Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр дэд хороотой ажиллана

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өдгөө 9 дэх Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Парламентын төлөөллийн чадамжийг сайжруулахаар эрх зүйн орчныг өөрчилсний үр дүнд 5 нам, эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй анхны Улсын Их Хурал нь ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, иргэдийн оролцоог хангахыг үнэт зүйл хэмээн тодотгосон билээ.
Түүнчлэн Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.
Долоодугаар сарын 09-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тус хуулиар хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллах найман Байнгын хороог байгуулахаар тусгасан.
Энэ хүрээнд иргэн, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, холбогдох Байнгын хорооны саналыг үндэслэн тухайн асуудлаар байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авах, сонсох, дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороонд санал хүргүүлэх, мэдээлэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан бөгөөд Өргөдлийн байнгын хороо 24 гишүүнтэйгээр ажиллана.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороог нэгтгэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороог байгуулав. Улсын Их Хурлын 30 гишүүний бүрэлдэхүүнтэй тус Байнгын хороо боловсрол; жендэрийн тэгш байдлыг хангах бодлого; монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил; мэргэжлийн боловсрол, сургалт; нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого; нийтийн биеийн тамир, спорт; соёл, урлаг; түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого; хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаа; хүн амын хөгжлийн бодлого болон шинжлэх ухаан; эрүүл мэндийн бодлогын асуудлыг эрхэлнэ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд хоёр дэд хороо ажиллана. Тодруулбал, боловсрол, шинжлэх ухааны нэгдсэн бодлогын асуудлыг дагнан хариуцаж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхийг Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо хэрэгжүүлэх юм.
Харин Соёл, спорт, залуучуудын дэд хороо нь соёл, урлаг, түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, нийтийн биеийн тамир, спортын асуудлыг дагнан хариуцаж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхийг хэрэгжүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл