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн оршин байгаа энэ цэг
Ингээд Монголд нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэн. Анхны Үндсэн хуулиар иргэдээ ангилсан. Лам нар, ноёд феодалууд, ажилчин тариачин, малчин гэж ангилж, анги давхарга үүсгэсэн. 1925 онд хөрөнгө хураалт эхэлсэн. Баян айлын хөрөнгийг хурааж ядууст тараасан. Ийм үйл явдал өрнөсөөр 1928 онтой золгосон. 1928 онд ЗХУ-ын Удирдах бүрэлдэхүүнтэй Коминтерний орон орны төлөөлөгчид Монголд ирээд Монголын төрийг эргүүлсэн.
Улс төрийн туршлагагүй, Коминтерний бодлогыг үг дуугүй биелүүлдэг зүүнтнүүдийг Засгийн эрхэд тавиад буруу бодлого явуулсан. Үүний урхгаар ард түмэн тартагтаа тулсан. Алтан ургийнхныг, лам нарыг хядаж эхэлсэн. Сүм хийдэд дааж давшгүй татвар ногдуулж эхэлсэн. Ингээд ард түмэн аргаа бараад дүрвэсэн. 30-аад мянган хүн дүрвэсэн байдаг.
Сүүлдээ тэсэхээ байгаад бослого гарсан. Тэр бослогыг социализмын үед “Хуучин эрх ямбаа эргүүлж авах гэсэн феодал ноёд, том толгой лам нар бослого гаргасан” гэж заадаг байсан. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар бослогод маш цөөхөн лам, ноён байсан. Ихэнх нь жирийн иргэд, цэргийн анги нэгтгэлүүд, намын гишүүд байсан. Засаг дарга нь хүртэл бослогын толгойд байсан. Гэхдээ нэгэнт шашин орсон нь үнэн.
Аливаа шашин оролцсон бослого үймээн их харгис болдог. Амьдаар нь зүрхийг нь тахисан, амьдаар нь арьсыг нь хуулсан, мөчилсөн асуудал гарсан учраас үйлдлийг нь зөвтгөх аргагүй. Гэхдээ ер нь лам нарын биш ард түмний бослого байсан. Үүнийг нугачин дарсан. Үүний дараа Сталин “Монголд гарсан бослогыг бид улсын зоригоор дарж болохгүй. Тэгвэл бид дэлхийд муухай харагдана. Энэ үед гай болж цаанаас япончууд ороод ирвэл Япон чөлөөлөгчийн арми болж ЗХУ дарангуйлагч болно” гэж хэлсэн. Тэр үед Япон Хятад руу дайралт хийж манай Дорнодтой хиллэсэн Манж Го улсыг байгуулсан. Тиймээс эхлээд улс төрийн чиг хандлагыг өөрчилж, дараа нь өөрсдийг нь өөрсдөөр нь даруулах аргыг Оросын Коминтерн явуулсан. Үүний тод жишээ бол Лхүмбийн хэрэг.
Эрдэмтэд энэ бол хэлмэгдүүлэлт биш гэдэг. Энэ бол геноцид гэдэг. Төрлөөр нь хоморголон баривчлах үйл явц. Ангилж байгаад устгасан. Буриадуудыг, тэр үеийн сэхээтнүүд болох лам нарыг, баяд ноёдыг.
Өвөрхангай аймгийн харьяат Лхүмбэ нарийн бичгийн дарга байсан. Оросын бодлогоор адил эрх мэдэл бүхий гурван нарийн бичгийн даргатай болчихсон. Нэг ёсондоо удирдлагыг саармагжуулж байгаа юм. Лхүмбийг золиосонд гаргасан. Японы тагнуул гээд Лхүмбээр далимдуулж буриад зоныг хядсан. 1500 гаруй хохирогчтой хэрэг л дээ. Буриадууд цагаант хаант Оросын үеэс эхлээд Монголтойгоо нэгдэхийг хүссэн. 1930-аад он хүртэл буриадуудын Монголтой нэгдэх гэсэн үйлдэл маш их эрчимтэй байсан. Монголыг нэг цул хүчирхэг байлгахыг хүсээгүй учраас Лхүмбийн хэрэг гэдгээр буриадуудыг баривчилж хоморголон хядсан.
Нэг түүхэн баримт хэлэхэд “Насанд хүрсэн буриад хүн үлдсэнгүй. Одоо хэнийг баривчилна” гэсэн байдаг. Ингээд бослогын дараа буюу 1937 оны есдүгээр сарын 10-ны өдөр ЗХУ-ын генерал Приновский гэж нөхөр заговор буюу хуйвалдаан гэсэн нэртэй 115 хүний нэр бүхий бичгийг Монголд авч ирж Х.Чойбалсанд өгсөн. Эдгээр хүмүүс Японы талтай нийлж хуйвалдаан зохион байгуулж Монголын төрийг авахыг санаархаж байна гэсэн. Мөн өдөр нь Х.Чойбалсан дээрх хүмүүсийг баярын хуралтай гээд бүгдийг нь дуудсан. Цэргийн хүмүүс нь одон медалиа зүүгээд хуралдаа ирсэн. Уг хурал дээрээс 60 орчим хүнийг шууд баривчилсан. Энэ баривчилгаа эхэлснээр хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрч их хэлмэгдүүлэлтийн он жилүүд эхэлсэн.
Ингээд Х.Чойбалсан, Бага хурлын дарга, Улсын дээд шүүхийн дарга гэсэн гуравхан хүний бүрэлдэхүүнтэй Онцгой бүрэн эрхт комиссыг байгуулсан. Энэ гурван хүн 1937 оны есдүгээр сарын 10-наас 1939 оны дөрөвдүгээр cap хүртэлх хоёр жил хүрэхгүй хугацаанд 51 удаа хуралдаж 20 мянга гаруй хүний хэргийг шийдсэн байдаг. Тэрхүү 20 мянган хүний 18 мянга гаруй нь лам мяндагтнууд байсан. Лам мяндагтнуудын 75 хувийг цаазаар авсан. Их хэлмэгдүүлэлт ингэж өрнөсөн.
Тиймээс энэ өдрөөр томьёолон хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр бий болгосон. Энэ жил 28 дахь удаагаа тэмдэглэж байна.
– Цэргийн зүтгэлтнүүд ч тэр аяараа хэлмэгдсэн байдаг бил үү. Ер нь Монголын сэхээтэн давхаргыг тэр чигт нь хядчихсан эмгэнэлт түүх шүү дээ?
– Тийм. 1939 онд Халх голд дайн болсон. Дайны үед цэргийн маш олон зүтгэлтэн хэлмэгдсэн. Монголын армийн удирдах бүрэлдэхүүний өнөөдрийн генерал цолтой дүйцүүлж болох удирдлагуудын 95.5 хувь нь цаазаар авхуулсан. Өөрөөр хэлбэл Монголын арми байлдаанд удирдлагагүй орсон гэсэн үг. Үүнийг цэргийн судлаачид тодорхой ярих байх. Дивиз армийн мөн 90 хувь нь цаазаар авхуулсан байдаг.
1926 онд монголчуудад Алтан ураг гэж ямар чухал нөлөөтэй байв. Монголын Алтан ураг гэж юу вэ, хэнийг алтан ургийн ноёд, Чингисийн удам гэж үзэх вэ гэсэн Орос-Монгол хэл дээр лавлах толь гарсан. Үүний дагуу бүртгэл явуулсан.
Ингээд 1940-өөд он гэхэд Чингисийн шууд угсааны Алтан ургийн 44 засаг ноён эрэгтэй хүүхдүүдтэйгээ, мөн 1,250 тайж алуулсан. Тухайн үеийн гавжийн дамжаа бол одоогийн докторын эрдмийн зэрэг, Лам нарын 75 хувь нь мөн л алуулсан.
Лам гэдгийг одоогийн лам нараар харж ойлгох нь маш явцуу дүгнэлт болно. Тухайн үеийн Монголын соёлын, боловсролын систем тэр чигтээ лам нар байсан. Лам нарыг хядсанаар боловсролын систем байхгүй болчхож байгаа юм. Тэр үед сургууль соёл гэж байгаагүй. Хийдэд очиж шавилдаг. 18, 19 төрлийн эрдэм ном үздэг. 20 гаруй жил сурч төгсдөг. Анагаах ухаан, математик тооны ухаан, зурхайн ухаан зэрэг боловсролыг эзэмшдэг байсан. Ингээд боловсролын систем рүү дайралт хийсэн.
Коминтерний бодлого нь монголчууд дээр туршилт хийгээд социализм байгуулах гэсэн чинь нөгөөдүүл нь юм мэддэг, боловсролтой, алтан ургийнхныхаа үгийг сонсдог зан заншилтай байсан учраас болохгүй байсан. Тиймээс тэдэн рүү чиглэсэн дайралтыг хийсэн.
Сэхээтэн элит давхаргаа устгаад бусдын үгийг сонсдог, дагадаг үндэстнийг бий болгож байгаа юм. Тухайн үед Монгол Улс 700 орчим хүн амтай байсан. 100 орчим мянга нь хэлмэгдүүлэлтэд өртсөн. Монгол үндэстний хувьд энэ бол маш том гарз. Тэрхүү 100 орчим мянга нь дандаа элит хэсэг байсан. Өнөөдрийн яриагаар бол боловсролтой, юмны учрыг мэддэг, зан заншлаа тээдэг хүмүүс байсан.
Нэг жишээ хэлье л дээ. “Анар” студийн захирал Алтанхуяг “Намайг бага байхад манай эмээ 200 гаруй уртын дуу мэддэг байсан. Гэтэл өнөөдрийн уртын дууны жагсаалтыг гаргахад 100 хүрэхгүй байна” гэж саяхан ярьж байсан. 100 гаруй дуу эзэнтэйгээ юутай ийтэйгээ байхгүй болчихсон байна. Өөрөөр хэлбэл соёлын өв байхгүй болчхож.
Үүнээс гадна сүм дуганыг өнөөдрийн Гандан гэдгээр битгий хар. Тэр бол урлагийн бүтээл. Монголчууд эсгий гэртэй л байлаа шүү дээ, тэр үед. Залуус түүхээ мэддэггүйгээс ч тэр үү тэднийг устгаж байж орчин үеийн Монгол гарч ирсэн гэдэг. Гэтэл орчин үеийн Монгол байшингаар хэмжигдэхгүй шүү дээ. 1920, 1930 он шүү дээ. Тэр үед дэлхий ямар байсан билээ. Хийдээ нураагаад дөрвөн давхар байшин барьсан нь хөгжил мөн үү.
Монгол Улсын өрлөг жанжин Дэмидэд наймдугаар сарын 22-нд Оросын цэргийн сургуулилалтыг үзэх урилга ирүүлсэн. Наймдугаар сарын 22-нд Приновский гэх хүнтэй Эрхүүд таарсан байдаг. Уулзалт хийгээд цааш явсан. Оросын Тайх өртөөн дээр нас барсан. Шалтгаан нь консервын хордлого. Үүний дараа Дорнодоор Оросын цэргийн анги орж ирж Монголын газар нутаг дээр байрласан. Үүний дараа буюу есдүгээр сарын 10-нд тэрхүү 115 хүний нэрийг Чойбалсанд өгсөн. Тэгэхээр энэ ямар тактикийн арга хэмжээ вэ. Дарамталж байгаа биз.
– Х.Чойбалсаны талаар олон нийт янз бүрийн л дүгнэлт хэлдэг. Түүхээс харахаар тэр монголчуудаа хядсан алуурчин юм шиг. Судлаачид ер нь түүний талаар ямар дүгнэлт өгдөг вэ?
– Нэг талаасаа алуурчин мөн үү гэвэл мөн. 20 гаруй мянган хүнийг буудан хороох гарын үсэг зурсан хүн мөн.
Нөгөө талаасаа “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн тусгаар тогтнолыг та бүхэнд үлдээв” гэсэн алдарт үгийг хэлсэн. Монгол Улсын тусгаар тогтнолыг бий болгосон хүн мөн. Монгол Улс 1946 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр хоёр хөршөөрөө хүлээн зөвшөөрүүлж байж тусгаар тогтнолоо олсон. Их хядлага үүнээс өмнө болсон. Үүнээс өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг ЗХУ зөвхөн хэлбэрийн төдий дэмжиж байсан. Хэлмэгдүүлэлтийг зөвхөн хүн алсан буудсан гэдэг утгаар биш яагаад хороов гэдгийн гол зангилаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн оршин байгаа энэ цэг.
