Ундны усны “МЭС ЗАСАЛЧ”-д

Д.Тулга / Эрүүл мэнд

Зуны аагим халуун нар дээрээс шарж, хаа сайгүй замын түгжрэлтэй үед тэр хэрээрээ иргэдийн бухимдал төрөх нь энүүхэнд. Ийм нэгэн өдөр өнгөрч хүмүүс гэртээ амар тайван нойрсох үеэр бид сурвалжилгадаа гарлаа. Австри Улсын Засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр дэлхийд тэргүүлэгч технологи болох шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах ажлыг Ус сувгийн удирдах газраас өрнүүлж байгаа юм байна. Цаг үеэ олсон энэ л ажлыг сурвалжлахаар Ус сувгийн удирдах газрын шугам хоолойн “мэс засалчдын” ажлыг сонирхохоор яваа нь энэ.

Биднийг очиход Австри Улсын хоёр мэргэжилтнээр ахлуулсан 20 гаруй ажилчид цагийн зүүтэй уралдан ажлаа яаравчилж байв. Шөнийн цагаар ажиллаж байгаа шалтгаан нь маш энгийн. Өдрийн цагаар замын хөдөлгөөнд саад учруулах байх үүднээс иргэдийн тав тухыг бодолцож, хөдөлгөөн сэлүүхэн үеэр нөгөө талаасаа иргэдийн усны хэрэглээ багасдаг цагаар ажиллаж байгаа хэрэг юм.

Уг технологийг ашиглан Сөүлийн гудамжны цэвэр усны шугамын шинэчлэлийг хийжээ. Харин одоо Чингүнжавын гудамжны төвлөрсөн шугамыг доторлож байгаа юм.

Энэ арга нь зам талбайг гэмтээж хөндөхгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугам дээрх хоёр худгийн хооронд полетелин резинэн материалыг шугам дотор сүвлэж доторлоно. Ингэснээр шугамын ашиглалтын хугацаа уртасч, усны алдагдлыг бууруулахаас гадна түгээлт дэх механик нөлөөг багасгах давуу талтай аж. Мөн шугамын зардлыг нэмэгдүүлж, захиргааны зардлыг бууруулах юм.

Цаг хугацаа хэмнэж, илүү зардал гаргахгүйгээр нэгэнт хийсэн зам талбай ногоон байгууламжийг сүйтгэхгүй учраас байгаль орчинд ээлтэй.

Талбай удирдсан төслийн инженер М.Дашдондогоос шугамыг доторлох ажиллагааны талаар тодруулахад “Манай улсад шугам хоолойн хоёр төрлийн технологи хэрэглэдэг. Өнөөдрийн хувьд бохирдолтой, зэвэрсэн хуучин хоолойг даралттай усаар цэвэрлэсний дараа ССТV камераар оношилдог. ССТV камераар оношилдог учир нь полетелин резинэн материалан хоолойг сүвлэхэд ямар нэгэн саад, бохирдол байна уу, үгүй юу гэдгийг шалгах үүднээс . Үүний дараа полетелин резинэн материалан хоолойг сүвлэж гүйлгэдэг. Энэ хоолой нь дундуураа эвхэгдсэн байдаг тул түүнийг халуун уураар тэнийлгэдэг” хэмээн тайлбарлалаа.

Үүний дараа Төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер А.Оргилоос зарим асуултад хариулт авлаа.

-Цэвэр усны шугам хоолойг доторлох нь ямар давуу талтай юм бэ?

-Шугам сүлжээнүүд ихэвчлэн нийтийн эзэмшлийн талбай, автозам, заримдаа байшин барилгын сууринд нь наалдсан ч байдаг. Эхний ээлжинд насжилт өндөр олон жил ашигласан аваар гэмтэл усны алдагдал их гардаг шугмуудыг доторлож байна.

Газар ухаж доторлох нь нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэхгүй, буцааж нөхөн сэргээх зардал гарахгүй, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой.

-Улаанбаатар хотод хэчнээн метр шугам байдаг юм бэ. Энэ жилд бүгдийг нь доторлож амжих уу?

-Яг үнэндээ нэг жилд битгий хэл, таван жилд ч бүгдийг нь засварлаж амжихгүй. Учир нь зөвхөн манай байгууллагын харъяанд 600 км шугам бий. Маш энгийнээр тайлбарлахад Улаанбаатараас Баянхонгор хүртэл үргэлжилнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ нь зөвхөн цэвэр усны шугам сүлжээ шүү. Тиймээс энэ их шугам сүлжээг нэг жилд засна гэж байхгүй. Энэ жилийн хувь ажлын явцаас хамаарч 8-10 км шугам сүлжээг доторлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Манайд ширмэн, ган гээд олон янзын шугам ашигладаг. Энэ технологиор бүх төрлийн шугамыг доторлох боломжтой юу?

-Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ган, ширмэн турбо, хуванцар хоолой, шилэн утсаар бэхэлсэн хуванцар турбо, зөөлөн ширмэн яндан зэргийг ашиглаж байна. Эдгээр яндангаас 1950-1960 оны үед тавигдсан ширмэн, ган яндангууд цаг хугацааны эрхээр цоорч, зэвэрч эхэлсэн. Хуванцар яндангийн ашиглалтын хугацаа нь урт байдаг. Одоо бид ган янданг хуванцар технологийн дагуу доторловол 80 жилийн баталгаатай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ шугамд 80 жилийн дараа дараагийн засвар орох юм.

-Доторлогоог хийснээр иргэд крантнаасаа цэвэр усыг шууд уух боломж бүрдэх үү?

-Ус сувгийн удирдах газраас түгээдэг ус нь ундны усны стандартыг хангадаг. Харин зарим аж ахуйн нэгж, орон сууцны конторуудаас дамжуулан түгээхдээ ашигладаг шугам хоолой чанаргүй байх нь бий. үүнээс болж чанар, стандартын бус байна гэдэг яриа гардаг болов уу.

-Энэ технологийг хийхэд бэлтгэгдсэн мэргэшсэн инженер хангалттай байдаг уу. Инженерүүдийг хаана бэлтгэдэг юм бэ?

-Ус сувгийн удирдах газарт шугам доторлогоонд мэргэшсэн 5-6 инженер бий. Гэхдээ инженерүүд л бүх процессыг мэддэг гэж хэлж болохгүй. Энд 2-3 төрлийн технологиос гадна нарийн механизм, багаж төхөөрөмж ашигладаг. Тухайлбал, манай байгууллагад дугуйтай камераар шугам дотроос нь хэмждэг тоноглосон машин байдаг. Энэ машиныг ашиглаж чаддаг инженер гэхэд гурав бий.

Ус сувгийн удирдах газраас энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд засварчин, инженер техникийн ажилчдыг Австри Улсад сургалтад хамруулсан. Мөн Монголдоо ирэхэд нь дахин сургалтад хамруулсан. Яг одоо Австри мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байна гэв.

Бид эмч, цагдаа, онцгой байдлын ажилчдыг баатартай зүйрлэдэг. Арга ч үгүй биз.

Тэд иргэдийн амь нас, эд хөрөнгийн хамгаалахын төлөө цаг наргүй ажилладаг. Тэгвэл Ус сувгийн удирдах газрын ажилчид ч гэсэн баатрууд юм байна. Учир нь нийслэлийн ундны усны шугам хоолойг “мэс заслын” аргаар шинэчлэн сэлбэх замаар бид бүхний эрүүл мэндийг хамаалж буй учир тийм ч хялбар биш даваа аж.

Тэд цэвэр цэнгэг усаар нийслэлчүүдийг хангахын тулд дэлхийд гайхагдсан стандарт, техник, технологийг нутагшуулж байна. Үүний тулд цаг тутамд хэрэглээнд нэвтэрч буй техник, технологийг суралцаж байна.

Тэдний буянаар дэлхий даяар эрүүл ахуйн стандарт алдагдсан энэ л цаг үед стандартад нийцсэн ундны усыг хэрэглэж буй нь чухам үнэн билээ.


Сэтгэгдэл

Zochin [202.4.248.67] 2019-06-28 11:23:25

Saikhan medee baina.

А.Одхүү [39.154.234.108] 2019-06-28 07:55:12

Гэрэлтэй, гэгээтэй сайхан мэдээ байна! :)

Zochin [66.181.161.124] 2019-06-27 23:53:30

Yamar saihan yum be


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.