П.Эрдэнэтуяа: Төв банк алтны татварыг нэмэх нь цаг хугацааны хувьд тохиромжгүй гэж үзэж байгаа

Засгийн газраас өнгөрсөн сард алтанд ногдуулж буй Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2.5 хувийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч ирц бүрдэхгүй байгаа гэдэг шалтгаанаар УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороод хуралдаагүйтэй холбоотойгоор Засгийн газраас өргөн барьсан төслийг оны өмнө хэлэлцэж амжаагүй. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаснаар алтны татварын хөнгөлөлтийн хүчинтэй хугацааг 2019-2024 он хүртэл таван жилээр сунгах байсан. УИХ-аас 2014 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу алтанд 2.5 хувийн рояалти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж эхэлсэн байдаг. Уг хуулийн “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэх заалтын үйлчлэл энэ оны нэгдүгээр 1-нээр дуусгавар болсон. Ингэснээр алтны рояалти ес хүртэлх хувь болж өссөн билээ. Төв банкны зүгээс иргэд аж ахуйн нэгжүүдийн тушаасан алтанд ногдуулж буй татвар бага байснаар эдийн засагт эерэгээр нөлөөлж эхэлсэн талаар мэдээлдэг. Тухайлбал, 2014 онд 12.7, 2015 онд 15.1, 2016 онд 18.3, 2017 онд 20, 2018 онд 22 тонн болж эрс өссөн дүр зураг бий. Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд заасан 2.5 хувийн татварын үйлчлэх хугацаа дууссанаар алт тушаалт буурах магадлалтай талаар шинжээчид хэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор эх сурвалжуудын зүгээс “Алтнаас татвар авах хууль эрх зүйн орчингүй болчихлоо” гэх мэдэгдэл хийх болсон. Тухайлбал, нэр бүхий УИХ-ын гишүүний зүгээс “Д.Сумъябазар сайд мэдээлэл хийхдээ он гарахаас өмнө хуулийн хугацааг сунгаж амжихгүй бол алтны татвар таван хувь болж нэмэгдэнэ гэсэн. Энэ бол буруу ташаа мэдээлэл. Он гарахаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол алтны татвар ямар ч зохицуулалтгүй үлдэхээр болж байгаа. Алт бол тэг хувийн татвартай болно гэсэн үг. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас энэ мэдээллээ зөв болгож, ажлаа сайн хийхийг шаардаж байна” гэдэг мэдэгдлийг хийгээд байгаа юм. Энэ талаар Монголынбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын харьяа Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагаас тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар алтанд ногдуулах Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэдэн хувиар тооцон авч байгаа вэ?
-Энэ он гарсаар Монголбанкинд алт тушаасан иргэн, аж ахуйн нэгж байхгүй байна. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдээс татварын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар Монголбанкинд олон удаа хандаж байна. Энэ сарын 1-нээс 2.5 хувийн рояалти ногдуулах хуулийн үйлчлэх хугацаа дуусаад, хуучин хуулийн заалт эргэн хэрэгжиж байгаа учраас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь, өсөн нэмэгдэх дөрөв, нийтдээ есөн хувиар тооцож борлуулалтын орлогоос суутган авахаар бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Өсөн нэмэгдэх төлбөрийг нэг унци алтны ханш олон улсын зах зээл дээр 1200 ам.доллараас дээш байсан тохиолдол дөрвөн хувиар тооцон суутгана. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь тушаасан алтны борлуулалтын орлогоос шууд суутган улсын төсөвт төвлөрүүлдэг татвар. Үүнээс гадна алт олборлогчид Монгол Улсын хууль тогтоомжид тусгасан олон төрлийн татвар хураамж төлөөд явж байгаа. Түүнээс биш ганцхан 2.5 хувийн татвар төлдөггүй.
-Татварын өөрчлөлтөөс ямар үр дүн гарна гэж харж байна вэ?
-Монголбанкны зүгээс алт тушаалтыг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн онд “Эх орныхоо алтыг-Эрдэнэсийн сандаа аян”-ыг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 22 тонн алт төвлөрүүлээд байна. 2019 оны тухайд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс таван жил үйлчлэх 2.5 хувийн татварын хугацаа дууссан. Оны өмнө хугацааг нь сунгах хуулийн төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилж, Сангийн яам болон Монголбанк дэмжсэн. Гэвч УИХ-аар хэлэлцэхгүй хойшлогдоод байна. Хэрэв алтны татвар нэмэгдвэл сүүлийн таван жил өсөлттэй байсан алт тушаалт зогсонги байдалд орох магадлалтай. Ерөнхийдөө сүүлийн 30-аад жилийн алтны тушаалтад дүн шинжилгээ хийгээд үзэхэд, татварын хувь хэмжээтэй шууд холбоотой байдаг.
-Аж ахуйн нэгжүүдийн зүгээс Монголбанкинд татварын асуудлаар хүсэлтээ ирүүлж байна уу?
-Энэ зах зээлийг ажиглаж, дүгнэдэг хүмүүсийн хувьд, одоо л алтны салбарынхны бизнес тогтворжиж байна. Алт олборлодог аж ахуйн нэгж, иргэд татвараа төлдөг болж, хариуцлагажсан. Одоо дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах судалгаа хийж, энэ салбарыг хөгжүүлэх асуудал яригдаж байх энэ үед татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах нь цаг хугацааны хувьд оновчтой шийдэл гэж Монголбанк үзэхгүй байгаа.
-Татвар өссөнөөр алтны арилжаа эргээд далд хэлбэрт шилжих магадлалтай талаар судлаачид хэлж байгаа. Монголбанкны зүгээс алтны хууль бус арилжааг бууруулах чиглэлээр ямар ажил хийсэн бэ?
-Улсын хил гаалиар хууль бусаар алт нэвтрүүлэх үйл ажиллагааг бууруулах чиглэлээр сүүлийн 2-3 жил хууль хяналтын байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа. Хүмүүсийн яриад байгаа шиг олон тонноор зөөгөөд байгаа гэдэг тоо мэдээлэл хаана ч байхгүй зүйл. Зөвхөн Монголбанкинд хураагдан улсын орлого болсон алтны хэмжээ жилд 10 орчим килограмм байгаа. Сүүлийн таван жилийн хэмжээг авч үзэхэд 100 гаруй килограмм байна. Төв банкинд гэмт хэргийн мэдээлэл байдаггүй. Яг хуулийн хэлэлцүүлгийн явцад олон тонноор нь улсын хил гаалиар гаргаж байна гэдэг ташаа мэдээлэл гаргах асуудлууд их гарч байна.
“Монголын эдийн засгийн форум 2025” ирэх долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно
Ким Жөн Ун Израилд бүх хүчээрээ хариу цохилт өгнө гэв
Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна
Төв банк: Тэтгэврийн зээлтэй холбоотой арга хэмжээ авсан үндэслэл
WSJ: АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ираны эсрэг цохилт өгөх төлөвлөгөөг баталсан
Академич хэргэм хүртээв
Ерөнхий сайд Г.Занданшатар нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад анхаарууллаа
А.Бат-Эрдэнэ: Дулааны төлбөрөө хэрэглээгээрээ төлбөл задгайгаар буюу м.кв-ын хэмжээгээр төлснөөс 30-50 хувь хэмнэнэ
ТЗХДХ: Төсвийг үнэн зөв, бодитой төлөвлөөгүйгээс улсын төсвийн нийт зарлага, урсгал зардлын хэмжээ тэлжээ
Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа