Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэл орон даяар эхэлсэн талаар Боловсролын үнэлгээний төв, БСШУЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусах аж. Энэ жилийн хувьд ЕБС-ийг 36,207 сурагч төгсөх бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгч нартай нийлээд ойролцоогоор 40 мянга орчим сурагч ЭЕШ-ыг өгөх юм байна.
-МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ ЗААВАЛ ӨГДӨГ ХЭВЭЭРЭЭ-
Мөн Засгийн 37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Өөрөөр хэлбэл, Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д хамрагдах эрхтэй болно. Тухайн шалгуулагчын Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
-ХАРИУЛТЫН ХУУДАСНЫ ЗАГВАР ӨӨРЧЛӨГДСӨН-
ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа. Хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөнө. ЭЕШ-ын засалтад олон улсад ашиглагдаж буй сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий засагч машиныг энэ жилээс хэрэглэж эхлэх гэж буйтай холбогдуулан дээрх өөрчлөлтийг хийж байгаа аж. Энэхүү өөрчлөлт нь шалгуулагчдад бас таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа гэнэ. Тухайлбал, шалгуулагч хариултын хуудсан дээрээ эхлээд буруу бөглөсөн байлаа гэхэд түүнийгээ баллуурдаж эцсийн сонголтоо үнэн зөвөөр нь будах боломжтой гэсэн үг. Хариултын хуудасны загварыг www.eec.mn хаягнаас авч дадлага хийх боломжтой юм байна.
-ШАЛГАЛТ БҮРИЙН ХУРААМЖИЙН ҮНЭ 5800 ТӨГРӨГ БАЙНА-
БСШУЯ-ны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12-р анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулсан. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулж байгаа. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг бол батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байх аж. Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандана.
-ШАЛГАЛТАД ОРОХДОО ШАЛГУУЛАГЧИД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛСЭН БАЙНА-
• Бүртгэлийн хуудас /ЕБС-ийн төгсөгч ба шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх/
• Суудлын хуваарь
• Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
• Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
• Хугацаа, цагийг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй.
Б.ГЭРЭЛ
Сэтгэгдэл