Ер нь Х.Чойбалсан, эсвэл монголчууд бие биенээ хядчихсан асуудал биш. Хядсан нь үнэн. Гэхдээ энэ нь өөрөө дэлхийн орчин цагт оршин тогтнох гэж байсан дэлхийн том гүрнүүдийн геополитик, цэрэг стратегийн маш чухал газар байсан учраас энэ хэлмэгдүүлэлт явагдсан. Цаашид ч энэ геополитик, стратеги байна.
Соёл, уламжлал, зан заншил, алтан ураг, Монгол гэсэн бүхнээ Зөвлөлт холбоот улсын дарангуйлалд байх үедээ бид өөрсдийн гараар үгүй хийсэн. Ингэж үгүй хийснийхээ төлөөсөнд бид тусгаар тогтнолоо олж авсан
Хойноо ч урдаа ч том хөрштэй. Тэгэхээр тэр үеийн дэлхийн улс төр, цэрэг стратеги, геополитикийн гол төв Монголд төвлөрч байсан. Цагаан хаант Орос улс буугаад хувьсгал ялж Орос Алс Дорнодод өөрийн нөлөөг бэхжүүлэх оролдлого хийсэн. Энэ үед хаалттай байсан Япон улс гарч ирж эх газар руу довтолж манай хил дээр тулж гарч ирсэн. Хятад дотроо байлдаантай байсан. Тиймээс Орос шууд Хятадтай хиллэхийг хүсэхгүй. Дундаа заавал гупер улстай байхыг хүснэ.
Япон өвөр монголчуудыг ивээн тэтгэсэн. Эрх чөлөө олгосон. Автономит болгосон. Зарласан. Өвөр монголчуудыг Японд аваачиж сургасан. Өвөр монголчууд Дундад иргэн улсын дарлалаас салахын тулд япончуудад маш найртай хандсан. Хэрэвзээ Монголд Японы арми ороод ирсэн бол монголчууд ч дагахад бэлэн байсан. Амар, Бодоо, Данзан, Дэмид бүгд Оросоос тусламж гуйсан. Тэр үед Орос манайд тусалсан ч Монголыг яаж хувааж авах талаар Хятадтай нууц гэрээтэй байсан. Олигтой дэмжлэг үзүүлээгүй.
Өөрийн нөлөөнд байлгахыг хүссэн. Тиймээс Монголын удирдагчид гуравдагч хөршийг хайж эхэлнэ. Тэр нь Япон. Манайхтай хиллэж байсан. Болохгүй бол Японыг бид дагана гэдгээ ил тод хэлдэг байсан. Үүнийхээ төлөө дараа нь Гэндэн ч тэр. Дэмид ч тэр Японы тагнуул гээд бүгд цаазаар авхуулсан.
– Өнгөрсөн жилүүдэд энэ тухай танай байгууллага их ярьсан. Одоо ер нь хойч үеийн бид хэлмэгдүүлэлтийн тухай юуг санаж сэрж явах ёстой вэ?
– Хүний амьдрал их богинохон. 1980-аад оноос хойших залуус, тэр дундаа улс төр сонирхдог залуус энэ түүхийг сайн уншиж байж Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаална.
Нэг болохоор манай ах нар гээд оросуудад сайн хандаад, нэг болохоор Украинтай дайтдаг алуурчид гээд байна. Муу сайн хужаа нар гээд л байх юм. Хэн ч сайн, хэн нь ч муу биш. Тэд бол зүгээр л манай хөрш, адилхан улс орон.
Оросуудын хийсэн тэр үйл явц Оросынхоо талд маш сайн. Бидэнд муу. Ер нь сошиал дээр талцдаг хуваалцдаг энэ сэтгэхүй дээр их гүрнүүд тоглолт хийдэг. Ингэхдээ маш бага хэмжээгээр. Дахин тодотгож хэлье. Маш бага хэмжээгээр. Ингээд сүүлдээ бид түүнд нь итгэж эхэлдэг.
Солонгосын киног бүгд үзэж байна. Нэг хэсэг монголчууд нийтээрээ үзлээ. Одоо Хятадын кинонууд явж байна. Кинон дээр гардаг шиг тийм мундаг хаад ноёд Солонгост байсан уу. Тийм сайхан сүм хийд, тийм сайхан хувцастай, нисдэг хүмүүс Солонгос, Хятадад байсан уу. Байгаагүй. Үзсээр байгаад сүүлдээ итгэж эхэлж байна шүү дээ. Ямар мундаг юм бэ, ямар аугаа соёлтой юм бэ гэцгээгээд л байна. Соёлын довтолгоо бол энэ.
Гэтэл манайх бүх салбарт гэр бүлийн хэмжээний агуулга харуулсан зүйл гаргаж байна. Үндэсний аюулгүй байдал гэдэг бүх салбарт явагддаг шинжлэх ухаан. Соёл, уламжлал, зан заншил, алтан ураг, Монгол гэсэн бүхнээ Зөвлөлт холбоот улсын дарангуйлалд байх үедээ бид өөрсдийн гараар үгүй хийсэн. Ингэж үгүй хийснийхээ төлөөсөнд бид тусгаар тогтнолоо олж авсан юм.
– Хэлмэгдүүлэлтээс цагаатгах боломжгүй хүний тоо хэчнээнээр яригдах вэ. Ер нь хэлмэгдэгсдийн талаарх бодит баримтууд архивт хэр байдаг вэ?
– Цагаатгах боломжгүй гэдэг бол өргөн ойлголттой.
Жишээлбэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 31,595 хүнийг цагаатгасан. Он гарснаар шүүхээс 16 хүнийг мөн цагаатгасан. Одоо ТЕГ-ын архив дээр судлаачид 700-аад хэрэг дээр ажиллаж байна. Гэтэл 1935 оны эсэргүү бослогын үеэр. түүнээс өмнө болон хойно мал шиг аваачаад буудчихсан хүн зөндөө байна. Цагаатгах гэхээр бичиг баримт байхгүй. Шүүхийн шийдвэр гарч байж цагаатгана. Шүүхийн шийдвэргүй буудчихсан хүнийг яах вэ.
Хуулийн процесс болохоор ийм зүйл ангиар шийтгэсүгэй гэсэн бичиг байх ёстой. Түүнд үндэслэж энэ хүн хэрэг хийгээгүй байж гээд цагаатгана. Гэтэл шүүхээр оруулаагүй шоронд тарчилж байгаад үхчихсэн хүнийг яах вэ. Жишээлбэл алдарт зохиолч Буяннэмэх. Машинд ачигдаж явж байгаад бүтээд үхчихсэн. Дээр дээрээс нь давхарлаж ачаад дээр нь эсгий тавиад шорон орон руу зөөдөг байсан. Ингэж нас барсан хүнийг цагаатгах гэхээр яллаагүй.
Өөр нэг жишээ. Өмнөговь аймагт нэлээд харгис хэрцгий төлөөлөгч очдог байсан. Хийдээр ороод эхний тааралдсан таван хүнийг шууд буудан алдаг. Дараа нь бүртгэл хийж баривчилдаг. Эхний таван хүнийг цагаатгаж болдоггүй. Ийм асуудал бий.
Манай ажилчны нагац ах нар болох Яруугийн хүрээний хоёр лам баригдаад явсан. Яасныг нь мэддэггүй. Хайгаад олдоггүй. Баривчлаад авч явахдаа замдаа буудсан уу, эсвэл Орос руу цөллөгөнд явуулчихсан уу. Ямар ч бичиг баримт байдаггүй. Ийм хүний тоо 20-30 мянга бий гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан. Өөрөөр хэлбэл бичиг баримт байхгүй, алга болчихсон 20-30 мянган хүн байна.
Гэтэл 1940 онд хүн амын тооллого явагдахад байсан. Яасныг нь мэдэхгүй алга болчихсон. Одоо үр хойч нь байна. Цагаатгуулах гэсэн юм, ямар ч бичиг баримт байдаггүй гэсэн 20 мянган хүний өргөдөл манайд байгаа. Архивт ямар ч бичиг баримт байдаггүй. Хайгаад олдоггүй. Ялласан шүүхийн тогтоол байхгүй болохоор цагаатгах боломжгүй байгаа юм. Үр хүүхэд нь байдаг. Баримт байхгүй. Хонины бэлчээр дээр тоо гүйцээгээд буудчихсан уу. хоморголсон баривчилгааны үед буудчихсан уу. Алга болчихсон.
Монголын түүхэнд байтугай хүний түүхэнд байх боломжгүй гарсан асуудал бий.
Нийт 60 орчим эмэгтэй хэлмэгдсэн гэсэн тоо байдаг. Долоо нь цаазаар авхуулсан. Гурав нь жирэмсэн байсан. Богдын сүүлчийн хатан Гэнэнпил жирэмсэн байхдаа буудуулсан. Дэмид жанжныг нас барьсных нь дараа эсэргүү болгож хэлмэгдүүлээд эхнэр Навчааг нь жирэмсэн байхад нь буудчихсан. Хэнтий аймгийн Засаг дарга байсан Дунгаржид гэж эмэгтэйг гурван сартай жирэмсэн байхад нь буудчихсан. Энэ бол Монголын байтугай хүн төрөлхтний түүхэнд байхгүй бузар асуудал.
Гэхдээ тэр үед бүртгэл маш нарийн байсан байгаа юм. Жишээ нь хутагтууд. Хүүхэд байхад нь баривчилсан. Сулласан. Дараа нь насанд хүрэхээр нь буудсан. Ямар нарийн бүртгэл явж байсныг үүнээс харж болдог. Эрдэмтэд энэ бол хэлмэгдүүлэлт биш гэдэг. Энэ бол геноцид гэдэг. Төрлөөр нь хоморголон баривчлах үйл явц. Ангилж байгаад устгасан. Буриадуудыг, тэр үеийн сэхээтнүүд болох лам нарыг, баяд ноёдыг.
Р.Хишигжаргал
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.24] 2023-09-13 12:03:46
Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн Сталинтай удаа дараа уулзаж зээл тусламж гуйх мөртлөө .... Танайх бидний хүссэн хэмжээнд хүргэж тусламж өгөхгүй юм бол бид японыг түшиглэнэ ийм бодол зорилготой 6000 гаруй сэхээтэн мөн цаашлаад маш олон ардууд манай улсад бий гэж... хэлснийг дараачийн уулзалтын үеэр Сталин ...танай улсад зөвлөлт улсыг орхиод японыг чухалчлан шүтэж харилцахыг эрхэмлэдэг олон сэхээтэн болон ард иргэд байгаа тухай өмнөх удаа чиний ярьсан үг үнэн бодитой юу гэж Гэндэнгээс лавлан тодруулж асуухад тэрээр тиймээ гэж хариулсан байдаг....энэ муйхар тэнэг эрийн чалчаа үг нь баривчилгаа аллага хядлага их хэлмэгдүүлэлтийн үүд хаалгыг нээж өгсөн юм.Хэрэв Гэндэн сайд маань геополитик болоод дидломат ёсны анхны мэдэгдэхүүнтэй байсан бол үгүй ядахдаа монгол улс аль тивд ямар ямар улс гүрэнтэй хиллэдэгийг мэддэг байсан бол..
зочин [202.9.46.243] 2023-09-13 09:00:21
Мушган гуйвуулагч өөрийн хүч хөдөлмөрөөр баяжсан хүн аль нийгэмд хүндлэгдэнэ хулгайч луйварч урвагч дээрэмчин хөдөлмөр мөлжигч үзэн ядуулна
Монголчууд ӨӨРСДӨӨ л зайлуулах хүсэлтэй байсан. [103.57.93.189] 2023-09-12 20:26:24
Социализм байгуулж байсан учир ноёд баячууд, лам нарыг устгах ХЭРЭГТЭЙ болсон юм. Бусад монголчууд нь ингэхэд ДУРТАЙ байсан. Тэд бол ард гаралтай, ядуу дорой байсан учир баячуудад ДУРГҮЙ байсан. ҮГҮЙ гээч! Ард гаралтай гавшгайч малчин, тариачин, ажилчин, сэхээтэн дараа нь хэд боллоо?
Зочин [103.57.95.103] 2023-09-11 21:41:41
Одоо бас дуусхагүй бх оо
Zochin [66.181.160.99] 2023-09-11 17:30:15
Ene hun asuudaliig mash boditoi dugnelt hiij yarisan baina gehdee ene tovogtei bolgoomjtoi yarih asuudal uuniig Mongoliin ard tumen 1 taldaa zov oilgolltoi boloh heregtei uuniig toriin zugees genotsod geed zarlabal orosiin holboonii ulsiin daisan bolj 2 dahi ukrain bolno mon hitadiin ayul ihesne harin manai irged hervee tegej ih hiyadlaga hiihgui bol bid tusgaar togtnoloo aldah baisan gesen teneg oilgoltoo hayah heregtei tegehgui bol oros hitadiin zoog boloh bolno