Ахмадуудаас суралцахын аз ёндоо
Миний мэдэх, хааяа үздэг теле сувгуудийн алинд нь ч “Ахмадуудын үг” булан байхгүй. Ахмадын үгийг сонсдоггүй нийгэм бол өдрөөс өдөрт ядуурч, дархлаагаа, бат бэх чанараа гээж буй нийгэм юм. Хурга, ишиг хүртэл эхээ дагаж, дууриаж байж л өвс ургамал идэж сурдаг ажээ.
Аав ээжээ, ах эгч нараа дагаж, дууриаж, сонсож байж л бага насны хүүхдүүд суралцдаг, хүмүүждэг. Энэний тусгал болж “Сурган хүмүүжүүлэх ухаан” нэртэй салбар шинжлэх ухаан үүсэж, хөгжжээ.
Манай ихэнх албан газрууд ч ахмадуудаасаа авах ёстой үнэт зүйлсийг авч чадахгүй байна. Ахмадуудаасаа үг сонсох, сургамж авах, үлгэр жишээг нь үзэх, сонирхох талын ажил зохиож байгаа ухаалаг дарга бараг л аль ч хот, аймагт алга. Ахмадын баяр нэртэй, жилд нэг зохиогддог уулзалтаар зөвхөн л идэж, ууцгаах юм. Дарга нэртэй бүх хүний “ухаанд нь ухна” уначихаагүй л баймаар даа! Ахмадуудаа хоол, архи хоёроор шахахаас өөр зүйл хийх, санаачлах ухаан манай ШУА-ийн хүрээлэнгүүдэд хүртэл алга байгаа нь харамсал, гуниг төрүүлэх юм. Залуучуудынхаа бүтээлийн чанарыг ахмадуудаар, ахмадуудын бодол, шийдлийг залуучуудаар шалгуулах, үнэлүүлэх талын сонирхолтой арга хэмжээ ч зохиож болноо доо. Гэтэл зөвхөн л хоол, унд, дайллага, бэлэг сэлт... Ахмадууд бүгд л амьтад болчихсон мэтээр үзэх, хандах нь маш том алдаа юм.
70, 80-аас дээш насанд л ухаарагдах зүйлс, хийгдэж болох гаргалгаа, дүгнэлтүүд гэж байна. Ухаалаг, оюунлаг бие хүний заримд нь зөвхөн тэр хүний л олж харсан, бодож олсон, үнэтэй санаа, шинэ онол, өөр өнцөг гэж хүртэл байдаг ажээ. Ядаж л 50 жил, 60 жилийн өмнөх амьд түүхийг сонсож болох билээ.
Ухаалаг, оюунлаг хүний сургамж, яриа ямагт л сонирхолтой гаргалгаа, дүгнэлтүүд дагуулдаг онцлогтой.
Миний танил тал, найз нөхдийн 70-80 хувь нь надаас 30 гаруй насаар ах хүмүүс байсан юм. Тэдний маань 80 гарсан насандаа хэлж, ярьж, гайхаж, харамсаж, гүнзгий санаа алдан дурсаж байсан олон олон зүйлс надад тун ч ихийг бодогдуулдаг, зарим юмны цаад учрыг ухаарах, гүн алсуур сэтгэхэд хүргэдэг байж билээ. Ухаалаг, оюунлаг хүний дурсамжийн үнэ цэн үнэхээр их юм шүү! Ахмадуудтай уулзах болгондоо ядаж л 2-3 хүний дурсамж, сэтгэгдэл, санал, үнэлгээг сонсоод байж болноо доо? Ялангуяа түүхчид, философичид, хэл, зохиол, эдийн засгийн мэргэжлийн хүмүүст ахмадуудын дурсамжийг, үг, үнэлгээг сонсох нь маш их ач холбогдолтой. Өөртэй минь холбогдох нэг жишээ, баримт дурдая.
Миний хувьд XVIII, XIX зууны захчины түүх, соёлтой холбогдох баримтыг элэнц өвөг Алтай минь өвөг эцэг Шаравд, өвөг эцэг минь аав Дагвад хэлж, ярьж, дурсаж байсныг сонсох, мэдэх боломжтой байв. Элэнц өвөө минь 1824 онд төрөөд 1914 онд 90-тэйдээ нас баржээ. Тэгэхлээр элэнц өвөө минь 1750-1760-аад оны Ойрд, Манжийн дайны үеийн баримтуудыг хуланц өвөөгийн (18-р зуунд амьдарч байсан) маань яриа, дурсамжаас мэдэх бололцоотой байжээ. Сонсож дуулснаа хүү Алтайдаа хэлж, ярьж, бүр мэдэж, тогтоож авахыг шаардаж, сануулж байж. Элэнц өвөө (Алтай) минь XIX-XX зуун дамнан амьдарч, нэлээд урт насалсан, бичиг үсэг сайтай, Алтайн нурууны ар, өвөрт нэр, цууд гарч явсан сайн эрчүүдийн нэг шүү дээ.
