Ж.Дэлгэрсайхан: Шинэ Засгийн газар төсвөөр дамжсан, халамжид дулдуйдсан эдийн засгаар явахгүйг ойлгох хэрэгтэй

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-УИХ “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолыг батлаагүй тул Ерөнхий сайд огцорч, шинэ Засгийн газар бүрдэнэ. Дараагийн гүйцэтгэх засаглалын гол анхаарах зүйл юу вэ?
-Засгийн газар чамгүй сайн ажиллаж байсныг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа энэ жилийн төсвийг дараа жил тэлэхгүй байя, төсвийн ДНБ-д эзлэх хувийн жинг бууруулж, төрийн эдийн засаг дахь төсвөөр дамжсан оролцоог багасгая гэж мэдэгдэж байсан. Энэ бол сайн эхлэл. Үүнийг шинээр бүрдэх Засгийн газар ямар ч байсан үргэлжлүүлэх ёстой гэж бодож байна. Зардал өссөн, төсөв тэлсэн, ДНБ 37, 38 хувьд хүрсэн ийм үе байлаа шүү дээ, саяхан. 30 хувиас доош буулгая гэсэн зорилт дараагийн гурван жилд тавьж, саяхан УИХ-аар батлагдсан. Энийг бид цааш үргэлжлүүлэх ёстой.
-Төрийн данхар бүтцийг багасгах асуудал бас чухал болов уу. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өмнө нь төрийн албан хаагчийн тоог 30 хувиар цөөрүүлнэ, ойрын ирээдүйд 9 хувиар бууруулна гээд тодорхой тоо ярьж байсан нь маш зөв. Тэгэхээр шинэ Засгийн газар харьцангуй цөөхөн яамтай, цомхон бүтэцтэй, цаашдаа монгол төрийн албыг илүү чадварлаг, данхар төр гэдэг ойлголтоос татгалзсан байлгаасай гэсэн хүсэлт хувь хүний хувьд бий. Бид төрийн албыг цомхон, чадварлаг болголгүйгээр, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулалгүйгээр чөлөөт эдийн засгийг дэмжих, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн бүтэц бий болгох, хүн амын амьдралын чанарыг сайжруулах тухай асуудлыг яриад ч хэрэггүй. Төсвөөр дамжсан халамжинд дулдуйдсан эдийн засгаар явахгүй гэдгийг сүүлийн 10 гаруй жил бид харлаа шүү дээ.
-УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад татварын багц хуулийн шинэчлэлийн хуулийн төсөл багтсан. Ямар шинэчлэл, өөрчлөлт орвол үр дүнгээ өгнө гэж та бодож байна вэ?
-Монголд татварын шинэчлэл хэрэгтэй. Өнөөг хүртэл Монгол Улс татварын хууль эрх зүйн орчныг олон удаа өөрчилж шинэчилсэн. Гэтэл хамгийн сүүлд 2019 онд хийсэн шинэчлэлд бидний хүсэн хүлээгээд байгаа нэг зүйл байхгүй. Татварын бодлого чухам хаашаа чиглэх юм бэ гэдэг асуудал. Өнөөдрийг хүртэл бид төсвийн орлогыг бүрдүүлэх, татвар хураах гэсэн ийм л татварын бодлого явуулж ирлээ шүү дээ. Гэтэл нөгөө талд нь байгаа хувийн хэвшлийг дэмжих, дундаж давхарга бий болгох, өрхийн болон иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн татварын бодлого яг бодитоор хэрэгжиж чадсан уу гэвэл үгүй. Эдийн засаг харьцангуй сайн тэлсэн, төсвийн орлого нэлээд нэмэгдсэн энэ цаг үед, дээрээс нь магадгүй нэг, хоёр жилийн дотор эдийн засаг нэлээд эргэлзээтэй байж болзошгүй байна. Ийм үед бид ирээдүйд яаж зөвхөн уул уурхайн салбараас хамааралгүй эдийн засагтай болох вэ, төсвийн орлого баталгаатай бүрдэх нөхцөлөө улс төр талаасаа ч яаж бүрдүүлэх вэ, нөгөө талд нь татвараар дамжиж, эдийн засгийг дэмжиж байж хэрэгжүүлж болох юмаа гэдгийг ойлгосон татварын шинэчлэл хийгээсэй л гэж бодож байна.
-Энэ талаар маш олон жил ярьж байгаа ч үр дүнд хүрэхгүй гол шалтгаан юунд байна вэ?
-Бид энэ талаар 2014 оноос хойш яриад ерөөсөө бүрэн шинэчлэл хийж чадаагүй. Тодорхой хэмжээний эхлэл төдий зүйл бий. Тодорхой хувийг нь бид мөнгөжүүлээд, хадгалаад эхэлсэн байна. Гэхдээ бид хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг хоёр, гурван удаа хойшлуулаад, зөвхөн тэр хуулийг нь авч үлдээд, бусад нийгмийн даатгалын шинэчлэлийг нь хийсэн гэсэн нэр төдий зүйл хийж байсан. Тэгэхээр татварын шинэчлэл, нийгмийн даатгалын шинэчлэл буюу түүн дотроо тэтгэврийн шинэчлэлийг гарцаагүй хамтад нь хийх ёстой. Үүнийг яаравчлахгүй бол өнөөгийн тэтгэврийн тогтолцоо яагаад ч явахгүй гэдэг нь тодорхой болчихсон, алдагдал нь улам нэмэгдсэн. Хамгийн гол зорилго болох ахмад настнуудыг ядуурлаас хамгаалах тэрхүү үүргээ гүйцэтгэж чадахгүй ийм тогтолцоогоор явбал цаашдаа болохгүй гэдэг нь тодорхой.
-Шинээр байгуулагдах Засгийн газрыг эдийн засгийн ямар нөхцөл байдал хүлээж байгаа вэ?
-Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал харамсалтай нь тийм ч таатай биш байна. Монгол Улсын эдийн засгийн хувьд 2022-2024 он их таатай он цаг байлаа. Нүүрсний үнэ өндөр, дагаад бид нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадсан. Түүнийг дагаад төлбөрийн тэнцэл, төсөв ашигтай гарч байсан, мөн валютын нөөц нэмэгдсэн их таатай жилүүд байсан. Одоо шинээр бий болох Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг яаж цааш үргэлжлүүлэх вэ гэдэг дээр ухаанаа нэлээд уралдуулсан байдлаар засаглалыг, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болох байх. Учир нь, өнөөдрийн хувьд миний харж байгаагаар эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай бус байна. Өнөөдөр төсвийн орлого оны эхний улиралд эдийн засгийн гүйцэтгэл 2.4 хувьтай гарсан нь эдийн засаг ямар хурдтай саарч байна вэ гэдгийг харуулж байна.
-Энэ нь эдийн засгийн өсөлтийг хэтэрхий өөдрөг төсөөлсөнтэй холбоотой юу?
-Тийм. Саяын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 7, 8 хувь байна гэж төлөвлөсөн. Энэ өөдрөг төсөөллөөс татгалзаж, эдийн засгийн бодитой харах шаардлагатай. Гэхдээ эдийн засаг таатай бус байгаа ч эдийн засгийг яаж тэлж, төсвийн ямар бодлого явуулах вэ гэдгийг чиглүүлэх орон зайг зөв харж чадвал засаглалыг, бодлогыг шинээр эхлүүлэх боломж бий л гэж бодож байна.
-Та Тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн. Шинээр байгуулагдах Засгийн газарт ямар зөвлөгөө өгөх вэ?
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл яг өмнөх жил орон тооны байнгын ажиллагаатай болсноосоо хойш нэг л зөвлөмж өгч ирсэн. Энэ бол төрийн оролцоог бууруулъя, төсвийн зардлаа тэлэхгүй байя гэж. Түүнээс гадна төсөвт учирч болзошгүй эрсдэлүүдийг харгалзан үзсэн, алсыг харсан төсвийн бодлого хэрэгжүүлье, төсвийн үр ашиггүй зардлуудыг танах ёстой. Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлж, нэн тэргүүнд шаардлагатай бус, ирээдүйд урсгал зардлыг нэмэгдүүлдэг хөрөнгө оруулалтуудаас татгалзъя гэсэн байр суурьтай байна. Мөн өрийн удирдлагыг бид цогцоор нь харах ёстой. Монгол Улсын нийт өрийг өрийн удирдлагадаа харах ёстой. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь угаасаа төсвийг тогтвортой байлгая, төсвийн сахилга батыг хангуулахад зориулсан тийм дүгнэлт зөвлөмж өгөх үүрэгтэй байгууллага. Тийм учраас бидний өгөх дүгнэлт, зөвлөмж засаг ямар байхаас үл шалтгаалаад тэр чиглэлд л байх болно.
-Засгийн газрын хэрэгжүүлэхээр эхлүүлсэн 14 мега төслийг “гардан гүйцэтгэж” байсан сайдууд өргөдлөө өгсөн. Тиймээс эдгээр төслүүд цааш үргэлжлэх боломж бололцоо бий гэж бодож байна уу?
-14 мега төсөл бүхэлдээ хэрэгжинэ гэж бодохгүй байна. Тодорхой, ялангуяа уул, уурхай, хүн үйлдвэрлэлийн салбарын, гангийн үйлдвэрлэлийн чиглэлийн, нефтийн үйлдвэрээ мэдээж үргэлжлүүлэх байх. Уран, дээрээс нь зэс хайлуулах үйлдвэр ч юм уу тэр чиглэлийн үйлдвэрлэлүүдийг эхлүүлсэн өмнөх Засгийн газрын бодлогыг хэвээр үргэлжлүүлэх ёстой. Дээрээс нь өмнөх Засгийн газрын бас нэг дутуу харсан зүйл бол энэ томоохон төслүүдийг дөрөвхөн жилийн дотор хэрэгжүүлье гэсэн. Санхүүжилтийн хувьд ямар загвартай байх вэ гэдэг асуудлаа бүрэн шийдээгүй байсан. Үүнийг зөвөөр харж, эдгээр төслүүдээс хамгийн чухал гэснийг нь авч үлдээд, бодитоор хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Эдгээр төслүүд буюу өмнөх Засгийн газрын санаачлага тийм ч муу байгаагүй.
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл