Д.Ганхуяг: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор зөрчил буурч байна
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягтай ярилцлаа.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой ял шийтгэлийг чангаруулах хуулийн төсөл яригдаж эхлээд олон нийтийн анхаарлыг татлаа. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн зөрчил сүүлийн үед буурсан тухай дууллаа. Тодруулахгүй юу?
-Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд буюу 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 мянган зөрчлийг илрүүлж таслан зогсоосон. Энэ оны эхний есөн сарын байдлаар 33164 зөрчлийг замын хяналтаар илрүүлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэдийн авсан мэдээ, мэдээлэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд нөлөөлж байх боломжтой. Сүүлийн үед хоногт илэрч байгаа энэ төрлийн зөрчил бага зэргийн бууралттай байгаа. Өмнө нь хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80-120 зөрчил илэрдэг байсан бол сүүлийн үед 80 болон буурсан байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор “Уусан бол бүү жолоод” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсаар байгаа.
-Зөрчил буурч байна гэдэг таатай мэдээлэл байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны үр дагавар бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлдэг нь гол аюул шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол он гарснаар өнөөдрийг хүртэл 615 бүртгэдсэнээс 74 хүн амь насаа алдсан. Өнгөрсөн жил гэхэд зам тээврийн ослоор 300 гаруй хүн амь насаа алдсан. Үүнээс 38 нь бага насны хүүхэд байсан.
-Согтуугаар жолоо барьсан үед оноодог одоогийн ял шийтгэл ямар байна. Ер нь ямар байх ёстой юм бэ?
-Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.1.3 буюу 400 мянган төгрөгөөр торгож, нэг жилээр эрх хасдаг. Хуулийн санкцийн тохиромжтой эсэхийг бид хэлэхгүй. Ер нь гадаадын улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын энэ хуулийн санкц чангадаа ордоггүй. Мэдээж хуулийн шинэчлэлийг хууль батлах эрх бүхий субъектууд батална. Манай байгууллагаас бусад улс орны нөхцөл байдалтай харьцуулсан судалгааг хийн саналаа хүргүүлсэн.
-Шинэ хуулийн төслөөр ял шийтгэл санкц нэлээд чангарч байгаа. Зарим хэсэг нь үүнийг цагдаажих нь, шоронжих нь гэх зэргээр шүүмжилж байгаа. Заавал ингэж чангаруулах хэрэг байсан уу?
-Хуулийг чанга байна гэж бухимдах нь “Бид зөрчмөөр байна” гэж байгаатай адилхан. Тэгэхээр та зөрчихгүй байхад л хууль чанга, сул байх эсэх асуудал хамааралгүй шүү дээ. Манайд жилд 500 гаруй хүн зам тээврийн ослын улмаас амиа алддаг. Үүний 200 орчим нь согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осолтой холбогддог. Нэг ёсондоо 40 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол эзлээд байгаа. Тиймээс хяналт шалгалтыг яагаад ч сулруулж болохгүй зөрчлийн нэг. Тийм ч учраас цагдаагийн байгууллага долоо хоногийн 24 цагт шалгалтын ажиллагааг зохион байгуулан ажилладаг.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй л бол 200 орчим хүн эрүүл саруул, амьд сэрүүн байх боломжтой байж. Жолооч нарт энэ талаар ямар зүйлийг сэрэмжлүүлэх вэ?
-Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодохгүй байх олон сонголт, боломж бий. Мэдээж согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гэж бид хэлэх эрхгүй. Гэхдээ хэрэглэсэн тохиолдолд автомашинаа камерын хяналттай зогсоолд байршуулах, найз нөхдөө, гэр бүлийн хүмүүсээ дуудаж хүргүүлэх зэрэг олон сонголт байгаа. Энэ нь өөрөө жолоочид ч, бусдад ч аюулгүй байх боломж юм.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.178.188] 2023-10-21 20:48:50
Мэдээж үр дүн гарна, олон хүний амь нас аврагдана, хөрөнгө аврагдана,, хэрвээ энэ хууль батлагдвал
Үр дүн [202.9.40.134] 2023-10-19 10:52:27
Үр дүн гарч бга бол баяртай байна,гэхдээ аль байгууллагын ажил заавал асуудал үүсэж бж явагддаг ,эрчимждэг бмгүй бна, урьдчилан сэргийлэх нь л чухал тул хаана хаана гүйцэтгэл,санаачлага сайн бх хргтэй бна