Р.Ганзориг нарыг мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна

Д.Тулга / Хууль

НЭМЭЛТ: 15:00 ЦАГТ

“Магнай Трейд” компанийн гүйцэтгэх захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт саатуулан сулласан асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Энэ талаар “Жаст” групп, “Жаст ойл” ХХК-тай холбоотой хэрэгт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөх шалгах ажиллагааг явуулж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Д, Г нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 173.3.3.2, 18.6.3-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байна. Тус хэрэгт яллагдагчаар татагдсан Д, Г нарыг 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр хойшлуулшгүйгээр түр саатуулах арга хэмжээг авсан.

Р.Ганзориг нарын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тэднийг өчигдөр сулласан. Цагдаагийн байгууллагаас Д, Г нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. НПГ-аас дээрх этгээд нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Яллагдагч нарыг цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ. Дээр дурдсанчлан мөнгө угаах, залилан мэхлэх зүйлчлэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан” хэмээн мэдээлжээ.


НЭМЭЛТ: 12:00 ЦАГТ

-"МАГНАЙ ТРЕЙД" ХХК-ИЙН ЗАХИРЛЫГ "ЖАСТ"-ЫН АСУУДЛААР ТҮР СААТУУЛАН СУЛЛАЖЭЭ-

“Mагнай Трейд” группийн захирал Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан тухай бид мэдээлсэн.

Тэднийг түр саатуулсан нь шатахууны чанар, үнийн өсөлтийн асуудалтай ямар нэгэн байдлаар хамааралгүй аж. “Жаст” группын асуудалтай холбоотой байсан ба түүнээс “Жаст” групптэй холбоотой зарим нэг асуудлаар байцаалт аван түр саатуулаад сулласан тухай эх сурвалж мэдэгдлээ.


-"МАГНАЙ ТРЕЙД"-ИЙН ЗАХИРАЛ Р.ГАНЗОРИГИЙГ ХҮҮГИЙНХ НЬ ХАМТ СААТУУЛЖЭЭ-

Даваа гаригт буюу аравдугаар сарын 8-ны шөнө “Магнай Трейд” группийн захирал Р.Гонзоригийг цагдаагийн байгууллагаас саатуулсан. Түүнийг ЦЕГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тусгай ажиллагаа явуулж баривчилжээ. Мөн хүүг нь хамт баривчилсан тухай мэдээлэл байна.

Түүний хүү “Магнай трейд” компанийн ерөнхий захирлын алба хашдаг. Тэднийг чухам ямар үндэслэлээр цагдан хорьсон нь тодорхойгүй байна. Ямартаа ч хойшлуулшгүйгээр 48 цагаар баривчилсан гэдгээ Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхэд мэдэгджээ.

Одоогийн байдлаар цагдан хорих санал шүүхэд ирээгүй байгаа юм байна. Хэрэв прокуророос түүнийг цагдан хорих шаардлагатай гэж үзвэл 48 цагийн дотор саналаа хүргүүлснээр шүүх хурал өнөөдөр болох ёстой.

Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор тэднийг цагдан хорьсон гэж буй юм. Тодруулбал, сүүлийн үед шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж шатахууны үнийг цаг тутам тасралтгүйгээр нэмж байгаа үйл ажиллагаанд “Магнай трейд” компани оролцоогүй буюу шатахуунаа нэмээгүй байна. Иймд МАН-ын удирдах зөвлөлд ганцаараа багтдаггүй тус компани гол асуудал болсон бололтой гэв. Мөн "хуурамч шатахуун худалдсан" буюу импортын шатахууныг нэрж худалдаалсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл ч байна. Энэхүү хэргийг өнгөрөгч долдугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байжээ.


Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэгтэй холбоотойгоор саатуулсан байх магадлалтай хэмээн бичжээ. Учир нь, "Магнай трейд" групп болон "Жаст" группийн дунд шатахуун түгээх станц худалдсан, худалдан авсан асуудал байдаг юм байна.


Цагдаагийн байгууллагаас “Энэ асуудал шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. Р.Ганзоригийн хувьд 2013 оны долдугаар сард дампуурлаа зарласан “Жаст” компанийн “Жаст ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ бэлэглэсэн хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байжээ.

Ш.Батхүүгийн “Жаст ойл” компани Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудад газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай, нийслэл хот болон 16 аймагт шатахуун түгээх станцын сүлжээтэй том компани байсан. Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан хэргийг АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг шалгаж буй билээ.

Р.Ганзориг “Жаст ойл” компанийг худалдан авсныг ШӨХТГ хууль бус гэж үзэж байна гэх мэдээлэл бас цацагдаж байв. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийг худалдаж авахдаа зөвшөөрөл авах ёстой ч хууль зөрчиж, хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэх дуулианд холбогдож байсан билээ. “Магнай трейд” ХХК-ийг 1994 онд Р.Ганзориг байгуулж байсан бол одоо ерөнхий захирлаар түүний хүү Г.Магнай ажиллаж буй юм.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000