Л.Жамбалжав: МАХН Засагт байх шаардлага байгаа юм уу, Энхбаяр дарга аа

Д.Тулга / Улстөр

jambaljaw

Монгол Улсын гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжавтай ярилцлаа.

-МОНГОЛ УЛСЫН МЭС ЗАСЛЫН ТҮҮХЭНД АНХ УДАА ЛАЗЕРИЙН ТУЯАГААР
ХАГАЛГАА ХИЙСЭН-

-Та эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажилласан туршлагатай эмч. Энэ хугацаанд хүн амын эрүүл мэндийн төлөө юу хийж бүтээсэн бэ?

-Салбарын удирдлагын хий гэсэн ажлыг голохгүй хийсээр ирсэн. Дөнгөж сургууль төгсөөд, Баруун Хараагийн сум дундын эмнэлэгт мэс засалч, эх баригч эмчээр очиж байлаа. Хөдөөний эмчийн зовлон, жаргалыг сайн мэднэ. Сэлэнгэ аймгийн мэс заслын тасагт ажилласан. Дараа нь цэргийн албанд яваад, улмаар Цэргийн госпиталийн мэс заслын эмчээс захирал хүртэл ажилласан. Энэ хугацаанд би Монгол Улсын мэс заслын түүхэнд анх удаа лазерийн туяагаар хагалгаа хийсэн. Би хүний эд эрхтэнг шилжүүлэн суулгах сонирхолтой байсан. Бурхнаас бидэнд бүтэн эрхтэн заяасан, тийм учраас эрхтэн шилжүүлэх мэс засал хийсэн. Тэгээд ЗХУ-ын Ленинградын их сургуульд дөрвөн жил суралцсан. Монголдоо ирээд ажлаа хийж байгаад, АНУ-ын Техас мужийн англи хэлний институтэд сурч мэргэжил дээшлүүлсэн. Би эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн хамгийн гол хуулиуд болох Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тухай, ариун цэврийн тухай, эмийн тухай хуулиудыг батлах ажлын хэсэгт орж ажилласан.

-Эмч нарын хариуцлага дутагдаж, эх хүүхдийн эндэгдэл гарч байна. Энэ мэт эрүүл мэндийн салбартай холбоотой таагүй мэдээллүүд хөвөрсөөр. Энэ юунаас үүдэлтэй вэ?

-Өнөөдрийн эрүүл мэндийн салбарт зохион байгуулалт муу, батлагдсан хууль, журмыг зөрчиж байгаа учраас алдаа дутагдал гарч байна. Түүнийг засахгүй бол өвчтөний амь нас хохирох аюултай. Тийм учраас энэ эмзэг салбарыг нарийн зохион байгуулдаг болох ёстой юм. Би 96 оноос хойш эрүүл мэндийн салбарт иргэний эрүүл мэндийн төлөө ажиллаж, ЭМЯ-нд бүх газрын даргыг нь хийсэн. Манай салбар сүүлийн үед зах зээлийн нийгэмтэйгээ тохирохгүй, өөрчлөлт шинэчлэлт хийгдэхгүй байна. Хийж байгаа нь ч удаашралтай. Зоригтой, эрчимтэй өөрчлөлт хийхгүй байгаа юм. Эрүүл мэндийн салбар хэцүү байдалд байгаа. Санхүү нь бүгд дээрээс хамааралтай. Өөрсдөө шалны алчуураа худалдаад авах эрх байхгүй. Дээд дарга нар нь бүгд улс төрийн хамааралтай.

-Өнгөрсөн хугацаанд нийтийг хамарсан томоохон өвчлөл хэр их гарч, та ямар үүрэгтэй оролцож байв?

-Хонгорын хордлого, холери өвчин гарч, хүнд байдалд оруулсан. Энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсан. Улсын онцгой комиссын даргаар Батлан хамгаалахын сайд Дорлигжав байсан. Намайг өрөөндөө дуудаад, өгсөн үүргийг нь би нэр төртэй биелүүлсэн. Тэрнээс хойш Монгол улсад холери гараагүй. Дараа нь Багануурт “Азийн чоно” гээд архины хордлогоор 16 хүн нас барсан хэрэг гарсан. Энэ бүгдэд ажиллаж байлаа.

-Эрүүл мэндийн хичнээн сайдтай хамтарч ажиллаж байв?

-8, 9 сайдтай хамт ажиллаж байсан. Тусламжийн газрын даргаас эхлээд янз бүрийн албан тушаал хашсан. Сайд болгоны хийж буй хууль эрх зүйн акт, дүрэм бүрийг батлуулахад оролцож байсан. Тийм учраас эрүүл мэндийн салбар надад үнэхээр танил байгаа юм. Шөнө нойргүй хонож өвчтөний төлөө зүтгэсний хувьд, хөдөө орон нутгаар тусламж гээд явж байсны хувьд, эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулахаар ажиллаж байсны хувьд ч тэр өөрийгөө туршлагатай гэж үзэж байгаа.

-БИ САЙД БОЛЪЁ, УЛСЫН НОМЕРТОЙ МАШИН УНАЯ ГЭЖ ДУРЛААГҮЙ-

-Эрүүл мэндийн яаманд бүх газрын даргыг нь хийсэн ч өөрчлөлт, шинэчлэлийн уур амьсгал оруулах боломж байгаагүй хэрэг үү?

-Үгүй ээ, газрын даргын эрх мэдэл ямар байдаг билээ. Тухайн үед засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчний бодлогыг хэрэгжүүлнэ шүү дээ. Дээр нь энэ олон засгийн газар өөрчлөгдөхөд бодлогоо уламжлуулж хөгжүүлэх юм алга. Дандаа үгүйсгэж, нэг нэгэнтэйгээ сөргөж ирлээ. Тэгэхээр Эрүүл мэндийн салбараа төлөөлж Засгийн газарт орж ажиллах эрх мэдэл хэрэгтэй байдаг юм билээ.

-Сайд болох л чухал юм байна гэж ойлгож болох уу?

-Сайд болъё, улсын номертой машин уная гэж би дурлаагүй. Хамгийн гол нь тэнд очиж Монголын эрүүл мэндийн салбарынхны санаа бодол, бодлогыг Засгийн газарт оруулж өгөх, Засгийн газрын бодлогыг өнөөгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах ёстой. Тийм учраас надад би сайд болж чадна, хийе гэсэн санаа бодол байгаа. Түүнийгээ намынхаа удирдлагад тавьсан. Миний туршлага энэ салбарыг удирдахад боломжийн гэж үзэж байгаа.

-Таныг С.Зориг агсны задлан шинжилгээний улсын комиссыг ахалж байсан гэж дуулсан?

-Монгол улсын төрийн томчуудын эрүүл мэндийн асуудлыг ч анхаарч явсан. Зориг агсны задлан шинжилгээний улсын комиссын дарга байсан. Төрийн өндөр албан тушаалтнуудын эрүүл мэндийг харж хянахдаа тусгай эмнэлэгт эмчилж, хяналтад байлгах ёстой. Нас барахад нь юунаас болж нас барав гэдгийг эмнэлгийн комисс тодорхойлдог учиртай. Нас барсан шалтгааныг нь ард иргэддээ мэдэгдэх ёстой. Мөн УИХ-ын гишүүн Чимэдцэрэн, Ж.Батмөнх, П.Жасрай гуайн шинжилгээний дүгнэлтийг хийсэн. АТГ-ын Дангаасүрэн, Ж.Наранцацралт зэрэг хүмүүсийг амьд байхад ч эрүүл мэндийг нь хянаж байсан, яагаад нас барав гэдгийг судалгаа хийж, төрийнхөө даалгавар тушаалыг биелүүлж байсан.

-Таныг онгироо сагсуу гэлцэх юм?

