Л.Соронзонболд: Монгол Улс технологийн дэвшил, виртуал хөрөнгийн хөгжлөөс хоцрохгүй явах хэрэгтэй

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Л.Соронзонболдтой ярилцлаа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Түүнд цахим мөрийтэй тоглоомыг хориглох талаар тусгасан. Та дэмжиж байна уу?

-Ерөнхийдөө бид "Ниргэсэн хойно нь хашгирав" гэдэг шиг арга хэмжээ авч байна. Цахим мөрийтэй тоглоомыг хязгаарлахыг дэмжиж байна. Арилжааны банкууд сэжигтэй гүйлгээний дүрмээрээ иймэрхүү мэдээллийг илрүүлээд, санхүүгийн мэдээллийн алба руу явуулдаг. Цаашаа шалгадаг.

Сэжигтэй гүйлгээ хийгээд байгаа улсууд арилжааны банкуудыг тойроод данс нээгээд, гүйлгээ хийгээд яваад байдаг. Тийм учраас энэ ажиллагааг зогсоохын тулд энэ хуулийн төслийг санаачилсан гэж ойлгож байна.

-Сэжигтэй гүйлгээ хийгээд байгаа этгээдүүдийн асуудлыг хэрхэн зохицуулах нь зүйтэй гэж бодож та байна вэ?

-Хамгийн гол нь, сэжигтэй гүйлгээ хийгээд байгаа улсуудыг эрсдэлтэй харилцагчийн жагсаалтад оруулаад, арилжааны, арилжааны бус, банк, санхүүгийн байгууллагуудад мэдэгдээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Нөгөө талаасаа тэд олон улсын төлбөр тооцоонд холбоод, мөнгөө авчихаад байгаа болов уу.

Тэгэхээр цаад талынх нь төлбөр хүлээж авч буй байгууллагын эрсдэлийн түвшнээс хамааруулаад, тодорхой хэмжээний хязгаарлалт хийх бодлого байна уу гэдгийг хууль санаачлагчаас тодрууллаа.

Гуравдугаарт, бид зөвхөн бооцоот, мөрийтэй тоглоом, хонжворт тааврын талаар яриад байна. Гэтэл онлайн, сошиалаар сугалаа маш их явуулж байна. Телевизээр шууд сугалаа явуулж байна. Цаанаа маш олон хүнийг өрийн дарамтад оруулж байгаа юм билээ.

-Зөвшөөрлийн хуульд цахим мөрийтэй тоглоомын асуудлыг оруулж байгаа нь логик алдаатай байна гэж гишүүд шүүмжилж байна. Та адил байр суурьтай байна уу?

-Цахим мөрийтэй тоглоомоос болж маш олон хүн хохирлоо. Энэ талаар арга хэмжээ авахгүй бол нийгэмд үзүүлж буй санхүү, эдийн засгийн үр нөлөө, зөвхөн тухайн хүн төдийгүй гэр бүлийн гишүүд гээд олон хүнд нөлөөлж байна. Энийг зайлшгүй зогсоох шаардлагатай.

Нэгд, гурван төрлийн зөвшөөрлийг өмнө нь ХЗДХЯ олгодог байсан. Хоёрт, мөнгөө алдаад буй, олон улсын том сайтууд манай улсын хуулийн цоорхойг маш сайн ашиглаад, хариу тайлбараа өгөөд байгаа юм. Тийм учраас Монгол Улсад энэ нь хориотой юмаа гэдгийг гаргаж ирэхийн тулд заавал ингэж оруулж ирэх шаардлагатай байсан байх гэж бодож байна.

-Гадагшаа энэ чиглэлийн гүйлгээ хийхийг хориглосон хууль эрх зүйн ямар зохицуулалт манайд байна вэ?

-Ажлын хэсгээс мэдээлснээр, дан ганц гадаадынх гэлтгүй дотоодын арилжааны банкнаас гаргасан олон улсын эрхтэй картаар гүйлгээ хийх эрх нь нээлттэй байна. Банкны тухай, Зөвшөөрлийн тухай хуулинд энэ төрлийн үйл ажилагааг хориглосон ямар ч зохицуулалт байхгүй байна.

Цаашдаа арилжааны банкууд, үйлчилгээ үзүүлэгчид ч тэр хэрэглэгчийг таньж мэддэг үйл ажиллагаа явуулдаг, тодорхой давтамжтай бооцоот чиглэлийн гүйлгээг аль нэгэн төлбөр хүлээн авагч давтамжтайгаар хүлээж аваад байвал мэдээж хуулиар хориглогдсон учраас арилжааны банкин дээр гадаад төлбөр тооцоог хязгаарлалтад аваад явах бүрэн боломжтой гэсэн мэдээлэл өгч байна.

-Та түрүүн "Ниргэсэн хойно нь хашгирав" гэгч болж байна гэж хэлсэн. Бид эрт арга хэмжээ аваагүйгээс хэдий хэмжээний хохирол учирсан байна вэ?

-Аль хэдийнэ асуудал болоод өнгөрчихсөн. Сүүлийн гурван жилийн байдлаар 1.3 тэрбум ам.доллар, 2024 онд 578 сая ам.доллар гадагшаа урссан байна. Үүний цаана энэ хэрийн өр монгол айл өрх, залуучуудад үлдсэн гэсэн үг.

Хоёрхон сарын хугацаанд 87 сая ам.доллар гараад явчихсан гэж мэдээлж байна. Тиймээс энэ арга хэмжээг зайлшгүй авах нь зөв. Яагаад гэхээр технологи, сошиал орчин маш хурдтай өөрчлөгдөж байна. Арга хэлбэр, "нүүр"-ээ өөрчлөөд яваад байгаа учраас бид энэ асуудлаас урьдчилан сэргийлэх ёстой.

-Хаврын чуулганаар хэлэлцэх чухал асуудлуудын нэг нь Татварын багц хууль. Та ямар нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг харвал, бид татварынхаа хуулинд маш болгоомжтой хандах ёстой. Манай улсын татварын хувь хэмжээ бусад улсуудтай харьцуулахад харьцангуй бага. Аж ахуйн нэгжийнх доод тал нь 10 хувь, дээд тал нь 6 тэрбум төгрөгөөс дээш гарвал 25 хувь байдаг. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь. Дээрээс нь аж ахуйн нэгжүүдийнх зайнаасаа хамаараад 50-90 хувь болдог.

Хэрвээ жижиг дунд орлогоо зөв тайлагнавал 90 хувь татвараас чөлөөлүүлж болдог гэх зэрэг хөнгөлөлтүүд харьцангуй олон бий. Гол нь НӨАТ-ыг сар болгоны 10-ны дотор төлдөг гээд цаг хугацааны асуудал байна. ХХОАТ-ыг улирал тутам төлнө. Дээрээс нь ААНОАТ-аа улирал, хагас жил, жилээр төлж байна.

Энд үүсч буй хүндрэлүүд дээр зааг ялгааг нь гаргаж, үр өгөөж нь бодитой очих сигментэд нь тохируулж, бодлогоо зөв гаргах ёстой болов уу. Тэгэхгүйгээр хавтгайруулж, эргээд Монгол Улсын эдийн засаг, төсөвт хүндрэл учруулж болохгүй.

-МУИС-ийн судлаачид Монгол Улс Евразийн эдийн засгийн түр хэлэлцээрт нэгдвэл төдийлөн ашигтай бус байна гэсэн судалгаа хийснээ танилцуулсан. Таны хувьд энэ хэлэлцээрийг байгуулахыг дэмжиж байна уу, эсэргүүцэж байна уу?

-Дэлхий дээр өнөөдөр бүгдээрээ протекшнист буюу өөр өөрийн улс орны эдийн засгийг хамгаалах чиглэлийн бодлого руу орчихсон байна. Өөрөөр хэлбэл, глобальчлал хэмээн, бүгдээрээ хамтраад хөгжье гэсэн. Глобальчлалын үр дүнд олон улс орон хөгжсөн байна.

Глобальчлалыг уриалсан улсууд ч, хөгжингүй орнууд ч хөгжсөн байна. Хөгжиж буй, ядуу буурай орон ч энэ глобальчлалын үр дүнг хүртэж байна. Одоо эргээд глобальчлалын эсрэг бодлого яваад эхэллээ. Энэ тохиолдолд Монгол Улсад ямар үр ашигтай вэ гэдгийг маш сайн тооцох ёстой. Тэрийгээ жинлэж байгаад, хэлэлцээр байгуулах ёстой.

-ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийн санал УИХ дээр орж ирсэн үү?

-Өнөөдрийн байдлаар орж ирээгүй байна. Тэрийг жинлэж үзэх ёстой. Үнэхээр Монгол Улс маань юу хийж чаддаг билээ, юу авах гээд байгаа билээ гэдгээ бодоод. Нөгөө талдаа дотоодын үйдвэрлэл хийж буй бизнесүүдээ унагаачихгүй байх ёстой. Тэрийг сайн бодолцох ёстой. Гэхдээ бид нэг зүйлийг бас маш сайн харах хэрэгтэй.

Бид энэ дэлхийтэй худалдаа наймаа сайн хийж чаддаг байж л Монгол Улс хөгжинө. Тэгэхгүйгээр өөрсдийгөө хэт хамгаалаад, ямар нэгэн худалдаа наймаа хийхгүй байвал улсын хөгжилд сөрөг нөлөөтэй учраас аль алиных нь тэнцлийг олох ёстой гэж бодож байна.

-Та УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж буй. Энэ ажлын явцын талаар тодруулъя?

-Виртуал хөрөнгө, хүмүүс койн, токен, блокчэйн технологи гээд яриад байгаа шүү дээ. Дэлхий даяар улс орнуудын хувьд энэ чиглэлийн зохицуулалтууд нэлээд тодорхой болж эхэлж байна. Манай улсад Виртуал хөрөнгө үзүүлэгчийн тухай хууль гэж байдаг. Үүээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 биржийн үйл ажиллагааг зохицуулж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтээр, Монгол Улсад энэ виртуал хөрөнгө тодорхой хэмжээгээр амилах ёстой юм байна. Энэ хөрөнгө чинь дотроо ийм ийм үед эрсдэлтэй хөрөнгө шүү, түүнээс хамааруулаад ийм шаардлагуудыг тавьж байх ёстой юм байна гэдгийг тодорхой болгох ёстой гэж бодож байна.

Яагаад вэ гэхээр, энэ салбарт хууль эрх зүйн зохицуулалтаар тэргүүлж буй улс орнууд виртуал хөрөнгөө ангилаад, аль нь илүү эрсдэл багатай вэ, аль нь эрсдэл өндөр вэ гэдгийг тодорхой болгоод, тэр болгоныг гаргах гээд, эрхлэх гээд байгаа улсуудад тавих шаардлагууд нь илүү тодорхой болж байна. Тийм учраас бид тэр тал руу нь хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

-Монгол Улсад виртуал хөрөнгө хэр өгөөж авчирна гэж та бодож байна вэ?

-Виртуал хөрөнгө дотроо олон янз бий. Тухайлбал, интернэт орчинд цэвэр койн хэлбэрээр байж байна. Эсвэл цаанаа тодорхой хөрөнгийг илэрхийлж байна. Жишээлбэл, үл хөдлөх эд хөрөнгө, автомашин байна. Үнэт цаасууд байна. Үнэт цаасыг тодорхой хэмжээгээр токенжуулж болж байна. Тодорхой хөрөнгүүдийн арилжааг токеноор хийвэл илүү хурдтай болох жишээтэй.

Мөн жижиг, дунд бизнесүүд байна. Санхүүжилтийн эх үүсвэр нь зээл байдаг. Тэгэхээр зээлийн өрийн бичгээ токенжуулаад гаргавал илүү хурдтай санхүүжилт бий болгох боломж байдаг ч юм уу. Тиймээс цаад талын технологи боломжийг нь ашиглаж чадвал бидэнд үр ашиг хүртэх боломж бий гэж бодож байна. Ер нь дэлхийн зах зээл дээр сүүлийн 10 жилийн хугацаанд виртуал хөрөнгийн үнэлгээ маш их өссөн, оролцогчид нэмэгдсэн. Үүнийг ямар нэг байдлаар ашиглах боломжтой гэдэг дээр тогтоод байгаа шүү дээ.

-АНУ-ын Ерөнхийлөгч биткоины стратегийн нөөц бүрдүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор улс орнууд тодорхой арга хэмжээнүүд авч байна гэж та түрүүн ярьсан. Бид юуг анхаарах ёстой вэ?

-Тийм ээ. Америк биткойны нөөцийг холбооны нөөцийнхөө сагсанд авч байна шүү дээ. Өмнө нь евро, ам.доллар, Хятадын юань, Японы иенийг нөөцийн сандаа авдаг байсан бол одоо тодорхой хувийг нь авч байна. Мэдээж биткойны үнэ ханш савлагаатай байдаг.

Тэрийг мэдээд, тэр эрсдэлийг хүлээн зөвшөөрөөд авч эхэлж байна гэдэг нь энэ чиглэл рүү явна гэдгийг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр энэ виртуал хөрөнгө, токен зэргийг ашиглаад, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зэргээр олон зүйл хийвэл цаг хугацаа хэмнэсэн үр дүн гарах нь харагдаж байна.

Блокчейн технологийг найдвартай технологи гэж үздэг. Энэ технологийг хөгжүүлэхийн тулд маш их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай. Монгол Улс хөгжиж буй орны хувьд энэ технологийн дэвшил, виртуал хөрөнгийн хөгжлөөс хоцрохгүй явах хэрэгтэй.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.244] 2025-04-11 19:41:45

Монголчууд Univision ба Skymedia-гаас ичих хэрэгтэй учир нь монголчууд зурагт ба интернет үзэж зугаацдаггүй ба тэд интернет ашиглавал гүүглээр ба фэйсбүүкээр зөвхөн хүн судлал хийдэг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.