Шатахуун импортлогчдын үнийн зөрүүтэй бодлогын цаад учир шалтгааныг тодруулъя

Д.Тулга / Эдийн засаг

-БУСАД ГАЗРУУД ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ НЭМБЭЛ ДАГААД НЭМНЭ ДЭЭ-

2018 он гарснаас хойш шатахууны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгджээ. Сүүлийн саруудад манай улсад шатахууны үнэ тогтворгүй, шатахуун импортлогч нар монголчуудыг баярлаж цэнгэж байх үеэр гурван удаа үнээ нэмсэн. Тодруулбал, шинэ оны амралт давхцуулан нийслэлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж, иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг 1660 төгрөг болгосон.

Тухайн үед Засгийн газар өргөн хэрэглээний шатахуун буюу АИ-92, А-80 татварыг тэглэх шийдвэр гаргаж, улсын төсвийн орлого 68 тэрбум төгрөгөөр тасалдсан байдаг. Гэвч цагаан сарын өмнө шатахууны үнэ 1700 хүртлээ өссөн. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар хэвлэлийн хурал хийж, “Одоо ахиж шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна” гэж байлаа. Салбарын сайдыг ийм мэдэгдэл хийснээс хойш шатахууны үнэ даруй 125-130 төгрөгөөр нэмэгджээ. Тэр хэлсэндээ хүрч, дуртай цагтаа үнээ нэмдэг шатахуун импортлогч нарт хариуцлага тооцсон ч үгүй.

Өнөөдрийн байдлаар “Петровис” шатахуун түгээх станцад АИ-92 авто бензинээ байршлаасаа шалтгаалаад 1820-1830 төгрөг, “Тэс петролиум”, “Сод Монгол”, “Магнай трейд”, “Шунхлай” гэх мэт шатахуун түгээх станцад 1830 төгрөгөөр зарж байна. Зарим жижигхэн шатахуун түгээх газруудад АИ-92 нэг литр нь 1750-1770 төгрөгийн үнэтэй байгаа.

Уг нь манай улс нефтийн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг ОХУ-ын “Рофнефть” компаниас импортлон авдаг ч жижиглэнгээр зарагдахдаа харилцан адилгүй үнийн зөрүүтэй байдаг. Хэдэн жилийн өмнө бүгд нэг ижилхэн үнэтэй зарагдаж, үнээ нэмэхдээ ч гэсэн нэгэн зэрэг нэмдэг байсан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд шатахууны литр тутмын үнэ харилцан адилгүй болсон. Үүнийг чөлөөт эдийн засгийн бизнесийн зарчим гэж зарим нэгэн хүн хэлж магадгүй юм.

Сүүлийн нэг жилийн хугацаанд огцом нэмэгдсэн шатахууны үнийн өсөлтийг ажиглаж байхад “Петровис” хамгийн түрүүнд үнээ нэмдэг, эсвэл шатахууны хомсдол үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж, цаашид бусад газруудын шатахууны үнэ нэмэгдэнэ шүү гэдгийг сануулж, хөрс суурийг нь тавьж өгдөг үү гэж хардаж болохуйц байна. Ингээд шатахуун импортлогч нар ар араасаа литр тутмынхаа үнийг нэмдэг гаж тогтолцоо аль хэдийнэ бий болсон гэх хардлага төрж байна.

Шатахуун импортлогч нараас цаашид шатахууны үнэ нэмэгдэх эсэх талаар тодруулахаар хамгийн эхэнд “Тэс Петролиум” ХХК руу холбогдоход маркетингийн албаны ажилтан нь “Та нар юу хүссэнээ бич. Манайх ямар ч тайлбар өгөхгүй” гэж хэлээд утсаа таслав.

“Магнай трейд” компани “Шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн чиглэл ирээгүй байна. Бусад газрууд үнээ нэмбэл дагаад нэмнэ дээ. Одоохондоо өргөн хэрэглээний шатахууны үнэ хэвийн байна” гэлээ.

“Сод Монгол”, “Шунхлай” “Петровис” зэрэг компаниуд “Зарим салбарынхаа үнийг нэмсэн. Цаашид хэдэн төгрөгөөр нэмэгдэх эсэх нь ам.долларын ханш, дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ яаж хэлбэлзэхээс шалтгаална” хэмээв.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000