-Би шударга байдлыг эрхэмлэдэг. Хүний өөдөөс худлаа долигонож чаддаггүй. Чадахгүй байгааг нь шууд хэлдэг. Зарим эмч буруу эмчилгээ хийсэн зэрэг янз бүрийн алдаа дутагдал гаргадаг. 40 жил мэс заслын клиник толгойлохдоо би “Чи алдаа хийчихлээ, чамайг шоронд явуулна” гэж байгаагүй. Шударгаар хүмүүж, алдаа хийсэн байна, залруул гэж хэлдэг. Зарим нь ингээд хэлэхэд “Чи намайг нэг муу асрагч, сувилагчийн дэргэд загналаа. Би муу ч үгүй дипломтой эмч хүн” гэдэг байсан. Зарим хүн намайг сагсуу онгироо гэж байна лээ. Үгүй ээ. Тэр асрагч ч гэсэн хүн. Би адилхан шударга хандаж байсан.

-Хамгийн сүүлд хэзээ айхтар шүүмжлүүлсэн бэ?

-Сая Эрүүл мэндийн сайдад нэр дэвшлээ гээд комментуудаар бичжээ. Амьдрал уу ч дайраад, ахуй руу ч дайраад. Эхлээд чи гэрээ зас, гэр орондоо сайхан шинэ тавилга авч тавь, гэр орноо баян болго. Эхнэрээ сольж шинэчил. Хөдөө гадаа малтай, түрийвч зузаан баян болсон цагт сайд болох ёстой гэж бичсэн байна. Мөн “Ээ дээ, энэ Жамбалжавыг эрүүл мэндийн сайд болгож болохгүй шүү” ч гэж бичжээ. Зарим эмнэлэг, яамны удирдлагуудаас бичсэн юм байна гэнэ лээ. Энэ яахав ээ. Хэлэг. Би тэдгээр санал коммент бичсэн хүмүүст гомдохгүй. Атаа жөтөө, хов жив хөөцөлдөж явдаг хүн биш. Бичээ л биз, яриа л биз. Тийм хов живээр ажил төрлөө явуулдаг засаг төрийн удирдлага байхгүй байлгүй. Би энэ асуудалд ерөөсөө эмзэглэдэггүй.

-“ТЭТГЭВРИЙН НАСНЫ ХҮН БОЛОХГҮЙ” ГЭСЭН ГЭНЭ ЛЭЭ-

-Та МАХН-тай яаж холбогдсон юм бэ?

-Би угийн МАХН-ын гишүүн. 1977 онд элссэн. Тэр үед ганцхан тийм л нам байсан. Эх орон, намын төлөө явсан. Цэргийн тангараг өргөсөн. Эмчийн, төрийн албаны тангараг өргөсөн. Цэргийн албан хаагч учраас намын гишүүн байж болохгүй гээд бүх хүнийг энгийн болгосон. Би тэр үед Социал демократ намд элсэж, түүний төлөө үзэл бодлоороо явж ирсэн. Одоо ч МАХН социал демократ үзэлтэй байх ёстой гэж бодож байна. Ардчилсан намтай нийлсэн. Хувийн сонголтоор МАХН-ыг шинэчлэн байгуулагдахад социал демократ үзлээр явах нь, удирдаж буй Энхбаяр нь төрийн гурван өндөрлөгт гараад үзчихсэн, хэлмэгдэж, зовлонг нь амсаж, орон шоронд орж үзсэн, ард түмнийхээ төлөө тэмцье гэж тэмцэж байгаа юм байна, ард түмний сайн сайхны төлөө нэгдэж болох юм байна гэсэн сонголт хийсэн. 2011 оны зургадугаар сарын 22-нд элсэж орсон. Үүрүүд гэж байхгүй байсан. Би Хан-Уул дүүрэгт очоод хэдэн ахмадуудтай хамтран МАХН-ын үүрийг хороо болгон дээр байгуулж, тэтгэврийн хэдэн төгрөгөө бүгдийг нь намын үйл ажиллагаанд зориулсан. Хуушуур идээд, машиндаа өөрөө бензинээ хийгээд ахмадуудтайгаа явж байж МАХН-ын үүрийг байгуулж байсан. Шударга ёсны төлөөх жагсаал цуглаан юу эсийг хийснийг та бүхэн мэднэ.

-Хүмүүс таныг МАХН-ын дарга Н.Энхбаярын хувийн эмч гэдэг?

