Д.Цэрэннадмид: Дуутын хад бол 400 жилийн турш яг өнөөдөр бичсэн юм шиг л тод байдгаараа өвөрмөц, ховор өв

Aдмин / Шинжлэх Ухаан

Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаж, монгол бичгийн хамгийн эртний дурсгал буюу “Чингисийн чулууны бичиг” нэрээрээ алдаршсан Есүнгэ мэргэний гэрэлт хөшөөний 800 жил, Халхын Цогт хунтайжийн шүлэгт бичээс буюу Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойг энэ онд ёслон тэмдэглэхээр тогтсон билээ.

Энэ хүрээнд, зохион байгуулах ажлын талаар “Цогт тайжийн өргөө орд сан” ТББ-ын гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Цэрэннадмидаас тодрууллаа.

“Цогт тайжийн өргөө орд сан” ТББ-ыг хэзээ байгуулав, ямар ажил үйлс өрнүүлж байна вэ?

Бид “Цогт тайжийн өргөө орд сан” ТББ-аа 2021 онд байгуулсан. Булган аймгийн Баяннуур суманд байдаг Цогтын цагаан байшин буюу “Сэтгэшгүй чандмань” сүмийн туурийг засварлах, хамгаалах мөн халхын Цогт хунтайж болон “Дуутын хадны шүлэг”- ийн тухай судалгаа хийх, олон нийтэд үнэн зөв мэдээлэл түгээх, эх бичиг, түүх соёлоо хайрлан хамгаалах чиглэлээр ажилладаг.

“Чингисийн чулууны бичиг”-ийн 800 жил, “Дуутын хадны бичээс”-ийн 400 жилийн ойг энэ онд тэмдэглэхийг соёлын яаманд даалгасан шүү дээ. Танай байгууллага энэ хүрээнд яруу найргийн наадам зохион байгуулах үүрэг хүлээжээ. Тов нь гарсан уу?

Засгийн газрын тогтоолоор уг хоёр ойг тэмдэглэхээр 20 шахам хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаад байгаа юм билээ. Зарим төлөвлөгөө бол хэрэгжээд эхэлсэн, зарим нь бэлтгэл шатандаа явж байна Уг арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжлэх юм. Манай яруу найргийн наадам “Сэтгэшгүй чандмань” уралдааны хувьд бол, наймдугаар сард тэмдэглэхээр төлөвлөсөн.

Энэхүү наадмыг анх хэзээ зохион байгуулсан бэ? Энэ наадамд үндэсний бичиг соёлтой холбоотой үйл ажиллагаа багтаж байгаа юу?

Бид энэхүү наадмаа 2021 оноос хойш зохион байгуулж байна. Монголын алтан ургийн язгууртан, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Цогт хунтайж, Монгол Улсын төр-нийгмийн зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч С.Удвал нарын өлгий нутаг Булган аймгийн Баяннуур суманд байдаг “Цогт тайжийн цагаан байшин” хэмээн алдаршсан “Сэтгэшгүй чандмань” сүмийн туурьд яруу найргийн наадам зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд, Төв аймгийн Дэлгэрхан суманд зохиохоор болсон.

Монголын утга зохиолын арвин баялаг өв санг хойч үедээ сурталчлах, соёлын биет болон биет бус өвийг иргэд, олон нийтэд таниулах, эх түүхээрээ бахархдаг, эх оронч үзэлтэй иргэн төлөвшүүлэхэд яруу найраг, урлаг, утга зохиолын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол их билээ.

Энэ наадамдаа уран бичээчдийг урьж уран бичлэгийн үзүүлэн тоглолтыг зохион байгуулдаг. Мөн яруу найргийн наадамтайгаа хамтатган Цогт хунтайжийн шүлгүүдийг уран бичлэгээр бичих уралдааныг зарладаг юм. Өнөө жил ч мөн зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Цогт хунтайжийн цагаан байшинг виртуал орчинд сэргээн урласан шүү дээ. Үүнийг сэргээхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

Бид энэ түүхэн ойг тохиолдуулан 2023 онд соёл урлагийг дэмжих сангийн дэмжлэгээр Дуутын хадны ойр орчмыг 360 градуст бүтэн харуулах судалгаа хийж төсөл хэрэгжүүлсэн. Энэхүү төслөөр бид "Гарааны дижитал солюшнс" болон “GUYUK” metaverse-ийн залуучуудтай хамтарч Дуутын хадны гурван бичээс, “Сэтгэшгүй чандмань” сүмийг виртуал орчинд сэргээсэн. Бид үүнийг дэргэд нь байгаа юм шиг харуулахын тулд зургаан сарын турш судалгаа шинжилгээ хийсэн. Энэхүү виртуал үзмэр нь унших, харах, сонсох боломжтой тул ямар ч хүн сонирхох боломжтой.

Чингис хааны 19-р үеийн залгамж, алтан ургийн язгууртан Цогт хунтайж өөрийн эх Чинтайху хатны хамт Туул голын хөвөөнөө Халдудын Зүрх уулын өвөрт 1601-1617 онд байгуулсан сүмийн чуулбар бүхий монгол хотхон. Энэхүү байгууламжийг эрдэмтдийн судалгаа, дүгнэлт гэрэлт хөшөөний бичгийг үндэслэн 1617 оны байдлаар Цогт тайж сангийн виртуал газар нутагт бүтээн байгуулсан. Мөн орчны газар нутгийг гурван хэмжээст орчинд 360 градуст бүрэн зураглал хийж бичгийн болон дуут тайлбартай хийж гүйцэтгэсэн.

Үүнийг хаанаас, яаж үзэх вэ?

“GUYUK” METAVERSE цахим хэрэглүүрээр ороод үзэх боломжтой. Мөн www.guyuk.mn цахим холбоосоор орж үзсэн ч болно. Үүнийгээ бүр ч түгээн дэлгэрүүлж, нийтэд улам хүртээмжтэй болгохын тулд юүтүбт байршуулахыг бодож байгаа. Тэгэхийн тулд хэд хэдэн алхам хийх хэрэгтэй байдаг юм билээ. Мөн Булган, Төв аймгийн музейд VR төхөөрөмжийг байршуулахаар судалж байгаа. Хэрэв тэгж чадвал сурагчид, оюутнууд, түүхийн шинжилгээний ангийн оюутнууд харах боломжтой л доо. Жишээлбэл, Дуутын хадны шүлгийг яг л тулаад очсон юм шиг, урд талд нь сууж байгаад ч унших боломжтой.

Их сайхан сонсогдож байна. Очиж сонирхохыг хүсдэг олон хүний хүслийг ойртуулж буй сайхан ажил байна шүү дээ.

Тийм ээ. Жишээ нь, Цогтын цагаан байшинг нь үзсэн бол Дуутын хадыг нь үзээгүй Дуутын хадыг нь үзсэн бол Цогтын цагаан байшинг нь үзээгүй байдаг. (Энэ хоёр дурсгал хоорондоо 200 км зайтай) Ер нь бол судлаач, яруу найрагчдаас бусад хүн хоёуланг нь үзээгүй байдаг л даа. Тиймээс энэ төхөөрөмжөөр хоёуланг нь хоромхон зуурт л үзчихнэ гэсэн үг шүү дээ. VR төхөөрөмжийн туслах гарыг ашиглаад хад, бичээсэнд гараа хүргэж тэмтэрч үзэж ч болно.

Цогтын цагаан байшингийн туурийг сэргээх боломж бололцоо хэр байдаг бол. Дэргэд нь тоглож өссөн хүний хувьд иймэрхүү бодол төрж байв уу?

Би багадаа энэ байшингийнхаа хажууд нь хурга ишиг хариулж, хэрмийн дотор нь нуугдаж тоглож байсан. Цогтын цагаан байшинг хуучин хэчнээн сайхан сүндэрлэж байсан бол доо, үүнийгээ сэргээчих юм сан гэж байнга бодож явдаг даа.Энэ бол ганц би ч гэлтгүй манай нутгийнхны, Булганы ойр орчмын хүмүүсийн, ер нь Монголоо гэсэн элэгтэй бүх хүний мөрөөдөл шүү дээ.

1945 онд төрийн соёрхолт, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай одоогоос 20 хэдэн жилийн өмнө нэр бүхий эрхмүүдтэй нийлэн Цогтын цагаан байшингийн туурийг сэргээх гээд тухайн үеийн Гэгээрлийн яаманд бичиг бариад очиж байсан юм билээ. Энэ нь хэн нэгэн эрхтэн дархтны шургуулгад үлдээд л, ерөөсөө бүтээгүй.

Харин 2021 онд нэр бүхий хэдэн хүн нийлж байгаад бүр сангаа байгуулаад идэвхтэй хөөцөлдсөн. Телевиз радио, цахим орчинд уйгагүй ярьж, бичсэний үр дүнд одоо бол нэг үеэ бодоход олны сонорт их хүрч байна. Засаг төр ч анхааралдаа аваад байна.

Цогтын цагаан байшингийн туурь одоо ямар байдалтай байна гэж ойлгож болох вэ?

Ноднин жил бид нэр бүхий эрдэмтэн, зохиолч нарын гарын үсгийг цуглуулаад Ерөнхий сайдад хүсэлт гаргаж, бичиг хүргүүлсэн л дээ. “Чингисийн алтан ургийн язгууртны бүтээсэн энэхүү сүм эвдэрч нурлаа, судалгааны үндсэн дээр сэргээж болох хэмжээгээр нь сэргээе” хэмээсэн утгатай. Ингээд Засгийн газраас тэр талаар Соёлын яаманд үүрэг өгөөд, Соёлын яамнаас хоёр бүтэн баг очиж байна. Соёлын өвийн үндэсний төвөөс уран барилгын хэлтсийн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сэргээн засах баг, авран хамгаалах газрын мөн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг очоод Цогтын Цагаан байшингийн туурь нь ямар байна, хөрс, эвдрэл нь ямар байна, сэргээн босговол боломж байна уу, боломжгүй бол ахиж нурахааргүй болгох, агаар, хөрс, ургамал, элэгдлийн иж бүрэн судалгааг хийх санал хүргүүлсэн юм. Ерөнхий сайд, Соёлын яам үүн дээр анхаарч байгаа.

Монгол Улсын Засгийн газар 1970 онд улсын тусгай хамгаалалтад авсан гэдэг боловч ямар нэгэн ажил хийгээгүй байсан. 2021 онд бид хүсэлт гаргаад Булган аймгийн Засаг даргын тамгын газар, иргэдийн хурлаар хэлэлцүүлээд байгаль хамгаалах сангаас 70 гаруй сая төгрөг гаргуулж гурван га газарт байгаль орчин болоод мал амьтанд аюулгүй, хөндлөн төмөр хашаа барьсан. Ингэснээр ойр орчмын ургамлын төрөл зүйл нэмэгдэж, хөрс сэргэж байна. Өмнө нь тэнд шуурганд уруудсан болон отрын мал хоргодоод л тонгочиж байдаг байв. Одоо бол ийм асуудалгүй, хамгаалалттай болсон.

Дуутын хадны хувьд?

Дуутын хадны хувьд, харьцангуй сайхан, маш буйд, баргийн хүн олохгүй газарт байдаг. Тэрхүү байгалийн тогтоц нь өөрөө хамгаалалт болоод 400 жилийн турш өдийг хүртэл яг өнөөдөр бичсэн юм шиг л тод байдгаараа өвөрмөц, ёстой л Монголын ховор өв юм даа. Тэр ариун дагшнаар нь байлгаасай л гэж хүсдэг.

Дуутын бичээсийн ойд зориулж ном хэвлүүлэх тухай сонссон, энэ тухай...

Цогт Хунтайжийн тухай маш олон дуу шүлэг байдаг. “Сэтгэшгүй чандмань” яруу найргийн наадамд ирүүлсэн болоод, Цогт тайжийг, дуутын хадыг магтан дуулсан асар олон шүлэг, дуулал, дууг нэгтгээд монгол-кирилл бичгээр ном гаргахаар төлөвлөсөн. Мөн “Цогт тайжийн түүх соёлын дурсгал” хэмээх хүмүүст бараг гарын авлага болохуйц эмхэтгэсэн номоо дахин хэвлүүлнэ.

Та Цогт хунтайжийн тухай судалгааг хэр удаан хийж байна вэ?

Бараг сүүлийн 20 жилийн турш. Ингэхдээ янз бүрийн эх сурвалжуудыг үзэж сонирхож, хадгалж, цуглуулж байгаад л энэ номоо 2021 онд эмхэтгэсэн л дээ.

Цогтын цагаан байшингийн хажууд манайхан үе удмаараа байж байсан. Тиймдээ ч би үүний тухай чимээ л сонсвол өөрийн мэдэлгүй сэртхийж, мэдээ материал цуглуулсаар ирсэн.

Одоо харин Цогтын хадны бичгийн 400 жилийн ойд зориулаад жүжигчин А.Энхтайваны аялгуу миний шүлэг “Цогт тайж” гэдэг дуу хийсэн байгаа. Үүнийгээ Цэргийн дуу бүжгийн бүх цэргийн дуу бүжгийн чуулгын дуучнаар дуулуулах гээд бэлтгэж байгаа. Би бас Чин тайху хатан гээд роман бичээд дунд нь ороод явж байна. Дараа нь Цогт хунтайжийн тухай номыг уран сайхны хэлбэрээр бичнэ гэж боддог.

Судалгааны ажилд нь монгол бичгийн мэдлэг гарцаагүй шаардагдсан байх. Та монгол бичгийг хэрхэн сурч байв?

Тээр жил би Өвөр Монголын Өөртөө засах орны Хөххот, Эрээнээр наймаа арилжаа саатаж бараг гурван сар болсон юм. Одоогоос бараг 25 жилийн өмнө. Хийх ажилгүй буудалд ажлаа хэзээ бүтэхийг хүлээн хэвтэснээс гэж бодоод тэндхийн монгол номын дэлгүүрээс "Тунгалаг Тамир" романыг босоо бичгээр аваад ирэв. Эхлээд яг л зарлал ширтсэн ямаа шиг паг. Гэвч хараад л байсан. Нүүр хавтасны "Тунгалаг Тамир" гэдэг үгэнд орсон татлага зурлага хэлбэрийг бараг нэг өдөр харж хэвтэв. Бас дотор хуудасны зохиолчийн нэрийг харааны ойд сайтар тогтоов. Ингээд л Тунгалаг Тамир, Ча Лодойдамба хэмээх үгсийг хаанаас ч таньдаг болох нь тэр.

Эхний хуудсыг бараг гурав хоног харсан бас хуулж бичлээ, за даа хорин удаа хуулсан болов уу. Тэгтэл яасан гээч, дараагийн хуудсыг нэг хоног тэгээд эхний 10 хуудсыг долоо хоногт уншаад урам орсон. Тэгээд Улаанбаатараас кирилл эхийг нь захиж аваад тулгаж үзсээр бүүр шударга сайхан уншиж сурсан. Тэр гурван сар С.Пүрэвийн "Чулуун хаалга”, Р.Чойномын “Хар цэцэг" зэрэг номыг босоо бичгээр уншиж дуусгасан. Бидний цусанд, бидний далд ухамсарт энэ бичиг кодлогдсон байдаг санагдсан шүү. Хэн ч надад үсэг зааж өгөөгүй шүү дээ.

Б.Гармаа

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

xqxtjoiddh [185.220.101.142] 2024-10-24 00:03:08

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

avnirppzip [185.220.101.142] 2024-10-24 00:03:06

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [86.111.136.83] 2024-07-11 18:55:50

та бүхэнд амжилт хүсье

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:27

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:27

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

эрдэнэ [202.131.245.154] 2024-05-17 13:05:07

гайхалтай


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.