Элэнц өвөө минь (Алтай) манай өвөг эцэгт (Шарав) хуланц өвөөгийн ярьж, дурсаж байсан дээр нэмээд өөрийнхөө мэдэх бүх түүхийг (захчин ястны) ярьж өгч, заримыг нь бүр цээжлүүлж байжээ. Элэнц өвөө маань XIX, XX зууныг дамнан амьдарч байгаад 1941 онд 82 настайдаа хорвоог орхисон хүн. 1859 онд төрсөн болохоор XIX, XX зууны гэрч гэсэн үг. Харин аав минь 1900 онд төрөөд 1990 онд нас барах хүртлээ мэдсэн, сонссон бүхэн дээрээ нэмээд XVIII, XIX зууны захчины түүхийг хуланц өвөө, элэнц өвөө, өвөг эцгээс минь сонссоноороо надад ярьж өгч байсан юм. Аав минь уйгаржин монгол, тод монгол, кирилл, төвд үсэг, бичигтэй, төвдөөс орчуулга хийж байсан хүн. Ингэхлээр би одоо 2023 он гэхэд 18, 19, 20, 21 дүгээр зууны захчины түүхийн нэлээн мэдээлэл, мэдлэг бүхий этгээд болж байгаа биз дээ.
Миний хуланц өвөө, элэнц өвөө, өвөг эцэг, бас аав минь бүгд л бичиг үсэгтэй захчин отог, хошууны хэрэг, зарга мэтэд ч их оролцдог, үр хүүхдүүд нь бүгд Манжийн эсрэг дайнд оролцож, олонхи нь амь эрсэдсэн хүмүүс юм. Тэд маань зуун зуундаа захчины түүхийг бичээд байсан бол миний үе гэхэд захчины түүх үнэн мөнөөрөө бэлэн байх байжээ. Даан ч цаг цагтаа өвгөдийн минь бичсэн зүйлс битгий хэл манай элкэнийхний ургийн бичиг ч хэд дахин устгагджээ. Хамгийн сүүлд гэхэд л 1937 онд миний авга ах, Зэрэгийн хүрээний гэсгүй Зодовын бичиг, захидал мэтсийг манай өвөг эцэг өөрийн гараар шатааж байжээ. Элдэв янзын цаасан дээр хар бэхээр бичсэн өчнөөн зүйлс, захидал мэтсийг шатааж, үнсийг хол асгаж, бийр янтайг нь гэрийн гаднах эд хогшил дотор нууж байжээ. Өөрийн нь гараар бичигдсэн цаас бараг хагас шуудай орчим, хуйлсан, нугалсан бичиг, жасын баримтууд ч байжээ. Авга ах маань захчины түүхийг их сонирхдог, чойрын номонд сайн гэгддэг байсан болохоор түүхийн холбогдолтой бичвэрүүд ч гарцаагүй байсан болов уу.
Зодов авга баривчлагдаж, цаазлагдсан болох тул өвөө маань айж балмагдаад хошууны хиа тушаалтай явсан нагац ах Дамдинсүрэнгийн манжаар, худаар бичсэн зүйлсийг ч мөн шатаажээ. Олон дахин дайны хөлд сүйдсэн, Манжийн хааны нууц зарлигаар эрчүүдийг нь цаазлан хороох, хүн амыг нь Шинжаан руу, Хөлөнбуйр руу зарц, боол болгон цөлөх, үлдэх хэсгийг нь Манжаас томилогдсон хүний захиргаанд, Ховдын захиргаанд үлдээх мэтийн хэлмэгдүүлэлтэнд өртсөн болохоор захчин айл өрх бүрд л айдас хүйдэс удтал ноёрхож байжээ.
Ганц баримт дурдая. Захчин гэх нэрийн тухайд элэнц өвөө маань миний өвөг эцэгт дараах үгсийг хэлж байжээ. “Бидний дээд өвгүүд Байгал далайн өмнүүр, түүнд цутгадаг том голуудын орчмоор нутаглаж, ан хийж, загас барьж амьдарч байжээ. Түрэгүүдэд төрөө алдаад алсаас дайжин нүүж ирсэн болохоор цөөн тооны л бод малтай, тун ч ядуу тарчиг байсан гэдэг. Тэр цагт том загасыг жиган, жижгийг нь жираахай гэдэг байж. Жиганы мах л гол хоол болж байсан гэдэг юм. Газар газраас дайжсан олон ясны монголчууд уван цуван ирсээр, мөн загасаар голдуу хооллож, бас ан хийж амьдарсаар хөл дээрээ зогссон түүхтэй.
Түрэгүүдийн эзэрхийлэл удаан үргэлжилсэн болохоор дайжин ирсэн монголчуудын тоо ч овоо өсөж олширчээ. Чингис хааны үе гэхэд бидний өвөг дээдсийг жигачид гэж бөөнд нь нэрлэх болж. Жигачид гэх нэрийг цаашдаа захчид, жигачин гэх нэрийг захчин гэж дууддаг, тэр нэрээр манайхан нэршсэн түүхтэй. Олон газраас дайжин ирж цугларсан болохоор нэг хэсэг нь элкэний хамаатлаар овоглодог, зарим хэсэг нь ургийн овогтой, зарим нь ч овоггүй, их алаг цоог байсан гэдэг. Одоо ч мөн л тийм байгаа юм” хэмээн дурсаж, өвөө маань аавд тогтоож ав гэж захиж байжээ. Элэнц өвөөгийн маань дээрх үгс одоо цагийн судалгаагаар батлагдаад байна. Загасыг жиган, жираахай гэдэг байсан болохыг Субашид (Сажа бандида Гунгаажалцан XIII зууны дунд үед бичсэн зохиол) номд “Жигачин илбэсээр аргадаж бүрүүн Жигадыг хядахыг үзэдхүн (загасчин гохын өлгөдсөөр мэхэлж загаснуудыг хядахыг үзэхтүн)” дурдсан нь буй (Эрдэнийн сан Субашид. УБ., 1990 он, 15 дахь талд).
18, 19, 20-р зуунд монгол угсаатны язгуурын маш олон үнэт зүйл хаягдаж, мартагджээ. Манжийн хаадын бодлого, Оросын хаадын бодлого, Хятадын төрийн бодлого, Төвдийн ламын шашны нөлөө Монголчуудын оюун санааны ертөнцийг танигдашгүй болтол нь өөрчилжээ. Ийм болсны гол буруутан нь монголчууд өөрсдөө юм. Бид орчноосоо биш юуны өмнө өөрсдөөсөө л бурууг эрэх, олж тогтоох, алдаагаа давтахгүй байх нь чухал болно.
***
Манай телевизүүдэд “Ахмадын үг” булан байдагсан бол хэрэгтэй, ашигтай, баримттай, жигнэж цэгнэсэн, гүн алсуур сэтгэсэн мөн ч олон ярилцлагыг ард иргэд, тэр дундаас залуус сонсох байсан даа. Уншвал зохих зүйлүүдийг уншиж завдаагүй, эргэцүүлж бодож ч гүйцээгээгүй, цаад нарийн учир, үндсийг нь таньж ч дуусаагүй, өнгөцхөн ярилцлага өгөөд л гэнэхэн залуус сууцгааж байх болж. Тэдний ярьж буй зүйлсийн 30 хувь орчим нь л үнэн, зөв, үлдэх 60-70 хувь нь үнэн мэдлэг, зөв мэдээлэл байж чадахгүй байна. Үздэгээ үзээд, уншдагаа уншаад, боддогоо бодоод, маргаж мэтгэлцээд, олон талаас шүүгээд тунгаачихсан үнэнийг л ахмадууд хэлнэ шүү дээ. Тэдний ярилцлагын 70 орчим хувь нь хэнд ч хэрэг болохоор үнэн мэдлэг, зөв мэдээлэл байх нь эргэлзээгүй. Ахмад судлаачдын ном, бүтээлд үнэн болж тунаж үлдсэн чухал зүйлүүдээ л тэд дурсдаг, дурддаг.
Хүн төрөлхтний хувьд үнэн мэдлэг, зөв мэдээллийг өгдөг нэгэн яндашгүй эх сурвалж бол хуучны хуучин гэхээр нэн эртний олон зүйл байдаг. Энэ бол геологийн олон эрин, олон галавт хамаарах хөрс, чулуулгийн давхраанууд, сүг зурагнууд, элдэв материал дээрх бичиг, тэмдэглэл, ном судар юм. Эрт дээр үеийн өвгөдийнхөө ясан дээр, шавар дээр, хулсан дээр бичсэн зүйлсийг хадгалж, үлдээж чадсан угсаатан тун цөөхөн байдаг. Монголчуудын хувьд гэхэд л хадан дээрх сүг зургуудыг бүр одоо 21-р зуунд баллаж, сүйтгэсээр л байна шүү дээ. Чулуужиж үлдсэн элдэв дардас, мөрүүд (динозаврын), ясыг хамгаалалтанд авах, элэгдэж үрэгдэхээс нь өмнө судлах, шинжлэх ажил ч бараг хийгдэхгүй байна. Уг нь хууч судлал бол үнэн мэдлэг, зөв мэдээллийн далай их эх сурвалж юм шүү дээ!
Аливаа хүн өөрөөсөө дээд тал нь 70-80 насаар ах хүмүүсийн үгийг сонсох бололцоотой. Энэ талаар би их азтай хүнд тооцогдох учиртай.