-Тэгж бичээд байна, биш ээ. Н.Энхбаяр дарга хувийн эмчтэй байсан. II эмнэлгээс томилогдсон, тэд нь хариуцдаг. Биеийн байдал нь муудахад шуурхай ажиллаж эмнэлэгтээ хэвтүүлсэн байдаг. Би харин эрүүл мэндийнх нь байдлын талаар мэдээлж, Ерөнхийлөгчид хандаж, “Энэ хүн үхлээ шүү, биеийн байдал нь ийм байна шүү” гээд анхаарал хандуулахыг хүсч байсан. Олон улсын байгууллагад мэдэгдэнэ гэж хүртэл хашгирч дуулж байлаа. Монголын эрдэмтэд хүртэл тэмцэл явуулж байсан. Ингэж л би тэмцэл явуулж байсан. Намын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн төлөө би анхаарч байсан. Нэг талаасаа эмч хүний үүрэг, хоёрт МАХН-ын удирдагчийн эрүүл мэндийг намын гишүүний хувьд анхаарах ёстой. Эмчилгээ нь юу болж байна. Өлсгөлөнд ороод ямар өөрчлөлт оров гээд бүгдийг хянаж санаа тавьж байсан. Би өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрүүл мэндийнх нь төлөө явж байгаа.

-Н.Удвал эрүүл мэндийн сайдаар хэр сайн ажилласан гэж боддог вэ?

-Боломжийн хэрээр ажилласан гэж боддог. Н.Удвалыг би дэмжсэн. Тодорхой хугацаанд зөвлөхөөр нь ажилласан. Дараа нь Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төвд эмчээр ажилла гэж томилсон. Би цалин, тэтгэврээрээ амьдардаг.

-“Мон мэс” гэж таны хувийн том эмнэлэг одоо үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-Дүүргиин ард түмэнд зориулж, дүүргийн мэс заслын төв хэлбэрээр байгуулж өгсөн юм. Төр түүнийг үргэлжлүүлээд аваад явсангүй. Хамаг багажийг нь та нар хувьсах зардлын мөнгө өгсөнгүй гэж хурааж аваад, бидэнд мэс засал хэрэггүй гээд оронд нь хүүхэд шуухад хэвтүүлнэ, уламжлалт эмчилгээ хийнэ гээд гаргачихсан байгаа. Би бүр гайхаад л байгаа юм. Маш сайн эмнэлэг байсан. Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн, Өлзийт хороолол, Шувууны иргэд “Манай мэс заслын эмнэлэг” гэж ирж үйлчлүүлдэг байсан.

-Шийлэгдамба эрүүл мэндийн салбарын хүн биш. Түүнийг сонгохоос өмнө сайдад та нэрээ дэвшүүлсэн үү?

-Ордонд МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад, орох боломжгүй байсан. Тэр үед би сайд болъё гэж хүсэлт гаргаа ч үгүй. Шийлэгдамба сайдыг гаргаад ирэхээр нь би ёстой их гайхсан. Би даргадаа “Намайг доромжилж болно. Салбарыг ингэж доромжлохгүй шүү” гэж мессэж бичсэн. Их уурлаж, эмзэглэсэн ч байх. Гэхдээ би даргадаа муу санаагүй. Яагаад энэ салбарыг огт мэдэхгүй хүнийг сонгож байгаа юм бэ гэдгийг хэлсэн.

-Хүмүүс салбараа мэддэг хүнийг сайдаар томилох хэрэгтэй гэдэг. Гэтэл таны нэрийг дэвшүүлэхэд Ерөнхий сайд дэмжсэнгүй. Энэ тухайд ямар нэг таамаг, хардлага танд байна уу?

-Монгол улсын 42 эрдэмтэн миний нэрийг дэвшүүлж, Н.Энхбаяр даргад хүсэлт гаргасан. МАХН гүйцэтгэх товчооны хурлаас миний нэрийг дэвшүүлээд гаргаад ирлээ. Гэтэл Ерөнхий сайд дэмжихгүй гэсэн байна. Шалтгааныг нь Сайханбилэгээс асуух боломж ч алга. Н.Энхбаяр даргаас асуусан. “Таныг тэтгэврийн насны хүн болохгүй. Монголын төрийн албаны зорилго ч тийм байгаа” гэсэн утгатай юм хэлсэн. Уг нь нас ч хамаагүй юм шүү дээ” гэж байна лээ, дарга. Шалтгаан нь тэр... Монгол улсын Үндсэн хуульд хүний нас сүүдэр, шашин шүтлэгээр ялгаварлахыг хориглосон. Миний хувьд Сайханбилэг сайдыг намайг авсангүй гэж муу бодох, дургүй хүрэх, өс хонзон санах юм алга. Би тэгэхгүй. Тэр хүн кабинетынхаа хүнийг өөрөө бүрдүүлэх эрхийнхээ дагуу л хариу өгсөн байх. Гэхдээ МАХН квоттой, хүнээ гаргаж ирэх ёстой. Хүнээ гаргаад ирэхээр авахгүй гэдэг нь юу гэсэн үг юм бэ.

-ӨНӨӨДӨР МАХН-Д УСАН ОНГОЦ ДАЛАЙД ЖИВЭХЭЭР ҮХЭР ХУЛГАНУУД ГҮЙЛДДЭГ
ШИГ Л ЮМ БОЛЖ БАЙНА-

-МАХН-ынхаа өнөөгийн үйл ажиллагаанд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?

-Надад МАХН-даа танай мэдээллээр дамжуулж хандаж хэлэх үг байна. Н.Энхбаяр даргатаа, Та бид шударга ёсны төлөө тэмцэж буй. Шударга бол шударга л байх ёстой. Хүн ялгаварлан гадуурхагдах ёсгүй байх. Ерөнхий сайдын хариу насаар ялгаварласан байгаа учраас МАХН-д зохихгүй асуудал. Тийм учраас МАХН түүний эсрэг тэмцэх ёстой. Хүн тэтгэвэрт гарсныхаа төлөө хэлмэгдэх ёсгүй биз дээ. Албан тушаал авах, ажиллах, салбарынхаа төлөө зүтгэх эрхээ хасуулж болохгүй биз дээ. Хүний эрхийг зөрчиж, нэг ёсондоо хэлмэгдүүлж байна.

-Ийм тохиолдолд яах ёстой вэ?

-МАХН-ын дарга та, хэлмэгдлийн эсрэг тэмцэж байгаа ганц нам гээд байгаа. Өөрийн чинь үйл ажиллагаанд намын гишүүн чинь хэлмэгдээд байгаа юм биш үү? Тэгвэл та энэний төлөө тэмцэх ёстой юм. Нөгөө талаараа Засгийн эрхэнд шударга ёс л юм бол эрх тэгш байх ёстой. Тэрнээс тэр намынхан ямар хүсэлтэй байна тэрийг нь дагах алиа салбадай биш шүү дээ. Дэвшүүлсэн хүнээ сонгож чадсан бол оруулах л ёстой. Оруулж чадахгүй бол ямар гэрээ хэлцэл байх юм. Тэгвэл МАХН энэ засагт байх шаардлага байгаа юм уу? Бараа сонгуулж байгаа мэт байж байгаад хүнээ аваачиж үзүүлээд, болох болов уу танд гээд яваад байх уу? Энэ бол үнэхээрийн завхрал. МАХН өнөөдөр тууштай байх ёстой. Шударга ёсны төлөө тэмцэл, энэ засгийн газарт орсон бол өөрсдийн байр суурийг хадгалахаас эхлээд шударга байх ёстой гэж үзэж байна. МАХН ямар ч тохиолдолд ахмадуудыг ялгаварлан гадуурхах ёсгүй. МАХН-ыг анх байгуулагдахад социализмын үед өдөр, шөнөгүй зүтгэсэн хэдэн хөгшчүүл л байсан. Одоо МАХН-ын гол тулгуур нь хэн байна вэ? Дүүрэг дүүргийн хэдэн үүрийн хэдэн хөгшчүүл л байгаа шүү дээ.

-Сүүлийн үед танай нам гишүүнчлэлийхээ тоог чамлахааргүй нэмлээ?

