Италийн сонин уншигчиддаа Гитлерийн “Миний тэмцэл” номыг бэлэглэж, шуугиан тарив
Италийн “Il Giornale” сонин Адольф Гитлерийн национал-социализмыг тунхагласан “Миний тэмцэл”(“Майн Кампф”) номыг үнэгүй тарааж бэлэглэсэн нь Аппеннинд улс төрийн дуулиан дэгдээжээ. Тус сонины ерөнхий редактор Алессандро Саллусти бямба гаригийн дугаартайгаа хамт Гитлерийн улс төрийн тунхагийн найман ботийн эхний номыг уншигчиддаа түгээхээр шийдвэрлэсэн байна. Үүнийг Италийн еврейн нийгэмлэг, ерөнхий сайд Маттео Ренци тун таагүй хүлээн авчээ.
Ромд суугаа Израилийн Элчин сайдын яам, еврейн нийгэмлэг ийнхүү “Майн Кампф”-ыг хэвлэж түгээснийг “тун таагүй үйлдэл” гэж нэрлэснийг “La Repubblica” сонин нийтэлсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Ренци ч твиттер хуудастаа “Италийн өдөр тутмын сонин өнөөдөр “Майн Кампф”-ыг нийтэлсэнд харамсаж байна” гэж бичжээ. Энэхүү шүүмжлэлийн хариуд “Il Giornale”-ийн ерөнхий редактор Саллусти “ХХ зууны эмгэнэлийг түүхийн үүднээс авч үзэхээс айх хэрэггүй. Тэгээд ч энэ гамшиг хэрхэн эхэлсэнийг ойлгох хэрэгтэй” хэмээсэн байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл