Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.05.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэлж, “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тогтоолын төслийн 5 дахь заалтыг “Энэ тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх, мөн “тогтоолын төсөл, төслийн хавсралтын агуулга, зарчмыг алдагдахгүйгээр нэр томьёог жигдлэх, заалт, дэд заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх, бүтэц, найруулга, хууль зүйн техникийн засварыг хийх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт хэдэн хувьтай байгаа вэ. Ирэх жил хэдэн хувьд хүргэхээр тооцож байгаа вэ. Жилийн төлөвлөгөөнд иргэдийн амжиргааны түвшин, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлууд бага тусгагдсан юм болов уу гэж харж байна. Ирэх онд хэчнээн ажлын байр бий болгох вэ хэмээн асуусан.

Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын хөгжлийн хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө төлөвлөхдөө хийх ажлуудаа жил жилд хуваагаад тавьсан. Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийн гүйцэтгэл 2021 онд 15 хувь, 2022 онд 38 хувь, 2023 онд 61 хувийн биелэлттэй байхаар төлөвлөсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2021 онд 20 хувь, 2022 онд 42 хувь, 2023 онд 67 хувь хэргжсэн байна гэж төлөвлөсөн.

Бид таван жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө туссан ажлуудаа жил жилдээ 100 хувь гүйцэтгээд явах нь чухал байгаа. Засгийн газрын нэгж бүр хариуцлагатай, ажил хэрэгч байх ёстой. Энэ жилийн хувьд төлөвлөлтийг нарийн хийсэн. Энэ жил төсвийн гүйцэтгэлтэйгээ уяж оруулж ирсэн.

2020 оноос хойш 28390 ажлын байр бий болсон статистик байгаа. Цар тахлын улмаас хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний оролцоо тодорхой хэмжээнд багассан ч 2021 оны эцсээр ажиллах хүчний оролцооны түвшин 58.3 хувь болж сэргэсэн. Цаашид бодлогын хувьд халамжаас илүүтэй хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай ажиллах хүч бэлтгэх чиглэлээр хөгжлийн төлөвлөгөөнд арга хэмжээнүүдийг тусгасан байгаа. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд бүтээлч хөдөлмөрийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээнүүдийг тусгасан. Бага, дунд орлоготой иргэд болон залуусын ур чадварыг ахиулах, хөдөлмөрийн зах зээлд зуучлах тодорхой зорилт, арга хэмжээ туссан гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, улсын ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой чухал асуудал учир эргэн харж, нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар энэ асуудлаар завсарлага авснаар хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 17,312.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 19,219.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 36.3 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -3.6 хувьтай байхаар тооцсон ба эдгээр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудтай бүрэн нийцсэн гэлээ.

Хуулийн төсөлтэй хамт Өрийн удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг, өмнөх стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлангийн хамт боловсруулан өргөн барьсан байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд дэвшүүлсэн зорилтот арга хэмжээнүүд болон тоон шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласнаар төсвийн сахилга бат сайжирч, Засгийн газрын өрийн хэмжээг мэдэгдэхүйц бууруулсан үр дүнтэй байна. Тухайлбал, 2018 оны эцсээр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 58.9 хувьтай тэнцэж байсан бол 2021 онд тус харьцаа 50.7 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг боломжит эрсдэлийн түвшинд, хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжихэд чиглэнэ хэмээн Сангийн сайд хэллээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төсөл болон Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 2023 онд өрийн менежментийг сайжруулахад анхаарч төлөвлөсөн эсэх, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өр, зээлийн асуудлыг Засгийн газрын нийт өрийн хэмжээнд оруулж тооцсон эсэх, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор зээлийн эргэн төлөлт, үр ашиггүй зарцуулалтын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх талаар болон Засгийн газраас хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээ болон өрийн удирдлагын стратеги, төлөвлөлтийн уялдаа, тооцооллын талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг бодитой тооцсон эсэх талаар тус тус асуулт асууж, хариулт авсан гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Засгийн газрын гадаад өрийн хэмжээ, ханшийн эрсдэлийг бууруулахад дотоодын зах зээлийн нөөц, бололцоог ашиглах талаар, хувийн хэвшлийн гадаад өр эрсдэлтэй байгаа эсэх, өрийн гадаад менежментийг сайжруулах, зээлийн хүүгийн зардлаа зөв тооцох талаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтыг хийх, дотоодын эх үүсвэрийг ашиглах замаар хөрөнгө босгох бололцоо, боломжийг эрэлхийлэх талаар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар асуулга тавих талаар саналуудыг гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй суудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр, сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Бид өр үйлдвэрлээд байна гээд байгаа. Энд аудитын дүгнэлт байна. 2021 оны гадаад өрийн үлдэгдэл нь 2018 оноос 4.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж 33.2 тэрбум ам.доллар болсон нь манай улсын гадаад валютын нөөцөөс 7.5 дахин их байна гэж байгаа юм. Өрийн бодлого, зохицуулалтын асуудал сайн биш байна гээд аудитын газар дүгнэчихсэн байна. Төсвийн байнгын хороо үүнийг хэрхэн дүгнэж байна вэ хэмээн асуусан.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Бид 2019-2022 оны өрийн удирдлагын стратегийн хэрэгжилт, 2023-2025 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг хэлэлцэж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацааныхаа өрийн стратегийг, бас өнөөдрийн байдлыг дүгнэж ярих ёстой. 2019-2022 онд Засгийн газар хоёр л бонд гаргасан. Нэг нь “Номадс”, нөгөө “Сенчури”. Хоёулаа өмнө гаргасан байсан бондын бүтцийг нь өөрчлөх зорилготой. Өөрөөр хэлбэл энэ бондын мөнгөөр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, ямар нэгэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдаагүй гэсэн үг. Өмнө нь авчихсан байсан тав, зургаан бондын бүтцийг өөрчлөх, дахин санхүүжүүлэх зорилгоор гаргасан. Тэр хугацаанд Засгийн газрын баталгаа гаргаагүй, арилжааны нөхцөлтэй нэг ч төгрөгийн зээл аваагүй. Дотоодод төгрөгийн зээл, үнэт цаас гаргаагүй. 2016 онд 650 тэрбум төгрөгийг дотоодод гаргасан бондын зөвхөн хүүнд нь төлдөг байсан. Өнөөдөр бид 500 тэрбум төгрөгөөр хүүнд өгч байсан мөнгийг буулгаж чадсан байгаа. Дээр нь нэг ширхэг ч концессын гэрээ байгуулаагүй. Түүнээс гадна өр зээл нэмэгдсэн нэг зарим зүйл бий. Түүгээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Нефть боловсруулах үйлдвэр байгаа. 1.3 тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлж байгаа төсөл. Дарханы зам байна. Дөрвөн эгнээ замыг АХБ, Европын сэргээн босголтын банкны зээлээр хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Тус бүр 300 сая ам.долларын өртөгтэй. Энэ бүх мөнгийг Монгол Улсын бүтээн байгуулалт, дэд бүтцийг бий болгоход зарцуулж байгаа. Харин цаашдаа бид төсвийн алдагдлыг бууруулахгүй, төсөв алдагдалтай явбал тэр алдагдлын хэмжээгээр өр үүсгэж явна. Тийм учраас бид төсөв хэлэлцэхдээ бодлого дээрээ анхаараад явна. Засгийн газар ч анхаарах байх гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Бондыг бондоор төлчихнө гэж тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг хэлэхэд бид шүүмжилж байсан. Гэтэл бондыг бондоор, өрийг өрөөр төлөн цасан бөмбөгийн онолоор явж байна. Цасан бөмбөг өнхөрсөөр томроод байдаг шиг өр нэмэгдсээр байна. Нийт өр, улсын өр, Засгийн газрын өр гэж ялгаж яриад байна. Эцсийн дүндээ монголоос тэр валют гарна шүү дээ. Олон улсын аргачлалаар, төсвийн өр, Сангийн яамны өр, Монголбанкны өр, төрийн өмчийн компаниудын өр, Засгийн газрын гээд ялгадаг болчихсон. Энэ бол өөрөө өөрсдийгөө хуурч, өрийн хавханд оруулж буй хэрэг. Эцэст нь төсвийн алдагдлыг бууруулж, чөтгөрийн тойргоос бид гарахгүй бол, эрс шийдэмгий шийдвэр гаргаж үндэсний үйлдвэрлэл, экспортоо дэмжиж чадахгүй бол, өөрсөө өөрчлөлт хийхгүй бол эрсдэл улам нэмэгдэнэ гэдгийг хатуу анхааруулж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, өнөөдөр монголын хүн амын 60 гаруй хувь нь 40-өөс доош насны мөртөө 60 гаруй хувь нь халамж авч авдаг болчихжээ. Бид халамжаа яах вэ гэдэг асуудлаа ярих ёстой. Өрийн стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, гүйцэтгэлийн аудитын тайланг хариуцлагатайгаар ярих ёстой юм. Хэчнээн төгрөгийн гүйцэтгэл биелэгдсэн гэх мэт асуудлуудаа ярих хэрэгтэй. Бид нар гаалийн шинэчлэл хийсэн. Өнөөдөр ямар шатандаа байгаа вэ гэдгийг ярих ёстой. Соёлын салбарт 2018 оноос маш их хөрөнгө оруулалтууд хийсэн. Иргэдийн соёл боловсрол хэр сайжирсан юм бэ гэдгийг хэлэлцэх учиртай. Улсын төсвөөс гарсан мөнгө болгоныхоо араас нь хөөцөлддөг байх ёстой. Ингэж байж 2023 оныхоо төсвийг хариуцлагатайгаар ярина. 2021 оны байдлаар Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар гэж байна. Үүний хэд нь хөгжлийн санхүүжилт байгаа вэ. Цаашид Сангийн яамнаас хөгжлийн санхүүжилтийн зээллэг дээр ямар бодлого барих вэ гэж асуусан.

Сангийн сайд Б.Жавхлан, 8.5 тэрбум ам.доллар бол Засгийн газрын гадаад өр. Үүнд Оюу толгойн болон бусад төрийн өмчийн үйлдвэрийн газруудын нийт өр орохгүй. Бондуудын үлдэгдэл бол нийтдээ 2.7 тэрбум ам.доллар байгаа. Зээл 5.8 тэрбум ам.доллар. Энэ бол донор улсуудын болон олон талт хөгжлийн түншүүдээс 1990 оноос хойш авсан 24 зээлдэгч институцийн 305 төсөл, хөтөлбөрийн өрийн үлдэгдэл. Цаашдаа бид эрс өөрчлөлт хийе гэж байгаа. Ялангуяа донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана. Ер нь аль болох нэмж авахгүй байх бодлого барина. Одоо байгаа зээлүүдийн ашиглалтынх нь үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого чиглэл барина. Олон талт хөгжлийн түншүүдээс авах зээлийн хөтөлбөр, зээлийн ашиглалтыг зөвхөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан хөрөнгө оруулалт, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баталсан хөрөнгө оруулалтуудын хүрээнд л ашиглана гэсэн хатуу бодлого баримтална гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:01

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:01

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:01

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:01

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:01

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:01

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:21:56

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:21:56

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:21:56

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:21:46

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:21:46

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:21:46

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:21:46

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:19:42

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:19:42

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:19:40

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:19:40

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:19:40

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:19:36

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:19:36


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.