“Энержи ресурс” буюу ММС дампуурч байна
-КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ-
“Mongolian mining corporation” нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани юм. Одоогийн байдлаар, Кэйманы арлууд дээр үүсгэн байгуулагдсан, 975 хэмээх хувьцааны код бүхий хязгаарлагдмал хариуцлагатай тус компанийг татан буулгах урьдчилсан үйл явц явагдаж буй юм байна. Сүүлийн үеийн мэдээллээр, Хонконгийн Хөрөнгийн биржийн хувьцаа гаргах тухай журмын 13.09 (2) зүйл болон Үнэт цаас, фьючерсийн тухай хуулийн компанийн дотоод мэдээллийн журмын XIVA дугаар зүйл (Хонконгийн хуулийн 571-р хэсэг) зэргийг тус тус үндэслэн “Mongolian Mining Corporation”-аас компанийг татан буулгах талаар мэдэгдэл хийжээ.
Тус мэдэгдэлийг гаргахад дээрх компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жамбалжамцын Оджаргал болон Готовын Батцэнгэл, Жанчивын Оуюнгэрэл, Жамбалжамцын Од, Адилбишийн Ганхуяг, Чулуундоржийн Хашчулуун, Жигжидийн Үнэнбат, Чан Цэ Чин Игнатус нар байлцсан аж.
Тус компанийн 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн Компанийг татан буулгахтай холбоотой урьдчилсан ажлыг зохион байгуулах комиссыг бүрдүүлэх өргөдөл гаргах тухай мэдэгдэл, 2016 оны наймдугаар сарын 26, 31, 2016 оны есдүгээр сарын 1 зэрэг өдрүүдэд тус Компанийн нэрийн өмнөөс гаргасан хамтарсан татан буулгах комиссын “PWC Corporate Finance Recovery (Cayman) Limited” компанийн ажилтан н.Simon “Conway болон PricewaterhouseCoopers Ltd компанийн ажилтан н.Christopher So Man Chun нарын Кэйманы Арлуудын Их Шүүхэд 2016 оны наймдугаар сарын 25-ны өдөр гаргасан тайланд үндэслэн дээрх мэдэгдэлийг гаргасан байна.
Хуваарийн дагуу тус компанийг татан буулгах өргөдлийг шүүх 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр, Кэйманы цагаар хүлээн авчээ. Их Шүүхийн шүүгч McMillan дараахь зүйлсийг тогтоожээ. Үүнд: 1) Компанийн татан буулгах явwыг шүүх хурлын өдрөөс эхлэн 8 долоо хоногоор хойшлуулах; 2) өргөдлийг шийдвэрлэхийг хойшлуулах; 3) Татан буулгах комисс нь шүүх хурал болохоос 7 хоногийн өмнө татан буулгах үйл ажиллагааны явцыг шүүхэд танилцуулах зэрэг орсон байна. Тус компани нь зээлийг өөрчлөн зохион байгуулах талаархи мэдээллийг хувьцаа эзэмшигч болон боломжит хөрөнгө оруулагч нарт тухай бүрт танилцуулахаар болжээ.
-ТУС КОМПАНИЙ ХОЁР ИХ НАЯД 350 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРИЙГ
МОНГОЛЫН ТӨР ТӨЛӨХ ҮҮ-
Хятадын хөрөнгө оруулалттай гэгддэг тус компани улстөр дэх нөлөөллөө нэмэгдүүлэхийн хэрээр Монголын төрөөс хийж буй бүтээн байгуулалтын чиглэлийн бүхий л ажлыг өндөр үнэлгээтэй авч, тэр хэрээр өргөжин тэлсээр ирсэн байдаг. Сүүлийн үед авдаг тендертээ хэт найдсан тус компанийхны буруу бодлого, хэт үрэлгэн байдал зэргээс шалтгаалан дампуурлаа зарлах болсныг эдийн засагчид хэлж байна.
2014 оны есдүгээр сард “Moody’s” агентлаг "Mongolian Mining Corporation”-ий зээлжих зэрэглэлийг "Caa2" зэрэглэлээс "Ca" болгож бууруулсан байдаг. Энэ нь тус корпорацийн бэлэн мөнгөний нөөц болон хөрөнгийн урсгал нь өр төлбөрөө барагдуулахад хангалтгүй гэж дүгнэснийх ажээ. "Ca" зэрэглэл нь "Moody's”-ийн үнэлгээний системийн доороосоо хоёр дахь үнэлгээнд тооцогддог. Гэтэл эдүгээ ССС- буюу хамгийн доод үнэлгээнд хүрчээ. Олон улсад төдийгүй Монголдоо бизнесийн нэр хүнд нь унаж, гаднаас зээлсэн их хэмжээний өрөө төлөх аргагүйд хүрсэн "Энержи ресурс”-ынхны эцсийн найдвар Тавантолгойн төмөр зам болж, тэд түүнийг авахын тулд улайран тэмцсээр байв.
Хөрөнгийн бирж дээр хөл тавьж, хувьцаагаа нээлттэй худалдсан тус компанийн үйл ажиллагаа хүнд байдалд орсныг удирдлагууд нь мэдэгдсэнээр олон нийт “дампуурсан” гэх ерөнхий ойлголттой болсон билээ.
ММС нь тэрбум 170 сая ам.доллар буюу 2 их наяд 350 тэрбум төгрөгийн өртэй, энэ нь Монгол Улсын 2016 оны төсвийн 30 хувьтай тэнцжээ. Энэ тухай Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтэд бичсэн байдаг.
MCS”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал теле нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Энержи Ресурс” гадаад зах зээлд гарахын тулд MMC буюу Монголын уул уурхайн корпораци гэдэг нэрээр 670 сая ам.долларын хөрөнгө босгосон хэмээн тайлбарлаж байв. Мөн тус компанийн өр нь “Энержи Ресурс”, “Шинхау”-гийн хамтарсан консерциумд огт хамаагүй. Монголын уул уурхайн корпораци дээрээ үлдэнэ гэх утгатай зүйл ярьсан удаатай.
“Энержи Ресурс” компани яагаад дампуурч байгаа болон тус компанийн хуримтлуулсан их өрийг Монголын төр өөрийн өмчөөрөө төлөх үү гэдэг асуудлууд анхаарлын төвд хэвээр байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл