И.Дорж: Хууч, хүнд өвчтэй хүнд бариа засал хийхийг хориглодог

Д.Тулга / Эрүүл мэнд

baria

Уламжлалт анагаах ухааны их эмч, бариа засалч И.Доржтой ярилцлаа. 

-БАРИА ЗАСАЛ, МАССАЖ ХОЁР ОГТ ӨӨР ЗҮЙЛ- 

-Бариа засал гэж яг юу юм бэ. Манайд бариа заслын талаархи ойлголт ямар түвшинд байдаг вэ?

-Бариа засал гэдэг нэгдүгээрт, эмчилгээний чанартай, хоёрдугаарт шинжлэх ухааны үндэстэй, гуравдугаарт зөв дэс дараалалтай уламжлалт анагаах ухаан болон Европын анагаах ухаан хосолсон эмчилгээний арга юм. Эм тан хэрэглэхгүйгээр хүний мэдрэлийн цэгүүдэд даралт, нухалт хийх замаар хүний биеийг сэргээж өгдөг. Yumeiho Theraphy нэртэй эмчилгээний бариа засал бол өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвдсөний дараахь эмчилгээ хийх зорилгоор анх гаргасан Дорно дахины олон бариа засал дотроос шинжлэх ухааны үндэстэйгээр, хүний биеийн анатомийн бүтцийн хийн судлын дагуу зохион байгуулалтад оруулсан бариа засал. Би 2005 онд Японы Нагоя хотод “Yumeiho Theraphy” гэдэг сургуульд сураад, Солонгост гурван жил уламжлалтын эмнэлэгт ажиллаж байгаад Монголдоо ирээд “Увдист мутар” мэргэжлийн бариа заслын газар ажиллуулаад зургаан жил болж байна.

-Бариа засал, массаж хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?

-Манайд ихэвчлэн массаж хийдэг газрууд их байна. Бүтэн биеийн, алжаал тайлах гэх мэт. Хүмүүс бариа засал, массаж хоёрыг хооронд нь ялгаж салгаж чадахгүй байна. Эмчилгээний бариа засал гэж юу вэ, алжаал тайлах массаж гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бариа заслыг хүний биеийн анатомийн бүтцэд тааруулж, эмч болон сувилагч мэргэжилтэй, анагаахын дээд мэргэжил бүхий хүн хийх ёстой. Массаж бол улс орон бүрт байдаг, хүний биеийн алжаал тайлж, тайвшруулж амраах зорилготой. Дотроо олон ангилалтай. Манай Монголд сүүлийн үед массажны газрууд нэмэгдэж, үүнийг дагаад биеэ үнэлэлт нэмэгдсэнийг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл массаж гэдэг үгтэй хамт бариа засал гэдэг үг хоршиж хэрэглэгдээд байгаад асуудал байна. Өөрөөр хэлбэл “бариа засал, массаж” гэсэн хаяг бүхий маш олон газар биеэ үнэлэлт зохион байгуулж байгаа нь эмчилгээний зориулалттай үйл ажиллагаа болох мэргэжлийн бариа заслын нэр хүндийг ихээр унагаж байгаа.

-Бариа засал гэдгийг массаж гэж дийлэнх хүмүүс ойлгодог байх болох юм?

-Гадаа гудамж, талбайд явж байхад шонгийн мод, албан байгууллагуудын хашаа бүрийн гадна шахам бариа засал, массаж, гулгаа массаж энэ тэр гэсэн хаяг бүхий утасны дугаартай хуудсууд харагдах болж. Энэ бүхний цаана дандаа биеэ үнэлэлт явагдаж байдгийг ч цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байгаа. Шалгаж, хариуцлага тооцож байгаа ч энэ төрлийн зар нэг л дорвитой буурахгүй байгаа шүү дээ. Тиймээс энэ ташаа ойлголтыг засахын тулд бариа засал гэдэг зүйл ямар утга учиртай гэдгийг иргэдэд ойлгуулахыг зорьж байна.

-Иргэдэд яаж зөвөөр ойлгуулах вэ?

-Сүүлийн гурван жилд манай эмнэлэг сургалт явуулдаг болсон. Эмчилгээний бариа засал гэж юу вэ, массаж гэж юу вэ гэдгийг манайд суралцагчид бүрэн ойлгоод гардаг. Цаашлаад өөрсдөө үйл ажиллагаа явуулахдаа үйлчлүүлэгчиддээ үүнийг тайлбарлах замаар ч болов энэ буруу ойлголт засрах байх гэж боддог юм.

-Танай бариа заслын газрыг  “гулгаа массаж” гэх газруудтай андуурч, үйлчлүүлье гэсэн тохиолдол байдаг уу?

-Байдаг. Ялангуяа утсаар ярьж асуудаг. Танайд ийм тийм үйлчилгээ байгаа юу гэх жишээний. Хэдэн жилийн өмнө ингэж андуурч ярьж байгаагүй. Гэтэл сүүлийн үед шөнийн 24:00 цаг болчихсон байхад хүртэл эмнэлгийн дугаар луу залгаж, гулгаа массаж хийлгэе гэх мэтээр ярьдаг хүмүүс байдаг болсон.

baria

-БАРИА ЗАСАЛ ХИЙН СУДЛУУДЫГ НЭЭДЭГ- 

-Эмчилгээний бариа засалд мэдээж хориглох заалт байдаг байх. Ямар хүмүүст бариа заслын эмчилгээ хийхийг хориглодог вэ?

-Yumeiho Theraphy Японоос гаралтай эмчилгээний бариа заслыг таарахгүй тохирохгүй хүмүүст хийхийг хориглодог. Тухайлбал, хорт хавдар, туяа эмчилгээнд орсон, бөөрний архаг дутмагшилтай гэх мэт хүмүүст хийхгүй. Яагаад гэвэл өвчин үүсгэж байгаа шалтгаан болсон эсийг ихэсгэдэг. Бариа маань хийн судлуудыг нээдэг учраас өвчин үүсгэгч эсүүдийг ихэсгэдэг гэсэн үг. Хий гэдэг зүйл хүний биед жигд тархаж байдаг. Хүний үйл хөдлөл, үг ярианаас болоод хий дарагддаг. Хий арвидах гэж байна. Хаврын ханш нээгдсэнээс хойш амьтан, хүнгүй биеийнх нь хамаг хий хөдөлдөг. Үүнийг хий арвидна гэж ярьдаг. Тийм учраас хүний даралт ихсэх, ямар нэг хууч өвчин сэдрэх гэх мэт зовиур үүсдэг. Тиймээс л эмчилгээний бариа засал маань эцсийн шатанд орчихсон хорт хавдар, бусад төрлийн өвчнүүдийн эсүүдийг ихэсгэдэг. Тэгэхээр өвчний явц нь хурдасна гэсэн үг. Үүнийг мэдэхгүйгээр зарим хүмүүс мэргэжлийн бус хүмүүст дур мэдэн бариулснаас амь нас, эрүүл мэндээрээ хохирч болох эрсдэл бий.

-Манайд үйл ажиллагаа явуулдаг бариа заслын газрууд мэргэжлийн түвшинд эмчилгээний бариа засал хийж чаддаг болов уу?

-Аарцаг нурууны бариа засал гээд хаа сайгүй байна. Гоо сайхны газруудад хүртэл байдаг. Аарцаг нурууны бариа засал бол “Yumeiho Theraphy” бариа заслаас монголчилж аваад, Монголдоо нутагшуулаад явж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл хөдөлгөөн болон бусад арга техникүүдийг нь ашигласан гэсэн үг. Ингэхдээ дэс дараааллыг нь алдагдуулж барьдаг. Толгойны бариа, хөлний бариа гэх мэт тус тус тусад нь үнэтэй барих жишээтэй. Гэхдээ буруу зүйл биш. Хамгийн гол нь Yumeiho Theraphy гэх мэргэжлийн бариа засал бол өөрийн гэсэн дэс дараалалтай, 100 өөр төрлийн хөдөлгөөнөөс бүрддэг, шинжлэх ухааны үндэстэй юм. Нэг удаагийн бариа засал нь 50 минут үргэлжлэх ба энэ хугацаанд бариа засалч маань 100 өөр техник ашигладаг.

baria

-ГЭР БҮЛЭЭРЭЭ БАРИУЛВАЛ ХУРДАН ЖИРЭМСЭЛДЭГ-

-Удаан хугацаанд жирэмслээгүй эмэгтэйчүүд бариа заслын газарт бариулаад жирэмсэлсэн гэж сонсож байсан. Энэ үнэхээр боломжтой юу?

-Боломжтой. Эмэгтэйчүүдийн бариа заслын гол онцлог нь өсвөр насны болон төрөх насны эмэгтэйчүүдэд  зориулсан байдаг. Тухайлбал, биеийн юм нь өвдөж ирэх, эвэршдэг, хугацаа нь алдагддаг, тэрнээсээ шалтгаалсан мартамхай болох, ууртай болох гэх мэт асуудлыг шийддэг. Биеийн юм нь өвдөж ирээд байхад ээж, аав нь ч юм уу угаасаа ингэдэг гээд тоохгүй байх жишээтэй. Энэ бол буруу. Савны хазайлт үүссэн учраас өндгөвчний гуурсан хоолой татагдаж, биеийн юм ирэхдээ өвдөж, хэд хоногоор өвчин намдаах эм уухад хүргэдэг. Эмэгтэйчүүдэд тохиолддог хамгийн гол зовиур бол савны хазайлт. Тэрнээсээ шалтгаалаад умайн гуурсан хоолой бөглөрөх, тагларах асуудал үүсдэг. Үүний улмаас жирэмслэлт явагдахгүй, жирэмсэлсэн ч гэсэн дараа нь ураг амьгүй болох, өсөлт нь зогсох гэх мэт асуудал их байна. Эдгээр асуудал зөвхөн нэг шалтгаантай биш. Орчны бохирдол, идэж ууж байгаа хоол хүнс, нийгмийн стресс гэх мэт олон хүчин зүйлтэй холбоотой. Тэгэхээр залуу хүмүүс анхнаас нь элдэв антибиотик, эм тариа хэрэглэхгүйгээр зөв аргаар биеэ эмчлүүлээд явах юм бол өөрсдөд нь их хэрэгтэй. Ямар нэг ужиг, хортой үр дагавар дараа нь гардаггүй.

-Бариу заслын эмчилгээнд явснаар хэр хурдан хугацаанд жирэмслэх боломжтой вэ?

-Жирэмсэн болоогүй маш олон жил хамт амьдарсан гэр бүлийн хүмүүс хоёулаа бариулдаг. Ингэхэд маш хурдан хугацаанд жирэмсэн болох тохиолдол байдаг. Залуу хүнд бага зэргийн шалтгаан байж таараад, тэр шалтгааныг нь энгийн аргаар эмчлээд өгөхөөр бие нь хэвийн байдалдаа ороод жирэмсэлж байгаа нь тэр. Залуу хүнд байгалиас заяасан өөрийгөө эдгээх хүч гэж байдаг. Тэр эрч хүч их байгаа учраас ямар нэг зүйлийг маш хурдан хүлээж авч, эдгэрэх процесс нь хурдан явагддаг. Мэдээж 40, 50 гарсан хүмүүсийг арай өөрөөр эмчилнэ. Эмчилгээний үр дүн удаашрах хандлага бий.

baria

-ХАА ТААРСАН ГАЗРАА ОЧИЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОХООС
СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ-

-Манайхан ихэвчлэн ямар зовиур хэлж ирдэг вэ?

-Манай монгол хүмүүсийн хувьд нойргүйдэл, өтгөн хаталт, ходоодны хямрал, хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой бүх төрлийн өвчлөлөөр өвчилдөг. Үүнд таван цул, зургаан сав бүх эрхтэн орж байгаа. Нэмээд багана нуруу дагасан өвчлөл, тодруулбал нуруу өвдөх, хүзүү толгойгоор хөшиж өвдөх, тархи толгой таллаж өвдөх, нүдний ухархай чилж өвдөх, хоёр хөл бадайрч өвдөх, гар бадайрах, захын мэдрэлийн судсууд дарагдсаны улмаас хөл, гар, өсгий рүүгээ хатгуулж өвдөх гэх мэтийн зовиур хэлж ирдэг.

-Бариа засал хийлгээд эрүүл мэндээрээ хохирлоо гэсэн хүмүүс цөөнгүй байдаг шүү дээ?

-Зарим бариа заслын газруудад очоод миний хүзүүг дуугаргачихсан чинь нэг тал руугаа харчихаад, нөгөө тал руугаа харах гэхээр өвдөөд байна, маш олон жил болж байна гэсэн хүн байх жишээтэй. Нурууны сэртэн яс, хүзүү хугарчихсан, хагалгаанд орсон гэх мэт хүмүүс маш их байдаг. Хүмүүс анхнаасаа өөрийн биеэ даатгаж байгаа газраа маш сайн судалж байж үйлчлүүлэх нь зөв. Яг ямар бариа заслыг ямар хүн хийдэг, тэр хүн нь ямар мэдлэг боловсрол эзэмшсэн бэ гэж эхлээд асуугаад, дараа нь очиж үзээд, тэгээд тайлбар зөвлөгөөг нь сайн аваад үйлчлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэгнийхээ зөвлөснөөр хаа таарсан газраа давхиж очоод хийлгэсэн эмчилгээ, бариа засал нь үр дүнгүй, эцэстээ эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарах нь цөөнгүй.

Б.ЦЭЛМЭГ

baria

baria


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000