-Хүчтэй болоод, нэр нь гараад ирэхтэй зэрэг өөр намаас гүйж ирж байгаа хүмүүс зөндөө байна. Өнөөдөр МАХН-д орж ирээд, сайд болсон зарим хүмүүс тэр хүнд үед хаана байв? Өөр намд л байсан. Сонгууль болохын өмнөхөн гүйж орж ирсэн, тэгээд сайд болцгоосон. Бодоо ч ээ, ичээч ээ. Тэгэхэд би эхнээс нь аваад явсан. Зарим нь шүүх цагдаад баригдаж, адлагдаж байсан хүмүүс. Бид яахаа алдсан хүмүүс биш. Миний нас бол тоон үзүүлэлт. Надад Монголынхоо ард түмний төлөө ажиллах мэдлэг боловсрол, ажлын чадвар, чанар бас байна. Тийм учраас энэ ажлаараа зүтгэе л гэж би үзсэн. Тийм учраас хөгшчүүд ахмадуудыг аль ч нам голохгүй байх ёстой. МАН-ыг би дажгүй, боломжийн явж байна гэж үзэж байна. МАН засагт ороод ажилласан зургаан сарын хугацаанд Хүрэлсүх сайд буруу ч, зөв ч бай эрхийнхээ хэмжээнд зоригтой ажилласан. Хариуцлага тооцож чадаж байна лээ. МАХН бас л тийм байх ёстой. Ардчилсан намын гишүүд дотроо мундаг шүүмжлэл хэлдэг. Шуудайд хийсэн ямааны эвэр шиг тар тур гээд л байдаг. Би энийг зөв гэж боддог. Яс үзэлцэж байгаад улс орныхоо төлөө зүтгэж, хөгжүүлнэ шүү дээ. Ардчилсан намынхан бол үнэхээр ийм байх ёстой. Зохион байгуулалт зөв. Өнөөдөр ингэж хоорондоо, мөн нам дотроо ухаанаа уралдуулж байж гарч ирэх ёстой.

-Таныг Шийлэгдамбыг шүүмжилсний дараа намынхан чинь их таагүй хандах болсон гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Нэг намынхаа нөхрийг шүүмжиллээ гэж манай намын зарим гишүүд их тааламжгүй хандаж байгаа. Нэг талаасаа зөв байх. Муу муухай, дутагдлыг нь нуугаад манай намынхан сайн байна гэж хэлэх хүсэл байхгүй. Хүнийг муулж, өөрийгөө магтаж сайн явна гэж байхгүй. Хүний сайныг магтаж байж, өөрийн дутагдлаа муулж байж хүчтэй байна. Тийм учраас би нам доторхи шүүмжлэлийг зоригтой хэлнэ. Манай нам дотор шүүмжлэл, шударга ёс байх ёстой. Өнөөдөр ч МАХН-ын гишүүд дотор шүүмжлэл их өрнөж байгаа. Удирдлагадаа ч анхаараасай гэж байгаа. Намын удирдлагадаа шинэчлэл хиймээр байна. Саяхан 120-иод хүн намын хурлаа хуралдуулъя, шинэчлэл хийе гэж гарын үсэг зурж намын даргад өгсөн. Одоо болтол таг чиг л байна.

-Танай намд гаднаас орж ирсэн хүмүүс шууд нарийн бичгийн дарга болчих юм?

-Одоо сонгууль болох гэж байгаа болохоор өөр намд багтаж шингэхээ байсан ч юм уу улсууд гүйж орж ирээд л байна. МАХН-д усан онгоц далайд живэхээр үхэр хулганууд гүйлддэг шиг л юм болж байна. Ийм шүүмжлэл өрнүүлье, намаа шинэчилье гэж ярьж байгаа. Би бол МАХН-ын Бага чуулганд намын гишүүдээс сонгогдсон гишүүн. Бага чуулганаар 89.9 хувийн санал авч гүйцэтгэх товчооны гишүүн болсон хүн. Өнөөдөр би Гүйцэтгэх товчоонд орж чадахгүй, намайг оруулахгүй л байгаа. Сүүлийн үед Гүйцэтгэх товчооны гишүүдийн тоо олон болчихлоо. Та сая Гэмтлийн дарга хийсэн. Тэр үед чинь таныг төрийн албанд орсон гээд хасчихсан гэж байх шиг. Ийм сонин маягтай байгаа. Тийм учраас МАХН-д зайлшгүй шинэчлэл хийх болсон. Дахиад хэлэхэд, МАХН шинэчлэл хийх хэрэгтэй, өөрийн байр суурийнхаа төлөө, тунхагласан шударга ёсныхоо төлөө бат зогсох хэрэгтэй. Тэрнээс өөр намын ая тааруулж, өөр намд 75-аар бууж өгч болохгүй байх.

-МАХН МАН-тай нэгдэж сонгуульд орох асуудал юу болж байгаа вэ?

-Би энийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөр өөрсдийнхөө замаар л явах хэрэгтэй. Тэгж нэг нэгнээ хавсайдахыг чинь аргаа барсан хүний зан гэдэг юм. Өнөөдөр МАХН-д шударга ёсны тэмцэгч хангалттай гишүүд байна. Гэтэл хүний ая тал харж бууж өгч байгааг юу гэж үзэх вэ. Өөрийнхөө сул талыг мэдэж, дийлж байгаа хүн л хүчтэй байна. Өнөөдөр МАХН-даа улс төр, ард түмэн чинь харж байна гэж хэлэх байна. Намайг дэмжиж байна шүү гэж нэгдүгээр эмнэлгийн Бямбадорж дарга, Баясгалан дарга, төрөхүүдийн дарга нар ч хэлсэн. Би та бүхэндээ баярлаж, хайрлаж байна. Гэхдээ энэ Засгийн газар дэмжихгүй байгаад үнэхээр гайхаж, харамсахаас өөр юм алга. Тэрнээс гомдоогүй. Гомдох ч үгүй. Муу л байна, Засгийн газар аа. Би Монголын ард түмний төлөө ажиллахаас биш Сайханбилэг гэдэг хүний төлөө ажиллахгүй. Гэхдээ бодлого, ажиллагааг нь дэмжиж хамтран ажиллах л байсан.

-Энхбаяр гэдэг хувь хүнээс болоод дэмжээгүй байж болох уу?

-Ямар ч асуудал байж болох. Би зорилгодоо хүрэхийн төлөө асуудлаа тавьж байгаа, зүйн хэрэг биз дээ. Бидэнд хувь хүний эрх ашиг гэхээсээ илүү, нийтийн эрх ашиг байх ёстой. Энэ засаг төр ийм арчаагүй байдлаар ажиллаж байгаа бол хэцүү л байх болно.

-2016 оны сонгуулиар дүн тавигдах байх л даа?

-Тэгнэ. МАХН-д ч гэсэн 2016 оны сонгуулиар дүн тавина. Санал өгсөн үү өгсөн, итгэл өгсөн үү өгсөн. Бидэнд хүч өгсөн үү өгсөн. Хичнээн сайдын суудал өглөө. Ард түмэн сайдуудад салбараа сайн болгох нөхцөлийг хангаж өгсөн үү өгсөн. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт ямархуу ажиллав гэдэг дүн тавина. Чадах хүнээ гаргаж чадахгүй, эсвэл чадахгүйгээсээ илүү боломж муутай хүмүүсийг гөлгөр байдлаар гаргаж ирж, өөрсдийн болон намын нэрийг унагааж байна. Би эцсийн эцэст “Дарга аа, намынхаа нэр хүндийг бодох хэрэгтэй шүү” гэж би гуйж хэлж байгаа. Сайд болгоод өгөөч ээ гэж би гуйгаагүй шүү. Ийм байдлаар засагт орж ажиллаад МАХН 2016 онд ард түмэн дүн тавина. Одоо ч хүмүүс ярьж байна. Ээ чааваас дээ, ийм хүчгүй, ийм бурантаглуулсан тэмээ шиг юм уу, хаашаа юм гэж. Энхбаяр дарга чинь овоо тэмцээд байсан. Барьцаанд нь орсон юм уу, атганд нь орсон юм уу гэж хэлж байна.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000