Бусдын яриаг сонсох, эргэцүүлж бодох, марталгүй санаж байх хэрийн настай болох үед аав минь 60 гарсан настай, манайд Манхан, Зэрэг, Дарви, Чандман, Мөнххайрхан, Мөст зэрэг ойролцоо сумдын хөгшчүүл элдэв хэргээр байн байн ирцгээдэг, ирсэн бол заавал 1-2 хонож өнждөг байлаа. Тэдний дунд нутаг усандаа томдоо орох сэхээтэнлэг, оюунлаг хүмүүс олон байв. Тэд алжаалаа тайлж амрах явцдаа сонин хачин зүйл, түүх, намтар л их ярина. Шөнө оройдоо бол мэддэг үлгэрүүдээ ярьж ярьж л унтацгаадагсан. Над шиг олон үлгэр сонсож өссөн хүүхэд тун ч цөөн байж мэднэ...
Дээр дурдсан байдал манайхан гэрээрээ 1962 оны намар аймгийн төвөөс Улаанбаатар руу нүүх хүртэл үргэлжилсэн юм шүү. Ингэж л би олон олон ахмадын үг, дурсамж сонсож явлаа.
Хоёр дахь шатны азтай тохиолдлын талаар цөөн зүйл өгүүлье. Их сургууль төгсөөд л би ШУА-ийн Философи, социологи, төр эрхийн хүрээлэнд ажиллаж, 1980-аад, 1990-ээд онуудад намын улстөрийн суртал нэвтрүүлэгчээр ШУА-ийн 10-аад хүрээлэнд дээд шатны дугуйлан удирдаж, хичээл зааж, онол-аргазүйн семинар зохион байгуулж байлаа. Намын, үйлдвэрчний, эвлэлийн гэх ангиллаар улстөр-гэгээрлийн дугуйлангууд хүрээлэн болгон дээр ажиллаж, хавар нь шалгалт, шүүлэг ч авдаг байсан юм. Дээд шатны дугуйлангуудад диалектик материализм, түүхийн материализм, улстөрийн эдийн засгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалт явагддаг, сонсогчид нь дандаа эрдмийн зэрэг, цолтой хүмүүс, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнууд байдаг байв.
Тэдний дунд надаас 40-50 насаар ах хүмүүс, элдвээр хэлмэгдэж явсан хүн, нэрд гарсан судлаач, зохиолчид, сайдын зиндааны алба хашиж байсан хүмүүс ч байлаа. Жишээ нь Бямбын Ринчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, С.Лувсанвандан (Соёлын яамны сайд байсан), П.Хорлоо мэтийн ахмадууд байв. Эдийн засгийн хүрээлэн, Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Биологийн хүрээлэн дээрх дугуйлангуудад мөн дан ахмадууд нь хамрагддаг байлаа. Жил болгонд л өөр өөр дугуйланд суртал нэвтрүүлэгчээр ажиллаж байсан минь ахмадуудын үгийг сонсох удаах том боломж, олон олон санаа, сэдлийг надад өгсөн асуулт, хариултууд, чөлөөтэй ярилцлага, маргаан, мэтгэлцээн байжээ. Олон салбарын, олон мэргэжлийн, “атан тэмээ мэт, амбан шар мэт”, юм үзэж нүд тайлсан, зарим нь бүр “үхэхээс бусдыг үзсэн” ахмадуудтай илэн далангүй ярилцах нь миний “амьдралын их сургууль, ахиад тохиохгүй аз ёндоо” байв.
Монгол угсаатны түүхийн амин чухал асуудлуудаар санал бодлоо ний нуугүй солилцох боломж олдсон удаах нэгэн азтай жилүүд бол 1992, 1993 он байв. “Монголын төрийн байгуулал, улстөрийн сэтгэлгээний хөгжил (МЭӨ III – МЭ ХХ зуун)” нэртэй төсөл хэрэгжүүлэх явцад 10 шахам ахмад түүхчидтэй байн байн уулзаж олон цагаар үргэлжилсэн ярилцлага хийж байсан нь “Монголын түүхийн философи (нэн эртнээс XXI зуун)” ном бичихэд минь том нөлөө, их түлхэц болсон юм. Дээр дурдсан төслийн үр дүн болж хоёр дэвтэр хамтын бүтээл 1995 онд хэвлэгдсэн болно. Энэ хоёр дэвтэр ном тус бүр мянган хувь хэвлэгдэж тараагдсан юм. Шинэ онол-аргазүй, шинэ байр суурь, шинэ өнцгөөс бичигдсэн анхны ном, хамтын бүтээл хэмээх үнэлгээг олон хүнээс сонсож байж билээ. Яг үнэнийг хэлэх юм бол чанараар тааруу л даа...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл