Цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох ДҮРЭМ гэж бий
Дулааны улирал эхэлснээр явган хүний замаараа явж байгаад л цахилгаан скүүтер, суррон дугуйнд мөргүүлэн бэртэж, гэмтсэн иргэн цөөнгүй байна.
Тодруулбал, 2024 оны эхний таван сарын байдлаар нийт 55365 хүн ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авснаас скүүтер болон суррон дугуйтай холбоотой гэмтэл 72 бүртгэгджээ. Харин өнгөрсөн онд мөн шалтгаанаар 266 хүн бэртсэн байна.
Цахилгаан скүүтерээр явганы замд 10 км цагийн хурдтай явах ёстой
Мөн тухайн хэрэгслийн хурднаас шалтгаалан өөр өөр гэмтэл авдаг аж. Скүүтерийн бариулд хэвлий, цээжээ хүчтэй цохисноос хавиргаа гэмтээх, гар сарвуу хугарах, гавал тархины цуурал, доргилтууд авдаг. Түүнчлэн скүүтерийн суурь тавцанд цохиулж хөл, шагайгаа зүсэж, гэмтээж байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.
ЦАХИЛГААН СКҮҮТЕР ГЭЖ ЯМАР ТӨРЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ВЭ?
Бид шинэ төрлийн цахилгаан хэрэгсэл худалдан аваад хэрхэн ашиглах, аюулгүй байдлаа хангах талаар судалдаг. Яг үүн шиг цахилгаан скүүтерийг аюулгүй унах, ямар замаар, хэдэн км цагийн хурдтай зорчих вэ гэдгийг иргэн бүр заавал судлах үүрэгтэй.
Зургийн эх сурвалж: ТЦА“Иргэд замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээс цахилгаан скүүтер, суррон дугуйгаар зорчих зохицуулалт байхгүй гэж ойлгодог. Хэрэгслийн нэр нь л өөр болохоос хэдэн км хүртэл хурдлах чадвараар нь ямар тээврийн хэрэгсэл бэ гэдийг тодорхойлно. Жишээлбэл хоёр дугуйт хэрэгслийг 50 км/цаг хүртэл хурдалдаг бол мопед гэж үзнэ.
Тиймээс замын хөдөлгөөний дүрэмд мопедийг хэрхэн зорчино гэж заасан байна түүнийг л дагаж, мөрдөнө гэсэн үг. Ихэнхдээ ийм өндөр хурд авдаг скүүтерийг иргэд өөрсдөө худалдан авч ашигладаг.
Мопед: 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсвэл 4 кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгсэл;
Мопедийг 16-ааш дээш насанд хүрсэн хүн хэрэглэхийг зөвшөөрнө.
Харин түрээсийн буюу 20 км/ цаг хүртэл хурдалдаг скүүтрийг унахдаа ихэнхдээ явган зорчигчийн замаар зорчих нь бий. Энэ үед явган зорчигчийн хурдтай ижил түвшинд зорчино гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүний алхах хурд 10 км/ цаг учир явган хүний замаар цахилгаан скүүтерээр зорчихдоо энэ хурдыг л барьж явна.
Сүүлийн үед автомашинтай мөргөлдөхөөс илүү явган зорчигчийг мөргөх тохиолдол их бүртгэгдэж байна. Замын хөдөлгөөний дүрмээ мэдэхгүй байгаагаас л дүрэм зөрчиж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хохироодог. Урсгал сөрөх, эгнээ байх сүлжих, явган зорчигчийн замаар хурдтай явах зөрчлүүд их байна” хэмээн ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Ахлах хошууч Г.Отгонтамир ярилаа.
ТЭГВЭЛ БИД ЦАХИЛГААН СКҮҮТЕР, СУРРОН ДУГУЙГ УНАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?
Тээврийн хэрэгслээр зорчих хүн хамгийн эхэнд өөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Ингэхдээ дараах хувцас, хэрэгслийг базаана
- Тохойвч
- Өвдгөвч
- Бугуйн хамгаалалт
- Зориулалтын хамгаалалтын малгай
- Тод өнгийн хувцас өмсөнө.
Мөн анхаарал сарниулахуйц, харагдах орчноо хязгаарлах, орчноос тусгаарлах гар утас, таблет, чихэвч зэргийг хэрэглэхгүй.
Цахилгаан скүүтер, суррон дугуй, мопед, явганаар зорчигчийн заавал мөрдөх ёстой замын хөдөлгөөний дүрмүүдээс онцолж байна.
Нийтлэг үндэслэл
“Замын хөдөлгөөн” - нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа;
“Замын хөдөлгөөнд оролцогч” - замаар яваа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хамааруулна.
“Хөвөө” - зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ дүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсэг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргуугийн төрлөөр ялгаатай, эсвэл 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна;
1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.
1.6. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
УНАДАГ ДУГУЙ, МОПЕДООР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХОД ТАВИХ НЭМЭЛТ ШААРДЛАГА
25.1. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байна. Мопед нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтаар түүнд хамаатуулан заасан
эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байна.
25.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино.
25.3. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно:
а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсвэл түүгээр явах боломжгүй тохиолдолд;
б/ ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол;
в/ зохион байгуулалттай цуваагаар яваа үед. Тайлбар: Зорчих хэсгийн захаар байрлан явахдаа зохион байгуулалттай цуваагаар яваа тохиолдолд нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэн явж болох бөгөөд бусад тохиолдолд зөвхөн ар араасаа цуварч явна.
25.5. Энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсвэл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно.
25.6. Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна.
25.7. Унадаг дугуй, мопедын жолооч нь зорчих хэсгээр байрлан явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно.
25.8. Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвар, гарцаас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсгийг огтлон гарахдаа тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Унадаг дугуй, мопедын жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ зам дээр жолоодлогын (унаж сурах) дадлага хийх, сайтар дадлагажаагүй үедээ замын хөдөлгөөнд оролцох;
б/ залуурыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах;
в/ унадаг дугуй, мопедын овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх;
г/ зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх;
д/ 7 хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэх;
е/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг тээвэрлэх;
ж/ зориулалтын чиргүүлээс бусад зүйлийг чирэх, тээврийн хэрэгслээр
чирүүлэх.
Тээврийн хэрэгслийн жолооч дараах үүргийг хүлээнэ
- мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
- хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
- зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;
Явган зорчигчийн үүрэг
- Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна.
- Тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно.
- Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна. (Нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийн захаар явах тохиолдолд дээрх заалтыг мөрдөхгүй байж болно)
5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.
5.5. Явган зорчигч нь арав хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй авч явна.
5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно
- үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;
- аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;
- зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин гэх мэт зүйл унших;
- зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явах;
- ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.
Сэтгэгдэл
зочин [59.153.112.142] 2024-05-30 12:07:43
Хотын гудамжаар явган чөлөөтөй явах түгшүүртэй дайруулж мэднэ зохицуулж арга хэмжээ авч өгөөрөй ЗЦГ ,,,
Зочин [202.126.92.98] 2024-05-29 16:17:03
Энэ дүрэм дотор чинь Скүүтер гэж үг алга. ОТГОНТАМИР ДАРГАА . Ингэж худлаа ярихаа болиоч ээ
Автомашины жолоодох эрхийн дүрмийн шалгалт гэж ямар чухал зүйл байдаг билээ гэтэл тэрний чинь талаар [103.212.116.196] 2024-05-29 16:14:59
Автомашин жолоодох эрхийн шалгалт гэж ямар юм байдаг билээ бас нэлээн юм болдог ш дээ. Гэтэл тэрний талаар огт мэдлэггүй хүмүүс зэрэгцээд зам дээр явж байна гэхээр ямар аюул болохыг мэддэг хүн байна уу!!!!
Иргэн [103.212.116.196] 2024-05-29 16:09:39
Хуульчлах хэрэгтэй л дээ. Насанд хүрсэн, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй хүн л нийтийн эзэмшлийн зам талбайд жолоодлого хийх ёстой баймаар. Сурон дугуйг ч тэр хүүхдүүд унаж болохгүй ээ, ядаж л дохио өгч мэдэхгүй гэнэт баруун, зүүн эргээд, замын буцаж эргэхгүй хэсэгт шууд эргэж бусдад гай болоод байна аа!!! Бусад улсад бол хуультай, дүрэмтэй насанд хүрсэн хүн, дүрмийн шалгалт өгч, зохих ёсны дагуу улсын дугаар авч скүүтэр, сурон, унадаг дугуй унадаг юм ш дээ. Автомашинтай хүнтэй зэрэгцээд нэг замаар яваад байхад одоо хүртэл арга хэмжээ авдаггүй. Явган хүнээс илүү давуу эрхтэй болцон, явган хүн дохиогоо хүлээгээд зогсож байхад л шууд явж байх жишээтэй
Иргэн [103.212.118.97] 2024-05-29 11:07:57
Тийм яваад байх хөвөөтэй замаа бариач !!!!!! Яаж явдагийг амьдралд гараад хар !!!!!!!! дандаа урсгал сөрж өөрсдийгээ гэмтээж бна шүү!!!!??????? Замаа Сайжруул!!!!! жолоочидоо сигнал дардаг биш хүлээцтэй ханддаг болго!!!!!!!!! !!!!!!!
Зочин [66.181.181.166] 2024-05-29 09:13:15
Явган хүний замаар сүлжих, давхих асуудал их байна! ЗЦГ арга хэмжээ авч өг!