Монголчууд гадаадад картаа ашиглаж чаддаггүйн учир
Байгууллагын шилдэг ажилтнаар шалгарсан дүү маань хамт олонтойгоо саяхан Тайландаар аялаад ирсэн юм.
Үзэсгэлэнт далайн эрэг, чийглэг дулаан уур амьсгал, төрөл бүрийн амтат жимс, сонин хачин бараа таваар гээд л үзсэн харсан болгоноо сэтгэл хөдлөн ярих дүүгийнхээ яриаг шимтэн сонсох зуураа авахуулсан зургуудыг нь үзээд л бид өөрсдөө хамт яваад ирсэн мэт сайхан мэдрэмж төрж байлаа.
Харин дүү маань ганц зүйлд жаахан сэтгэл дундуур ирсэн юм. Эмэгтэй л хүн болсон хойно shopping хийж яваад нэгэн их дэлгүүрээс өөртөө зүүлт, цүнх, ээжид бас бус юм аваад 15000 Бат (Тайландын мөнгөн дэвсгэрт, ойролцоогоор 450 ам.доллар) болохоор нь авч явсан олон улсын картаараа төлсөн аж. Орой нь буудалдаа амрах зуураа дансаа шалгатал 462 ам.доллар хасагдсан байв. Учрыг нь сайн ойлгоогүй дүү маань дахин shopping хийхдээ хэд болчих бол гэж эмээгээд картаараа төлбөр төлж чадаагүй дандаа бэлнээр төлж явсан байна.
Уг нь дүүгийн маань бодож байснаас илүү суутгагдсан 12 доллар тийм их мөнгө биш ч гэлээ яагаад ийм болсныг нь ойлгоогүй болохоор нэг л тавгүй.
Би учрыг нь олох гээд дүүгийнхээ үйлчлүүлдэг банк руу нь хоёр ч удаа залгаж асуусан боловч ханшийн зөрүү гэснээс өөр юм олж мэдсэнгүй.
Гэтэл саяхан интернет ухаж байтал нэгэн Хятад залуугийн өгсөн ярилцлага өөрийн эрхгүй анхаарлыг минь татлаа.
Өөрийн ах, авга эгч болон түүний хүүгийн хамт Солонгосоор аялаад ирсэн 28 настай тэр залуу аяллынхаа талаар:
“Хоолноос бусад бүх л зүйлийнхээ төлбөрийг бид UnionPay картаар төлж байлаа. Долоо хоног аялахдаа ээмэг бөгж, эмэгтэй хүний гоёлын цүнх, гоо сайхны болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн авахад бид нийтдээ 20000 юань (3200 ам.доллар) зарцуулсан. Сөүлийн худалдааны гудамжаар хөндлөн гулд явж картаараа төлбөр төлөхдөө бид огт шимтгэл хураамж төлөөгүй, харин ч онгоцны буудал дээрээс “НӨАТ-н буцаалт олгох шошго” бүхий бараануудаа үзүүлээд татварын буцаалт авсан” хэмээн өгүүлжээ.
Бид яахаараа бодсоноосоо илүү төлөөд, тэд болохоор харин ч бүр хөнгөлөлт эдэлдэг байна вэ? Жаахан хар төрөөд явчихлаа.
Учрыг нь олохоос нааш санаа амардаггүй.
Наадмын дараа Хонконг, Гуанжоу явах гэж байсныг хэлэх үү, өөрөө учрыг нь олчих санаатай интернет баахан ухаж ухаж болохгүй болохоор Худалдаа, хөгжлийн банкны өөрийн үйлчлүүлдэг салбар дээрээ очин бараг дүү мэт болсон залууд учраа хэлж зөвлөгөө авлаа. Эхлээд өөрийн дүүд тохиолдсон явдлыг яриад наадмын дараа гадагшаа явахдаа ямар карт авч явбал хураамж, шимтгэл хамгийн бага байхыг асуулаа.
Нөгөө залуу маань “уг нь картаа зөв сонгочихвол огт шимтгэл хураамжгүйгээр гадаадад төлбөрөө төлөөд явах боломж бий” гэх нь тэр. Ёстой л загатнасан газар маажих шиг боллоо. Тэгээд тэр залуу надаас асууж байна.
- Та хаашаа явах гэж байгаа юм бэ?
- Бээжин хүртэл нисээд, тэндээсээ Гуанжоу бас Хонконг ороод ирэх санаатай
Тэгтэл надад нөгөө нэтээс уншдаг UnionPay картыг авч явахыг зөвлөж байна.
Би түүнээс:
- Огт шимтгэл хураамжгүй юм уу, хаана ч авч явсан тийм үү? гэж асуутал
- Хятадад төлбөр тооцоо хийх бол огт шимтгэл хураамжгүй, харин Америк, Европоор явах гэж байгаа бол VISA карт зэргийг авч явах нь зөв гэж байна.
Ийм байдлаар нэлээд хөөрөлдсөний эцэст би хэд хэдэн зүйлийг мэдэж авсан юм.
1. Дүүгийн маань авч явсан Олон улсын карт зөвхөн ам.долларын данстай байсанд хамаг учир оршиж байв. Ам.доллароор худалдаа хийхэд тэр карт асуудалгүй. Гэтэл бид Хятад, ОХУ болон Азийн орнуудаар аялахдаа огт ам.доллароор наймаа хийдэггүй юм байна. Авч байгаа барааны төлбөрөө дандаа л юань, рублиэр л төлдөг. Тиймээс худалдан авалт хийх бүрд дансан дахь ам.долларыг маань юань эсвэл рубль гэх мэт тухайн орны валют руу хөрвүүлсний дараа миний данснаас нөгөө хүнд шилжүүлдэг байжээ. Хөрвүүлэх ханш нь ч банк бүрээр өөр өөр байдаг юм байна. Бид болохоор дансны үлдэгдлээ шалгачихаад илүү мөнгө суутгасан байна гэж бодоод байдгаас валют хооронд хөрвүүлэхэд ханшийн алдагдал хүлээсэн байна гэдгээ ойлгодоггүй байжээ.
2. Шинэ гарч ирж байгаа картын системүүд бага дүнтэй ч гэсэн ихэнх хүмүүст учирдаг энэ алдагдлыг арилгаж чадсан байна. Тухайлбал UnionPay карт авбал танд ам.доллароос гадна төгрөг болон юанийн данс давхар нээж өгдөг. Ингэснээр ихэнх худалдан авалтаа дотооддоо хийдэг, гадагшаа зорчихоороо 80% нь Хятадыг зорьдог Монголчуудын хувьд shopping хийхдээ шимтгэл төлөхгүй байх боломжийг бүрэн бүрдүүлж өгчээ.
Тэгэхээр бид Олон улсын картыг сонгохдоо Америкийнх уу, Оросынх уу эсвэл Хятадынх уу гэж бодохоосоо илүү би аль улсад зорчих гэж байгаа билээ гэдгээ бодох нь зөв ажээ.
Гадаадаар аялахдаа хэн бүхэн зардлаа хэмнэж явахыг хүсдэг тул өөрийн олж мэдсэнийг та бүхэнтэй хуваалцлаа.
Сонголт хийх эрх Монголчууд бидний гарт байна.
Эх сурвалж: www.mongo.mn
Сэтгэгдэл