Говь нутагт ойрд үзэгдээгүй зуд нүүрлэж, зузаан цасан бүрхүүл тогтжээ
Монгол орныг бараг нэлэнхүйд нь хамарсан зуд энэ жил болж байна. Тэр дундаа говь, талын аймгууд хүндхэн өвөлжиж буй. Албаны мэдээгээр энэ нэгдүгээр сарын 20-ны байдлаар долоон аймгийн 27 сумын нутаг шилэн буюу төмөр зудтай, 18 аймгийн 128 сум цагаан зудтай хэмээн үнэлэгдсэн байна. Тиймээс бид энэ удаа нөхцөл байдал хүнд байгаа буюу мөсөн зуд нүүрлэсэн Дорноговь аймгийн Алтанширээ сумыг зорьсон юм. Аймгийн төв Сайншанд руу суудлын машин 50-60 мянган төгрөгөөр явдаг юм байна. Цар тахлын үеэр замын зардал 100 мянга хол гараад эргээд буусан нь энэ. Түүнээс өмнө бол 20-25 мянган төгрөгөөр явдаг байсан гэж таксины жолооч ярьж байна. Манайд нэг сонин тогтолцоо байдаг нь бараа, үйлчилгээний үнэ нэг өсчихвөл дахиж хэзээ ч хуучин хэвэндээ хүрч буудаггүй явдал.
Тиймээс энэ мэт зүйлсийг бид байдаг л зүйл хэмээн хүлээж аваад нэгэнт сурчихжээ. Алтанширээ сум аймгаасаа зүүн хойшоо 90 километр зайтай бөгөөд шинэ оны дараахан хүний олон, техникийн хүчээр зам гаргажээ. Гэсэн хэдий боловч замын мөр хөлдүү болохоор жижиг тэрэг гулгаж, хажуугийн хунгар руу орчих эрсдэлтэй аж. Ур чадвартай жолоочийн буянд аюулгүй явсаар цагаан гэгээ тасрахын алдад сумын төвд очив. Сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш тосч аваад маргааш өглөө очих айлынхаа тухай товчхон мэдээлэл өгөв. Ингээд Алтанширээд маргааш мандах нарнаар малчин айлдаа очиж, сүүлийн хэдэн жил говь нутагт болоогүй зудын байдал, малчны амьдралтай танилцахаар болсон юм.
Маргааш өглөө нь сумынхаа баруун хойшоо 10-аад километр газарт Аймгийн онцгой комиссоос суманд өгсөн шинэхэн машинаар давхиад Цэвэлмаагийн Мөнхдорж гэх айлд очлоо. Тэрбээр 1968 оны бичин жил есөн хүүхэдтэй айлын тав дахь нь болон төрж, нагац ах н.Дамдинсүрэнгийнхээ гар дээр өсчээ. Ахыгаа дагаж “Саруул зам” нэгдлийн адуу маллаж, өдгөө Сумын заан, сумын Алдарт уяач болжээ. Тэднийх энэ жил сумынхаа баруун хойно өвөлжиж байгаа гэнэ. Энэ бууцандаа буугаад дөрвөн жил болжээ. Хунгар цас, хөлдүү бууцаа ховхлоод өвөлжөө тойруулан хураажээ. Хөрзөнгөө дөрвөн ч удаа ийн нүдэж, хөлдүүсийг нь авсан байна. Анхны цас 11 дүгээр сарын эхээр ороод л түүнээс хойш нийтдээ 20 гаруй удаа их хэмжээгээр оржээ. Ингэхдээ цас орсон өдрөөсөө хойш багадаа 2-3 хоног нүдгүй шуурч, зарим өдрүүдэд цас хайлтал дулаараад шөнө нь хүйтэрч хоносоор ийм байдалтай болжээ.
Оны өмнө хоёр азарга адуугаа уруудуулж, эрж сурсаар олж ирсэн нь 10 хүрэхгүй. Тэднийгээ хэдэн үхэртэйгээ хамт гэрийнхээ гадаа суурин тэжээж байгаа аж.
Ц.Мөнхдоржийнх бас сумын захиргааны нэр дээр бүртгэлтэй махны чиглэлийн халзан үхэр маллаж байна. Намайг очихтой зэрэгцэн гэрийн эзэн сумын төв дээр ирсэн арай хямд өвснөөс 100 боодол, бас хэдэн шуудай тэжээл олж ирэхээр явав. Уг нь тэднийх сумаасаа 10 хүрэхгүй километр зайтай. Гэсэн хэдий ч жижиг тэрэгтэй, цас их учраас гэргий нь болгоомжтой явах, тоон гарын үсгээрээ банкаас мөнгөө хэрхэн авахыг зааж захив. Гурван охин тус, тусын амьдралтай болж, сум, аймагт амьдардаг учраас тэр бүрийд ирж туслаад байж завдахгүй. Дээрээс нь хүүхдүүд сургуульд орохоор залуу гэр бүлийн өмнө тусдаа амьдрах уу, хүүхдийнхээ боловсролыг бодож төвийн айл болох уу гэсэн сонголт тулгардаг. Охид ч тийм л сонголтын өмнө ирээд суурин газар барааджээ. Харин энэ жил гэргий Р.Сарантуяагийн төрсөн дүү Р.Наранбаатар хөдөө гарч, эгч, ах хоёртоо тус болж байгаа гэнэ. Ингээд гурвуулаа үхэр, адууныхаа тэжээлийг өгөх, хонио ялгаж ойрхон бэлчээх, аргал хөрзөнгөө бэлдэх гээд их ажилтай үлдлээ.
Дээрээс нь хотныхоо эргэн тойронд нойтон хөрзөн уугиулж, май тавина. Ингэж байж хороогоо дулаан байлгах, даарсан малаа дулаацуулдаг байна. Тэгэхгүй бол дотор нь хүйт орсон мал, хөлдүү хотонд хэвтэхээрээ доороосоо жиндээд амархан муудна. Цаг хэцүү байгаа учраас хэдэн малаа тэжээж болох бүхий л зүйлээр тэнхрүүлэх гэж хичээнэ. Хэдэн адууныхаа нойтон хомоолыг түүн хатааж, цайны идээг хураагаад тэжээлтэйгээ хольж багсраад өгнө. Адууныхаа тэжээлийг тусгайлан оёж бэлдсэн уутанд хийж, хошуувчлан өлгөдөг бол үхрээ тус бүрийн саванд тэжээлийг нь багсарна. Нэг, нэгээр тусад нь тавьж өгч, бусдыг нь үргээж байгаад идүүлдэг болохоор 10аадхан үхрийн тэжээл өгөх гэж нэлээд хугацаа зарцуулна. Ёстой л үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийхгүй ажиллахыг айлын маань гурав үзүүлнэ. Завсар зайгаар нь би хэд гурван зүйл асуухыг бодно.
Бид гурав ядруу хурга, ишгээ ангилж үлдээгээд хонио үд дундад бэлчээрт гаргав. Р.Наранбаатар ах адуугаа усалчихаад зайдан морьтой хонио дагалаа. Нар хэвийх үед хонь, ямаа нь хэд гурваараа цуварч, хотондоо ирсэн болохоор хэдийгээр газар мэдэхгүй ч санаа зовоод амдаад жаахан алхлаа. Урд хөтөл дээр гарвал хаашаа л харна цасан далай угтахад нүдээ дасгах гэж хэсэг зогсов. Хэт хүйтнээс болоод хөрлөсөн цас яг л мөс шиг хатуураад хүн явахад дааж байна. Нэг бодлын биед амар мэт боловч хэсэг яваад хунгарт шигдэж орох нь тамир бардаг гол зүйл ажээ. Ингэж хатуурч хөлдсөн цас малын шилбэ ураад, бэлчээртээ идэх өвсгүй, хотондоо хөлдүүс болохоор хүн малыг жинхэнэ шалгадаг байна. Цасан дундуур мал цувахад олон малын хөлөөр тодхон жим үлддэг бол энд тэгэхгүй. Хэсэг алхаад л цасанд зоогдсон туниа муутай амьтсыг өргөж гаргаад нэг хэсэгтээ “Мөсөн цас”-аар тэшүүлнэ. Хэдийгээр хонины дийлэнх ирээгүй, араас нь явсан ах сураггүй байгаа ч хөдөөний ажлаас хөндийрсөн, хөр цасны их, газар мэдэхгүйн улмаас буцахаас өөр сонголтгүй болов.
Айлын эзэгтэй энэ хооронд гадаах бүхий л ажлаа цэгцлээд, гэрийнхээ ажлыг ч амжуулжээ. Р.Сарантуяа эгчийн хэлж буйгаар өнгөрсөн намар 10 дугаар сарын сүүлээр боодол өвс 1011 мянган төгрөг байсан бол цаг хэцүүдсэний дараа 20 мянга гарчээ.
Харин Ц.Мөнхдорж ахын авахаар явсан 100 боодол өвсийг нэгийг нь 17 мянган төгрөгөөр авахаар болсон байна. Гэвч бог, бодгүй хашаанд нь тэжээж байгаа учраас энэ өвс 14 хоног л болно. Анхны цаснаас хойш эднийх энэ авсан 100 боодолтойгоо нийлээд 500 боодол өвс авч, нэгийг нь 20 мянган төгрөгөөр бодвол 10 сая төгрөг гэсэн үг. Харамсалтай нь тэжээгээд байхад л өглөө бүр 5-10-аараа үхэж, мөн энэ тооны хээл малтаж гаргах мал дагасан хүмүүст амар байхгүй нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд хивэг, тэжээлийн үнэ ч огцом нэмэгдэж 36-38 мянга болсон гэнэ. Халуун намраар хадаж боогоод хураачихсан өвсний үнэ цас их унахаар чухам яагаад нэмэгддэгийн шалтгааныг ойлгодоггүй. Шатахуун, түлш жаахан илүү зарцуулсныгаа шингээгээд хэн, хэнийгээ бодолцсон үнээр зарж болмоор л юм гэж жирийн малчин эмэгтэй хэлж байна. Ингэхээр зарим нэг нь мал бол малчны хувийн өмч. Үхүүлэх, амьдруулах нь тэдний хэр ажилч, арга туршлагатайгаас хамаарна гэх байх л даа. Үнэхээр ч тийм, гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйлд аргаа барж суугаа хэдэн малчдаа шулахгүй байвал өвс, тэжээлийн бизнес тань арай олон жилийн настай байна гэж л улиглаад байгаа хэрэг. Харин ажил, анхиа ярих юм бол Ц.Мөнхдорж, Р.Сарантуяа нар хэнийг ч дагуулахгүй хүмүүс аж. Яалт ч үгүй үхсэн малынхаа сэгийг бусад малдаа харуулахгүй гэж бүтээж тавиад сумын урд байх зориулалтын цэгт аваачиж хаядаг юм байна. Энэ тухайгаа үхсэн хэдийгээ хараад байх нь амьддаа хэр л олигтой байв гэж хэмээн хэлсэн.
Гэтэл зарим нэг унхиагүй хүмүүс зам дагуулан цувуулж, нүд халтирам болгочихоод явдаг байна. Бид хоёрыг ийн ярилцаж байтал хонинд явсан хүн маань ирж “Баруун тийшээ хэсэг газар сайхан хамхуултай болж, өнөөдөр овоо идүүлээд авлаа” гэсээр ирэв. Хамхуулыг идэх үү гэж гайхахад минь ямар ч байсан малын өл дараад л байдаг юм гэв. Тэгсэн хэрнээ эндхийн мал хангай газрын бүдүүн ширхэгтэй өвсийг идэж чаддаггүй гэх. Ёстой л дассан газрын даавуу зөөлөн гэгчээр мал хүртэл нутгийнхаа хамхуулаар өлөө дараад байдаг бололтой. Говьд 17:00 цаг өнгөрөөгөөд л нар гэнэтхэн шингэчихдэг аж. Цаг харахад эрт хэрнээ хэдийнээ нар шингэчихсэн. Гэсэн ч өвлийн адаг сарын шинийн 10дын сар тун удалгүй мэлтэс гээд гараад ирэх нь өдөр шиг гэрэлтэй. Малаа бүрэн хотлуулж, гадаах ажлаа дуусгаад орж ирсний дараа 19:00 цаг өнгөрөөгөөд гэрийн эзэн ирэв. Хэдийгээр арай хямд үнээр авч байгаа ч банкан дээр гарын үсэгнийхээ учрыг олох гэсээр оройтсон гэнэ.
Хоолоо идэж дуусаад маргааш хэдэн малдаа өгөх хивэг, тэжээлийг бэлдэнэ.Яг л ийм дүр зураг өдөр бүр давтагдана. Шөнийн 23.00 цаг өнгөрсөн ч хурга, ишигт өгөх давстай бор цай чанах, шуудайгаар цас үүрч ирэх гээд ажил дуусах болоогүй л байна. Байгаа айлдаа чадлаараа туслахыг бодож, гар хөлийнх нь үзүүрт гүйхийг хичээх ч хөдөөгийн ажлаас үнэхээр хөндийрчээ. Тиймээс дэр, толгой нийлүүлээд л унтаж, хонь, ямаа майлах дуунаар сэрвэл Ц.Мөнхдорж ах хотоо эргэхээр гарчээ.
Хотныхоо нөмрийг бараадан шахцалдаж байгаад туниа муутайгаа дарах нь их. Гэсэн ч монгол хүн бэлгээрээ гэдэгчлэн амьтан, ах дүүсийг асуухад нь сайн л гэж хариулдаг. Дан ганц бидэн доор орчихсон цас биш дээ гэх нь монгол хүний л уужуу сэтгэл гэлтэй. Хэдхэн хоногийн дараа хаврын тэргүүн сар гарч, мал хүнгүй урин цагтай золгоно. Тэгээд ч говьд өвөл нь ширүүн болоход хавар аятайхан. Хавар, зундаа шуургатай жил өвөл нь хэцүүхэн болдог гэнэ. Тийм ч болохоор арван малаа аваад үлдчих итгэлтэйгээр гар хумхилгүй ажиллаж, хэцүүхэн зудыг өнгөрөөж байгаа говийн нэг айлын өдөр ийнхүү өнгөрч, нөмөр бараадан гэрийн гадаа хэвтсэн үхэр хивэх нь сонсогдоно…
Т.Дарханхөвсгөл
Үргэлжлэл бий
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2024-01-31 13:03:55
ЭЛДЭВ ЧЕНЖ НЭРТЭЙ ХУЛГАЙЧУУДАА ЦААЗЛААЛ ДАА ЗҮГЭЭР БАЙЖ БАЙГААД БӨӨН МӨНГӨ ОЛООД ЗҮГЭЭР САЛТААНЫ ЖАРГАЛАА ХИЙЖ БАЙНА
зочин [66.181.183.217] 2024-01-31 12:42:01
Дээр үед арай өвстэй байсан байх. Цас их орно шуурна бас л хэцүү Ер нь зуд энэ тэр гэж ярьдаггүй байсан сан. Одоо хаа хаагүй цас ухаж үзүүлээд л сүйд юунд байна судалмаар Байгалийг буруутгаж ер болохгүй шүү Давагдашгүй хүчин зүйл гэж нэг үгтэй зохицох нь хүний ёс Малаа чанаржуул Өвөл хаварын бэлтгэл сайн хийхэд асуудал гарахгүй.
Харьцаагаа хөгжүүлээч, цаг үедээ тохируулаач. [66.181.160.105] 2024-01-31 10:57:54
Монголын нүүдлийн мал аж ахуй ер нь капиталист системд ТОХИРОХ УУ? Одооны бүх суурь харьцааг 1950-60-аад оны үед тавьчихсан, байгалийн гамшиг болохлээр бүх дэмжлэг туслалцааг төрөөс олгодог тийм тогтолцоо социализмын үед бүрдсэн. Гэтэл сүүлийн 30 жилийн туршид үүнийгээ капиталист болгож өөрчилж ЧАДСАН юм уу? ЧАДАХ ЮМ УУ? Зуд бол давтагдаад л байна, харин капитализм Монголд гүнзгийрэн нэвтрээд л байна. Харин мал аж ахуй ...
Зочин [202.55.191.130] 2024-01-31 10:20:55
hagas ch bolson erchimjuulsen bol yu gej 21r zuund belcheer bulaatsaldan shaldan gazar uvuljih vee dee! 4 jil haltsgai gazar buuna gej yamar ym baihav dee.